У.Цэрэнбат: "Сэтгүүлч бол мэргэжил биш. Энэ бол амьдрах хэв маяг, донж, эр зориг, эрх чөлөө"

6 өдрийн өмнө

Нэгдүгээрт, төрсөн өдрийн мэнд хүргэе! Хоёрдугаарт, хүнд хааяа хийцгүйрээд сууж байхад нэг тийм бодол төрдөг шүү дээ. Тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ гээд л. Нууцхан мөрөөдөл ч гэх юм уу. Түүн шиг хэзээ нэгэн өдөр ярилцлага өгвөл тийм юмны тухай ярих юм сан гэх саваагүй бодол төрдөг дөө. Тэр талаар чинь ярья, тэгэх үү?

Баярлалаа. Ярилцлага авч л байснаас өгч үзээгүй. Ярилцлага өгнө гэж бодож байгаагүй. Дандаа л асуулт бодож явдаг болохоор үгүй л гэж хариулах юм байна.

- Карантиний үеийн сэтгэлзүйд хэр автаж байна вэ?

Автаж байгаа. Ялангуяа энэ мэдээллийн дайн гэдэг зүйлийн хохирогч болчихсон юм шиг мэдрэмж төрдөг. Сэтгүүлч хүнд хүртэл хэтэрхий их мэдээлэл нөлөөлөл үзүүлж байхад аав ээж, өвөө эмээ нар яаж тэсч байгаа бол гэдэгт сэтгэл эмзэглэж байна.

- Хүүе ээ, тийм дайн болоод байгаа юм уу?

Энэ бол мэдээллээс үүдсэн вирусийн айдас. Нийгмийг маш их бухимдуулж байгаа энэ айдас хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ хоёр нь холилдсоноос үүдсэн. Үүнээс бусдаар нэг их сүртэй санаа зовсон зүйл алга.

- Эрдэнэтэд хөл хорио тогтоосон билүү?

Эрдэнэт яг та нартай адил хатуу хөл хорионд байгаа. Чернобыль гэдэг киноныхтой адил үйл явдал эхний өдрүүдэд болсон. Стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрийн газар гэдэг утгаараа хэвийн ажиллаж, хэвлэл мэдээлэл, харилцан холбооныхон шаардлагатай үед ажиллаж байна. Ингэхэд, бид хоёрын ярилцлага нэг л албаны болоод явчихлаа шүү.

- Зүгээр. Уулзаагүй их удсан байна. Чамаар сонин сайхан юу байна?

Тайван. Lockdown shock. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт л байна даа.

- Нэг тийм дайн болж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа биз?

Угаасаа хуулийн хэллэг нь тийм юм даа. Ер нь бид иймэрхүү жаахан сүржин үг хэллэг ашиглахаа болих хэрэгтэй юм шиг санагддаг. Албаны гэхээр л сүржин байдаг хуучны үзэл ул болох ёстой. Энэ нөгөө мэдээллийн дайнаас үүдэлтэй айдас чинь шүү дээ. Сэтгүүлчид энэ үед хэт сүржин, айлгасан гарчиг, титр өгөхөөс зайлсхийх үүрэгтэй. Гэтэл хандалт авахын тулд “алж” өгч байна. Манай салбарынхны буруу, уучлаарай. Монголын сэтгүүлзүйг бурхан өршөөж, бас ивээх байх.

- Хандалт гэснээс Эрдэнэтэд буюу орон нутагт хандалтаа яаж ахиулдаг юм бэ. Мэдээж, хандалт татах шаардлагатай л байдаг биз дээ?

Энд мэдээний өнцөг, сэтгүүлчийн ур чадвар, тухайн сувгийнх нь нэр хүнд гэх зэргийг харгалзаж, мэдээллийг нь үздэг. Хотынхон шиг буудал хэсэж, хүний хөнжил сөхөхгүй. Хүний амьдрал өөрөө олон өнгөтэй шүү дээ. Эрдэнэтийнхэн орон нутгийн мэдээлэл, үйл явдалд маш онцгой ач холбогдол үзүүлж, түүнийгээ анхааралтай үздэг.

- Яг энэ сэдвийг асуух гээд байна л даа. Онцгой байдлын үед ч яах вэ, мэдээлэл зөндөө гарч ирнэ. Жирийн өдрүүдэд сэдэв олдох уу. Мэдээ, мэдээллээ хаанаас олдог юм бэ, зохиочихоод байдаг юм уу?

Зохиохгүй ээ. Мэдээллийн тухайд өнөөдөр гарсан шийдвэр маргааш өглөөнөөс хэрэгждэг болохоор оршин суугчид тогтмол үздэг. 100 гаруй мянган хүн амтай, орон сууцны долоон хороололтой газрыг тэжээж байгаа үйлдвэрийг тойроод сэдэв мундахгүй.

- Эрдэнэтэд яг хэдэн тв үйл ажиллагаа явуулдаг юм?

Эрдэнэт тв-ээс гадна зургаан тв бий.

