Шинэ мэдээ
МУГЖ Б.ЖАРГАЛСАЙХАН:Жүжигчин хүн аль ч төрлөөр тоглох чадвартай байх хэрэгтэй
2019-06-11 15:57:46   share

“...Наад утсаараа яах гэж байгаа юм бэ... Зүгээр л далд хийчих, наадах чинь хоёр хүний хоорондын итгэлийг алдуулдаг эд байхгүй юу...” хэмээн намайг алмайруулж угтсан “Хасар Жагаа”... “Бүсгүйн зурвас” жүжгийн Архай сайдын сэтгүүлч бүсгүйд хэлж буй үг энэ.

Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУГЖ Бэх-Очирын Жаргалсайхантай ярилцлаа.

- Та сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сонин, содон мэдээллээс хуваалцаач. Олз дүүрэн байгаа байх?

- Улсын Драмын Эрдмийн Театрын 2019 оны шинэ уран бүтээл гуравдугаар сарын 01-нд нээлтээ хийлээ. Энэ бол Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиол. Үүнийг найруулагч Н.Наранбаатар театрын тайзнаа “Бүсгүйн зурвас” нэрээр тавилаа. Нийгэм рүүгээ чиглэсэн, уянгын драмын жүжиг. Би энэ жүжгийн гол дүр Архай гэх нөхрийн дүрд тоглолоо. Үзэгчид сэтгэл өндөр хүлээж авч байгаа. Манай театрынхан ч сэтгэл өндөр байна.

Одоо дөрөвдүгээр сарын 23-аас манай драмын театр Дорнод, Хэнтий аймаг руу аялан тоглолтоор явна. Энэ удаагийн тоглолт нэлээн ач холбогдолтой. Халх голын ялалтын 80 жилийн ойтой холбогдуулаад өргөн бүрэлдэхүүнтэй явна.  “Тэнгэрийн хүү”, “Бүсгүйн зурвас”, мөн Э.Оюун гуайн “Би эндээс явахгүй”, “Бардам туулай” зэрэг жүжгүүд тоглоно.

- Өвөрмонголчуудтай хийж байгаа “Чингис хаан” киноны ажил аль шатандаа явж байгаа вэ?

- Өвөрмонголчуудтай 66 ангит кино хийж байгаа. Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бээжинд ажлын айлчлал хийх үеэрээ энэ киног хамтарч хийх гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол их хөрөнгө орсон, том хэмжээний кино учраас бэлтгэл ажил хамгийн чухал. Киноны 70-80 хувь нь бэлтгэл ажил байдаг. Тэр утгаараа бэлтгэл ажил явагдаж байна. Аялан тоглолтоороо явж ирчихээд Өвөр Монгол руу энэ ажлаар явна.

- Кино зохиол бэлэн болсон уу. Та хэний дүрд тоглох вэ?

- Дүр сонголтыг хийгээгүй байгаа. Зохиолыг хоёр талаасаа бичиж байна.

- Энэ кино өмнөх “Чингис”-үүдээс ялгарах онцлог нь юу вэ?

- Өнөөгийн нөхцөлд зөвхөн монголчууд гэхгүй дэлхий нийтэд ямар мессеж өгөх вэ гэдэг дээр нухацтай ярилцаж  байгаа. Одоо хүн гэдэг амьтан чинь амархан мөнгө олчих юмсан, зовохгүй байж байгаад сайхан амьдарчихъя гэж боддог болсон цаг үе байна. Гэтэл хүн ямар их саад, зовлон бэрхшээлийг туулж байж амжилтад хүрдэг вэ. Шууд л мөнгөний хүчээр өөрийгөө хүнээр хүрээлүүлэх гэдэг. Тэгдэггүй юм аа. Хүн өөрөө хөдөлмөрлөж, тэр хэмжээгээр хүмүүс үнэлж, хүндэлж, тэр хүн эргэн тойрны хүрээллээ бий болгодог гэх мэт сургамжтай талаас нь энэ кино ач холбогдолтой гэж бодож байгаа. Мэдээж түүхэн үйл явдал нь бүгд байна. Нүсэр кино болно.

- “Хасар” гэдэг нэр бараг таны овог шиг дагалддаг болжээ. Хасарын дүрийг бүтээсэн нь танд хувь тавилан мэт санагддаг уу?

- Би энэ дүрд тоглосондоо өөрийгөө их азтай жүжигчин гэж боддог. Хувь тавилан гэх нь хаашаа юм, эргээд бодохоор их сонин зүйлүүд давхацдаг. Хавт Хасар 1164 онд төрсөн гэдэг. Харин би 1964 онд төрсөн гэхээр 800 жилийн давтамжтайгаар, их сонин. Ингээд бодохоор бэлэгдэлтэй ч юм шиг, хувь тавилан тэгж таарч байгаа ч юм шиг. Хасарт тоглосноороо үнэхээр бахархдаг, гоё санагддаг шүү. Одоо ард түмний маань өгсөн бараг л цол боллоо шүү дээ.

Гэхдээ мэдээж энэ дүрд намайг сонгож авсан агуу Б.Балжинням найруулагч, хамтарч тоглосон сайхан уран бүтээлч нөхдүүддээ үнэхээр баярлаж явдаг. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шиг. Тухайн үед 1987 онд би сургуулиа төгсөж ирээд хоёрхон жил болж байлаа. Жинхэнэ ногооноороо, юу ч мэдэхгүй амьтан, урьд нь нэг, хоёр кинонд тоглосон байсан. Тийм том хэмжээний түүхэн сэдэвтэй кинонд бараг далай руу үсрээд л орж байгаа юм шиг орсон доо. Эргээд бодоход үнэхээр сайхан байжээ.

Миний тоглосон тайз болон дэлгэцийн дүрүүд Жаргалсайханыг амьдралд төлөвшихөд, зан характерын хувьд ч нөлөөлсөн гэж боддог.

Анхны кино уран бүтээл 1987 онд хийсэн Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Хүний хүн” байсан. Тайзан дээр тоглосон анхны жүжиг “Халуун газар” гэдэг жүжиг. Аль аль нь шударга бус, буруу зүйл хийж байгаа дарга, удирдлагуудад шүүмжлэлтэй хандсан дүр. Тоглосон дүрүүдээ нэгээс нөгөө рүү шилжүүлээд бодоход дандаа үнэн зөвийн төлөө явдаг. Энэ утгаараа хувийн амьдралд нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Одоо өөрийн маань байдал ч гэсэн аливаа худал хуурмаг зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэлэх гэснээ хэлчихдэг, зарчимч байр суурьтай ханддаг. Мэдээж эсрэг дүрүүдэд олон тоглосон. Хамгийн сүүлд “Бүсгүйн зурвас” дээр Архай сайдын дүр байна. Гэхдээ эсрэг дүр байлаа ч 100 хувь өөрийн дүрээ өмөөрч тоглодог.

- Та киноноос гадна “Тамгагүй төр”, “Тэнгэрийн хүү”, “Хар санаа ба хайр сэтгэл”, “Гамлет”, “Кихот ноён” зэрэг Монголын болоод дэлхийн сонгодог олон жүжигт тоглосон. Эдгээрээс хамгийн их ажиллагаа шаардсан, санаанаас гардаггүй дүр аль нь байв?

- Тоглосон жүжгүүдийн маань дүр бүгд хоорондоо эрс өөр. Ер нь найруулагч нарын онцлог их байдаг. Надад Баатар МУГЖ Б.Баатар найруулагчтай “Кихот ноён” жүжиг дээр ажиллахад их сонирхолтой, нэлээн сэтгэгдэл төрүүлж байсан. Баатар найруулагч бол жүжигчин хүнийг сайн өдөөж, шүүсийг нь шахаж ажилладаг.

Баатар найруулагч нэг ярилцлагадаа хэлж байсан нь тод санагддаг юм. Хүмүүс ч санаж байгаа байх. “Хэрвээ Жаргалсайхан байхгүй байсан бол Кихот ноёныг хийхгүй байсан” гэж хэлснийг нь сонсохоор дотроо баярлаж байгаа хэрнээ бас эмээж, тэр хүний итгэлийг яаж алдахгүй байх вэ гэж бодсон. Гэхдээ би чадах учраас л энэ хүн намайг сонгосон. “Хэрвээ Жаргалсайхан байхгүй байсан бол Кихот ноёныг хийхгүй байсан” гэдэг бол аюултай үг байгаа биз. Аюултай хэрнээ маш том итгэл.

Ер нь найруулагч бүртэй ажиллахад сонирхолтой байдаг. Манай Н.Наранбаатар, Ч.Найдандорж, Ч.Түвшин найруулагч гээд бүгд өөрийн арга барилтай. Тэдэнтэй ажиллахад бүгдээрээ сонирхолтой. Би 30 гаруй жил бүх найруулагчтай ажиллахдаа бүгдийг нь яаж ажилладаг арга барилыг нь мэддэг боллоо.

Найруулагч дүрийг жүжигчинд өгөхдөө тухайн жүжигчнээс гарч болох нэг зүйлийг олж харсан байдаг гэж би боддог. Жишээ нь Н.Наранбаатар найруулагч Жаргалсайханаас тэс хөндлөн Архай сайдын дүрийг өгөхдөө надаас тухайн дүрд байж болох ямар нэгэн элементийг харсан учраас чадна гэж итгэжээ гэж бодно. Үүнийхээ дараа энэ дүрийг би юугаараа чадах болчихов оо гэж анализ, дүгнэлт хийнэ. Тэгээд л судалгаагаа хийж, сургалтандаа ордог доо.

- Одоо танд энэ л дүрийг бүтээчих юмсан гэсэн “мөрөөдлийн дүр” байгаа юу?

- Хүний шунал хязгааргүй гэдэг шүү дээ. Зарим уран бүтээлч тоглохыг хүссэн дүр, хүсэл мөрөөдлөө нууж явах хэрэгтэй л гэдэг. Би бол шууд хэлчихнэ.

Миний багш ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов гэж гайхамшигтай, агуу жүжигчин байлаа. Та нар бүгд мэдэж байгаа, хүүхэлдэйн киногоор ярьвал “Ну погоди”-гийн чонын дууг оруулж, “Эрдэнэ нуусан гар” киноны гол дүрийг бүтээсэн. Хамгийн сүүлд “1953 оны хүйтэн зун”-д тоглосон юм.

Манай багш инээдмийн талын жүжигчин. Багш маань “Миний амьдралын хүсэл мөрөөдөл “Лир ван”-д тоглохсон л гэж боддог. Зохиолын бүх үгийг цээжилчихсэн, тоглоход бэлэн. Гэтэл энэ муусайн найруулагч нар ерөөсөө намайг Лир ванаар харахгүй юм” гээд л инээдэг байлаа.

(Сэт: Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспир 41 настайдаа “Лир ван” зохиолоо бичжээ.)

1987 онд багш маань “1953 оны хүйтэн зун” кинонд тоглосныхоо дараа гэртээ өнгөрчихсөн. Тэгээд би багшийнхаа хэлж байсныг санаж, хийж чадаагүй дүрийг нь тайзан дээр амилуулж, ачийг нь хариулах юмсан гэж боддог болсон.

Энэ жүжгийг Баатар найруулагч надтай  хийхээр ярьж, “Жагаа, чамтай би Лир ванг хийнэ ээ, тэгээд л гүйцээ” гэж байсан л даа.

Энэ хүсэл мөрөөдөл маань одоо ч хэвээрээ. Мөн Монголын сонгодог гэж хэлж болох Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжигт нэг тоглочих юмсан гэж боддог. Үүнд манай агуу, мундаг жүжигчид тоглосон байдаг.

- Та Москвагаас сургуулиа төгсөж ирээд л теарт орчихсон уу. Яг хэдэн жил ажиллаж байна вэ?

- Тийм ээ, 32 жил ажиллаж байна.

- Таны хувьд дундуур нь хошин урлаг руу холбирсонгүй. Нэг хэсэг жүжигчид ахиу орлогоос нь болж энэ салбар руу орсон байдаг?- Жүжигчин хүнд байх ёстой нэг чадвар бол аль ч төрлөөр тоглох чадвартай байх ёстой. Гэхдээ тухайн жүжигчний өөрсдийнх нь сонголт шүү дээ. Миний сонголт энэ драмын театр. Мэргэжлийн, мэргэшсэн жүжигчин энэ театрт байх ёстой. Их урлагтаа би байж байх ёстой гэж л боддог.
Манай драмын театр бол арилжааных биш, төрийн театр. Улс, эх орон, ард түмэндээ соёлыг түгээж, драмын урлаг ямар байх ёстойг таниулж байх үүрэгтэй. Мэдээж бидэнтэй төстэй үйл ажиллагаа явуулдаг продакшнууд байна. Үүнийг арилжааны байгууллага гэж хэлж болно. Бидний тус тусын л сонголт. Би төсвийн цалингаа голдоггүй. Надтай адил төсвийн цалинтай хүмүүс их байна. Одоо яахав дээ, байгаа мөнгө нь тэр юм чинь. Тэглээ гээд хүн гуниж гутарч болохгүй. Хажуугаар нь боломжит өөр ажлууд хийх хэрэгтэй.

- Театрт орсон зарим залуу жүжигчин удахгүй гарчих юм. Магадгүй цалин мөнгө бага байдгаас болдог байж болох?

- Театрын дэг жаяг, театрын хууль, дүрэм журамд нийцэж ажиллаж байх хэрэгтэй. Би бол театрынхаа дэг журамд зохицож ажиллана. Түүнийхээ хажуугаар хувийн кино, жүжиг, хувийн бизнес гээд бүх зүйлээ амжуулаад явж байна. Хамгийн нэгдүгээрт театрынхаа хууль дүрэмд зохицож ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт хувийн ажлаа зохицуулах хэрэгтэй. Тийм шалтгаануудаас болж хүмүүс орж, гарах асуудал байдаг.

НОМИНАЦИ