Шинэ мэдээ
Хүүхдүүдийн өрөө галд өртөөгүй, хүлээлгийн танхимд байсан сандал, ширээ шатсан гэв
2019-06-11 09:19:18   share

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8-нд  “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд  гал гарч, төвийн байрны хоёрдугаар давхар шатсан харамсалтай хэрэг гарсан. Галын улмаас тус төвд байрлаж байсан 78 хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгдэж ирсэн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.

 Тодруулбал, тэрбээр, "“Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд гарсан галын улмаас ЭХЭМҮТ-д 78 хүүхэд хүргэгдэж ирсэн. Хүүхдүүдийг ЭХЭМҮТ-ийн 7 эмч, 15 сувилагч, 4 асрагч хүлээж авч багаар ажилласан. Усанд оруулж, шинжилгээ авч, эмчилж, дахин шинжилж, хүүхдүүдийг эрүүлжүүлж хоргүйжүүлсний дараа хүүхдүүдийг асрамжийн газарт нь буцаасан. Хүргэгдэж ирсэн хүүхдүүдийн нэг нь хүнд ирсэн. Одоогоор биеийн байдал нь тогтворжсон" гэсэн юм.

“ӨНӨР БҮЛ” ТӨВИЙН ХОЁР ДАВХАРЫН 30 М2 БҮХИЙ ХЭМЖЭЭТЭЙ ХҮЛЭЭЛГИЙН ТАНХИМД ГАЛ ГАРЧЭЭ

Харин тухайн үед яг юу болсон талаар болон асрамжийн төвийн хүүхдүүд хаана байрлаж байгаа талаар Өнөр бүл төвийн захирлал М.Өлзийчимэгээс тодруулахад, "Гал түймэр асрамжийн газрын хоёр давхарын 30 м2 бүхий хэмжээтэй хүлээлгийн танхимд гарсан. Цахим орчинд яригдаад байгаа шиг хоёр давхар бүхэлдээ шатаж хүүхдүүд өмсөх хувцасгүй, нөмрөх хөнжилгүй болчихсон юм байхгүй. Өөрөөр хэлбэл, Хүүхдүүдийн өрөө галд өртөөгүй, хүлээлгийн танхим дахь  буйдан хивс сандал, ширээ зэрэг шатсан.  Хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа. Эмнэлэгт эмчүүлж байгаа нэг хүүхдийн биеийн байдал сайжирсан учраас маргааш /өнөөдөр/ эмнэлгээс гарна. Манай хүүхдүүд жил бүрийн зургадугаар сарын 10-нд зусландаа гардаг. Тэр жишгээрээ энэ жил ч гэсэн зуслангийнхаа байшин руу гарчихсан байгаа" гэв.

-"ӨНӨР БҮЛ"-Д ГАРСАН ГАЛЫН ДҮГНЭЛТ 14 ХОНОГИЙН ДАРАА ГАРНА-

Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд цахилгааны саатлаас гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Галын ослын дүгнэлт 14 хоногийн дараа гарах юм байна. Тус төвд 2-18 насны 190 орчим хүүхэд амьдардаг аж.

НОМИНАЦИ