Шинэ мэдээ
Батсуурийн БАЯСГАЛАН
2019-05-09 13:12:43   share
Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод
Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа
Гуньж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосож хөнтөрчихөөд
Гурван хоног би чинь согтуу юм шиг алхаллаа.
Үнэ хямд гоёлын шаахай бидний гунигийг даасангүй
Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй
Норсон гэзэг, гандмал шүхэр, чахарсан нойтон савлуур л
Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ.
 
Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээ адгаж дасчихаад
Үүр цайгаад нар мандчихвал үхмээр л санагдах байх даа.
 
 
***                    ***                      ***
 
Хурууны минь үзүүрээс уяатай алтан утасны
Хурмаст руу цойлсон нөгөө үзүүрээс чи атган суугаа.
Би итгэдэг, энэ орчлонд
Биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт.
Хуруугаараа би тэнгэрээс дүүжигнээд
Нуруугаа амьдрал руу харуулчихаад агаарт хөвөөд л байгаа
Бодит амьдралдаа эргэн ирээч гэсэн
Богинохон үгтэй захидлууд надад ирээд л байгаа
Би итгэдэг энэ амьдралд
Бидэнд зориулсан ямар нэгэн орон зай бий гэдэгт.
Галт тэрэгнүүд урдаа тийм урт шат тавьчихаад
Газар дээгүүрээ л мөлхөөд байхаар заримдаа би цухалддаг ч
Үүл болоод нар, тэдний дэргэд чи минь байхад
Өчүүхэн төдий салхи дэгдэхэд л хөөрч чадах юм шиг санагддаг.
Тэгээд л би ямагт инээж, дээшээ ширтэж
Тэндээс чи гараан сунгаж, намайг татаад л авах өдрийг
Тэсгэлгүй ихээр хүлээж, хүлээн хүлээхдээ
Тэнгэр болоод газрын хооронд
Тэгийн төдий ч зай үгүй дээ гэж боддог...
Би итгэдэг, энэ орчлонд
Бидэнд зориулаагүй ямар ч зүйл үгүй гэдэгт...
2009.12.18
 
***                    ***                      ***
 
Тэсч туулна л гэж эхэлсэн бидний замд
Тэгсгээд чиний гэрэл бөхчихлөө.
Үлээгээд чамайг хөөргөддөг
Үгдэрсэн салхи ч цээжинд намжчихлаа.
Харанхуйд чиний тухай бодох
Хар нүд, инээмсэглэлийг чинь харах
Хачин байлаа.
Барьцгүй хийсгэлэн тэр сэтгэлээс
Барьж зогссоноо мэдэхээс
Хоосон агаарт тогтоод
Хоёулаа алхсан гэж бодохоос
Нүд сохлом их гэрлийн дунд
Нүүр нүүрнээсээ бусдыг харахгүй байснаа санахаас
Аймшигтай байтал,
Итгэмээргүй байтал
Ашгүй чиний гэрэл бөхчихлөө.
 
***                    ***                      ***
 
Амьдрахыг үнэнхүү хүссэн ахын минь нүдийг
Алгаараа дарж байгаад мандсан энэ өдрийн нар...
Хорвоогийн бэртэгчин өдрүүдэд хоргодож үлдэхдээ
Хол замын дууг үүд үүдэндээ гөвөөд орох бидэн...
Орой нь гунигтай сууж хоёр нэгийг бодолхийлнэм.
Оршуулгын дуун яруухан, амьдрал минь ягуухан...
Хүнийрхэж явсан өдрүүдэд зам гэдэг олон.
Хүрзний дуу ноёлох цагт жам гэдэг ганц.
Модод найгана
Одод гялалзана
Монголоор шивнэсэн хагацлын үгс
Огторгуйд тулаад сарнина...
 
***                    ***                      ***

Зүрхний минь чинад дахь жижигхэн гэгээ, бүгээхэн бүрэнхий

Зүгээр л хэн нэгнээс үлдсэн нэг тийм толбо

Бороо ороход, цэцэгс дэлбээлэхэд

Борооны цуваа тайлж хатаагаад алсыг саравчлан зогсоход ч

 Хааяахан, хачин тодоор мэдрэгддэг.

 

Өрцөн цаанаа нэг тийм жижигхээн гэгээ, бүгээхэн бүрэнхийг

 Өөрийн чинь тухай хааяахан, санамсаргүй, гэнэтхэн бодон суухдаа мэдэрдэг

Мэдрэх тусам минь бороо улам ширүүсч, цас лавсан бударч

 Миний жижигхэн ертөнц даяар тунарсан их гуниг нөмөрчихдөг.

 

Тунарсан ийм нэг гуниг илтэд намайг эзэмдээд

Манарсан цагаан үүлсийн дунд би хөвөөд л, хөвөөд л байдаг

 Жижигхэн тэр бүрэнхийгээс хагацаж эхлэх үест л

Жир цаг хугацаа эхэлж, цас бороо зогсчихдог.

 

НОМИНАЦИ