- Хотод ямар нэгэн хэрэг гарахаар л тв, сайт, сонингийнхон шамбааралдаж очоод байдаг. Танай энэ олон тв бас тэгдэг үү?

Гэмт хэргийн мэдээллийг тэр бүр гаргадаггүй.

- Яагаад?

Шаардлагагүй. Хүмүүс айдаст автана. Гэхдээ сэрэмжлүүлэг мэдээлэл болгож гаргана л даа.

- Хүмүүс хов живд их дурладаг юм чинь уралдаж очоод л мэдээлэл дамжуулаад байдаггүй юм уу?

Жишээ нь, саяхан Орхон аймагт нэг хүн эхнэрээ буудсан хэрэг гарахад хамгийн түрүүнд хотын бүх сайтаар шуурч байсан. Бараг л гэмт хэргийг үйлдэл дээрээс нь мэдээлээд байгаа юм. Мэдээллийн хэт их урсгал, асар олон хэвлэл мэдээллийн байгууллага аюултай. Дөрөв дэх засаглал гэдэг утгаараа сэтгүүлзүй нийгэмд дам болон шууд утгаараа нөлөөлдөг. Тэгэхээр энэ салбарт ажилладаг хүн маш болгоомжтой, хянуур, ёс зүйтэй байх ёстой юм. Дан хар бараан мэдээлэл өнөөдөр ямар байдалд хүргэснийг анзаарч л байгаа биз дээ. Олон нийтийг хүний мууд дуртай болгочихсон. Ард түмэнд ямар ч буруу байхгүй. Сэтгүүлзүй өөрөө маш аймшигтай массыг бэлдсэн. Одоо засах хэрэгтэй. Ингэхийн тулд хүн чанар, хүндлэл дүүрэн мэргэжлийн армийг шинээр сургаж, гаргаж ирэх хэрэгтэй. Үндэсний эрх ашиг гэж нэг юм байна шүү дээ. Түүнийг бодох хэрэгтэй.

- Бэлдэхийн тулд бүр эхнээс нь эхлэх ёстой юм биш үү. Нэлээд урт хугацаа орох нь дээ?

Зариг, Өрөг гэх мэт шуурхай, сайн байгаа юм шиг харагддаг. Даан ч... Монголын сэтгүүлзүй 100 гаруй жилийн түүхтэй, үлдээсэн уламжлал, үнэт зүйлтэй. Түүнийг сэргээх хэрэгтэй.

- Гол нь яаж. Гарц, гаргалгаа юу байна вэ?

Сэтгүүлчид өөрсдөө хичээх хэрэгтэй, хүн байх хэрэгтэй, боловсрох хэрэгтэй, ертөнцийг үзэх үзэл нь тогтсон байх ёстой.

- Боловсрох гэхээр мөнгө байхгүй. Мөнгөгүй болохоор хүн чанараа гээж, мөнгөний араас явдаг хэсэг нөхөд байна, тийм үү?

Тэр үнэн. Сэтгүүлч өөрөө мэргэжил биш. Энэ бол амьдрах хэв маяг, донж, эр зориг, эрх чөлөө. Энэ философийг ойлгох хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй, гэхдээ редакци нь санхүүгийн эрх чөлөөтэй байж байж, хэвлэл мэдээллийн байгууллага гэж явах ёстой юм болов уу гэж бодож байна.

- Сэтгүүлч гэхээр л шантаажлах ч юм уу, ямар нэгэн байдлаар мөнгө олдог хэрэгсэл гэдэг ойлголт гадуур яваад байх шиг байна. Үүнтэй санал нийлэх үү?

Би энэ салбарт 13-хан жил болж байгаа. Сэтгүүлзүйн акулууд гаргалгаа хэлэх байх.

- Тэр акулууд чинь яам зэрэг том газарт ороод таг дуугүй болчихоод байна шүү дээ?

Сэтгүүлч мөнгө олдог биш. Шантаажны сэтгүүл зүй гэж жанр ч байхгүй. Гэхдээ шантаажны загалмайлсан эцэг, эхчүүд байна. Шар хэвлэл нэрээр хүний ул долоож явсан хүмүүс одоо сэтгүүлзүйг мөнгө болгож байгаа нь харамсалтай. Хэдий тийм ч Монгол улсад мянга, мянган жинхэнэ сэтгүүлч шуналгүй, уран бүтээл дүүрэн, жаргалтай амьдарч байдаг шүү.

- Жишээ нь, zarig.mn-ийг ямар байгаасай гэж бодож байна вэ?

Би zarig.mn, Улаан бал гэх мэтийг анхаарч үздэггүй. Уучлаарай.

- За, тэр ч яах вэ. Танай үйлдвэрийн архины хэрэглээний талаар ярья. Зуу, зуун саяар архи, дарс авсан гэсэн. Бага багаар уугаад байдаг юм уу, эсвэл тараагаад байдаг юм уу?

Ийм асуултад хариулт өгмөөргүй л байна. Ямартай ч, манай үйлдвэрийн уурхайчид лав ажил дээрээ архи уудаггүй. Тайлбарлавал их удна. Гадна, дотны зочид, төлөөлөгчид үйлдвэрээр их ирдэг. Тэднийг ирэхэд бас баяр ёслолын үеэр бэлэг дурсгал гэдэг зүйл байдаг даа. Тиймэрхүү зориулалтаар авсан гэсэн.

- Бас Н.Багабандийн “Титэм үг” номыг 28 саяар бөөндөж авсан гээд байсан. Тийм их номоор юу хийдэг юм. Уурхайчдадаа тараадаг юм уу?

Аан, “Шилэн” Цогоогийн мэдээлэлд тэгж л байсан. Би лав олж хараагүй. Үйлдвэрт байгаа байх. Надад өгсөн ч авахгүй. “Титэм үг” ч гэх шиг. Хувь хүний хувьд би тиймэрхүү зүйл сонирхдоггүй.

- Олон нийтийн зүгээс ядуурал их байна, баячууд даварлаа гэх хандлага их. Тэгсэн хэр нь, халамж хавтгайрлаа гэж шүүмжлээд байдаг. Ер нь ядуусыг яах ёстой юм бол?

Бид нийгмийнхээ бүтцээр ардчилсан капиталист нийгэмд амьдарч байгаа, тийм үү. Социалист коммунист биш учраас баян гээд адлагдаж болохгүй. Улс төрийн намын баячууд бол өөр асуудал. Хойд Солонгос шиг нэг загварын хувцастай, нэг янзын машинтай, бүгд үсээ яг ижилхэн засуулаад явна гэж байхгүй шүү дээ. Хөдөлмөрлөж, сэтгэж чадаж байгаа баян хүн зөндөө бий, дундаж амьдралтай сэтгэл хангалуун баян амьдардаг хүн олон бий. Гэтэл сайн яваа нэгнийгээ муулдаг муухай монгол занг ойлгохыг ч хүсдэггүй. Ядуус гэдэг нь зорилтот бүлгийн хүмүүс. Тэр хүмүүст зөвхөн төр засгийн бодлого, шийдвэр хүрч халамжлах ёстой гэдгийг ч ойлгодоггүй. Тэр хүмүүст ажил хэрэгтэй байна уу, архины хамаарлаас хэрхэн гаргах вэ, хүүхдүүдийг нь яаж зөв иргэн болгох вэ гээд нийгмээрээ анхаарч халамжлах ёстой болов уу. Хүн бүр адилгүй, бүгд ном уншдаг, кофе уудаг биш.

- За, тэгээд бас энэ “хараал идсэн” эх орончдыг яах вэ. “Хараал идсэн” гэдэг нь учир утгагүйгээр хятадуудыг зүхдэг, их эзэнт гүрнээ сэргээе энэ тэр гээд байдаг туйлшрагчдыг хэлж байгаа юм шүү?

Айл хүүхдүүдийнхээ царай муутайг нь ад үздэггүй биз дээ. Байж л байг л дээ. Хамтдаа л зэрэгцэн оршиж, үүрд үргэлжилье.

- Эмэгтэй хүнтэй ийм сэдвээр ярьсан чинь сонирхолтой санагдчихлаа. Иймэрхүү муйхар хүмүүсээс нацизм, фашизм гаарвал яана вэ?

Эх оронч, нацист үзэл аль ч нийгэмд байдаг. Байх ч ёстой. Би ч бас заримдаа хэт үндсэрхэг үзэл цухалзуулдаг. Монгол хатны цус энэ тэр гээд л... Омогшил бол бидний үнэт зүйлсийн нэг л дээ.

- Хааяа уйдахаараа морь унаж, сэлэм атгаад нэг тийшээ дайрч алалдан байлдъя гэж үү?

Улс эх орны үйл хэрэгт саад учруулбал хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй. Одоо зүгээр л оюун санааны дайн хийнэ.

- Сарандаваад итгэдэг үү?

Үгүй!

- Тэгвэл “Цэнхэр үст” Цэрэн. Дэмждэг үү?

Мэдэхгүй. Чи харин яах гээд байна. Тэр хүмүүс байж л байг л дээ.

- Яах ч үгүй. Зүгээр л сошиалын оддыг юу гэж боддогийг чинь сонирхсон юм?

Би сошиал хөгжөөн дэмжигч биш!

ТОББИ БАЙЛАА

Танилцуулга

Нэр: У.Цэрэнбат
Төрсөн өдөр: 1985 оны 11 дүгээр сарын 19
Төрсөн газар: Булган аймаг Сэлэнгэ сум

Эшлэл

Сэтгүүлзүй өөрөө маш аймшигтай массыг бэлдсэн. Одоо засах хэрэгтэй. Ингэхийн тулд хүн чанар, хүндлэл дүүрэн мэргэжлийн армийг шинээр сургаж, гаргаж ирэх хэрэгтэй. Үндэсний эрх ашиг гэж нэг юм байна шүү дээ. Түүнийг бодох хэрэгтэй.
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ ЯрилцлагуудMollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН