Шинэ мэдээ
Монгол улсын ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн : Улстөрчид мөнх биш. Ийм ялзарсан тогтолцоотой хэвээрээ байгаа цагт уучилсан ч  араас нь дахиад авилгачид л төрөн гарна. 
2019-06-05 10:37:30   share

Энэ удаагийн зочин бол Монгол улсын ерөнхий сайд асан, Монгол улсын гавьяат эдийн засагч Дашийн Бямбасүрэн юм. 1989 онд Сайд Нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан тэрбээр 1990 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын сүүлчийн Ерөнхий сайдаар томилогдсон. Д.Бямбасүрэнг Монголын гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн гэж дүгнэдэг. Япон улстай хамтран ажилласны үр дүнд Япон болон Дэлхийн банкнаас нийт 320 сая долларын буцалтгүй тусламжийг Монгол улсад авч чадсан. Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн эгзэгтэй хүнд нөхцөлд олон намын “Эвслийн засгийн газар”-ыг эмхлэн толгойлж байсан гэдгээрээ өнөө ч тун чухлаар үнэлэгддэг эрхэм. Тиймээс түүнийг “Толь” сонины хойморт урьж, үнэтэй үзэл санаа, зөвлөмж мэдлэгийнх нь охь шимээс уудлан ярилцахыг хүссэн билээ.


-Улс орны ирээдүй бүрхэг байгаа тухай ярих боллоо.  Монголчууд ер нь юун дээрээ алдчихав аа?

-Ирээдүйгээ харахад хамгийн байж болохгүй зүйл бол гутранги үзэл. Монгол хувь заяандаа итгэхгүй байж болохгүй. Монголчууд түүхийн ямар ч эгзэгтэй үед аливаа асуудалд зөв хариулт өгөөд, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаг үндэстэн. Одоо даяаршлын далбаан дор бүх зүйлээ либеральчлах үзлээс болоод зүүн эрэгт хөвж явсан онгоц баруун эргийн шаварт суучихлаа шүү дээ. Бид нэг үе лам шүтэж явлаа. Нам ч шүтэж явлаа. Одоо мөнгө шүтдэг болчихсон. Шунал гэдэг аюул нийгмийн болоод төрийн үзлийн талбарыг эзэлсэн цагт улс үндэстнийг ийм эвгүй байдалд оруулдагийг бид олж харах ёстой. Энэ гол шалтгаан. Шунал улс төр лүү ороод ирэхээр бидний ярьдаг авилга, олигархуудын ноёрхол болж байгаа юм. Харин хувь хүний тархинд суугаад ирэхээр эх орноосоо дайжихад хүргэж байна.

-Монгол Улс хөгжлийн буруу галт тэргэндээ суусан мэт мэдрэмж танд төрдөг үү?

-Хөгжил гэдгийг бид юу гэж ойлгох вэ. Хөгжил гэдэг нь улс үндэстэн бүтээх чадвараа байнга дээшлүүлэх юм. Бид малчин ардаас аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд гэх мэт олон зүйлээр дэвшиж байна. Энэ бол хөгжлийн зөв чиглэл. Гэтэл байгаа зүйлээ хүнд худалдчихаад өөрсдөө юу ч хийхгүйгээр гаднын хөрөнгө оруулагч­даас татвар аваад сайхан амьдарна гэж бодож байгаа бол буруу. Монголын үнэт баялгийн хамгийн соруудыг гадны­ханд өгөөд байна шүү дээ. Газрын тосоо өглөө. Алт зэсээ, төмрөө ч өглөө. Ер нь ямар ч улс орон амьдах орчин нөхцөлдөө тохирсон бүтээн байгуулалтыг л бий болгох нь хөгжлийн зөв арга ухаан. Бид хоёр том гүрний дунд байна. Энэ нь хоёр том зах зээлийн дунд байна гэсэн үг юм. Европын аль нэг улс ийм боломжид байвал алгаа таших байх. Манайхан нэг жил 20 сая тн нүүрс гаргасан бол дараа жил нь 40 сая тн нүүрс болгож, урд хөршийг заавал авах ёстой юм шиг ханддаг. Хятад улс биднээс шалтгаалахгүй өөрсдийн гэсэн эдийн засгийн том тогтолцоотой. Тэгэхээр энэ том эдийн засаг руу хэрхэн зөв орох вэ гэдэг чухал.  Жишээлбэл, Мон­­голд автомашин үйлдвэрлэвэл хэн ч авахгүй. Харин сүүлийн үед гарч байгаа цахилгаан хөдөлгүүрт машины цахилгаан цэнэг хураагч буюу аккумляторыг үйлдвэрлэе гэвэл боломжтой. Дэлхий дээр 61 сая автомашины хөдөлгүүр үйлдвэрлэж байна. Түүний 600 мянгыг нь буюу зөвхөн нэг хувийг нь бид үйлдвэрлэе гэвэл түүхий эдийн бүх нөөц байна. Цахилгаан хөдөлгүүрт машины үйлд­вэрлэл дөнгөж эхэлж байна. Бид зэсээ хайлуулаад, боловсруулаад, кабель, хөдөлгүүр, зай хураагуур үйлдвэрлээд явах юм бол бүх боломж нь байна. ийм байдлаар хэрэгцээн дээр тулгуурласан шинэ зах зээлд бид гарч чадна.

-Та эх орныхоо ямар байдалд сэтгэл хангалуун байдаг вэ?

-Олон талаар сэтгэл хангалуун байх үндэслэл бий. Нэгдүгээрт, Монгол орон тусгаар тогтнолоо баталгаажуулаад бүрэн эрхээ эдлээд, хувь заяаныхаа жолоог гартаа барьж яваад сэтгэл хангалуун байдаг. Нөгөө талаас, мал сүрэг өсч, тариа будаа нь элбэг болоод, инженерүүд, залуучууд маань эх орондоо шинэ зүйл бүтээн байгуулахад их баярладаг. Сүүлийн үеийн бүтээл гэхэд л  жижиг онгоц  угсрах тухай асуудал ярьж байна шүү дээ. Энэ бол үнэхээр улс орныхоо ирээдүйг тээж явах залуучуудын бүтээл.

-Бид өнөөгийн нийгмийн болж бүтэхгүйг илүү ярьдаг. Гэтэл болж бүтэж байгаа бүхнээ яагаад ярьдаггүй юм бол оо?

-Хүн өөрийгөө магтаад дэвэргээд, гуяа алгадаад байх юм бол бодит байдлаас тасраад сансарт нисчихэж мэднэ. Харин өөрийнхөө болохгүй зүйлийг олж хараад түүнийгээ ил тод, зоригтой ярина гэдэг хүчирхэг, эрүүл нийгмийн шинж гэж би боддог. Тиймээс ялангуяа улс төрийн хүрээний хүмүүс болохгүй зүйлээ шууд яриад, засч чаддаг байх хэрэгтэй. Одоо монголчууд “Төр нь ялзраад, доройтоод, авилгад автаад, болохоо байлаа. Энэ тогтол­цоогоо өөрч­лөе” гэж ярьж байна. Энэ бол бодит байдлаа зөв үнэлж байгаагийн шинж л дээ.

-Төр, тэр дундаа УИХ-ын гишүүд, улстөрчдийн нэр хүнд уначихлаа. Энэ тал дээр та эмзэглэдэг үү?

-Энэ бол нэр хүндийн ч асуудал биш. Монголын төрийн тогтолцооны асуудал.

Монгол төр 1992 оны Үндсэн хуульд зааснаар ардчилал, хүмүүнлэг, шударга ёсыг үндэс болгон нийгмээ авч явах ёстой. Гэтэл эсрэгээрээ олигарх төр болжээ. Төрийн эрх мэдлийг гартаа авсан гэр бүлийн талаар сүүлийн үед их ярьж байна. Намаар дамжиж гарсан олигарх бүлэглэл, нам дамжсан мафиоз маягийн зохион байгуулалтад орчихсон бүлэглэл шударга ёсыг алдагдуулсан. Шударга ёс үгүй болохоор ард түмэн итгэл алдаж, шүүмжлэлтэй хандаж эхэлдэг. Эрх мэдэлтэй хүмүүс ямар ч хэрэг хийсэн авч хэлцдэггүй. Идлээ, уулаа гэсэн шүүмжлэлд өртөөд л өнгөрчихдөг. Харин ч олны танил болж байх жишээтэй. Гэтэл энгийн иргэн амьдралдаа өчүүхэн алдаа гаргахад олон жилийн ял авч байна. Энэ л хүмүүсийн дургүйг хүргэж байна.

- “Одоо бие биенийгээ уучлаад цаа­шаа явах хэрэгтэй” гэж ярьж бай­на. Ингээд уучлаад өнгөрч болох уу?

-Улстөрчид мөнх биш. Ийм ялзарсан тогтолцоотой хэвээрээ байгаа цагт уучилсан ч  араас нь дахиад авилгачид л төрөн гарна.  Асуудлаа эрүүл нүдээр харж ярилцах хэрэгтэй. Мөн асуудлын гол шалтгаанаа зөв оношлох хэрэгтэй. Бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан хэрнээ 76 хүнд төрийн эрх мэдлийг өгчихсөн. Тэр 76 хүнийг намууд нэр дэвшүүлж сонгуульд оролцоно гээд заачихсан. Тэгэхээр хөрөнгө мөнгө­тэй хүмүүс хандив өргөж, намын эрх мэд­лийг гартаа оруулаад намаар дам­жуулж төр лүү цутгаж эхэлсэн. Энэ нөхцөлд  нэгдүгээрт, ард түмэн төрдөө хяналт тавьдаг болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, төрд бохирыг цутгах гол хоолой нь болж байгаа намуудыг төлөвшүүлж, зөв бодлогоор явуулах хэрэгтэй. Монгол орныг яаж хөгжүүлэх вэ гэсэн асуудал дээр аль ч намд үзэл бодол байхгүй байх жишээтэй.

Бид улс үндэстний чухал асуудал болох хоол хүнс, эрүүл мэндийн талаар байнга ярьдаг. Ярих нь ч зөв. Гэхдээ бүх зүйлийн гол түлхүүр болсон төрийн зүтгэлтнүүдийн талаар огт ярьдаггүй. Шинэ төрийн зүтгэлтэн, улсын удирд­лагуудаа бид хэрхэн яаж бэлдэх вэ, яаж дархлах вэ гэдэг асуудал маш хүнд. Би 90 оны Ардчилсан хувьсгал гарснаас хойш 28 жилийг харж байна. Монголчуудын зовлонгийн ихэнх нь шинэ улс төрийн зүтгэлтнүүдээ бэлдэж чадаагүйд л оршиж байна гэж боддог. Зөв­хөн намаар дамжсан хүмүүс улс­төрч болж чадахгүйг хар­лаа. Гадны хүний үгээр үг хийгээд яваад байгаа хүн төр барьж болохгүйг бас харлаа. Компанийхаа эрх ашгийн төлөөх сайдууд бас хууль баталж, төр барьж болохгүй юм байна гэдгийг ч харлаа. Бидний зовлон тэдгээрийг хүмүүжүүлж төлөвшүүлэхэд л оршиж байна. Сайн улстөрч гэж нэр цохож хэлмээргүй байна.  Өнөөг хүртэл шинээр олон залуучууд гарч ирээд тэмцлийн хурц үгнүүдийг хэсэг хэлж байгаад л алга болдог.

Сураг сонсохоор том байр машин аваад, том албан тушаалд суусан байдаг. Гэхдээ би нэг  сайн жишээ хэлье гэж бодлоо. Тэр бол У.Хүрэлсүх. Ардын намын болж бүтэхгүйг илчилж 60 тэрбумын хэргийг олонд ил болголоо. Энэ бол хүний өөрөө өөртөө ноогдуулсан хариуц­лагын асуудал.

Ардчилсан нам Лу.Болд, Батзандан гэсэн гишүүдийг намаасаа хөөлөө. Тэд намдаа байгаа ялзрал, болж бүтэхгүйн эсрэг дуугарч байна. Мөн Ардын намын хэд хэдэн залуучууд намын тогтолцоог өөрчилж, баячуудын гар хөл болдог нь буруу гэж дуугарч байна. Тэднийг би зөв зүйл хийж байна гэж бодож байгаа. Эдгээр хүмүүсийг л бид дэмжих хэрэгтэй. Ингэж тэмцэж байж л жинхэнэ сайн улстөрч төрөн гарна.

Эх сурвалж: 7 хоног тутмын "Толь" сониноос 

НОМИНАЦИ