Б.Төгөлдөр : ""Арри Монгол" компанийн гүйцэтгэх захирал, комедиан Б.Төгөлдөр"

13 өдрийн өмнө

Өнөөдрийн дугаартаа видео контент үйлдвэрлэлийн "Арри Монгол" компанийн гүйцэтгэх захирал, "Comedy Lab" клубийн гишүүн Б.Төгөлдөрийг урилаа. Банк, санхүүгийн салбарт 11 жил нягтлан бодогч, ахлах эдийн засагч, дилерээр ажилласан туршлагатай тэрээр Лондонд санхүүгийн менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. 2017 оноос өөрийн сонирхлын дагуу дүрс бичлэгийн студи байгуулснаас хойш өдгөө энтертайнмент зах зээлд амжилттай ажиллаж буй. Мөн Монголын стэнд-ап комеди урлагийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж, үзэгчдэд инээд баяслыг бэлэглэж буй чадварлаг уран бүтээлч билээ. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: “Арри Монгол” компанийн гүйцэтгэх захирал, "Comedy Lab" клубийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone 10
Хэрэглэдэг компьютер: DELL
Сошиал хуудас: Хар Төөгөө (Facebook), Xartuuguu (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

 

Би банк, санхүүгийн салбарт 11 жил ажилласан. Анх 2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд “Чингис хаан” банканд ажлын гараагаа эхлүүлсэн юм. Банкны салбарт харилцагчийн үйлчилгээний ажилтан буюу теллерээс ахлах теллер, нягтлан бодогч, хамтын ажиллагааны менежер, зээлийн эдийн засагч, арилжааны дилерээр ажилласан. Дунд нь 2010-2013 онд Английн Лондон хотод санхүүгийн менежментийн чиглэлээр магистр хамгаалсан. Ингээд Монголд ирсний дараа “Чингис хаан” банканд 2017 он хүртэл ажиллаад өөрийн сонирхдог, дуртай зүйлсээ хийхээр сэтгэл шулуудан студи байгуулснаас хойш гурван жил болжээ.

Багын найз, жүжигчин Анхаа “Гацуурхан” гээд шинэ жилийн контент дээр хамтарч ажиллах санал тавьснаас хойш энтертайнмент салбар, тэр дундаа видео контентын чиглэлээр ажиллахаар шийдсэн хэрэг. Өмнөх шигээ өдрийн найман цаг ажиллаад тардаг хэмнэлээс огт өөр ажлын орчин, хэв маяг угтсан гэж хэлж болно. Заримдаа шөнийн зураг авалт 22 цагт эхлээд үүрийн 5 цагт дуусах үе ч байна. Гэхдээ студийн ажлын олон зүйлс санхүүтэй холбогддог учраас мөнгө, санхүүгээс холдоогүй. Харин ч банкны салбарт ажилласан туршлагаа бүрэн дүүрэн ашиглаж, менежментээ хариуцан ажиллаж байна. Санхүүч, нягтлан бодогч бол хаана ч очсон өдөр тутамд хэрэг болдог эрэлттэй мэргэжил учраас эзэмшсэн мэргэжилдээ огт харамсдаггүй.

 

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Тун шахуу хуваарьтай ажилладаг даа. Ихэнх уулзалтыг үдээс өмнө товлож, зураг авалтуудыг түүнээс хойш тавьдаг. Зураг авалтын цаг тохирно гэдэг олон хүнээс хамааралтай учраас маш сайн төлөвлөхгүй бол цагаасаа хоцрох, хойшлох зэрэг гэнэтийн зүйлс гарна. Уулзалтгүй үедээ өглөө 9 цагт оффис дээрээ ирж ажилладаг. Ингээд үдээс хойшдоо зураг авалтдаа гардаг даа. Орой хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авч, гэртээ хоол идчихээд оройн тоглолтдоо явна. Заримдаа арга хэмжээнүүд хөтлөх, stand-up хийх зэрэг ажлууд гарч ирдэг юм. Хэрэв хөтлөгч хийсэн бол 12-1 цагийн үед гэртээ ирдэг. Шинэ жил дөхсөн арванхоёрдугаар сар бол хамгийн ачаалалтай үе. Өдөрт хэдхэн цагийн нойртой, хоёр, гурван газарт очиж тоглох үе ч байна.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ? 

Бүх зүйлд хариуцлагатай байхыг эрмэлздэг. Хүн болгоны ажиллах арга барил өөр учраас ажилчдаа аливаа ажлыг өөрийнхөөрөө хийх орон зай, эрх чөлөө олгодог. Хамгийн гол нь, эцсийн үр дүн бидний төсөөлснөөр байх учиртай. Айхавтар дарга, цэрэг гэдэггүй. Камер, гэрлээ хүртэл өөрөө зөөгөөд, дунд нь ороод ажилладаг даа. Холоос харж суугаад, хийснийх нь дараа шүүмжилдэг найруулагч биш дунд нь бужигнаж, хийх явцад нь хамтдаа сайжруулаад зэрэгцэж ажиллахыг илүүд үздэг.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Видео контентын зохиолоо өөрөө бичиж, найруулдаг учраас өдөр тутамдаа Microsoft Word болон файл явуулахад WeTransfer түлхүү ашигладаг. Реклам, зар сурталчилгааны өнөөгийн зах зээлийн чиг хандлага, цаашдын өнгө аясыг ажиглан, цаг үеэ мэдэрч явахын тулд Youtube их ухаж, судалгаа хийнэ. Мэдээж хэрэг, Instagram, Facebook ашиглахаас гадна богино хугацаанд чухал мэдээлэл авахын тулд Twitter ашигладаг. Цааш дэлгэрүүлж уншъя гэвэл Gogo, Ikon, Английн BBC, Guardian зэрэг медиа апп руу орно. Хааяа зав чөлөөтэй үедээ Mplus апп-аас “Харанга”, “Хурд”, “Freezone” гэхчлэн хүүхэд, өсвөр үедээ сонсдог байсан хөгжмөө сонсох дуртай. Мөн хотын түгжрэл дунд автомашингүй үед UbikeUBCab апп маш их цаг хэмнэдэг шүү.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хугацаа нэгэнт өнгөрсөн бол хэзээ ч нөхөгдөшгүй, үнэ цэнтэй гэдгийг 30 нас хүрээд л ойлгодог юм билээ. Дөнгөж 20 хүрч буй залууст амьдралынх нь хурд 5 км/цаг мэт санагдаж магадгүй. Нас ахих тусам хурдтай болж, цаг хугацаа урсан өнгөрнө. Тиймээс боломж байвал шинэ зүйл туршиж, хийе гэснээ зоригтой хийх хэрэгтэй гэж боддог.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хуанли дээрээ бүх ажлуудаа зоодог. Юун түрүүнд, том ажлуудаа ерөнхийд нь төлөвлөнө. Одоо ажиллаж буй киноны төслийг өнгөрсөн оноос төлөвлөж, зунжингаа зохиол дээр нь ажилласан байх жишээтэй. Бусад жижиг ажлуудыг долоо хоногоор нь төлөвлөдөг. Хоёр ажил зэрэг хийхийн хажуугаар хөтлөгч хийх, рекламд тоглох зэрэг саналууд орж ирдэг учраас хийх ажлуудаа сайтар тэмдэглэж зохицуулах хэрэгтэй байдаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Амрах ёстой үедээ амрах нь зөв. “Үүлэн борын үлгэр”-т гардаг “Оройноос өглөө сэргэлэн” гэдэг үгэнд их дуртай. Ажлыг шөнө орой хүртэл нухахын оронд өглөө эрт босоод хийх нь хамаагүй үр дүнтэй санагддаг юм. Заримдаа хүүхдүүд унтсаны дараа шөнө сууж бичсэн зохиолоо өглөө уншихаар шал өөр санагддаг учраас өглөөд сэргэг үедээ хийхийг илүүд үздэг. Мөн энэ бүхний хажуугаар найз нөхөдтэйгөө уулзаж, инээлдэх сайхан байдаг шүү. Элгээ хөштөл инээлдэж, энергиэ нөхөөд авдаг. Хамт сууж ярьж байхад янз бүрийн рекламны шинэ санаанууд хүртэл орж ирнэ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Миний одоо хийж буй бүхэн хоббигоо даган хийж буй зүйлс юм. Сүүлийн үед киноны зохиол, найруулга дээр ажиллах тун сонирхолтой санагдаж, янз бүрийн судалгаа хийж байгаа. Удахгүй киноны төсөлтэй холбоотой ажлууд маань ил болох болов уу.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

 

Хүний толгойдоо бодсон зүйл, хийсвэр төсөөлөл, мөрөөдлийг бодит болгож, дүрсжүүлнэ гэдэг гайхалтай санагддаг. Банк, санхүү бол аливаа нэг тоон цифрт тулж, тооцоо судалгаанд баригддаг бол контент, энтертайнмент зах зээлд юунд ч үл баригдах хязгааргүй шинэ санаа, бүтээлч ажиллагаа зогсолтгүй хөвөрч байдаг. Тэр бүхнийг амилуулахад техник технологийн асуудал гол бэрхшээл болох нь бий. Толгой дотор олон шинэ санаа буудаг ч техникийн хүчин чадлын хувьд боломжгүй байх үе олон. Бусдаар бол шантарч няцсан удаа байхгүй. Хийж буй бүхэндээ дуртай болохоор юуг ч ажрахгүй ард нь гарахыг хичээдэг.

Комедианы хувьд 2015 онд Тулгаа найз маань тайзан дээр гарч үзэхийг санал болгосны дагуу анх Хүүхдийн урлан бүтээх төвийн эсрэг талд байрлах кофешопт "Ub Comedy"-гийнхантай хамт гарч байсан юм. Тэнд байсан 30 гаруй хүмүүсийг инээлгэж чадсандаа урам авч, өнөөг хүртэл тасралтгүй стэнд-ап комеди хийж байна даа.

Намайг комедиан болоход том хувь нэмэр оруулсан хэдэн хүн бий. Бага байхад аав маань маш их ном, сонин уншдаг байсан учраас хүүхэд насандаа ном уншиж өссөн. Дүү бид хоёрт Монголын уран зохиолын дээж хэмээх 108 боть болон дэлхийн сонгодог зохиолуудыг цувралаар авчирдаг байлаа. Одоо гэрт бүгд бий. Тэр бүх ном зохиолууд намайг эх хэлээ сайн эзэмшиж, торолгүй ярьдаг, бичдэг болоход нөлөөлсөн гэж боддог. Комедиан болсноос хойш эргэн тойрноо их ажиглаж, бодсоноо тэмдэглэж бичдэг болсон. Стэнд-ап комеди бол бодит амьдрал дээр болж буй бүхнийг инээдтэй өнцгөөс буулгаж, “чихээр инээлгэдэг” урлаг учраас их ажигч болдог юм билээ. Хэд хэд бичиж үзсэний дараа ярьж үзнэ. Дахиад засаад уншиж үзэх байдлаар явдаг даа.

 

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

 

"Арри Монгол" студийн ажилдаа төвлөрч байна. “Арри Монгол” бол уран сайхны, баримтат кино, телевизийн реклам, шторк, захиалгат нэвтрүүлэг бүтээдэг дүрс бичлэгийн студи юм. Мөн дотоод, гадаадын телевиз болон видео контент бүтээгч нарт өндөр чанартай дүрс бичлэгийн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Үүний дагуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж урт болон богино видео контентыг захиалгаар гүйцэтгэж буй юм. Түүнээс гадна одоогоор өөрөө зохиолыг бичиж, найруулж буй инээдмийн олон ангит киноны төсөл дээр ажиллаж байгаа.

Харин оройдоо "Comedy Lab" дээр энтертайнмент үзүүлбэрүүдийнхээ хөтөлбөрийг хариуцаж, стэнд-ап комеди хийдэг. "MongolHD" телевизийн хувьд сүүлд "Voice 2" дээр хөтлөгчөөр ажилласан. Одоо "Voice 3" дээр бүртгэл нь дуусаад ажиллах санал ирбэл нэг хэсэг нэлээн бужигнах байх. Сүүлийн үед "MongolHD" телевизийн “Авьяаслаг Монголчууд”, "Chimgee’s show", "Voice", "Чимээгүй номын сан" зэрэг олон төсөл дээр ажилласан. Өнгөрсөн онд тус телевизийн шинэ жилээр хамгийн олон төсөлд хамтран ажилласан хүнээр тодорсон шүү.

 

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

 

Уншдаг, судалдаг, үздэг. Гаднын орнуудад хэн, юу хийж бүтээж байгааг анзаарч, үргэлж суралцахыг хичээдэг. Стэнд-ап комедигийн тухай хүмүүс тэр бүр мэддэггүй байхад манай комедианууд улаан нүүр, бор зүрхээрээ л тайзан дээр гарч, өөрсдийн туршлагаар суралцсан.

Бас хүү Түшигтэйгээ хамт байхад их юм сурна. Манай хүү машины хоббитой, YouTube дээр шинэ загварын автомашины бичлэг үздэг болохоор хааяа хамт үзэж сонирхдог.

 

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

 

Одоогоор АНУ-ын Комеди институтийн үүсгэн байгуулагч Стефен Росенфилдийн "Mastering Stand-up" номыг уншиж байна. Өөрөө комедиан биш хэрнээ олон зуун хүнийг комедиан болгосон мэргэжлийн зөвлөх юм. Ямар дүр бүтээж, юу ярихыг нь хүртэл чиглүүлдэг. Хөгжингүй орнуудад нэг комедианы ард зохиолыг нь бичиж найруулдаг 5-7 хүн ажилладаг учраас зөвхөн бичсэнийг нь өөрийн болгож, хүнд хүргэхэд хангалттай байдаг. Бидэнд тийм зөвлөх, туслах байхгүй учраас өөрсдөө бүгдийг уншиж, судална даа. Миний хувьд Жо Кой, Рассел Питерс, Габриэль Иглесиас зэрэг комедианыг үздэг.

Номын хувьд Марк Мэнсоны "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг"-ийг санал болгомоор байна. Манайхан аливааг хэт хүндрүүлэх гээд байдаг тал бий. Бусдад садаа болохгүй л бол юу дуртайгаа хийж, аливааг хөнгөн хүлээж авч сурах хэрэгтэй санагддаг. Кинон дээр Английн кино найруулагч Гай Ричигийн бүтээлийг үзэхийг зөвлөе. Уйтгартай, удаан үзэгдэл, явдлыг маш хурдтай, сонирхолтойгоор дүрсэлсэн учраас мэргэжлийн талаас сонирхдог.

 

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хэзээ хойно харамсахгүйн тулд дуртай зүйлээ хийгээрэй гэдгийг сонсож байсан юм. Дуртай зүйлээ олохын тулд залуу байгаа дээрээ олон зүйл туршиж, сонирхож үзэх хэрэгтэй. Бүгдийг чадахгүйгээс хойш, алдаж онох зүйл гарч ирэх нь тодорхой. Тэр үед ухарч буцахгүйгээр цааш үргэлжлүүлж чадвал дуртай зүйлээ олж чадна. Тэгвэл амьдралын утга учир, аз жаргал, мөнгө санхүү дагаад л ирнэ шүү дээ.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Юу ч болсон бусдад садаа болохгүйгээр амьдарч, байгаль дэлхийгээ хайрлаж яваарай. Хүмүүс таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг үгийг хэт дэвэргэж ойлгоод байх шиг. Энгийнээр, бусдад битгий садаа бол, өөрөөр бол, өөрийнхөөрөө амьдрах тухай шүү дээ.

Танилцуулга

Нэр: Б.Төгөлдөр
Төрсөн өдөр: 1970.11.06
Төрсөн газар: Хэнтий

Эшлэл

Юу ч болсон бусдад садаа болохгүйгээр амьдарч, байгаль дэлхийгээ хайрлаж яваарай. Хүмүүс таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг үгийг хэт дэвэргэж ойлгоод байх шиг. Энгийнээр, бусдад битгий садаа бол, өөрөөр бол, өөрийнхөөрөө амьдрах тухай шүү дээ.
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ МэдээPodcastKpopТүүх Дэлхий MollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН