Шинэ мэдээ
С.БАТМӨНХ: БҮХ ЗҮЙЛД ЗӨВ ХАНДЛАГА ЧУХАЛ
2019-06-28 14:11:15   share

С.БАТМӨНХ: БҮХ ЗҮЙЛД ЗӨВ ХАНДЛАГА ЧУХАЛ

“MGC STAR GROUP”-ийн ерөнхий захирал С.Батмөнх буюу бидэнд Demi нэрээрээ танигдсан бизнес эрхлэгч, чадварлаг тогоочийг “Захирлуудын 100 ярилцлага” буландаа урьж ярилцлаа.

-Танай компани хэзээ үүсгэн байгуулагдсан бэ. Ерөнхий үйл ажиллагаагаа танилцуулна уу?

-Манай компани 2015 онд үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар Central tower-ийн 17-р давхарт байрлах “Monet” итали хоолны ресторан, “City Club” буюу зөвхөн гишүүнчлэлтэй хүмүүс үйлчлүүлдэг вип клуб, “SKY 17 BAR” залууст зориулсан лоунж, мөн 3-р давхарт нь байрлах “Asiana central” монгол, хятад, япон хоолны ресторануудаас гадна Shangri-la mall-н 3-р давхарт “Chili” хот пот болон сүши ресторан, Зайсанд Buddha Vista-д “Asiana”, Sky resort-д “The Brook” зэрэг ресторанууд маань үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий брэндинг, үйл ажиллагаа нь адил төстэй боловч өөр өөрийн гэсэн онцлог, өвөрмөц өнгө төрхтэй ресторанууд бий.

-Таны үндсэн мэргэжил юу вэ.  Хоолны салбарыг сонгоход юу нөлөөлсөн бэ?

-Би бага наснаасаа эхлэн Физикийн хичээлийг илүү түлхүү сонирхон хичээллэдэг байсан. Сүүлд Англи улсад “Бизнесийн удирдлага”-н чиглэлээр суралцсан. Англи улсад амьдарч, суралцаж байх хугацаандаа бусад оюутнуудын адилаар хэрэглээний мөнгөө олохын тулд тогоочоор ажилладаг байсан юм. Ажиллаж байх явцдаа энэхүү мэргэжилд илүү дурлаж, энэ л миний хийх ёстой ажил юм байна гэдгийг мэдэрч, тэр үеэс л мэргэжлийн, шилдэг тогооч болохоор шийдсэн дээ. Мэдээж гал тогооны бүхий л ажлыг эхнээс нь сурч, цаашлаад бүр нарийн арга техникүүдийг нь сурсан. Ер нь л гал тогоонд байхдаа аз жаргалыг мэдэрч, үргэлж шинийг сурах эрмэлзлэлтэй болж байсан нь энэ мэргэжлийг өөрийн үндсэн мэргэжлээрээ сонгох шалтгаан болсон. Хүн тэгээд өөрийн дуртай мэргэжлээ олж, олсон мэргэжлээрээ ажиллаж, хөгжиж, амьдралын салшгүй зүйл болгоно гэдэг нь өөрөө их аз юм гэж боддог болсон.

Тогооч хэмээх энэ сайхан мэргэжлийг сонгосноос хойш Лондон хотын шилдэг ресторануудыг зорин очиж, дэлхийн олон орны залуустай мөр зэрэгцэн ажилласнаараа их зүйлийг сурч 2007 онд MCS группын урилгаар Монголдоо ирж олон рестораны төслүүд дээр ажиллан түүнээс хойш одоог хүртэл энэ салбартаа тасралтгүй ажилласаар байна. MCS хэмээх гэр бүлд орсоноор менежмент, хувь хүний хандлага, бусдыг хэрхэн манлайлах, мөн компанийн засаглал, нийгмийн хариуцлагатай зөв үйл ажиллагаа явуулах, харилцагч, үйлчлүүлэгчдээ хүндлэх, ажилтнуудынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлага гэх мэт орчин үеийн компанид байх ёстой бүхий л зүйлийг суралцсандаа маш их баяртай байдаг.

2015 онд компани маань хувьчлагдан Монголиан Гүрмэ энд Катеринг ХХК-г үүсгэн байгуулж 70 гаруй залуусын өмнө хариуцлага үүрэн бие даан гарч байхдаа энэхүү бизнесийг авч явж чадах болов уу? гэж битүүхэндээ эмээж л байлаа. Энэ олон сайхан шажигнасан залуустайгаа хамтран ажилласаар бид үйл ажиллагаагаа өргөжүүлж одоогоор 230 гаруй хамт олонтой, салбартаа тэргүүлэгч компаниудын нэг болж салбартаа томоохон хувь нэмэр оруулж байгаадаа үргэлж талархаж явдаг даа.

-Таныг 2007 онд Монголдоо ирэхэд хоолны салбар хөгжлийнхөө ямар түвшинд байсан бэ?

-Би Лондонд сурч байхдаа зуны амралтаараа Монголд ирдэг байсан л даа. 2006 оны зун ирчихээд Улаанбаатарт байгаа хамгийн сайн гэсэн ресторан, зоогийн газруудаар явж сонирхсон. Тэр үед надад маш том орон зай харагдсан. Сайхан орчинтой, амттай хоолтой, үйлчилгээ сайтай газар ховор байсан. Тиймээс “Яг ирэх жил эх орондоо ирж, хоолны салбарыг хөгжүүлэе” гэсэн том зорилго өөртөө тавьсан. 2007 онд эх орондоо ирээд “Үйлчилгээний арга барил, гал тогооны зохион байгуулалт, орчин үеийн гастро хоолнуудыг нэвтрүүлэх, худалдааны биш өөрсдөө хийсэн соусыг ашиглах, цэсний хийц загвар, хоолны зураг авалт, хоолны шинэлэг орц материалуудыг гадаадаас оруулж ирэх” гэх мэт өмнө нь манай оронд байгаагүй олон шинэ зүйлсийг нэвтрүүлсэн.  Энэ мэт олон ресторануудын шинэ төсөл дээр ажилласан.

-Та олон шавьтай байх. Тогооч нараа хэрхэн сонгодог вэ?

-Анх багаа бүрдүүлэхдээ аль болох Англид тогооч хийж байсан, тэндхийн гал тогооны соёлыг сайн мэддэг тогооч нарыг цуглуулж, мөн дөнгөж тогоочоор сурч төгссөн 50 гаруй хүүхдүүдээс сурах хүсэл эрмэлзэл өндөр, зөв хандлагатай 20-иод хүүхдийг сонгон, сурган авч ажиллаж байлаа. Одоо тэдгээр хүүхдүүд Монголдоо хамгийн сайн ресторануудын ахлах, ерөнхий тогооч болчихсон байгаа сонсогдсон. Зарим нь надтай одоог хүртэл ажиллаж манай компанийн удирдлагын багын гишүүд болсон  байна. Үйлчилгээн дээр ч мөн ялгаагүй олон хүүхэд сургасан. Манай компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлууд ч мөн адил бүгд л оюутан байхдаа бидэнтэй нэгдэж хамтдаа хөгжиж яваа залуус байдаг.

-Энэ салбарт ажиллахад бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ?

-Бэрхшээлгүй бизнес гэж хаана ч байхгүй. Мэдээж хүний нөөцийн асуудлууд, үргэлж шинэлэг байх, өрсөлдөөнд ялагдахгүй байх, үйлдвэрлэл үйлчилгээний стандарт, эрүүл ахуйн дүрэм журмуудаа үргэлж баримтлах,  татвар, түрээсийн асуудлууд гээд хэзээ ч дуусахгүй сорилтууд үргэлж тулгарч байдаг. Бүхий л аж ахуйн нэгж, компаниудад тулгарч байдаг л сорилтууд л даа. Гэхдээ би тэр болгоныг бэрхшээл гэж бодож байгаагүй. Яагаад гэвэл энэ миний хийх дуртай зүйл, өмнөө тавьсан том зорилго, үйлчлүүлэгч, харилцагч, ажилтнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг гэж би боддог.  Харин хоолны амт чанар, эрүүл ахуй гэх мэт бүх зүйлсийг нэг түвшинд, маш сайн байлгах үүднээс ажиллах хүчиндээ тавьдаг шаардлагаас маань шалтгаалан хүний нөөцийн эргэлт хурдан байдаг нь багахан бэрхшээл юм даа.

-Танай ресторануудын бусдаас ялгарах давуу тал нь юу вэ?

-Аливаа байгууллагын хамгийн чухал зүйл нь байгууллагын соёл. Зөв соёл, тэгш эрх, хүн бүрт сурах хөгжих, ахиж дэвших боломж нь олгогдсон байгууллагууд үргэлж амжилттай ажиллаж байдаг. Манай компанийн хувьд ажилтнуудаа сургаж хөгжүүлэх, залгамж халаагаа бэлдэх, зөв хандлагатай байх, хүсэл эрмэлзлэл мөрөөдөлтэй байх талыг нь маш их дэмжиж ажилладаг. Мөн рестораны технологи, гал тогооны соёлыг ч мөн ажилтнууддаа маш сайн суулгаж өгдөг. Хүн солигдож, шинээр ажилтан орсон ч өөрсдийн соёл, технологи, арга барилдаа уусгаад, сургаад авдаг учраас амт чанар, үйлчилгээ маань өөрчлөгддөггүй. Тиймдээ ч үйлчлүүлэгчдээсээ “Мonet ресторан 10 жилийн турш яг л анхных шигээ сайхан хэвээрээ байна” гэсэн урмын үг их сонсдог. Мэдээж дэлхийн хоолны чиг хандлага, тренд хаашаа чиглэж  байгааг соргогоор харах, үргэлж шинэлэг байх, үйлчлүүлэгчдийн зан төлөвийг судлах, хоол үйлчилгээний чанар стандартаа хадгалан барих, эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай хүнсний материалаар амттай, амин дэмтэй, эрүүл хоол, тохилог тав тухтай орчинд, найрсаг хамт олноор үйлчлэх нь бидний эрхэм зорилго. Үүнийгээ бид өөрсдийнхөө ялгарал гэж үздэг дээ.

-Та компанийн нийгмийн хариуцлага гэдгийг юу гэж ойлгодог вэ. Танай байгууллага энэ талаар ямар ажлууд хийж байна?

-Миний бодлоор компанийн нийгмийн хариуцлага нь юуны өмнө ажилтнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг байх. Ажилтнуудынхаа хөдөлмөрийг шударгаар үнэлж, ажил амралтын цагийг зөв зохион байгуулах, цалин хөлсийг цаг хугацаанд нь олгож байх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь үнэн зөв төлөх гэх мэт. Цаашлаад ажилтнуудаа сурах боловсрох боломжоор хангах, чөлөөт цагаараа зөв идэвхтэй байхыг дэмжих, гэр бүлдээ цаг зав гаргах боломжоор хангах, нийгэмдээ идэвхтэй, соёлтой иргэн байхад нөлөөлөх зэрэг нь бидний чухал үүрэг гэж боддог.

Сонирхуулахад манай компани дотроо ажилтнууд жигд хуваагдсан 10, 10н гишүүнтэй Урлаг спортын хороо, Сургалт хөгжлийн хороо, Нийгмийн хариуцлагын хороо, Олон нийтийн хороо гэсэн дөрвөн хороогоор дамжуулж  уламжлалт шинэ жил тэмдэглэх, цасны баяр, зуны зугаалга гэх мэт арга хэмжээнүүдээс гадна сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүд, фитнесс челленж, уулын аялал, сургалтууд, захирлын чөлөөт уулзалт, хүүхдийн баяр,  өвөл зааланд, зун хөлбөмбөгийн талбайд тогтмол тоглох, нийгмийн эмзэг бүлэгт туслах аян, малчиддаа туслах илгээлтийн эзэн төсөл, нийтээрээ цусаа бэлэглэх аян зэрэг маш их ажлуудыг маш идэвхтэй зохион байгуулдаг. Дандаа залуу хүмүүс ажилладаг болоод ч тэрүү үргэлж л шинэ санаа, санаачлага гээд буцалж байдаг хамт олон доо.

-Цаашдаа хийхээр төлөвлөж буй зүйлсээсээ дурьдаач?

-Дэлхийн олон улс орнууд өөрсдийн хоолоо бренд болгох тал дээр их анхаарч ажилладаг. Аялал жуулчлал хөгжүүлэхэд тухайн улс үндэстний түүх, байгаль, уран барилга, амьдралын хэв маяг чухал нөлөөтэй байдагчлан хоол бас маш чухал факторуудын нэг болсон.

Олон жишээ дурьдаж болох юм. Жишээ нь Итали пицца, паста, Япон сүши, Энэтхэг карри, Франц бяслаг, Герман зайдас, Америк бургер гээд тухайн улсаа шууд төлөөлдөг шахуу болсон хоол үйлчилгээ зөндөө байна. Солонгос улс киногоороо дамжуулж хоолоо сүүлийн 10 гаран жил сурталчилж дэлхийд таниулж байна. Сингапур улс аялал жуулчлалынхаа гол тулгууруудын нэгээр хоолыг тодорхойсон байдаг.

Миний хувьд өөрийн ресторануудаар дамжуулж Монгол хоолны хөгжилд нөлөөлөх, цаашид дэлхийд Монгол хоол гэсэн брэнд болгон таниулах тал дээр анхаарал тавьж ажиллах их хүсэл бий. Тиймээс ч манай Asiana ресторанд Монгол өглөөний цай, Хорхог, Говийн цагаан цувуу гэх мэт хоолнуудаас гадна улирлын чанартай уламжлалт хоолуудыг түлхүү хөгжүүлэхээр ажиллаж байна.

-Тогоочийн мэргэжлээс сурсан хамгийн чухал зүйл юу вэ?

-Энэ мэргэжлийг эзэмшсэнээр маш олон зүйл сурсан л даа. Зөвхөн хоолны жороос гадна тухайн орны соёлыг давхар судлаж, таньж мэдсэн. Амт, үнэрний мэдрэмж маш сайжирсан. Тэр мэдрэмжээ хөгжүүлж болдог юм билээ. Аливаа зүйлийн үнэр, амтыг ялгадаг болдог. Амтыг бас цээжилж болдог. Дараа нь яг тэр амтаа гаргахаар туршилт хийж үздэг.

-Хүн ямар ч хоол идсэн цадна шүү дээ. Тэгвэл та ресторанаар үйлчлүүлж, үнэтэй хоол зооглохыг юу гэж тайлбарлах вэ?

-Ресторанд хооллох нь цогц таашаалыг хүнд өгч чаддаг. Хоолны үнэр, амт, орчин, үйлчилгээ, харагдах  үзэмж, цэвэр цэмцгэр байдал, сонсголонтой хөгжим гэх мэт олон зүйлийг зэрэг мэдрэх боломжтой. Найз нөхөдтэйгээ уулзаж ярилцах, стрессээ тайлах боломжийг ч өгдөг. Гол нь баталгаатай эрүүл хоол зооглож байгаа нь чухал. Бид үйлчлүүлэгчиддээ сайхан мэдрэмж төрүүлэхийн тулд агааржуулалт, гэрэл, дотоод засал, ажилтнуудын ур чадвар, үйлчилгээний стандарт, харилцаа гэх мэт ганц ч зүйл орхигдуулахгүйг хичээн ажилладаг. Хөгжим хүртэл хүний чихэнд биш зүрхэнд хүрч сонсогдох ёстой. Бид сэтгэлээсээ бүх зүйлийг хийдэг учраас хүмүүст хүрч чаддаг. Ер нь сүүлийн үед хүмүүсийн сэтгэхүй ч өөрчдөгдөж хоолны порцонд биш мэдрэмжиндээ илүү мөнгө төлдөг болсон байна.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

НОМИНАЦИ