Бяцхан шүүмж: "УСНЫ ТЭРГЭЭ НИСДЭГ ТЭРЭГ БОЛГОХ АЛТАН БОЛОМЖ"

7 өдрийн өмнө

Шаг бол маш ашигтай бизнес. Бараа нь асар хурдан эргэлддэг учраас ашиг нь тэр хэмжээгээрээ нугараад нугараад хэдэн арав дахин үржинэ. Хуурай хуулийн үед Аль Капоне /Өнөөгийн Америкийн дээрэмчдийн бүлэглэл, мафийн ахан дүүсийн холбоог үндэслэж, хууль бус нийгмийн синдикатын суурийг тавьсан. “Загалмайлсан эцэг” киног түүний намтраар бүтээсэн/ архины шагийн сүлжээг атгаж томорсон.

Манай энэ ерөнхийлөгч хүртэл найрка, өвгөнт хоёр Монголд ноёлж ахуй цагт 17 чингэлэг спиртны хэрэгт орж байсныг ч мартаж болохгүй. Тэгэхээр Ланд200-тай хүн мяарсандаа шаг зарсан юм биш. Шаг зараад Ланд200 авсан хүн байхгүй юу даа! Харин өчигдөр Ланд200-тай байсан хүн өнөөдөр усны тэрэг түрээд явж байвал, энэ бол жинхэнэ шамирсан хэрэг.

Шаг бол түрдэг тэргээ нисдэг тэрэг болгох алтан боломж. Түүнээс биш ядарсан хулгайчуудын хоногийн хоолоо олж иддэг ядчихсан бизнес биш. Дэлгүүр 24 цагаар ажиллахаа больсны дараа Багшийн дээд, Бөхийн өргөөний Жулия, Кино үйлдвэрийн ногоон дэлгүүр, хорооллын МТ колонкын арын дэлгүүр, Дарь эхийн дунд буудлын дэлгүүр, 25-р эмийн сангийн супермаркет, Цагаан хаалганы яг арын Элкс, Хайлаастын 85-ын цагдаагийн хэлтсийн замын эсрэг талын дэлгүүр, Х хорооллын Гого тахианы арын дэлгүүр гээд домогт газрууд овоо олон жил шагийн салбартаа ноёлсон сон. Энэ бүх дархан эрхтэй дэлгүүрийн ард хэн байсан гэж санана? Цагдаагийн хурандаа нар. Үнэхээр л тэд шамирчихаад шаг, дам хоёрыг хослуулан байж, ар гэрээ тэжээдэг гэж үү? Үгүй л дээ, Бадам аа!

Ганц архи ч ашигтай юм биш. Тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэхэд ихэнх дэлгүүр, ТҮЦ-нүүд тамхи зарах эрхгүй болоход архины хажуугаар тамхи шагладаг бүлэглэлүүд хүртэл үүссэн байлаа. Мөн л Бөхийн өргөө, хорооллын Өргөөгийн буудал, ер нь л зам дагуух автобусны буудлууд шөнийн цагаар тамхи шаглагчдын хөлд дарагдаж, эгээ л өдрийн Нарантуул зах лугаа болдог байж билээ. Бүр паб, лоунж, кафе гээд архи дарс хэрэглэж болдог бүхий л газрын үүдэнд халаасандаа баахан хайрцаг чихчихсэн шагчид хэд гурваараа өдөр шөнөгүй зогсдог байсан гээч!

Корона анх гарах үед амны хаалт огцом ховордоход нэг ширхэг нь 1500 төгрөг хүрсэн. Хоногийн 24 цаг тасралтгүй онлайн сурталчилгаа хийж, хаа ч байсан хүргэж өгөх үйлчилгээтэй маскны дам эрхлэгчид овоо хөлжсөн. Дам сонсох нь ээ, маск зараад байртай болсон хүний ч сураг нэг бус дуулддаг л юм. Бараг л Хөдөлмөрийн баатар өгчихмөөр ажилсаг дуракууд шүү! Магадгүй, хүсэн хүсэн том местэнд оччихоод коронаг дарах гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэж уйлагнан суугаа дарга нар ч өөрсдөө шаг...

Хүндэтгэсэн: ТОББИ

Танилцуулга

Нэр: Бяцхан шүүмж
Төрсөн өдөр: 1988
Төрсөн газар: Улаанбаатар хот

Эшлэл

Хүсэн хүсэн том местэнд оччихоод коронаг дарах гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэж уйлагнан суугаа дарга нар ч өөрсдөө шаг...
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ ЯрилцлагуудMollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН