Халтарын БОЛОР-ЭРДЭНЭ: "ХАГАЛААД АСГАЧИХСАН ШИЛЭН ДЭЭР АЛХАЖ БУЙ МЭТ..."

16 өдрийн өмнө

Түүнийг яруу найрагч Б.Эрдэнэсолонго “зун шиг” гэж тодорхойлсон. Хүнийг дэргэдэх ханиас нь илүү хэн мэдэх билээ. Тэр үнэхээр л “зун шиг” санагддаг. Харь оронд байгаа ч тэрбээр үл мартагдам халуун, дулаанаа уншигчдадаа мэдрүүлсээр л... Ийм халуун, тийм дулаахан сэтгэлээс “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Болор туужууд”, “Диваажингийн хоригдол”, “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Би бид хоёр”, “Гүйж яваа эмэгтэй” зэрэг номууд төрсөн. Энэ бол зохиолч Халтарын Болор-Эрдэнэ. Түүний нар шиг, бороо шиг, салхи шиг сэтгэлийг уншигчдынхаа өмнө дэлгэн тавьж байна.

  • Зохиолч Х.Болор-Эрдэнэ гадаадад гэр бүлийн хамт нэлээд олон жил боллоо. Анх ямар зорилго тээн явж байв. Тэрхүү зорилгодоо хүрч чадав уу?

Бид нэг зүйлийг анзаарсан юм. Монголд маш олон сайн сургууль байдаг. Өндөр төлбөртэй ч бий. Гадны улс орнуудын системээс авсан сургалттай нь ч бий. Гэхдээ хэчнээн өндөр төлбөр төлсөн тэдгээр сургуулийг төгссөн хүүхдүүд маань аль нэг улс оронд очвол тухайн орныхоо сургуульд дахиад сурах л хэрэгтэй болдог. Бүр тодруулбал, манай улсын сургалтын системийг бусад улс оронд ойшоож үздэггүй, тэр нь жишиг стандартад хүлээн зөвшөөрөгддөггүйг ойлгосон юм. Магадлан итгэмжлэгдсэн атал тухайн сургуулийн магадлан итгэмжлэгдсэн он цаг нь гадны аль нэг орны албан ёсны стандартад бүртгэгдээгүй байгааг өөрийн биеэр үзэв. Тиймээс л хүүхдүүдээ дэлхийн хүн болгох, хүн төрөлхтний магнайд биш юм аа гэхэд дундаж стандарт боловсролд ойртуулах арга замыг эрж олохоор бид явцгаасан. Бид өнөөдрийг хүртэлх таван жилийн хугацаанд маш ихийг суралцлаа. Бас маш ихийг ойлгож, нүд нээгдэж байна. Хүн боловсорно гэж юу болох, суралцах гэдэг нь угтаа ямар утга учиртай байдгийг жинхэнэ утгаар нь одоо л ойлгож эхэлж байна. Хүүхдүүд маань дунд сургуулиа төгсөхдөө 2-3 хэлээр чөлөөтэй ярьдаг, сонгодог дуу хөгжим, зураг урлал, зохиолч бүтээгчдийг нэрлэж мэддэг, улс орны үүх түүхийг их бага гэлтгүй, элдэв засваргүй танин мэдсэн хүмүүс болж болохыг ойлгосон. Тиймээс холын зорилгодоо ойртож байна гэж найдаж байна.

  • Хүүхдүүдээ дэлхийн жишигт нийцсэн боловсролтой болгох гэж явсан гэж ойлголоо. Монголд ч бас боловсролын тухай ойлголт сүүлийн үед нэлээд чухлаар тавигдах болсон. Тэгэхээр таны хувьд хүний эзэмших ёстой боловсрол гэж юу вэ. Ямар хүнийг боловсролтой гэх юм бэ?

Би өөрийгөө боломжийн боловсролтой хүн гэсэн ойлголттой явсан. Харин одоо бол боловсрох ёстой хүн юм гэж боддог, зүтгэдэг болсон. Мэдээж дипломын боловсрол бол нэр төдий юм. Хамгийн гол нь дэлхийн хаана ч очсон сонгосон салбартаа хэнээс ч дутахгүй өрсөлдөөд орох чадвартай, ямар ч соёл, сэтгэлзүйтэй хүнтэй эн тэнцүү харилцаад, ойлголцоод явах хэмжээний хүнийг л боловсролтой хүн гэж хэлэх гээд байна. Нэг тогоон дотроо бол алаад байдаг. Тэндээсээ гарахаараа л хэн ч биш болдог, тэр хэн ч биш байдалдаа эвлэрээд нам дор газарт нуугдаж суусаар насыг барна гэдэг эмгэнэлтэй. Тиймээс боловсорно гэдэг нь хүнийг таних, хорвоог таних, үүх түүх, соёлыг таних, тэгээд эцэст нь өөрийгөө таних юм байна гэж бодох болсон.

  • Таван жил гэдэг тийм ч богино хугацаа биш. Монгол орон, өөрийн амьдарч байсан ертөнц, найз нөхдөө санаж л байгаа байх.  Буцая даа, гэх бодол орж ирдэг үү?

Цаг үргэлж тэгж бодогдоно шүү дээ. Бүр хором бүрт харьж байгаагаар төсөөлдөг. Гэсэн ч бид зорилгынхоо үүдэнд дөнгөж ирээд байна. Одоо буцчихвал энэ он жилүүд, хүсэл тэмүүллүүд, хөдөлмөр зүтгэл, тэсэж тэвчиж өнгөрүүлсэн бүхэн утгагүй болчихно оо доо. Тиймээс болоогүй ээ. Гэхдээ би цаг үргэлж Монголтойгоо хамт байдгийг, огт хаашаа ч яваагүй юм шиг урьдынхаараа л уран бүтээлээ хийгээд, дуу шүлгээ бүтээгээд, найз нөхөд, уншигчид, төрөл төрөгсөдтэйгөө ойр дотно байдгийг хүмүүс мэднэ ээ. Би хаашаа ч яваагүй. Хэн хамт байхыг хүснэ. Түүнтэй ойрхон л яв аа.

 

  • Тийм шүү, таныг цахим орчинд нээлттэй байдаг болохоор Монголдоо байгаа юм шиг л санадаг. Франц орны тухай хэсэг ярилцая. Хүмүүс нь ямархуу зан араншинтай вэ. Биднээс ялгарах онцлог зүйлсийн тухай ярьвал?

Мэдээж тэс өөр ертөнц. Тэс өөр соёл. Гэхдээ энд гаж юм бол байхгүй. Хүний идэж болох хүнс, амьдарч болох цаг агаартай. Хамгийн гол нь энд дэлхийн түүх, урлаг соёл, гоо зүйн түүхийг элдэв цензургүй, дам дамжлагагүй хүлээн авах боломжтой. Суурин соёлын эртний түүхтэй хүмүүсээс нэг авах зүйл нь хүн хоорондын харилцаа байдаг. Бас түүхийг хүндлэх, урлагийг хүндлэх, тэр ч бүү хэл үнэрийг хүндлэх соёл ч байна. Утга нь бол хүний үйл бүтээлийн мөрөн дээр гишгэхдээ бид анхааралтай, хүндэтгэлтэй бас ойлголттой хандах ёстой юм. Эндээс л хүн бэлдэх арга барил эхэлж байна. Мэндлэх, хүндлэх соёлыг хүний эд эрхтний нэг хэсэг мэт хүүхдэд багаас нь суулгаж байна. Дэлхийн сонгодогуудыг ухаан орох цагаас нь таниулж байна. Чи үүнийг заавал мэдэх ёстой гээд толгой руу нь тоншоод байхгүйгээр алхам тутамд нь амьдрал дээр заагаад, харуулаад, бариулаад сургачихаж байна л даа. Бидний хүүхдүүд хожим энэ аргачлалуудыг эх орондоо зөөгөөд аваачвал хэчнээн сайхан. Франц хүмүүс ихэнхдээ маш эерэг, эелдэг. Ер нь уурлаад яваа хүн харагддаггүй. Гэхдээ тэр эерэгийн цаана нэг аюул бий. Бухимдаж байсан ч түүнийгээ ил гаргадаггүй. Энэ нь магадгүй хүн хоорондын дотносол, чин сэтгэлийг үгүй хийдэг байх гэж би бодоод байгаа. Нэг л тийм хүйтэндүү, инээмсэглэн мэндлэх авч хэзээ ч өөрийн ертөнцөд нэвтрүүлдэггүй чанар дийлэнх байдаг. Хэрвээ ил гаргах гээд байвал нийгмээс холддог ч юм уу. Ер нь бусдын эрх ашиг, орон зайд халдахгүй байхыг асар багаас нь зааж сургадаг.

  • Биднээс огт өөр санагдаж байна. Франц орныг бид магадгүй Эйфэлийн цамхагаас цааш мэдэхгүй байх. Эммануэль Макрон гээд залуухан ерөнхийлөгчтэй болсон. Улс төр нь нийгэмд, хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Энд ирсээр нэг зүйлийг маш их сонирхож байна. Сонгуулиа яаж өгдөг вэ? Сурталчилгааг хэрхэн хийдэг вэ гээд л... Сонирхолтой нь би ганц ч нэр дэвшигч айлаар орж байхыг харсангүй. Байр сууцны гадаа хүн цуглуулж явахыг үзсэнгүй. Ухуулах хуудсаар завсаргүй бөмбөгдөөд байхыг ч харсангүй. Нэр дэвшигчид нь зурагтаар завсаргүй сурталчилгаа цацаад байхтай ч таарсангүй. Эрэн сурвалжлагдаж байгаа хүний зураг шиг энгийн ноосон цамц, өдөр тутмын хувцастай хар зураг бүхий ганц хуудас бичгийн цаас шиг юм наачихсан байхтай л таарч байв. Гэсэн ч иргэд нь улс төрчдөө сайн мэддэг, хянадаг, байс гээд л таагүй бодлого, хуулийнхаа эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, жагсаж, нэгдэж, тэмцэж чаддаг айхтар системтэй юм билээ. Хамгийн гол нь нэгдэхээ хүрэхээр улс орныхоо өнцөг булан бүрт зэрэг босно. Энд тэнд зарлаад, уриалаад сүйд болохгүй хэрнээ ямар нэг дотоод сүлжээгээр мэдээлэл аваад байгаа мэт нэгэн зэрэг, нэгэн цагт босож чаддагт нь үнэхээр атаархмаар. Коллежийн хүүхдүүд, оюутнууд хүртэл зохион байгуулалттай босож, тэмцэж, тэднийгээ эцэг эхчүүд нь, багш нар нь дэмжээд явж байхыг хэд хэдэн удаа үзэв. Улс төрийн боловсрол, үзэл санааны төлөвшилдөө хүн бүр маш их анхаардаг, хариуцлагаа ч их сайн ухамсарладаг санагдсан.

  • Ийм зүйл харж байгаа болохоор л та улс төрийн үзэл бодлоо олон нийтийн сүлжээгээр чөлөөтэй илэрхийлдэг байх аа.  Франц оронд очсоны дараагаар Та уран бүтээлээсээ огт хөндийрөөгүй. Уран бүтээлд тань харь орон хэрхэн нөлөөлж байгаа бол?

Арай жаахан өргөн сэтгэдэг болсон юм шиг санагдсан. Өмнө нь өөрийнхөө дотор гацчихаад байсан бол одоо өөрийнхөө гадна гарч, тал талаас нь харж, хаана ямар өө, сэв байгааг анзаарах болсон. Гэхдээ түмэн олонд хал балгүйхэн шиг өө сэвээ хайрлаж, хадгалж үлдээх зоригтой болсон гэж хэлж болно. Тэр бүхэн нийлээд намайг бүтээж байгаа шүү дээ. Ажаад байхад, хөөрхий би алдаж онож, зүтгэж, зөрж явж байгаад эцэст нь нэг юм үнэн зөв үү дээ олоод оччихоод байдаг юм билээ. Тиймээс би өөртөө илүү итгэдэг, зөн совин, хүн чанартаа бүрэн найдаж, мэддэг болсон. Энэ бүхэн бүтээлд тусаад ирэхээрээ хуурмаггүй, элдэв гоёлгүй хэрнээ хүн бүрийн дотор оршдог гэгээлэг ертөнцөд нь хүрч чадаад байна уу гэж санагддаг.

  • Монголын цөөхөн эмэгтэй зохиолчдын нэг нь та. Мөн эмэгтэйчүүд болоод хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал дээр нэлээд хүчтэй дуугардаг. Сүүлийн үед сэтгэл сэрдхийлгэм хэргүүд ч ар араасаа гарах болов. Та Монгол эмэгтэйчүүддээ хандаад өөрийн үгээ хэлээч?

Биднийг бахь шиг базаж байдаг зүйл бол худлаа нэрэлхүү зан. Тэр нь бүр ёс уламжлал шиг хүн бүрийн сэтгэлд гүн шигдчихсэн. Эрх чөлөө гэдэг зүйлийг амандаа орсныг ярих л гэж ойлгодог болохоос биш зүрх сэтгэлээ чөлөөлж, өөрийгөө эрхэмсэг, чөлөөтэй, тав тухтай байлгах тал дээр бараг л ойлголтгүй. Хүмүүст гоё харагдах гэж хувцаслана. Үнэтэй харагдах гэж элдэв будаг шунх, чимэг зүүлтэндээ л илүүтэй анхаарна. Жишээлбэл, нөхрөө хажуудаа үнэнч байлгах арга бол хөөрхөн болох л гэж ойлгоно. Хорин настай охидтой зэрэгцэж хорин настай харагдах гээд гүйгээд байна. Хэчнээн залуу дүр төрхтэй боллоо ч хорин настай биш л бол биш шүү дээ. Хиймэл сормуус наачихсан мэт хуурамч, хоосон зүйлд хамаг анхаарлаа тавиад гол зүйлээ тас мартдаг. Бие биедээ нэвтрэх, ойлголцох, бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх гэдэг зүйлийг таг мартчихдаг. Миний хөрш биеэ яаж ч авч явдаг байлаа гэсэн тэр бол миний л хөрш. Яаж ч болохгүй зэрэгцэн оршиж буй ертөнц. Түүнийг л хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Бас хайрладаг, ойлгодог байх хэрэгтэй. Монгол эмэгтэйчүүд маш мундаг. Хаа ч дасан зохицож чадна. Ямар ч үед, ямар ч ачааг үүрээд гарчихдаг. Азиуд дотроосоо хамаагүй ухаалаг, үзэсгэлэнтэй, бие хаа сайтай, чадвартай бүсгүйчүүд монголчууд юм байна гэдгийг илүү сайн ойлгодог болсон. Энэ чадвараа үнэлж бусдаар үнэлүүлж, бусдыг ч түүн шигээ үнэлж чаддаг болчихвол болох гээд байна.

  • Сүүлийн үед зохиолч болоод шүүмж судлаач нарын хооронд нэлээн маргаан, үл ойлголцол бий болох болжээ. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

Би хэлдэг, бичдэг. Намайг шүүмжлээд өгөөч ээ гэж. Харамсалтай нь хэн ч дуугарахгүй байна. Шүүмжлэгчид маань бүгдээрээ блоклоод зугтчихсан. Би хувьдаа бүтээлийн судлал, шүүмжийг арай өөрөөр хардаг, үнэлдэг. Надаас яагаад айгаад байгааг л харин ойлгодоггүй. Шүүмжлээд үз л дээ. Бич л дээ. Шүүмжлэх гэж шүүмжилсэн шүүмжийг биш сайжруулах гэж судласан шүүмжийг ямар ч уран бүтээлч баяртай хүлээж авдаг гэж боддог. Тэр хэрүүл шуугиан болоод байгаа нөхдийн тухайд бол зориудаар харлуулах, доромжлох, гутаах байдлаар судлаачид нь хандаж, ядаж л сонгож хэрэглэж байгаа үг, өгүүлбэр нь мэргэжлийн бус, гудамжны, дорд, бохир үг хэллэгтэй байгаад л уран бүтээлчид дургүйцээд байгаа. Түүнээс биш үнэхээр утга зохиолын хөгжлийн тухай, уран бүтээлийн алдаа онооны тухай зүйл дээр хэн л хэл ам татлаад байх вэ дээ. Сайн шүүмжүүд бичдэг хүмүүс мэр сэр бий. Харин бичсэн шүүмж бүрийнхээ ард даапаалсан, дорд үзсэн, доромжилсон, бүлэглэлийнхээ сонирхлыг хавчуулсан маягаар хандах нь маргаан биш улаан хэрүүл дагуулах нь мэдээжийн л асуудал шүү дээ.

  • МЗЭ гэж том байгууллага бий. Сүүлийн үед үйл ажиллагааных нь тухай шүүмжлэх хандлага ихсэх болжээ. Жаахан унтаа байна гэх хүмүүс ч байна. Ер нь Эвлэлийн үйл ажиллагааны зорилго, зорилт юу юм бэ. Энэ талаар таны үзэл бодлыг сонсмоор байна л даа?

Би энэ байгууллагын гишүүн л дээ. Ер нь бол "Заа яршиг даа" л гэж бодож байна. Яримаар, хэлмээр юм их л байна. Гэхдээ системээр нь өөрчлөхгүй бол нэмэргүй ээ. Юу ч яриад хэрэггүй.

  • Энэ асуудал дээр ихэнх хүмүүс тан шиг хандах болжээ. Магадгүй тохиромжтой цагт үгээ хэлье гэж боддог байх л даа. Хоёулаа гэр бүлийн амьдралын талаар яриагаа үргэлжлүүлье. Тогтвортой, аз жаргалтай амьдрахын тулд хосууд ямар зүйлс дээр түлхүү алдаа гаргадаг бол. Сүүлийн үед салалт, хүүхэд өнчрүүлэх зэрэг явдлууд урьд өмнө огт сонсогдож байгаагүй юм шиг л нэлээд хурц яригдах болжээ?

Нэг гэрийг тогтоодог зүйл бол хос багана. Хос баганатай гэр илүү тогтвортой, илүү нуруутай байна. Хоёр баганын нэг нь хазайхад нөгөөх нь түшээд авахаас өөр аргагүй. Учир нь тэр дотор хүүхдүүд амьдарч байгаа. Хүүхдүүдээ дараад алчихгүйн тулд хамтдаа л хариуцлагатай байх ёстой. Нэг багана хэчнээн тэсээд, тогтоод байсан ч нөгөө багана унаад өгвөл гэр нурж л таарна шүү дээ. Тиймээс хамт л тулж, түшиж, хамт л уучилж ойлгодог, нэг бүл бий болгохын төлөө л амьдарч ирлээ дээ. Хамт хөгжье. Хамт л жаргая гэж бид хүсдэг. Нэг нь нохой шийтгэж байгаа аятай балбаад л, нөгөөх нь түүнтэйгээ эвлэрчихсэн нүдүүлээд л... Ийм амьдрал гэж юу байсан юм бэ, нөхөд өө? Яагаад бүтэн амьдралаа авч үлдэх нэрээр хагас дутуу амьдралтайгаа эвлэрээд, тэсээд суугаад байдаг юм бэ? Ер нь нэг нь нэгийгээ дарамталж амьдарна гэж яг юу байдаг юм. Нэг гэрийн хоёр баганын нэг нь нөгөөх дээрээ дарж хэвтдэггүй биз дээ. Тийм баганатай гэр тогтох уу? Гэр шиг харагдах уу? Бүрэн бүтэн харагдах уу? Доторх хүмүүсээ тухтай байлгах уу? Хос багана гэдэг зэрэгцэж оршдог болохоос давхралдаж оршин тогтноно гэсэн теором байхгүй. Нэг асуудал гармагц заавал нэгийгээ буруутгаж, язав татав хийж, ганцаараа өөгүй амьтан аятай хаанчлах гэдэг хүмүүс үнэхээр ой гутам санагддаг.  Хайраа тэнцүүл. Эрх ашгаа тэнцүүл. Хүн чанараа тэнцүүл. Алдаа онооныхоо хариуцлагыг ч тэнцүүл. Тэгж байж орон гэр чинь амар амгалан оршин тогтноно шүү дээ.

  • Сүүлд та "Гүйж яваа эмэгтэй" гээд бодит дүрээс сэдэвлэсэн номоо гаргасан. Уншигчид маш сайхан хүлээж авсан. Тэрхүү номон дээр гардаг "Гэрэл ер нь хаана ч байхгүй. Харин хэн нэгэн хүн гэрэлтэж байдаг" гэдэг үг надад их сайхан санагдсан. Ер нь ухаармаар, уярмаар үгс маш олон байсан. Гэрэлтэй хүн гэж ер нь хэнийг хэлэх вэ?

Энэ хүртэл уншиж чадсан уншигч гэж чамайг хэлнэ. Учир нь чи эерэг талын хүн учраас л над руу зорьж ирж, олж уншиж, энэ үгс дотроос өөрт хэрэгтэйг авч гэрэл нэмчих гээд суугаа шүү дээ. Яагаад гэвэл би хар бараан зүйлсийг ярих дургүй. Мөн чанар маань маш өөдрөг. Өөрийгөө магтаад байгаа юм шиг болов ч би үнэндээ гэрэл гэгээнд илүү дуртай хүн. Унаж явахдаа ч унах газрынхаа ямар нэгэн гоо сайхныг түрүүлж олж харах гэж хичээдэг. Тэнд уналаа гэхэд ядаж тийм сайхныг хүртээд үхэж байгаадаа баярлах хэмжээний аз жаргалыг амьдралаас олж авах гэж зүтгэдэг төрлийн хүн. Догшин ширүүнээ хүрвэл ч догширно. Гэхдээ аль болох үнэнээр л хайрлах гэж зүтгэдэг. Үнэн ялдаг шүү дээ. Энэ үнэн юм билээ. Үнэн дандаа ялдаг. Ялалтын цуурай маш сулхан байсан ч хамаагүй үнэн ялдаг л юм. Тэр ялалт магадгүй ганцхан миний дотор үлдсэн байж ч мэднэ.

  • Үнэн байхын тухай яасан сайхан зүйрлэл вэ. Нээрээ л үнэн ялдаг шүү. Таныг өөрийгөө олж чадсан хүн гэж нэрлэж болох уу. Ер нь өөрийгөө олохын утга, учир юу юм бэ?

Би хайж л байна. Хамгийн том судлагдахуун бол хүн өөрөө л байдаг. Бусдыг ойлгосноор хүн өөрийгөө ойлгож эхэлдэг юм уу гэж боддог. Би бусдыг аль болох л ойлгох гэж хичээдэг. Гэвч бас яаж ч хүсээд, яаж ч эвлэрэх гээд ойлгогдохгүй хүмүүс байна. Тэднийг бол ойлгож чадахгүй байгаа. Тэднийг ойлгоогүй болохоор өөрийнхөө тийм хэсгийг бас ойлгохгүй байна л гэсэн үг. Тиймээс би өөрийгөө олоогүй яваа л гэж бодож байна. Хүмүүс бид эцэстээ нэгэн цул болох юм. Бид нэг л оюун санаанаас үсэрч, тасарч, энд ээлжилж ирж, хүн байхын, мөн байхын сургалтанд суугаад буцаж байгаа л амьтад шүү дээ. Тиймээс энд биесээ алагчлаад байх хэрэггүй юм. Хэрвээ хэн нэг маань өвдсөн бол бидний нэг хэсэг өвчтэй байна л гэсэн үг. Хэрвээ хэн нэг маань эд эрхтэн дутуу бол бидний биеийн нэг хэсэг дутуу, хэцүү байна аа л гэсэн үг. Яг л олон хүүхдээ ялгалгүй хайрладаг эх хүн шиг л амьдрал биднийг энд ялгаагүй төрүүлсэн. Харин хэрхэн амьдрах нь эхийгээ хэрхэн хайрладаг нь ялгаатай харагддаг хүүхдүүд шиг л ялгаатай зүйл юм. Магадгүй хэрвээ хүн өөрийгөө олчихвол, өөрийгөө зуун хувь нээчихвэл энэ амьдралын нууцыг нээчихлээ гэсэн үг. Тэгж чадсан хүн хорвоо дээр байхгүй л дээ. Тийм энгийн бодлого байсан бол энэ олон сая жилийн туршид бидэнд таниагүй, сураагүй, ойлгоогүй зүйл үлдэхгүй л байсан байх.

  • Танд холдож чаддаггүй, сэтгэлийг тань өөрийн эрхгүй татдаг "сэдэв" гэж байдаг уу. Хэчнээн их бичсэн ч дундаршгүй юм шиг л үлдээд байдаг "сэдэв" гэх үү дээ?

Хүн төрөлхтний түүх үүссэн цагаас эхлэн орчлон дээр хар, цагаан хоёр хүчин төрж, тэмцэж тэсэж, ялж ялагдаж, аль нэг нь хаанчлахын төлөө л бүхнийг хийж ирсэн. Би цагаан тугийн доор төрсөн хүн гэж өөрийгөө боддог. Тиймээс шударга ёс, үйлийн үр, уучлал, хайрын тухай л зогсолтгүй бичиж ирлээ. Би дайснаа ч өршөөж чаддаг тийм гэгээлэг хүн. Харамсалтай нь уучлаад байхад л улам өсөрхөх хачирхалтай хүмүүстэй тааралддаг. Өгөөд байхад л авах гээд зүтгээд байдаг хүмүүстэй  тааралддаг. Гэвч энэ бол ганц миний биш урлаг, уран зохиолын төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн бүрийн хувь тавилан байх гэж боддог. Хүмүүсийг хэдэн мянгаар нь уйлуулж, уярааж, буруу зүйлийг хуруугаараа зааж хэлээд ойлгуулаад байхад л тэд хормын зуурт ганцхан эргээд л буруутгахад үргэлж бэлэн байдаг. Тиймээс хагалаад асгачихсан шилэн дээр алхаж байгаа мэт мэдрэмж үргэлж төрдөг шүү.

  • "Хагалаад асгачихсан шилэн дээр алхаж байгаа мэт мэдрэмж" гэхээр яагаад ч юм таныг хүмүүсээс болж их гэмтдэг байх нь ээ гэж бодлоо. Өөрийгөө хэрхэн анагаадаг вэ?

Шарх сорвигүй хүн гэж огт байхгүй. Гэхдээ авсан шархандаа үргэлж уурлаад, үлдсэн сорвио үргэлж зарлаад яваад байгаа хүн илүү гэмтдэг шиг санагддаг. Газар шороо хүртэл ухаж сэндийлсний дараа эдгэрч анитлаа их уддаг шүү дээ. Хүн түүн шиг л зүйл. Хэн нэгний чам дээр ухаж сэндийлсэн нүхийг хурдхан бөглөж анагаахгүй бол амьтай болгон түүнд чинь унаж бэртэнэ. Магад амь үрэгдэнэ. Асар их уур хилэнтэй, хэзээ ч тайвширч чадахгүй, хавьтсан ойртсон болгоноо шархлуулж өвтгөж, үгийн муухайгаар хайрч, хараал хэрүүл цацаж явдаг хүмүүс яг тийм ухсан нүх шиг санагддаг. Тиймээс би хэн нэгний зовлонгийн шалтгаан болж үлдсэн хар нүх байхгүйн тулд бичдэг. Бичсэн зохиолдоо бурууг нь илчилж, дүр төрхийг нь үзүүлж, зөв гарцыг нь зааж өгдөг. Буруутвал бас ямар байж болохыг харуулахыг зорьдог.

  • Таны "Хишигт" тууж Франц хэлнээ хөрвүүлэгдэн гарсан. Олон бүтээлээсээ яагаад "Хишигт"-ийг гадны уншигчдад хүргэе гэж бодсон юм бэ. Мөн тэд хэрхэн хүлээж авсан бол?

"Хишигт" тууж бүх насны хүнд  их дотно уншигддаг зохиол. Хүмүүс амьтныг хайрлаж, түүгээр дамжуулан амьдралтай танилцаж, хүний мөн чанарыг ч таньж ойлгодог. Бас энэ ном их олон хүүхдийг уран зохиолд дуртай, ном унших сонирхол дүүрэн болгосон. Тиймээс хайртай нохойныхоо тухай хамаг сэтгэл зүрхээрээ бичсэн номоороо өрнийн номын зах зээлд хөл тавья гэж шийдсэн юм. Хишигт маань намайг амьдралд хөтөлсөн шигээ дэлхийн гал тогоо руу ч бас хөтлөөд орчихлоо. Уншигчдаас зурвас, комментууд ирдэг. Одоогоор хэн ч гомдоллоогүй. Бас франц хэлтэй болчихсон хүүхдүүддээ монголчууд маань их авч өгч уншуулж байгаа сураг байсан. Эх орныхоо ном зохиолтой төрөлх хэл дээрээ танилцаж чадахгүй хэдэн мянган монгол хүүхэд хилийн чанадад байна шүү дээ. Тэд маань ч бас монгол хүүхдүүдийн амтархан уншдаг номтой танилцсандаа их баяртай байгаа.

  • "Гүйж яваа эмэгтэй" гараад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Уншигчид ханаж цадахаа мэддэггүй. Таныг дараагийн бүтээлээ хэзээ гаргах бол гээд хүлээгээд л байж байгаа даа?

Өө, харин тийм ээ. Сайныг бүтээх тусам өр л нэмэгддэг шиг байна. Гэхдээ энэ бол маш сайхан хэрэг. Хүмүүс сайн сайхныг олж харах нүдтэй, тийм зүйлд шунан тэмүүлэх хүсэл дүүрэн, тэр хүслээ надаар гүйцэлдүүлэх итгэл төгс байгаа нь хэтэрхий сайхан хэрэг юм. Бас маш том итгэл. Хөөрч баярлахаасаа илүү эмээж түгших, гологдчих вий, урьдынхаасаа уначих вий гэсэн айдас нөмөрчихөөд л байна шүү.

  • Зохиолч бүрт ийм айдас байдаг шиг ээ. Ломбын Нямаа багш нэг удаа "хүнд өмнөхөө давах гэдэг том ажил бий" гэж хэлж билээ. Нээрээ л хүн ч тэр өмнөхөөсөө илүү сайн байхын тулд л амьдардаг шиг?

Хүн нэг хаалга руу орохын тулд шатаар өгсөж явсаар хүрч очдог. Харин явц дундаа дахин дахин эргэж буцаад, уруудаж гүйгээд байвал өнөө хаалга руугаа хэзээ ч орохгүй. Түүн шиг л нэг сайн бүтээл бичиж чадвал нэг шат ахиж байна гэсэн үг. Бооцоо шиг ч гэх юм уу. Ер нь тайлбарлахад их хэцүү мэдрэмж. Би чадаж байгаа юм чинь гээд санаандаа орсон болгоныг бичээд, яаран сандран завсаргүй ном хэвлэж шидлээд байвал ахих шатны чанар унана. Өөртөө бол яваад буй мэт санагдах ч үнэндээ нэг ч шат нэмж алхаж чадаагүй байдаг. Тиймээс би хувьдаа нэг ном гаргах гэж нэлээд юм болж, чамгүй олон талаас нь харж, хамгийн гол нь өөртэйгөө маш их тэмцэлддэг юм. Нэгийг бүтэн дуусгана, уншина. Ганц нэг хүний амыг тандана. Онцгүйхэн мөлгөр юм хэлбэл тэгээд ажиггүй л шатааж орхидог. Харамсдаг ч үгүй. Олон ч эх бичвэрээ устгаж мартсан даа.

  • Эх бичвэрүүдээ шатаасан гэж үү. Ээ, хайран санагдаж байна шүү. Харамсахгүй байж чаддаг гэж үү?

Анхны уншигчийнхаа сэтгэлд хүрэхгүй бол тэгээд хэний ч сэтгэлд хүрэхгүй шүү дээ. Алив зүйлийг хийснийхээ дараа би огт харамсдаггүй. Тэртэй тэргүй үйлдээд дууссан юм л гэж боддог. Харин хамгийн том тэмцэл хийхийн өмнө л болдог. Бөөн юм болж байж тухайн үйлдлийг хийх зориг олж авна шүү дээ. "Гүйж яваа эмэгтэй"-г анх нөхөртөө эхлэл хэсгээс нь харуулсан юм. Огт тоогоогүй. Ер ойшоохгүй байсан. Тэгээд устгаж, мартах гэж нэг үзсэнээ ерөөсөө групп нээгээд голын хайртай хэдэн уншигчдадаа уншуулъя гэсэн мэргэн санаа орж ирсэн. Тэгээд л анхны 47 редактор маань өлгийдөж авсан даа. Тэд үл ойшоосон, хайнга хүйтэн хандсан бол би тэгээд устгаж л орхих байсан байх. Тэд тэгээгүй. Намайг ёстой асааж, хөглөж, шатааж өгсөн дөө.

  • Таны анхны уншигч хань тань байдаг байх. Гэр бүлийн хүмүүс адилхан уран бүтээлч байна гэдэг сайн ханьтай учрахын дараа орох бурхны бэлэг шиг санагддаг. Энэ тал дээр юу гэж боддог вэ?

Заримдаа төсөөлдөг юм. Хэрвээ оронд нь эдийн засагч юм уу, нам төрийн ажилд гүйдэг хүн байсан бол яах байсан бол оо гэж. Тийм хүмүүстэй таарсан бол би тэмдэглэлээ үзүүлж, тэд хэвлүүлж өгнө гээд гүйхгүй л байсан байх. Магадгүй би өөрөө тэдний чадаж байгааг дэмжих гэж гүйх байсан. Нам төрийн ажилтны эхнэр байсан бол сонгуулийнх нь багт хоол хийгээд зогсож байдаг ч юм уу, эдийн засагчийн эхнэр байсан бол өр ширэнд орчих вий гэж өмнөөс нь тоо боддог ч юм уу. Гуталчинтай суусан бол нэг сайхан гутлын салонтой болгочих юмсан гээд л харайж явах байсан. Юун тэр зохиолч болох. Тэгэхээр намайг нээх гэж, хөглөх гэж, ухаан суулгаж, бас ч үгүй ойр зуурын амьдрал ойлгож, таниулах гэж энэ хүнийг над руу илгээсэн байх гэж боддог. Хэдэн ч тавилангаар амьдарч болох байсан ч би энэ л хүнтэй хамт явах шийдвэрийг гаргасан юм. Хувь хүнийхээ хөгжил дэвшлийн хувьд энэ бол алдаагүй сонголт байсан гэж боддог.

  • Эрдэнэсолонго найрагчийн танд зориулсан шүлгүүд байдаг. Би "Зун шиг" шүлгэнд нь их дуртай. Таны тухай тэндээс л мэдэж болох шиг. Харин танаас Эрдэнэсолонго найрагчийг мэдье гэвэл юуг нэрлэх вэ. Бас "Чи" гээд шүлэг нь байдаг. "Чамаас өөр хэн ч намайг тийм ихээр зовоож байгаагүй" гээд л...?

Бид хоёр нэг их бие биедээ шүлэг, дуу зориулаад байдаггүй л дээ. Шүлгүүддээ намайг бичдэг л гэдэг. Гэхдээ амаараа бол тэр бүр хүрч ирээд хэлж байгаагүй. Нэг л шүлгээ "Чамд зориуллаа" гээд яг барьж ирж байсан юм. Бусад нь бурхны мэдлийнх байх. Миний зохиолууд дотроос яг нөхөртөө зориулаад биччихсэн зүйл нэг их байдаггүй. Сүүлд үүнийг анзаараад би нөхөртөө зориулж "Хайр” жүжгийн дууны шүлгийг бичсэн. "Би ёстой үүнийг чинь хүн бүхэнд гайхуулж амьдарна аа" л гэж байсныг нь санаж байна. Тэр ч бүү хэл миний зүүдэнд ч Эрдэнэсолонго бараг ирдэггүй. Би бүр гайхаад байдаг юм. "Яагаад би ханилсан ханиа ийм бага зүүдэлдэг юм бэ" гэж. Ер нь бид эхнэр нөхрийн гэхээсээ илүү анд нөхрийн харилцаанд илүү дуртай. Дөнгө цоож шиг журамласан, албадсан, хууль ёсны уламжлалт харилцаа намайг галзууруулах дөхдөг. Бид хэн хэнийхээ сэтгэл санааг чөлөөтэй байлгадаг тийм л харилцаатай гэр бүл юм уу гэж боддог. Тэгж байж л сайхан бүтээлүүд төрөх байх. Сая төрсөн өдрөөр нь нээрээ "Долдугаар сарын залуу " гээд шүлэг бичиж бэлэглэсэн юм байна шүү.

Долдугаар сарын залуу

Санаа алдахад нь манан татаж

Сар зүрхний нууранд тусаж харагддаг

Санаж санаж энгэрт нь зүүгдэхэд

Санчигнаас нь бороо үнэртэж байдаг

Долоодугаар сарын залуу.

Шивнэж хэлсэн ганцхан үгийг минь

Шившиж эмхэрдсээр зангиа болгон зүүчихээд

Шилээ засаж, хамраа имэрсээр

Салхи сөрөн алхсан

Долоодугаар сарын залуу.

Намар оройн жаварт гараас минь шүүрч аваад

Насан туршдаа тавихгүй гэж шүд зуун зөрүүдэлсэн

Жавартай өвлийн цасан дээр

"Чи яг зун шиг" гэж биччихээд

Залуу насыг минь цэцэгтэй мөнхөлсөн

Долоодугаар сарын залуу.

Хэзээ ч түүнд хэлж болдоггүй үгстэйгээ

Хэзээ ч түүнээс нууж чаддаггүй нууцтайгаа

Үзэн ядалт, үлэмжхэн хайр,

Үл хагацахуйн цоожтойгоо

Үүл шиг, бороо шиг, үнэртэн шиг тэвэрт нь

Гал шиг, салхи шиг, цас мөс шиг би оршино.

Тэр долдугаар сарын залуу.

  • Таны энэ хариултыг уншаад их олон хүн гайхна даа. Монголд маш олон залуу уран бүтээлчид төрөн гарч байна. Номын дэлгүүрийн тавиур ч дүүрэн байна. Та тэдний бүтээлээс уншдаг уу. Ер нь бичихээс гадна ямар төрлийн, хэний зохиол бүтээлээс унших дуртай вэ?

Энд ном авчрах их хэцүү болжээ. Хэн, хаана, ямар ном гаргаж байгаа талаарх мэдээлэл ч их бүрхэг байна. Сургаар ном зохиол авч унших хэцүү. Аваад сэтгэлээр унана. Санаанд хүрэхгүй байна гэх мэт асуудалд орно. Номын дэлгүүрийн хэдэн зарыг л шүүж суух юм даа. Уншчих юмсан гэхээсээ илүү ном гаргачихаасай гэж боддог залуус бол бий бий. Эрдэнэбаатарын Энхцолмон гэж залуугийн "Ганцаардлын 400 км" гэж галзуу тэмдэглэл уншаад, энэ залуугаас л ном их хүлээж байна даа.

  • Би ч бас ядаж л тэмдэглэлээ бүү тасалдуулаасай гэж хүсдэг. Хөвсгөл далайг тойрсон тэрхүү аяллаас нь хойш хэд, хэдэн залуус яг тэр мөрөөр нь явсан байдаг шүү?

Харин тийм. Аливааг сургаар биш биеэр туулж танин мэдээд, түүнийгээ ухаалгаар бичиж харуулах чадвартай ийм л хүмүүсээс сайхан бүтээл төрөх байх.

  • Олон жил хамт амьдраад үр хүүхэдтэй болцгоосон хүмүүсээс заримдаа асуумаар санагддаг юм. Хайр гэж юу вэ гэж? Тэр дундаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр ямар үедээ төгс болдог бол. Хайр алга болдог уу. Хайр үнэнч үү гэх мэтээр...?

Өчигдөрхөн миний есөн настай охин надаас яг ингэж асуусан. Ёстой сонин давхцал байна. "Ээж ээ, хайр дуусдаг юм уу?" гэж асуусан. Яагаад гэвэл найз нарынх нь аав, ээжүүд салаад байна гэнэ. Түүнд шаналчихсан ирсэн. Тэгээд би охиндоо "Ганцхан аав, ээжийн хайр л хэзээ ч дуусдаггүй. Харин гэрлэсэн хүмүүсийн юм уу, дурласан хүмүүсийн хайр дуусаж болно. Хамт тарьсан хайрын цэцгээ услахгүй, тордохгүй байвал хайр нь дуусчихна шүү дээ. Учир нь хайрын цэцгийг хамт ургуулдаг болохоос ганцаараа ургуулахгүй. Хамт хайрын цэцэг тарьж байж нэг талд нь гарч зогсчихоод "Тэнэг цэцэг байна. Хогийн цэцэг байна. Цэцэг биш байна" гэж нэг нь хараагаад загнаад, хуруугаа ч хөдөлгөхгүй байвал тэр цэцэг ч үхнэ, хайр ч дуусна" гэж би охиндоо хэлсэн юм. Хайр бол дөнгө цоож, ял шийтгэл биш юм гэдгийг л хүмүүс ойлгочихвол төгс хайр луу ойртох байх. Гэхдээ мэдээж хэзээ ч, юу ч төгс төгөлдөр болж байгаагүй. Тийм боломж ч байхгүй.

  • "Хайр бол дөнгө цоож, ял шийтгэл биш" гэж маш сонин тодорхойлолт байна. Та дууны шүлгүүд олныг бичсэн. Шүлэг тань дуу болоод сонсож байхад ямар мэдрэмж төрдөг вэ. Сэтгэлд тань хамгийн их хүрсэн уран бүтээлээс нэрлэбэл?

Миний сэтгэл доторх үгс аялгуугаа олчихоод уянгалж байхыг сонсох их сайхан мэдрэмж. Би дөнгөж сая нэг шинэ дуу хүлээж аваад байж байна. Ээждээ зориулж бичсэн нэг шүлэг маань аятай болчихсон байна. Парист амьдардаг ая зохиогч Б.Базаррагчаа ахын зохиосон  "Энх байгаарай ээж ээ" гэх энэ дууг Шведэд амьдардаг дуучин Б.Содонбаяр эгч дуулах юм. Хилийн чанадад амьдардаг уран бүтээлчидтэй хамтарсан анхны дуу болж байх шиг байна. Сэтгэлээс гарсан үг өөрөө аялгуугаа даллаж, түүндээ наалдаж, тэр хос жигүүрээрээ сонсогчдод хүрч, амнаас ам дамжин явсаар их удаан амьдардаг. Надаас ч урт наслах тийм зүйлийг бүтээх хамгийн сайхан. Миний хэзээ ч уулзахгүй, огт танилцаж амжихгүй үр ач маань миний дуунуудыг сонсоно гэдэг хэчнээн сайхан байх вэ.

  • Урилгыг минь хүлээн авч ярилцсан танд маш их баярлалаа. Хүмүүст хэлэхийг хүссэн үгсээр тань ярилцлагаа өндөрлүүлье дээ?

Монгол хүмүүс бие биедээ л хайртай байгаасай. Бид биесээ хайрлахгүй бол өөр ямар ч гадны хүн биднийг хайрлахгүй гэдгийг алхам тутамдаа мэдэрч байна. Яахав тусч хүмүүс байгаа л даа. Магадгүй тэдний нуруун дээр энэ амьдрал, энх амгалан өдөр хоногууд оршин тогтнож байгаа байх. Гэсэн ч үндэстнийг үндэстэн нь өөрөө л хайрлана гэдгийг хүн бүр ойлгоосой гэж их хүсдэг дээ.

Ярилцсан Б.Энх-Уянга

Танилцуулга

Нэр: Халтарын БОЛОР-ЭРДЭНЭ
Төрсөн өдөр: 1975 оны наймдугаар сарын 15
Төрсөн газар: Улаанбаатар хот

Эшлэл

Нэг гэрийг тогтоодог зүйл бол хос багана. Хос баганатай гэр илүү тогтвортой, илүү нуруутай байна. Хоёр баганын нэг нь хазайхад нөгөөх нь түшээд авахаас өөр аргагүй. Учир нь тэр дотор хүүхдүүд амьдарч байгаа.
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ ЯрилцлагуудMollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН