Шинэ мэдээ
Р.ДАВААДОРЖ: ЖИЛ ТУТАМД НЭГ БАЙГУУЛЛАГАА СОНГОН АВЧ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
2019-06-25 14:04:26   share

“Толь” сонин орон нутгийн мэдээ мэдээллийг тогтмол нийтэлдэг билээ. Энэ удаа Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р. Даваадоржоос нутаг орны сонин сайхан хийгээд бүтээн байгуулалтын талаар тодруулга авснаа хүргэж байна.

-Та өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?

  • Говь-Алтай аймгийн  Тонхил сумын Засаг дарга Ренчинбямбаагийн Даваадорж гэж хүн байна. Баян барзгарын удмын хулгар далайн угсааны Балдан гэдэг хүний ганц хүү Осор гэдэг аваргын хүн байгаам

-Сум нутгийнхаа талаар мэдээллийг манай уншигчдад өгөхгүй юу?

-Манай сум бол Богд хаант Монгол улсын үед хуучнаар Засагт хан аймгийн Дайчин вангийн хошууны төв Лувсандамбын хүрээ гэдэг газар 1924 онд байгуулагдсан.

-Тонхил сумын  онцлог гэвэл та юуг нэрлэх бол?  

-Манайх чинь төрийн тахилгатай Сутай хайрхан уулаар овоглодог. Сутай хайрхан бол Ховд аймгийн Цэцэг, Дарви сум, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви гэсэн дөрвөн сумын нутагт оршдог.  Ноён оргил нь 4250 метрийн өндөртэй. Энэ сайхан хайрханаараа л бахархаж, шүтэж явдаг зон олонтой доо.

-Засаг дарга  хүний хувьд нутаг орныхоо хөгжлийг хэрхэн харж байна даа?

-Мэдээж нутгийн удирдлагын хувьд нутаг орноо улам илүү хөгжүүлэхийн төлөө л зүтгэж байна. Хөгжил гэж юуг хэлэх вэ гэдгийг эхлээд тодорхойлох хэрэгтэй байх. Нийтлэг ойлголтоор хөгжил гэж нэгдүгээрт барилга байгууламж, зам гэрлэн чимэглэл, ногоон байгууламж гэх зэрэг зүйлүүдийг л хэлээд байна гэж хардаг.

-Таны хувьд нутаг орон руугаа чиглэсэн олон нийтийн ямар ажил хийж байна вэ?

-Хувийн хөрөнгө оруулалтыг л түлхүү хийж байна. Төсвийн мөнгө цалин, шатахуун бичиг хэрэг гэх мэт ойр зуурын хэрэгцээндээ зарцуулаад таарах юм. Тиймд хүмүүс рүүгээ чиглэсэн нэмэлт ажлуудыг хувийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Бид жил бүр нэг, нэг байгууллагийг сонгож ажиллаж байгаа юм. 2017 онд бол “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг учраас хамгийн түрүүнд сумын эмнэлэгтэйгээ хамтраад, УИХ-ын гишүүн, аймгийн Засаг даргын тамгын газар болон бусад хандивлагч байгууллагуудаас цугласан 320 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмнэлэгтээ хийсэн. 2018 онд хууль, шүүхийн байгууллагыг сонгож аван, цагдаа нар болон тамгын газартайгаа хамтраад 690 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. 297 сая төгрөг нь бол хөрөнгө болж үлдсэн. Бусад нь шагнал урамшуулал, нийгмийн асуудал шийдэх чиглэлээр зарцуулсан байгаа.

-Нутаг усныхаа залуучууддаа хандаж захиж хэлэх зүйл таны зүгээс юу байна вэ?

-Манай сум өнөөдрийн хүртэл спорт заалгүй явж ирсэн. Харин энэ жил спорт заалтай болсон. Юун түрүүнд эрүүл байх ёстой. Тийм учраас спортоор хичээллээрэй гэж уриалмаар байна. Мөн энэ жил соёлын төвдөө 16 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хамтран хийгээд байна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд түлхүү оролцоорой, хамтарч ажиллаарай гэж залуучуудаасаа хүсэж байна.

 

 

НОМИНАЦИ