Мэйси Уйлльямс: "ТӨСӨӨЛӨЛ БОЛ ДҮРИЙГ АМИЛУУЛАХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА "

7 өдрийн өмнө

"Хаан ширээний тоглоом" цувралын од Мэйси Уйлльямсын INTERVIEW сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

-    Мэйси, чи өмнө нь амжилтыг чадахгүй гэж бодсон зүйлээ газар дээр нь хийж сурахыг хэлдэг гэж тодорхойлсон. Энэ нь чиний сонгосон дүрээ бүтээхэд нөлөөлдөг үү?

(Инээв) Инээдтэй юм шүү, миний залуу үе “Би шинэ чадварт суралцмаар байна!” гэдэг байлаа. Тэр үеийн сэтгэл санаагаа ойлгож байна,  гэхдээ сүүлийн үед кинонд тоглохдоо жанр нь таалагдвал, эсвэл өөрт маань уран сэтгэмжийн талаасаа сонирхолтой санагдсан дүрийг сонгодог болсон. Би маш олон тулаант, хийсвэр, хачин этгээд кинонд тоглосон байна лээ, тиймээс одоо бодит байдалтай ойр, би чинь ямар эмэгтэй билээ гэдгээ харуулах кинонд тоглохыг боддог. Надад өөртөө ил гаргаж харуулаагүй маш олон тал байгаа юм шиг санагддаг.

-    Энэ чинь та бие бялдар шаардсан тулаант дүрүүдээс зайлсхийнэ гэсэн үг үү?

Тийм дүрд сонирхол буурч "Хөх Валентин" шиг романтик эсвэл зүгээр л нөхөрлөлийн тухай ч юм уу, нэг тийм эрчимтэй харилцааг харуулсан дүрд тогломоор байна. Дэлхийг хамтдаа эргүүлмээр байдаг ч хоорондоо зөрчилдөөнтэй хоёр хүний харилцааг эрчимтэй сөхсөн кинонд бие бялдрын гэхээсээ илүү сэтгэл санааны тоглолт илүү их шаардагддаг шүү дээ.

-     Тэмцэгч, баатарлаг мөртлөө маш адармаатай, сонирхол хөдөлгөм дүр бүтээхийг хүсдэг байх нь?

Харахад булчинтай, хүчтэй биш эмэгтэйчүүдэд хавьгүй их хүч нуугддаг гэж би боддог. Тэйлор Свифт, Лана дел Рей нар үргэлж л энэ тухай ярьдаг шүү дээ. Миний бүтээсэн эмэгтэй дүрүүдийн ихэнх нь баатарлаг, түүгээрээ шагшигдсан хүмүүс, гэвч орилж, хашхичдаггүй эмэгтэйн дотор хүч чадал бий, маш эмзэг эмэгтэйд ч гэсэн бусдаас ялгарах цогц чанар оршиж л байдаг юм. Надад ч гэсэн тийм тал бий, тиймээс тэр талаа ойлгож, суралцахыг маш их хичээдэг дээ. Би өөрийнхөө ч, бусад хүний ч эмоцид маш мэдрэг болохоор олон асуултын хариуг олох шаардлагатай хоёр хүний харилцааг өгүүлсэн түүх бүтээхсэн гэж бодохоор л сонирхол төрөөд байдаг юм.

-     "Хаан ширээний тоглоом" киноны Арьяа Старкын дүрд тоглохдоо сэтгэл хөдлөл, өмнөх туршлагадаа найдсан гэсэн. Тэгэхдээ хувийн сэтгэл хөдлөлдөө хэт автахгүйн тулд ямар арга хэрэглэж байв?

Тийм. Сэтгэл санааны дурсамж гэж ярьсан байх аа, тодорхой сайн санахгүй байна, хүн ер нь амьдрал үүнтэй ижил төстэй зүйлс, үйл явдал тохиолдоход яагаад тийм мэдрэмж төрсний учрыг ойлгож, өөрт нь хэрхэн нөлөөлснийг мэдэхийг хичээдэг юм билээ. Тэгж гэмээнэ дэлгэцийн өмнө өөрийгөө дарж, тухайн үе болон дүрийнхээ бодит мэдрэмж, сэтгэл хөдлөлийг гаргаж чаддаг. Миний шүтдэг хүмүүсийн ихэнх нь хэрхэн жүжиглэж, дүрээ гаргахдаа хэрхэн төсөөлөлдөө автаж, бүр сайн амилуулах урлагийн талаар ярьдаг. Гэвч заримдаа хэт жүжиглэчих үед хийсвэрлэлд автаж, өөрөөсөө төөрчихдөг гэмтэй.

-    Мэдрэмжийг бодитоор гаргахын тулд бараг л тамлуулдаг юм шиг санагдчихлаа?

Тэгдэг шүү. Би жаахан байсан учраас сэтгэл хөдлөлөө хэрхэн хамгаалахаа мэддэггүй байсан хэрэг л дээ. Илүү олон зүйлийг судалж, танин мэдэхийн хэрээр надад аймшигтай мэдрэмж төрөх болсон, ерөнхийдөө ийм мэдрэмжээрээ л магтуулж байсан юм шүү дээ, анзаарсан уу. Харин одоо бол өөрийгөө хамгаалж, сөрөг нөлөөлөл үзүүлэх хүчин зүйлсийг улам лавшруулахгүй байхад суралцсан. Тэгсэн ч гэсэн төсөөлөл бол ямарваа нэгэн дүрийг амилуулах хамгийн шилдэг арга юм байна.

-      Яг яаж хамгаалж байна вэ?

Миний бодлоор этгээд хачин дүрүүд л надад их тус болдог юм шиг! Өөрийгөө дүрээсээ ялгаж салгахад нэмэртэй байдаг л даа. Дээр нь хувцас, нүүр будаг байна. Шинэ дүр бүтээчихээд түүнээс намайг хамгаалдаг зүйл бол бүх нүүр будгаа арилгаж, хиймэл үсээ авч хувцсаа тайлж, ажил дээрээ орхиод гэртээ харьж, эргээд өөрийнхөөрөө байх юм даа.

-      Дүрээсээ гарч чадахгүй байх үед бий юү. Тийм үед хэрхэн хүндрэлээс ангижирдаг вэ?

Яах вэ, сүүлд тоглосон Эзэмшигчид киноны өсвөр насны охин Мэригийн дүрийг жишээ татъя, тэр дүр надтай дэндүү адилхан болохоор дүрдээ автаж, будилж, бодит хүн юм шиг санагдаж, дотор минь гацчихсан. Би боддог юм, маш олон эмэгтэй, би өөрөө биш л дээ, маш олон эмэгтэй өөрийг нь нэг их тоодоггүй харилцаанд хэтэрхий их зүйлээ зориулдаг юм шиг санагддаг. Тэгэхээр тэр кино надаас их зориг шаардаж... бодит гэхэд ч хэцүү л юм л даа, угаасаа ч аймшгийн кинонд бодит зүйл ховор шүү дээ, гэхдээ л заримд нь бодит гэхээр зүйлс ганц нэг байдаг л даа. Тухайлбал, 1960-аад оны сургуулийн охидын тухай өгүүлдэг Уналт киноны Лидиягийн дүрийн хандлага. Ээнэ дүр надад бас л хүндхэн туссан. Лидиягийн дотнын найз нас барснаар тэр хийрхэлд автаж, эргэн тойрныхоо маш олон охинд муугаар нөлөөлж эхэлдэг.

-   Тэр дотор чинь гацсан дүрийн тухайд?

Амьдралын минь хамгийн хачирхалтай үе л дээ, сургуулиасаа гарч өөрийгөө барихыг хичээсэн, гэвч өөрийгөө барина гэж байхгүй юм билээ. Эцэстээ, би том хүн билүү, хүүхэд билүү гэдгээ ч ялгахаа байсан. Зургийн талбай дээр ганцаараа ажиллаж байхдаа юу хийж буйгаа ч ухаардаггүй. Энэ нь ч дүрд маань шингэж, миний царайнаас илт харагддаг. Эргээд харахад, тухайн үед төөрөлдчихсөн тэр охиныг би эргэж хараад их өрөвддөг. Харин киноны тухайд, маш гайхамшигтай болсон, бүр оролцож тоглосноороо бахархах сэтгэл төрсөн ш дээ. Хэдийгээр би маш эмзэг сэтгэл хөдлөлтэй ч гэсэн өдий хүртэл явж ирсэндээ хэн хүнээс илүү жаргалтай байдаг гэж хэлж чадна. (Инээв)

-   Эмма Стөүн мэдрэмтгий чанарыг хараал гэж боддог байсан, харин сүүлийн үед үүнийгээ танин мэдэх, өөрчлөгдөхийн шавхагдашгүй хүч болгон ашиглаж байгаа гэж ярьсан?

Өө, Эмма ч миний эртний шүтээн шүү. Хэлсэн үг бүрийг нь өөр дээрээ тусгаж авдаг, тэгж хэлсэн нь ч сонирхолтой санагдлаа. Мэдрэмтгий байна гэдэг бол үнэхээр ч хараал шиг, зовлонтой... Би сэтгэл зовоож, түгшээсэн зүйлсийн учрыг олж, оновчтой, гарцаагүй тэмцэл явуулахыг хичээдэг. Гэхдээ сандрамтгай хүний хувьд энэ бол ердөө л сэтгэлийн өвчнөө даван гарах тэмцэл юм шүү дээ. Би аль болох бясалгахыг хичээдэг. Орой бүр бясалгахгүй бол орондоо ороод унтаж чаддаггүй юм. Тэгж байж л аливаа зүйлтэй маш тайван, бодитоор тэмцэл явуулж чадна шүү дээ. Энэ жил би бусдад энэрэнгүй хандах сэтгэлтэй байхыг хамгийн сайн сурч авсан.

- Ямар утгаар?

Бусад хүний өмнөөс зовлонг нь үүрч явдаг маань хамгийн том шаналгаа юм байна. Хүний сэтгэлийг ойлгоод тусалмаар байгаа ч өмнөөс нь хариуцлага үүрэх шаардлагагүй шүү дээ. Хүний өмнөөс зүдрэх алба байхгүй. Зовлон, жаргал бол хүн бүрийн туулах ёстой зам бас хүний өмнөөс зовлонг нь нимгэлэх гэж бодох ч хэрэггүй. Хүн өөрөө л өөрийнхөө ачааг хөнгөлнө. Бусдын сэтгэл хөдлөлийн өмнөөс хариуцлага үүрэхгүй байж сурах нь хүнийг эрх чөлөөнд хүргэнэ.

Орчуулсан: Тобби Тулга 

Танилцуулга

Нэр: Мэйси Уйлльямс
Төрсөн өдөр: 1997 оны дөрөвдүгээр сарын 15
Төрсөн газар: Бристол, Их Британи

Эшлэл

Миний шүтдэг хүмүүсийн ихэнх нь хэрхэн жүжиглэж, дүрээ гаргахдаа хэрхэн төсөөлөлдөө автаж, бүр сайн амилуулах урлагийн талаар ярьдаг.
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ ЯрилцлагуудMollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН