АЛЬФИ АЛЛЕН: : "ШӨНӨ БҮР ТАМЛУУЛЖ БУЙ МЭТ"

20 өдрийн өмнө

“HBO” сувгийн бүх цаг үеийн хамгийн алдарт Хаан ширээний төлөөх тэмцэл цувралын нэгэн шилээвэр дүр Теон Грейжойн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол амилуулсан жүжигчин Альфи Аллений тус цувралыг ид шуугиулж байх үе буюу 2017 оны зун хэвлэлд өгсөн товчхон ярилцлагыг эрхэм уншигч та бүхэндээ орчуулан сонирхуулж байна.

-            Ноён Аллен, үзэгчдийн өмнө нүцэглэхэд ямар санагддаг вэ?

(Инээв) Театрт нүцэглэнэ гэдэг миний бодлоор кинонд нүцэглэхээс өөр. Хүмүүс арай өөрөөр ярьдаг л даа, харин миний хувьд театрийн тайзнаа нүцэглэхэд илүү амар санагддаг.

-            Яг яагаад? 

Мэдэхгүй юм даа. Учрыг нь таавал, Трафалгар Студиос театрийн тайзнаас үзэгчид нь нилэнхүйдээ харагдаж байдаг, гэтэл Экүүс гэх мэт бусад театрт үзэгчид нь огт харагддаггүй. Тайзанд тавигдах жүжгээсээ бүрэн хамаардаг байх, миний дүр тухайн жүжигтээ ямархан эмзэг болохыг харуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр, тоглолтоороо чөлөөлөгдөж байгаа мэт санагддаг.

-             Дээр нь нүцгэн биеэрээ интернетэд цацагдахгүй?

Үгүй ээ, харин ч цацагдсан. Яагаад ч юм цацагдчихаад байдаг юм. Юу л даа, интернетэд цацагдах үгүй нь надад үнэндээ хамаагүй... Миний нүүр хагарчихсан л даа. Экүүс театрийн жүжиг, Хаан ширээний төлөөх тэмцэл киноны нүцэглэдэг хэсгүүд бүгд интернетэд цацагдсан ч би анхнаасаа тэгэхийг нь мэдэж л байсан. Яагаад гэвэл номыг бодвол энэ хоёр чинь үзэгч олонтой шүү дээ. Ийм болохоор хаана, юу цацагдсаныг би тоодоггүй. Харин ч бүр дотор онгойх шиг санагдаад байдаг юм. Нүцгэн биеийг минь хүмүүс хараад элдэвлэж шоглож л байг дээ. Угаасаа хүмүүс тийм юм чинь гэж боддог.

Иймэрхүү мэдрэлийн энергид цохиулж, судсанд минь нэвчих үест түүнийг ашиглах надад таалагддаг.

-          Экүүс театрын бичлэг цацагдсанаас хойш ингэж боддог болсон уу?

Үгүй! (Инээв) Ерөөсөө тийм биш! Би өөрөө Гүүглдэж үзсэн юм. Өөрөө өөрийгөө хайж үзээд янз бүрийн юм олж харснаа нууж, худал хэлэхгүй. Арай ч дээ. Театрийн тайзанд гарах дуртай, учир нь гэвэл тайзан дээр гармагц шууд зөндөө хөтлөгдөж, ямар ч эргэлзээгүй болчихдог юм. Өнгөрсөн жил тоглосон жүжгийн дүр маань хийсэн үйлдлээ огт хайхардаггүй этгээд, ийм хайхрамжгүй байх нь нэг төрлийн дээдийн жаргал юм даа гэж бодогдуулсан. Цаг үргэлж тийм янзаараа хэн юу гэж бодох нь огт падгүй. Жүжиглэж байтал хүмүүс над руу юмс шидэхэд тоохгүй байхтай адил юм уу даа. Иймэрхүү мэдрэлийн энергид цохиулж, судсанд минь нэвчих үест түүнийг ашиглах надад таалагддаг.

-             Таныг театрт орж үзээд жүжигчин болох мөрөөдөлтэй болсон гэж уншиж байсан, үнэн үү?

Тийм, Нью-Йоркт Эргэлзээ жүжгийг үзэхдээ шийдсэн. Анх удаа театрийн жүжиг үзээд “Пөөх” гээд л эрүү мултрах дөхсөн дөө. Бүр бишрэн шүтсэн! Жижигхэн театрт мөртлөө сэтгэл зүрх булиглуулж, намайг өөртөө шунан дурлуулж, жүжигчин болох мөрөөдлийг өгсөн юм.

-             Тийм гүн сэтгэгдэл төрүүлсэн гэж үү?

Тийм ээ, яг дотор нь орчихсон юм шиг санагдсан. Яг үнэнээ хэлэхэд, театр намайг өөртөө шингээж, би ч тэнд хоргодчихсон, ийм л гүн сэтгэгдэл төрүүлж, театраар өвчлүүлсэн юм. Үзэж байгаа жүжгээ бишрээд яг сорогдоод орчих болж, нэг хэсэгтээ оюун санаанаас гараагүй. Бас нэг шалтгаан гэвэл миний аав Кит Аллен байна. Би аавынхаа Альмейда театрт тоглосон Ёслол, Өрөө, Гэртээ харьсан нь  гэх зэрэг гайхамшигтай жүжгийг үзэж, шүтэж байлаа. Гэхдээ миний үзсэн тэр Эргэлзээ жүжиг яалт ч үгүй том түлхэц болсон. Юу хийхээ шийдээгүй явсан надад энэ л миний хийх ажил юм байна гэж ойлгуулж, хөлбөмбөгчин болох уу, жүжигчин болох уу гэдгээ сонгоход нөлөөлсөн.

-               Хөлбөмбөгчин гэнэ ээ? Үнэн үү?

Тоглосон юм, би хэзээ ч хөлбөмбөгчин болохгүй байсан. Яг угтаа бол гэрийнхэн маань хөлбөмбөгчин бол гэж урамшуулдаг ч сэтгэлдээ жүжигчин болох мөрөөдөлтэй. Эргэлзээ жүжиг л намайг энэ мэргэжлийг сонгоход эргэлт буцалтгүй чиглүүлсэн. Тайзан дээр гарах сайхан. Жэсси Айзенбергийн Олз жүжигт тоглоход гайхалтай байв. Би товчхон ярьж байж магадгүй ч Жэсси бол юмыг хагас дутуу орхидоггүй чанарыг хараад их урам зориг авсан шүү. Каннаас ирээд л шууд жүжгийн бэлтгэлдээ ордог, онгоцонд түүртдэггүй, ажилдаа няхуур ханддагийг нь би бишрээд ч ханадаггүй. Үдэш бүр тайзан дээр гарахад их ядардаг, яг л шөнө бүр тамлуулж буй мэт, тэгсэн ч сайхан.

-                 Өөрийгөө тамлаж байгаа юм шиг үү?

Би аль болох хялбар байдлаар илэрхийлээд байгаа юм  л даа. Жишээлбэл, “Хаан ширээний тэмцэл”-ийн Теон Грейжойн дүр. Харахад их зугаатай юм шиг билээ, гэхдээ яг тулвал тийм биш, харин ч өөрийгөө хэт шахсан, нэлээд хүнд ажил. Гэхдээ л Теонд тоглоход сайхан байсан.

Аль болох хялбар байдлаар илэрхийлээд байгаа юм л даа.”

-                 Цувралын явцад нэлээд хэдэн удаа хэцүүхэн байдалд ордог шүү дээ?

Мэдээж жүжигчний хувьд дүрээ улам хар бараан гаргахын тулд хүнд хэцүү үе бишгүйдээ л тулгарна. Харин хүний хувьд, Теон Грейжой эцэстээ хонгилын үзүүрийн гэрэлд хүрдэг. Үүнийг удахгүй олж харна гэдэгт итгэлтэй байна. /тухайн үед Хаан ширээний тоглоом цуврал дуусаагүй байв/ Чухамдаа, би өөрөө ч сайн мэдэхгүй байна шүү дээ! Теон бол даан ч золгүй болохоос л хав хар дүр биш. Муу муухай зүйл хийсэн нь гэр бүл, олон түмэнд хэн гэдгээ батлан харуулах гэсэн л оролдлого. Тэгж явсаар энэ бодлоо орхисноор гэр бүлийнхэн нь түүнд хэрэггүй юм гэдгийг ухаардаг. Хоёрдугаар бүлэгт нуман хаалгаар ордог хэсэг их онцгой. Үүнээс хойш Теоны хувь заяанд том эргэлт гарахыг ойлгоод тэр тухайгаа би Твиттерт онцлон жиргэсэн.

-             Яагаад Твиттерт онцолсон юм?

Би хүний толгой тас цавчсан болохоор! (Инээв) Твиттерийнхэнд таалагдсан шүү дээ. Гуравдугаар бүлгээс хойш бүр ч их айлмаруулсан. Хаан ширээний төлөөх тэмцэл бол Сарнайн дайнаас улбаатай Английн түүхийн Америк хувилбар. Гэхдээ Улаан хуримаас цааш үйл явдал улам сүржин болохыг хэн ч таамаглаагүй. Яг тэр хэсэгт Дэвид/Бениофф/, Дэн/Вайзз/ хоёр улам эрчээ авсан юм шүү дээ, мэдсэн үү? Тэд анхнаасаа л зохиол хэрхэн өрнөхийг төлөвлөж, эцсийн шийдлээ бодчихсон байсан хэрэг. Харин Жорж Р.Р Мартины хувьд номоо дуусгах гээд л сандруу зүтгэж яв аа.

Орчуулагч: Тобби Тулга 

 

Танилцуулга

Нэр: АЛЬФИ АЛЛЕН:
Төрсөн өдөр: 1986 оны есдүгээр сарын 12
Төрсөн газар: Их Британийн Лондон хотын Хаммерсмит

Эшлэл

Нүцгэн биеийг минь хүмүүс хараад элдэвлэж шоглож л байг дээ. Угаасаа хүмүүс тийм юм чинь гэж боддог.
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ ЯрилцлагуудMollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН