РОНИН : "“ВАСЯ МУУ ГЛГ”-ТЭЙ ӨВГӨН БОЛТОЛ НЬ ХАМТ БАЙХСАН "

17 өдрийн өмнө

Монголын сошиал сүлжээ, тэр дундаа Фэйсбүүк орчинд “Вася муу глг” нэрээрээ алдаршсан муурны эзэн Ронинг “SOCIAL MEDIA” булангийнхаа анхны зочноор  урьж ярилцлаа. Манайдаа л “Хамгийн анхны бизнес муур” гэж тодорхойлогдсон Вася мууртай танилцаарай.

  • Вася муу глгийн бие сайн уу?

Вася муу глгийн бие жаахан тааруу байсан ч сүүлийн үед хоол унданд ороод сэргэлэн болж байгаа.

  • Муур яг хэд насалдаг юм бэ?

Хорь наслах боломжтой. Гэхдээ орон сууцанд амьдардаг муур эрсдэл багатай учраас арай урт насалдаг. Гадагш гарах нь бага болохоор хүмүүс мод чулуу нүүлгэх, хөөж туух, машин тэргэн доогуур орох, тогонд цохиулах, нохойд бариулах гээд янз бүрийн эрсдэл багатай. Хашаа байшинд эсвэл хөдөө, орон нутагт амьдардаг айлуудын муур илүү зэрлэг талдаа. Үхэх эрсдэл өндөртэй нөхцөлд амьдардаг болохоор яг тэд насална гэхэд хэцүү.

  • Вася нэлээд өндөр настай. Та хоёр анх хэрхэн учирч байв?

Вася муу глг одоо 15 нас хүрч байна. 2005 онд, эзэн нь Америк явах болчихоод гаргаж хаях гэхэд нь очиж авч байлаа. Эхний ээлжинд Туул зөрлөгт худындаа байлгасан юм. Тэгсэн чинь тахианы байранд орж, хоёр дэгдээхий идсэн хэрэгтэй тэндээ баахан адлагдаад... Том эгч маань нялх муур даралт өсөх зэрэг хууч өвчин намдаахад сайн гэж хүнээс сонсоод гэрт аваад ирсэн. Анх ирсэн өдрөө ээжийн цээжин дээр гарч хэвтээд, тэр үед ээжийн цээж өвддөг байсан, харин ээж болохоор багалзуурдах нь гэж айгаад бас нөүтбүүк, англи хэлний толь бичиг рүү шээхээс өгсүүлээд баахан хэрэг тарьж, гаргаж хаяхдаа тулсан.

  • Хэрэг тариад хөөгдөхөө шахжээ. Тэгээд гэртээ яаж үлдэв?

Хаалга онгойлгочихоод ганц, хоёр минут хөөж үзлээ. “Яв чи!” гээд хөөсөн чинь үүдэнд орилоод л суугаад байхаар нь буцааж оруулсан. Одоо бол муу глгийг алга болчихвол хойноос нь хэдэн ч хоногоор эрж, хайхаар болчихсон байна шүү дээ. Сүүлд нэг алдсан.

-Яаж байгаад алдчихав?

Санамсаргүй алдчихсан. Шинжилгээ өгөхөөр явж байгаад спортын төв ордны тэнд машинаасаа алдаад арай гэж олсон. Гөлөг чинь подваль руу ороод гарч чаддаггүй. Дотор нь ус тогтчихсон, тогонд цохиулж мэдэхээр байхад нь олж авсан. Нэлээд хавчиг, хонгил маягийн подваль руу чихсээр мөлхөж ороод арай гэж гаргаж авсан даа. Түүнээс хойш хаширчихсан.

  • “Вася муу глг” нэр ямар учиртай юм бэ. Сахилгагүй болохоор нь “хараасаар” байгаад тогтчихсон нэр үү?

Тийм, эхлээд хэрэг тарихаар нь “муу гөлөг минь!” гэж хараадаг байсан байхгүй юу. Сүүлдээ байнга, хурдан хурдан хэлсээр “Ө” үсэг нь гээгдэж, “глг” болчихсон юм. Амьхандаа өхөөрдөж буй царай юм л даа. Яг Вася нэрийг нь бол орос хүн өгсөн. Ээжийн маань ханилсан хүн л дээ. Орос хүн чинь нэг тиймэрхүү л нэр өгдөг юм байна. Би Гарфильд гэж нэрлэх гэсэн ч наанадаж өнгө, зүс нь тохирохгүй. Эхэндээ Вася гэж дуудахаар нь уурладаг байсан ч яваандаа “Вася муу глг” болчихсон.

  • Вася муу глг яаж яваад алдартай болчихов оо?

Муур сонирхогчдын групп гэж байдаг юм. Одоо хамгийн их гишүүнтэй, бараг 63 мянга орчим. Анх тэр группт хөгжилтэй маягийн постууд оруулж эхэлснээс л улбаатай юм болов уу.

  • Ямархуу янзын пост бичдэг байв?

Муур эзэн хоёр ярилцаж, муур нь эзнээ “diss” хийж байгаа юм шиг хөгжилтэй постууд маань л хүмүүст их таалагдсан шиг байгаа юм. Зураг нь их нөлөөлсөн байх. Хүмүүс манай муурыг хүнийх шиг харц, шүрэн юм шиг час улаан хамраараа онцгой гэдэг. Нэг удаа “Плэйтайм”-д яваад иртэл нулимс нь цийлэгнэчихсэн угтдаг юм байна. Харваас өөрийг нь авч явсангүй гэж гоморхсон янзтай. Тэгээд зургийг нь авч эзнийгээ загнаж байгаа юм шиг яриатай пост оруулж байлаа. Иймэрхүү хошин өнгө аястай бичвэрүүд постолсоор хүмүүс ч хүлээдэг болсон. Харин одоо бол “Монголын анхны бизнес муур” гэдгээрээ хүмүүсийн анхаарал татаж байгаа байх.

  • Пөөх, тийм үү. Тэр нь ямар учиртай юм бол?

“Вася муу глг” нэрийн элс гаргаад ажил нь ид буцалж яваа. Урд /БНХАУ/ захиалгаар хийлгэж, импортлоод зардаг юм. Үүн дээр нэг зүйл хэлэхэд, хүмүүс урдаас хямдхан элс оруулж ирээд зарлаа, монголдоо үйлдвэрлэдэггүй юм уу гэх мэт буруу ойлголт, хандлагатай байдаг. Зарим нь Монгол элс гэхээр бараг л “Хөх толбо”-той элс гэдэг утгаар ойлгож, хүлээж авдаг. Одоогоор манай Монголд муурын элс хийх үйлдвэр ч, технологи ч байхгүй. Эхлээд элсний хольц, шингээх чадвартай шаварлаг элс гээд төрөл бүрийн судалгаа хийж байж л Хятадын үйлдвэрүүдэд захиалга өгсөн юм шүү дээ. Муурны өтгөн, шингэний үнэрийг дарахын тулд үнэр дарагчтай захиалдаг ч яваандаа улам сайжруулах санаатай бүтэхээс нь бүтэхгүй хүртэл явахаар шийдчихээд байна даа.

  • Вася муу глгийн элснээс авъя гэвэл яах вэ?  

Одоогийн байдлаар зөвхөн захиалгаар борлуулж байгаа. Миний фэйсбүүкээр холбогдож, захиалвал өдөртөө хүргээд өгчихдөг юм. Заримдаа ажил ихтэй үед шөнийн цагаар ч хамаагүй, 24 цагийн хэдийд ч хүргэж өгнө. Үүнээс гадна муурын шээснээс ялгардаг аммонийн үүсвэртэй хурц үнэрийг дардаг элс гадаадад байдаг юм билээ. Уг нь ийм үнэрийг дарах ямар ч арга байдаггүй ч саяхан тийм элс байдгийг мэдээд оруулж ирэхээр зорьж байгаа. Монголын “муурчид” хүлээж байгаарай, удахгүй оруулж ирэхийг хичээнэ.

  • Бараа бүтээгдэхүүнд “Вася муу глг” гэдэг нэр өгсөнд хүмүүс дургүйцэхгүй байна уу?

Тийм гомдол, эсэргүүцэл мэр сэр ирдэг. “Бараа бүтээгдэхүүн борлуулж байж хараалын үг хэрэглэлээ” гэж хэд хэдэн хүн загнасан. Гэхдээ энэ чинь зүгээр л өхөөрдсөн нэр шүү дээ. Үүнийг урьдчилан таамаглаад элсний уутан дээр нэрийн утгыг тайлбарласан тайлбар оруулсан.

  • “Вася муу глг” гадуур хэр гарч байна вэ?

Гадуур бараг гардаггүй. Хааяа машинаа зарах гэсэн хүмүүс муураа нэг оруулаад гаргаач гэж ирэхэд л гардаг. Өө, тэгээд машинд оруулах гэж бөөн орилоон, уйлаан майлаан болно шүү дээ.

  • Тэгээд машин нь зарагдах юм уу?

“Вася муу глг”-ийн орсон машинууд удалгүй зарагдсан л гэдэг юм. Уг нь машин зарагдах нь тодорхой шүү дээ. Гэхдээ л хүмүүсийн хурдан зарах гэсэн сүжиг байдаг даа. Нээрэн, манай хүргэн ах машинаа зарж чадалгүй их удсан. Вася муу глгийг нэг оруулаад л гаргасны дараа шууд зарагдсан. Бараг маргааш нь билүү дээ. Тэгэхээр үнэн ч юм шиг. Зүгээр л хааяа хүн гуйхаар нь татгалздаггүй. Яах вэ, шанд нь нойтон хоолоо олоод идчихдэг л юм.

  • Ийм сүжиг яг юунаас үүссэн юм бол доо?

Бодвол Оросоос л гаралтай байх. Шинэ байранд муур оруулахаар хар муу энерги нь арилдаг ч гэдэг.

  • Ерөнхийдөө хүмүүс өөрөөс чинь муурны талаар их асуудаг юм шиг байна. Васяг болзоонд урих ч юм уу, найз болох хүсэлт ирдэг үү?

Ирнэ шүү. Муураа авч ирж, уулзуулдаг хүмүүс ч байна. Даан ч нөгөөх нь өндөр настай болохоор залуу муур ирэхэд намбалаг өвгөн сууж байна. Хүмүүс их л дуртай байдаг юм. Залууд нь нэг бус удаа үржилд оруулъя гэсэн хүмүүс ирж байсан. Гэхдээ муур тууштай тэжээж чадахаар хүмүүс биш байсан болохоор би нэг их дуртай зөвшөөрдөггүй ч хэсэг хамт байлгахаар Вася муу глг охин мууртай цусаа гартал зодолдож эхлээд л, нэг харахад тэврэлдчихсэн хэвтэж байдаг байсан. Дараа нь үр төл нь гэсэн муур надад лав ирж байгаагүй. Гол төлөв хүүхдээ саатуулах гэж муур аваад дараа нь залхаад хаясан эсвэл төөрүүлсэн хүмүүс байдаг. Нэг хэсэг хөрш айлын охин мууртай балконоор дамжиж уулзсан. Ромео шиг балконоор дамжаад л уулзчихдаг байлаа. Эсвэл охин муур нь ороод ирчихсэн нялуурчихсан л хэвтэж харагддаг байсан. Эзнээсээ л илүү олон “найз охин”-той байж үзсэн муур даа.

  • Эзэн нь яагаад найз охинтой болохгүй байна вэ?

Байгаа шүү дээ.

Тийм үү?

Худлаа, худлаа. /инээв/

Та саяхан “рилейшншип” хийж харагдсан болохоор асуусан юм л даа?

Аан. Тэр чинь зүгээр л үргээлэг. /инээв/ Үе, үе эморох үе бас байна шүү. Жилдээ, гурваас дөрвөн удаа тэгдэг. Тэгэхээр хүмүүс их л “ха ха” дардаг. Худлаа ярьдаг л гэж боддог юм шиг ээ. Зарим нь итгэж ядаад яг одоо үнсэлцэж байгаа зураг нэхнэ шүү дээ.

  • Одоо 15-тай гэдэг чинь хүнийхээр хэдэн настай болж таарах вэ?

Хүний насаар бол 76 орчим. Би өмнө нь Монголд байдаг 21 настай муурын зураг харж байсан. Яг хөгшин хүн шиг. Үс нь бууралтаад хэл нь унжчихсан. Яг өвгөн, өвгөн. “Вася муу глг”-тэй тийм болтол нь хамт байхсан. Хөгшин хүн шиг хүний гарт орох дөхөөд ирэхээрээ их хэцүү юм. Насны доройтол болж, бие нь ойр ойрхон муудна. Ингэж зовоож байхаар эртхэн унтуулчихмаар ч юм шиг хэр нь олон жил хамт байчихсан болохоор их хэцүү санагдах юм. Хэт зовоомооргүй байна. Унтуулах зориг гаргана гэдэг бол хэцүү шүү дээ. Хааяа ингэж бодохоор уйлчих гээд байдаг. Ээжтэйгээ хамт олон жил байлаа. Жам учраас өнгөрсөн. Эгч дүү нар хамт байгаа ч гэсэн мууртайгаа л ганцаархнаа шүү дээ. Цэрэгт явсан жилээс бусдаар 14 жил хамт амьдарсан болохоор амьтан ч гэлээ байхгүй болно гэхээр л хэцүү санагддаг.

  • Хүмүүсийн ярьдаг шиг танай муур таныг үхээсэй гэж боддог болов уу?

Ёстой үгүй шүү!

  • Ер нь гэрийг чинь нар буруу тойрох ч юм уу, тиймэрхүү юм анзаарагдаж байсан уу?

Заримдаа унтаж байгаад сэрэхэд муухай харчихсан байж байдаг. Гэхдээ тэр нь хоол нэхснийх л дээ. Буруу хараад хэвтэж байхад нуруу руу цохино. Эргээд харахаар муухай харчихсан байж байдаг. Ерөөсөө л хоол өг гэсэн үг шүү дээ. Анх хоол хулгайлж иддэг байснаа больчихсон. Нас нь яваад их ухаантай болохоос гадна өрөвдөлтэй болчихсон шүү дээ. Над руу харахаар л хоол харагддаг юм шиг байгаа юм. “Энэ нэг юм хоолоо өгөөсэй!” л гэж боддог биз. Үхээсэй гэж боддог бол худал, мухар сүсэг. Муур бол 5000 жилийн турш зэрлэг, араатанлаг чанараа алдаагүй цорын ганц тэжээвэр амьтан. Цатгалан байсан ч ан хийдэг. Энэ нь эзнээ надгүйгээр бол өлсөөд үхчихнэ гэж бодоод хоол зөөж байгаа хэрэг гэж тайлбарладаг юм билээ. Бас өөрийгөө, үр төлөө дасгалжуулж буй хэрэг. Байнгын араатанланг шинж нь илэрч байдаг их л хөдөлгөөнтэй амьтан даа.

  • Үүнээс гадна, нохой, муур хоёрын аль нь ухаантай вэ гэсэн яриа явдаг шүү дээ. Таны бодлоор аль нь бол?

Нохой их ухаантай амьтан. Гэхдээ муур ч гэсэн нэг их дутахгүй. Вася л гэхэд ингэ, тэг гэхээр ойлгодог ч тэрийгээ мэдэгддэггүй. Үүгээрээ л ялгаатай байх гэж бодож байна. Ээж анх харваад нэлээд хүнд хагалгаанд орж, бие нь дээрдсэн ч унаж, татах нь нэмэгдсэн юм. Тухайн үед ямар нэгэн юм болоход Вася руу харахаар би яаж тус болох вэ гэсэн шиг хараад зогсож байдаг байсан. Ямартай ч таатай биш зүйл болоод байгааг мэдэж байна гэсэн үг байх. Бас хоёр хүн муудалцлаа гэхэд хэн чанга дуугарч буй руу нь дайрч мааждаг. Энэ нь сул доройг хамгаалахаа мэддэг гэсэн үг л дээ. Ээж маань хар дарж орилдог зүүдний өвчтэй байсан. Тэр үед нь Вася ээж рүү дайраад сэрээчихдэг байсан. Тэгж зүүдэлж байгаа хүнийг хүн сэрээхэд их хэцүү байдаг. Харин муур бол гүйж очоод л ганц самардаад эсвэл хазаад сэрээчихдэг хачин амьтан.

  • Васягийн хамгийн дурсгалтай зүйл?

Васягийн арвантаван жил маажсан сандал одоо ч байдаг. Хоёр хөлийг нь маажсаар байгаад жинтэйхэн хүн суухад хугарч унахаар болгочихсон. Удахгүй тэр сандлыг эпокси гэдэг тунгалаг давирхайгаар дүүргэж, хадгалах санаатай байгаа. Өөрийнх нь байнга хэрэглэдэг маажуур, хэвтэр гэх мэт зүйлсийг хадгална. Одоо нөгөө сандлаа маажихаа байчихсан нь хөгширсөнтэй нь холбоотой. Оронд нь буйдангийн үзүүр мүзүүрхэн л мааждаг болсон.

  • Васятай холбоотой хөгжилтэй явдлаасаа яриач?

Мууранд дуртай охид фэйсбүүк чатаар их холбоо барина. Тэгэхдээ голдуу Вася муу глгийг юу хийж байгааг асуудаг. Нэг удаа чатаар холбогдсон охин Вася, Ронин хоёрын чинь аль нь муур юм бэ? Хэнд нь хоол авах юм гэж асууж байлаа шүү дээ. Энд, тэнд явж байхад хүмүүс нөгөө муурны эзэн явж байна гээд хоорондоо шивнэлдэх нь сонстдог л юм. Хүмүүстэй уулзсан ч хамгийн түрүүнд намайг биш Васяг л асуудаг. Намайг чинь Ронин гэхгүй шүү дээ. Нөгөө “Вася муу глг”-ийн эзэн л гэнэ. Хүүхдийн 100-д тааралдсан эгч намайг Вася муу глгийн эзэн гэж таниад пабдаа урьсан юм. Тэгээд л байнга орж, үйлчлүүлдэг газартай болсон байх жишээтэй. Ер нь бол муурныхаа нэрийг ашигласан, ашигласан.

  • Муураараа далимдуулж охидыг хэр эргүүлж байна вэ?

Ээ, тийм зүйл байхгүй шүү! Буруу хойшоо гэм. Хүмүүс намайг “Вася муу глг”-өөр дамжуулж, охин найрдаг, охидыг “түүдэг” гэж ярьдаг. Ер тийм биш шүү! Гэхдээ “Вася муу глг”-тэй уулзах хүсэлтэй хүмүүс байдаг. Хэзээ нэг өдөр уулзалт зохион байгуулвал гоё. Түүнээс биш хүмүүсийг шилж, сонгож уулзуулах муухай шүү дээ. Ялгаж болохгүй. Муурын маань нас ч нэлээд явчихлаа.

  • Вася муу глгөөс өөр сонирхол, хобби бий юу?

Хөлбөмбөг. Байерн Мюньхений улаан фанат шүү дээ, би. Германы шигшээг алгасалгүй үздэг. Хөлбөмбөгөө үзээд л пивоо угаад л сууж байна шүү дээ. Бас жил бүр өвлийн өвгөн болж, гэр хорооллоор явж, боломж тааруу айлын хүүхдүүдэд баяр баясал бэлэглэхийг хичээдэг. Тэгж явахдаа өнөө л муураа харж, мууртай таарвал “Өвөөдөө муураа өгч бай” гээд эрхлүүлээд суучихдаг шүү. Бас сумны хонгион дээр сийлбэр хийдэг болох санаа бий.

  • Пиво уух дуртай юм биз дээ?

Дуртай, дуртай. Гэрээсээ барагтай л бол гардаггүй хүн 2013 онд хамт олонтой болсноор найз нөхдийн хүрээ тэлж, гадуур хөлбөмбөг үзэхдээ шар айраг уух дуртай болсон. Хөлбөмбөг ярьсных нэг зүйлийг хэлмээр байна л даа. Нэлээд хэдэн жилийн өмнө манай клубынхны хөлбөмбөг үзэнгээ шар айраг ууж байгаа зургийг оруулснаа “Эх орон сүйрч байхад залуус архидаж байна” гэж бичээд сошиалаар тараасанд гомддог. Хөлбөмбөгийн фанатын клуб чинь тоглолт үзээд л архи дарс уугаад л явдаг юм биш шүү дээ. Мэдээж, хобби учраас клубынхнээрээ цугларч тоглолт үзэх үе байлгүй л яах вэ. Гэтэл үүнийг тэгж муухай гуйвуулж болмооргүй байгаа юм.

  • Фэйсбүүк хэрэглэгчид өөрийг чинь Ронин гэдэг нэрээр л мэддэг. Яагаад өөрийгөө ингэж нэрлэх болоо вэ?

Японы ронин гэж байсан шүү дээ. Эзнээ алдсан ч өөр эзэнд дагаар оролгүй үнэнч сэтгэлээ баталж амьдардаг. Үнэнч сэтгэлийг бэлгэдэж, өөрийгөө ингэж нэрлэсэн. Алсдаа нэрээ сольж, албан ёсоор Ронин болох бодолтой байгаа.

  • Цаашдаа юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

Ажлаа л сайн хийнэ, Вася муу глгийг сайн халамжилна. Бодож санасан ганц хоёр зүйлээ хэрэгжүүлнэ. Ер нь л мөрөөдлөөрөө амьдарна.

Ярилцсан: Тобби Тулга

Танилцуулга

Нэр: РОНИН
Төрсөн өдөр: 1988 оны гуравдугаар сарын 23
Төрсөн газар: Улаанбаатар хот

Эшлэл

Насны доройтол болж, бие нь ойр ойрхон муудна. Ингэж зовоож байхаар эртхэн унтуулчихмаар ч юм шиг хэр нь олон жил хамт байчихсан болохоор их хэцүү санагдах юм. Хэт зовоомооргүй байна. Унтуулах зориг гаргана гэдэг бол хэцүү шүү дээ.
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ ЯрилцлагуудMollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН