Д.Отгонжаргал : "МОНГОЛЫН ДУУЧИД УРЛАГИЙГ ХЯЛБАРХАН, ХЯМДХАН ХАРАГДУУЛААД БАЙНА"

21 өдрийн өмнө

 “Voice” хамтлагийн дуучин Даваасүрэнгийн Отгонжаргалтай ярилцлаа. Түүний дуу хоолой, гоо үзэсгэлэн Монголын урлагийн тайзнаа гэрэлтэн асч буй он цагийн өмнө мэхийхгүй байхын аргагүй билээ.

          -Тантай энэ удаа урлагийн хүн, тэр дундаа эмэгтэй хүн гэдэг талаас нь илүү ярилцахыг хүсч байна. “Би урлагийн хүн болчихлоо” гэсэн мэдрэмж ер нь яаж ирдэг юм бол?

-Ярилцлага өгөөгүй удсан байна шүү. Би 2001 онд СУИС-ийн дуулаачийн ангид элсээд, 2006 онд төгссөн. Энэ хугацаанд их зүйл сурсан. Анхны бүтээлээ үзэгчдэд хүргэж, тэдний хүлээж авч байгаа мэдрэмжээс л би үгээр хэлшгүй гайхалтай мэдрэмжийг анх авсан. Би урлагийн хүн болох юм байна гэж л мэдэрч байснаас болчихлоо гэж ханах болоогүй ээ. Одоо ч урлагт суралцаж байна, суралцсаар ч байх болно. Урлагийн хүн байнга эрэл хайгуул хийж байдаг. Үргэлж илүү төгс, илүү сайн байхыг хичээж явдаг учраас тайзан дээр гарах бүртээ л мэдрэмжээ шинээр бүтээдэг.

            -Та зарим дуучныг бодоход харьцангуй цөөн уран бүтээлтэй. Тэр хэрээрээ чамгүй хүлээлт үүсгэдэг уран бүтээлч. Яагаад ийм цөөн уран бүтээл дээр ажилладаг юм бэ?

-Дуучин хүн гэхээр бүх л дууг дуулаад байна гэсэн ойлголт байдаггүй. Дуу бүр өөрийн сүнслэг чанартай, дотоод авшигтай. Тиймээс би нэг дуу дуулахын тулд маш их судалгаа хийж, цаг хугацаа зарцуулдаг. Тухайлбал сая аавдаа зориулж “Миний л ганцхан аав” гэж дуу хийсэн. Энэ дууг олохын тулд би долоон жил хайсан. Аавдаа зориулсан цор ганц дуу болохоор долоон жил бүтэж байна гэсэн үг. Яагаад гэхээр, миний дотоод мэдрэмжийг дуу бүтээж байгаа хүмүүс маань яг адилхан мэдрэх ёстой. Яруу найрагчийн үг,  хөгжмийн зохиолчийн аялгууг дамжуулахын тулд дуучин хүнээс их чадвар шаардана. Мэргэжлийн өндөр шаардлагыг хангасан байх ёстой. Сэтгэл зүйн хувьд ч, оюун ухааны хувьд ч тэр. Тийм учраас ирсэн дуу болгоныг дуулаад байвал сэтгэл зүй хүрэхгүй шүү дээ.

           -Цөөн уран бүтээл гаргаж буй нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой юу. Их өндөр босго тавьдаг гэдэг утгаар?

-Учиргүй өөрийгөө үнэлээд байгаа зүйл байхгүй. Миний сонгож дуулсан дуу бүхэн харин өндөр шаардлагаар бүтсэн дуунууд байдаг. Тэр шаардлагад тэнцэхийн тулд би өөрийгөө маш сайн бэлдэж чаддаг юм болов уу.

           -Урлагийн хүн гэхээр зайлшгүй нэг шаардлага байдаг. Тэр нь сайхан харагдах хэрэгцээ шаардлага юм шиг байгаа юм?

-Багш маань хэлдэг л дээ. “Уран бүтээлч хүн тайзан дээр маш төгс харагдах ёстой. Бүтээлээ амилуулахаас өмнө үзэгчид эхлээд гадна харагдах байдлаас нь таашаал авдаг юм байна л даа. Дараа нь үзүүлбэрээ төгс үзүүлснээр чи сая урлагийн хүн болсон байна гэж үзэх хэрэгтэй” гэж.  Ялангуяа эмэгтэй уран бүтээлч  хүн тайзан дээр  учиргүй яс арьс болтлоо туранхай биш,  илүү ч үгүй, дутуу ч үгүй яг сайхан харагдах естой гэдэг хамгийн том шаардлага. Мэдээж дараа нь уран бүтээлээ сайхан хүргэх нь чухал. Үүний чинь төлөө л тэмцэж, хичээж явна даа. (инээв)

            -Төгс харагдахаас гадна урлагийн хүн зовлон гуниг, нулимсаа нуух ёстой болдог байх. Ер нь хүнд хэцүү үеийг даван туулахад урлаг танд тусалдаг уу?

-Тэгэлгүй яахав, бид чинь зүрх сэтгэлээрээ амьдардаг хүмүүс. Маш амархан баярлана, амархан бухимдана, амархан хөөрнө, амархан уйлна, амархан уярна. Миний уран бүтээлүүд дандаа өөрийг минь дурлуулж, уйлуулж, маш их бодолд автуулсан дуунууд байдаг. Тиймээс аливаа сэтгэл хөдлөлөө би нуух гэлгүй, дуугаараа илэрхийлээд гаргачихдаг юм.

              -Та сонгодог амьдралаар амьдарч байгаа хүн. Урлагийн хүн, тэр дундаа үзэсгэлэнтэй эмэгтэйн инээмсэглэлийн цаана ямар жаргал зовлон нуугдаж байдаг талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тэр хөшигний ард байдаг амьдралаасаа жаахан сөхөж болох уу?

-Хүмүүс их амарханаар төсөөлдөг. Жишээлбэл, зүгээр л нэг таньдаг хүнээрээ дамжуулаад “Тэнд ирээд дуулаач өгөөч, энд ирээд дуулаад өгөөч” гээд л. Хэдий танил байлаа гээд бид хэн нэгний уран бүтээл, хөлс хүч, хөдөлмөр сэтгэлийг үнэгүйдүүлж, үл ойшоож болохгүй шүү дээ. Дуу яаж бүтдэг гээч. Хамаг л сэтгэл зүрх, нус нулимс, хөрөнгө санхүүгээ зарцуулаад, таатай байх цаг хугацаа, жаргах амьдралаасаа хугаслаж энэ уран бүтээлүүдээ хийдэг юм.  Би уран бүтээлдээ их харам хүн.

             -Урлаг бол их өрсөлдөөнтэй, өршөөлгүй, хатуу харгис ертөнц гэдэг шүү дээ. Та урлагийн хатуу ширүүнээс айдаг уу?

-Айдастай байна. Би байнга л шинэ бүтээл, шинэ санаа хайж явдаг. Энэ бол айдсаа даван туулахын төлөөх тэмцэл. Ямар сэдвээр дуулвал миний Монголын ард түмэн сонсоод уярч тайтгарах бол, нэг өдрийн зовлонгоо мартах бол гэж бясалгалдаг. Одоо уран бүтээл хийхгүй л бол яг хоцорно.

             -Гэхдээ тань шиг чадалтай дуучин мартагдах вий, урлагийн өрсөлдөөнд хаягдах вий гэж санаа зовдоггүй байлгүй дээ? 

-Монгол Улс гуравхан сая хүнтэй байж гурван мянган дуучинтай. Эдгээрээс хэд нь мэргэжлийн уран бүтээлч вэ гэдэг бас их чухал. Жишээ нь, “Universe best songs”, “Voice” гээд хэдэн удаагийн цуврал шоу болоод бүгд л бараг дуучин болчихлоо. Бүр зарим нь СТА болчихсон ч байх шиг. Яахав, авьяасыг үнэлдэг ийм ард түмэн байгаа нь сайхан. Гэхдээ мэргэжлийн гэж нэрлэгдээд, номыг нь сураад, хүнд хэцүү шалгуурыг нь туулаад явж байгаа бид нарт бол жаахан хүнд санагддаг. Урлагийг ингэж үнэгүйдүүлж болохгүй. Хэн нэгэн сайн дурын уран сайханч ямар ч цензур, босгогүйгээр орж ирээд, урлагийг хялбархан, хямдхан харагдуулаад байж болохгүй л дээ. Цензур гэж байх ёстой. Болсон болоогүй үгтэй, аятай дуунууд ямар их гарч байна вэ. Үүнээс болж, хүмүүсийн урлагийн үнэлэх, үзэх мэдрэмж гэмтэж байна. Би яахав. Нийтийн дуу нэг их дуулаад байдаггүй. Дуулж байгаа бүтээлүүдээ илүү мэргэжлийн байлгаж ард түмэндээ хүргэх юмсан гэж боддог. Энэ бол миний бусад уран бүтээлчээс ялгарах онцлог юм. Зогсоо зайгүй л ажиллаж, бүтээж байхгүй бол ганц хоёр хоног л ажиллахгүй байхаар Монголд хоолгүй хоночих гээд байна ш дээ.

          -Мэргэжлийн хүмүүс нь та нар учраас тэр цензураа тавиад, шүүмжлэлээ өрнүүлээд явж болдоггүй юм уу?

-Уран бүтээлчид хоорондоо л ярилцдаг болохоос гадагшаа шүүмжлэлээ ил нэг их хэлдэггүй. Бид тэр хүмүүсийг “Битгий дуул. Боль” гэж хэлэх эрхгүй шүү дээ. Бид уран бүтээлээрээ л ялгарах ёстой. Үнэхээр урлаг гэж өндөр босготой, шалгууртай, арай өөр түвшний зүйл юм аа гэдгийг харуулах үүрэг нь бидэнд оногдоод байна.

           -Уран бүтээлээрээ ялгарч болох ч үнэлэмж нь адил хэмжээнд байхаар гомдолтой, гунигтай л санагддаг байх даа?

-Энэ үнэлэмжийн эцсийн шүүгч нь ард түмэн. Бид илүү их хичээж байж, ард түмний үнэлгээнд нөлөөлөх ёстой байхгүй юу. Мянга сайн уран бүтээл хийгээд үнэлэгдэхгүй бол мэдээж хэцүү.

            -Та урлаг дахь өөрийн карьер, өндөрлөгийг яг аль гэж хардаг вэ?

-Миний хувьд яг тийм өндөрлөгт хүрнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Ямар ч байсан, уран бүтээл хийж байгаа үедээ зуунаас зуун дамжсан сайхан уран бүтээл хийчих юмсан гэж хүсэж байгаа. Гэхдээ урлаг бол залуу насны ажил. Миний хувьд дахиад хэдэн жил байгаа. Тэр хүртлээ сайхан дуулчихаад дахиж дуулахгүй гэж боддог.

              -Та дуучин хүн, эмэгтэй хүн, хэн нэгний амраг хайртай хүн гээд амьдралд олон дүр бүтээж яваа...

-Бас, ээж хүн.

           -Өө, тийм. Тэгэхээр аль дүртэйгээ байхдаа яг өөрөөрөө, аз жаргалтай байж чаддаг вэ?

-Хүнд асуулт байна. Яг үнэн л дээ. Амьдралд бид олон дүр бүтээж явдаг юм байна. Би тайзан дээр байхдаа аз жаргалтай байж чаддаг. Ер нь аль болох л үнэн, энгийн байхыг хичээдэг ш дээ. Бас би ээжийн маш сайн охин байхыг хүсдэг.

            -Та бусдын ямар зан чанарыг хамгийн их үнэлдэг вэ?

-Хөдөлмөрч зан. Үнэхээр хөдөлмөрч байна уу, бэлэнчлэх сэтгэлгээтэй байна уу гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Харин үзэн яддаг зан чанар бол худлаа ярих. Гэхдээ миний эргэн тойронд тийм хүмүүс байхгүй л дээ. /инээв/

          -Тэгвэл эсрэгээрээ таны ямар зан чанар бусдад таалагддаг бол?

-Энгийн, үнэн байдаг маань байх. Би аль ч үед нэг л зангаараа байж ирсэн. Арван жилийн өмнө Отгонжаргал ямар байсан, яг тэр түвшиндээ л байж чаддаг. Урлагийн хүн гэхээрээ л дүр эсгээд, дүрд тоглоод, ямбагнаад маяглаад байдаг хүмүүс бий. Зүгээр л өөрөөрөө бай л даа.

          -Хамгийн их шүүмжлэл сонсдог зан чанар тань юу вэ?

-Би их инээд муутай. Бас дуу чангатай. Ойр дотныхон маань үүнийг заримдаа шүүмжилж харагддаг. Мөн тайзан дээр ээмэг, бөгж, бугуйвч хэрэглэдэггүй. Хүсдэггүй юм. Тэр тал дээр урлагийнхнаас шүүмжлэл сонсож байсан.

           -Энэ хоёр шүүмжлэл таны өөрөөрөө байдагтай холбоотой юм байна?

-Магадгүй.

-Олны нүдэнд ил байдаг эмэгтэйчүүдийн хувийн амьдралыг олон нийт их сонирхдог. Таныг гэр бүл зохиосон эсэхийг тэд мэдэхийг хүсч байгаа байх?

-Би одоо ээж, охинтойгоо амьдардаг. Намайг дэмждэг маш сайн найз залуутай.

          -Нууц биш бол ямар хүн байдаг вэ?

-Шүлэг, яруу найраг зохиодог их номын хүн байдаг. Бурхан цаанаас нь тааруулдаг юм шиг байна аа. Дотны туслагч, зөвлөгч маань ийм л хүн байх ёстой гэж бодогддог юм. Уран бүтээлийг минь хамгийн түрүүнд сонсоод манжлахгүйгээр зөвлөгөө өгч чаддаг.

            -Танилцахаасаа өмнө таны шүтэн бишрэгч байсан уу?

-Шүтэн бишрэгч гэхээсээ илүү дуулахыг минь сонсдог байсан юм билээ. Бусад дуучнаас арай өвөрмөц хоолойтой юм байна даа гэж боддог байсан гэсэн. Манай багш нар “Урлагийн хүн эмч юм уу, эрдэмтэн хүнтэй суух их зүгээр” гэж хэлдэг. Найз залуу маань эрдэмтэн, номын хүн болохоор би дотроо баярладаг юм. Түүнээс мөнгө төгрөгтэй, баян тарган эсэх нь чухал биш шүү дээ. Хөрөнгө мөнгийг хүн өөрсдөө л бүтээдэг болохоос хэн нэгнээс авдаг зүйл биш. Энэ шалгуур, цензурууд миний амьдрал, уран бүтээл дээр маш их гарч ирдэг. Миний эргэн  тойрон дох бүх хүн энэ зан чанараар минь намайг үнэлж, хайрлаж, хүндэлж харьцдагт би талархдаг.

           -Тэгэхээр тун удахгүй хуримын  тов дуулгах нь гэж ойлгож болох уу?

-(Тас хийтэл хөхрөв) Учиргүй нэг их цагаан даашинз өмсөнө гэж бодсон юм алга. Гэхдээ бурхан тэнцүүлээд, их сайхан хүн заяасанд баярладаг. Нэг нь хурц үзүүртэй байхад нөгөө нь мохоо үзүүртэй байдаг ч юм уу. Нэг нь даруухан байхад нөгөө нь галзуу байдаг ч гэх юм уу. Нэг нь нэмэх байхад нөгөө нь хасах байдаг ч юм уу. Бурхан яг ингэж тэнцүүлдэг гэдэг би үнэхээр итгэдэг. Тиймээс бурханы л зурсан зургаар даруухан сайхан амьдралаар амьдраад явж байна даа.

          -Бодол биелдэг гэж ярьдаг шүү дээ.Та яг 10 жилийн өмнө юу бодож байсан бэ. Одоо байгаа энэ цэг тэр бодлын биелэл байж чадах уу?

-Яг үнэнийг хэлэхэд, 10 жилийн өмнө илүү их хүсэл мөрөөдөлтэй байлаа. Монголоосоо халиад дэлхийн хэмжээний дуучин болох юм шүү гэсэн бодолтой байсан. Яг одоо бол би дууны уран бүтээлээс гадна мюзикл гэдэг урлагийг Монголынхоо үзэгч ард түмэндээ хүргэх юмсан гэж маш их мөрөөдөж байна.

          -Та өнгөрсөн амьдралаа ганцхан үгээр тодорхойлооч гэвэл...?

-Хөдөлмөр

         -Тэгвэл ирээдүйн амьдралаа ямар үгээр төсөөлөхийг хүсч байна вэ?

-Ухаан

           -Сайхан хариулт байна. Танд баярлалаа. Уран бүтээлд нь улам их амжилт, гэрэл гэгээ хүсэн ерөөе.

-Та бүхэнд ч баярлалаа. Танай сонин 20 мянган хувь тардаг гэсэн байх аа. Би өчигдөрхөн нэг зоогийн газраас танай сониныг олж авсан. Сонирхолтой санагдаад зөөгчөөс нь “Энэ сониныг авч яваад уншиж болох уу” гэсэн чинь “Тэг тэг. Үнэгүй ш дээ” гэхээр нь аваад цүнхэлчихсэн ш дээ. Ёстой гоё сонин байна лээ шүү. Та бүгдэд аз жаргал хүсье.

Танилцуулга

Нэр: Д.Отгонжаргал
Төрсөн өдөр:
Төрсөн газар:

Эшлэл

Дуу яаж бүтдэг гээч. Хамаг л сэтгэл зүрх, нус нулимс, хөрөнгө санхүүгээ зарцуулаад, таатай байх цаг хугацаа, жаргах амьдралаасаа хугаслаж энэ уран бүтээлүүдээ хийдэг юм. 
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ ЯрилцлагуудMollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН