Шинэ мэдээ
Г.ПҮРЭВСҮРЭН: Хүүхдийн тасгаа өргөтгөж, хүүхдийн эмнэлэг барина
2019-05-01 12:01:41   share

"Гурван гал"  эмнэлгийн захирал Г.Пүрэвсүрэнг "Захирлуудын 100 ярилцлага" буландаа урьж оролцууллаа.


-Өдрийн мэнд. Гурван гал эмнэлгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэгэхээр эрүүл мэндийн салбартай зам нийлсэн түүхээсээ хуваалцаач. Гурван гал эмнэлгийг анх хэрхэн байгуулж байв гэсэн асуултаар хоёулаа яриагаа эхлүүлье?

-Анх 1988 онд АУДэС-д элсэн орсноор ажил амьдралын зам минь эрүүл мэндийн салбартай салшгүй холбогджээ“Гурван гал “эмнэлгийн хувьд бол   “Гурван гал групп” ХХК-ийн  маань  хамгийн их олны танил  болсон нэг салбар нь юм. Би эх барих эмэгтэйчүүдийн эмч, нөхөр маань хүүхдийн мэс заслын эмч мэргэжилтэй. Би эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээрээ резидентур болон магистрантурт суралцсан боловч мэргэжлээрээ ажиллаагүй бизнесээ хөөгөөд явчихсан. Гэхдээ мэргэжилдээ маш их хайртай байсан даа. Бид  2000 онд Бүгд Найрамдах Польш Улсад ажлаар явж байхдаа би өвдсөн. Харилцагчид маань намайг маш сайхан эмнэлэгт үзүүлж,би ч хурдан сайжирсан. Эндээс л ийм сайхан эмнэлгийг Монголдоо байгуулах юмсан гэсэн мөрөөдлийн минь анхны цучил ассан. Мэргэжилдээ хайртай байсан минь мөрөөдлөө биелүүлж “Гурван гал” эмнэлэгийг байгуулахад чухал нөлөө үзлүүлсэн.2007 онд Эх Нялхасын Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хашаанд хүүхдийн эмнэлгийн тендэрт ялсан нэг эмчээс “Газар эзэмших эрх”-ээ худалдан авснаар төсөл маань хэрэгжиж эхэлсэн дээ.2010 оны 12 сард  анхны олон улсын стандартад нийцсэн маш олон шинэ стандартуудыг нутагшуулсан Гурван гал эмнэлэг маань нээгдсэнээс хойш 8 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

Эмнэлэг дээр очиход хамгийн тулгамддаг асуудал очер дарааллын асуудал байдаг. Танай эмнэлэгийн хувьд өдөрт хичнээн хүнд үйлчлэх хүчин чадалтай вэ?

-Манай эмнэлэг  өдөрт  амбулатороор 300-400 хүнд,хэвтэн эмчлүүлэх тасгаар 100 хүнд  үйлчлэх хүчин чадалтай.Энэ жилийн хувьд агаарын бохирдол, төрөлт, хүн амийн механик өсөлт, амьсгалын замын  халдварт өвчин нэмэгдсэн учраас манайх  улсын эмнэлэгээс ялгаагүй очер дараалал их байсан. Их ачаалалтай байх нь манай эмнэлгийн хувьд тийм ч  тааламжтай биш.Манай эмнэлгийн зорилго бол “Үйлчлүүлэгч таны эрүүл мэнд сэтгэл ханамжийн төлөө...” уриан дор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх юм.

-Танай эмнэлгийн үйлчилгээг хүн бүр авч чадахгүй байна. Ер нь үйлчилгээг илүү олон хүнд хүргэх, тэр тусмаа дундаж орлоготой айл өрхөд түргэн шуурхай  үйлчилгээг хүргэхэд төрөөс анхаарах хийх зүйл юм байна гэж үздэг вэ?

-Дундаж орлоготой иргэд манай эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зохицуулалт болон дарга нарын гаргасан шийдвэрээс хамаараад илүү олон иргэд манай эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой.Энэ асуудал дээр жишээ хэлэхэд 2019 оны 1 –р сарын 1-нээс эхлэээд хэвтэн эмчлүүлэгчдэд олгодог  даатгалын хэмжээг улсын эмнэлэгтэй адилхан болгох шийдэр гарсан. Харамсалтай нь  одоогоор хэрэгжиж эхлээгүй байна. Энэ шийдвэр  хэрэгжээд эхэлбэл бага орлоготой иргэд манай эмнэлэгээр үйлчлүүлэхэд  нэг алхам ойртож байгаа юм. Хоёрдугаарт өндөр өртөгт буюу цөс, эмэгтэйчүүд,чих хамар хоолойн  хагалгаа зэргийг  хувийн эмнэлэгүүдэд эрүүл мэндийн даатгалаар хийгддэг  болно гэсэн төсөл яригдаж байгаа ч ажил болохгүй байна. Бас нэг асуудал хувийн эмнэлэгт амбулатороор үйлчлүүлж байгаа иргэдэд  даатгал ерөөсөө үйлчилдэггүй. Хэрвээ үйлчилдэг бол иргэн бүр даатгалаараа улсын эмнэлгүүдэд үйлчлүүлэх  ,эсвэл хувийн эмнэлэгт үйлчлүүлэх нь нээлттэй байх юм.

-Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт үйлчлүүлэгчийн тоо ачааллаас харахад ч тэр илүү их хөрөнгө оруулалт, өргөтгөл, шаардлагатай юм шиг санагддаг. Гурван гал 1 салбар БГД, Гурван гал 2 салбар ХУД-т ажиллаж байна. Цаашид хүрээгээ тэлж , шинэ салбартай болох бодол байдаг уу?

-Мэдээж байна. Хүүхдийн тасгаа  өргөтгөж хүүхдийн эмнэлэг болгох төсөл  байгаа. Манай 2019  оны стратеги төлөвлөгөөнд 80 ортой анхны ногоон эко эмнэлэг байгуулна гэсэн том ажил байгаа. Хүүхдийн өвчлөл их байгаа энэ үед  80 ортой хувийн байна уу, хувьсгалын байна уу хүүхдийн эмнэлэг байгуулах нь нэн шаардлагатай байна..Жишээ нь манайх хэвтэн эмчлүүлэгчидийн нийт 100 ортойгоос хүүхдийн тасаг маань 32 ортойгоор ажиллаж байгаа боловч өвчлөл ихтэй үед байнгын орны эрэлт хэрэгцээ,  дараалал их үүсдэг.

-Гурван гал эмнэлэг бусад эмнэлгийг бодвол нийгмийн хариуцлагаа ихээхэн ухамсарлаж янз бүрийн буяны сайхан ажлуудыг хийж байсныг мэдэх юм. Хамгийн сүүлд хийсэн сайхан ажлаасаа дурдвал?

2018 оны 10-р сард Төв аймгийн Угтаалцайдам сумын хүн эмнэлгийн 80 жилийн ой болсон.Энэ үйл ажиллагаанд манай эмнэлэг 10сая төгрөгний тоног төхөөрөмжийн тусламж үзүүлсэн. Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженерээ дагуулж, эвдэрч гэмтсэн зүйлийг бүгдийг засаж янзалж өгсөн. Хөдөө орон нутагт ийм нарийн мэргэжилтэн байдаггүй. Мөн 20 нарийн мэргэжлийн эмч сумын 450 орчим иргэдэд 5 сая төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж,  10 хавдар илрүүлсэн байгаа. Мөн 12-р сарын 31-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 36 хүүхдэд өвлийн өвгөнөөр бэлэг өгүүлж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн.

-Нэг талаараа таны хийж байгаа ажил ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн сайн үйл, нөгөө талаас бас бизнес. Тэгэхээр энэ салбарын хүнд хэцүү бөгөөд аз жаргалтай тал нь юу байдаг юм бол?

-Миний хувьд энэ ажлыг бизнес гэж харахаасаа илүү эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж улсын эмнэлгийн ачааллаас үүрэлцэж,эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах стандарт нэвтрүүлж,шинэ техник технологи,инноваци нутагшуулж байна гэж бодож баяртай явдаг.Эсэн мэнд сайхан амаржаад шинэ хүнээ өлгийдөөд гарч байгаа болон эмчлүүлээд эдгэрээд гарч байга үйлчлүүлэгчидээсээ “БАЯРЛАЛАА” гэдэг үгийг сонсох, унших бүртээ аз жаргалыг мэдэрч байдаг.Харин хүнд хэцүү тал нь янз бүрийн хөндлөнгийн шалтгаан нөхцөлөөс болж гарсан эрсдэлийг,  эх сурвалж баримтгүйгээр олон нийтэд зарладаг зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна. Мянган хүн эмчлээд нэг хүн хүндрэхэд  нийгэм даяараа сенсааци болгоод, энэ байдлаас болж ард түмэн нь эрүүл мэндийн салбарт итгэхээ больж монголд эмчлэх боломжтой оношийг  гадаадад олноороо явж эмчлүүлэх  гэх мэт сөрөг үр дагавар нь эргээд Монголын эдийн засагт муугаар нөлөөлж байдаг.

-Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар эрүүл мэндийн салбар Монголд маш сайн хөгжиж байгаа, харин манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш муу гэж ярьдаг.Иргэдийн эрүүл мэндийн боловсрол гэж яг юуг хэлээд байна. Иргэд эрүүл мэндийн боловсролтой байхын тулд яах ёстой вэ? 

-Эрүүл мэндийн боловсрол гэдэг бол хүн  өвчин тусахаараа л мэдэх ёстой зүйл биш юм. Хүүхэд төрөх үеэс эхлээд л ээж аавууд хүүхдийнхээ амны хөндийг цэвэрлэх , хүүхэддээ хүрэх гэж л байгаа бол гараа угаагаад хүрчихдэг байх , хүүхдээ зөв хооллох, агаар салхинд  гаргах гэх мэт өдөр бүр алхам дутамдаа хийж байгаа үйлдлүүдээс хүүхэд гэр бүлээ эрүүл мэндийн боловсрол олж авах.Нийгмийн талаас төр биднийг  эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээж байгаа бөгөөд цэцэрлэг,сургууль,их дээд сургууль,ажлын байран дээр эрүүл аюулгүй эрсдэлгүй сурч боловсорч ажиллаж амьдрах нөхцлөөр хангаж өгөх... гэх мэт. Товчхондоо бол өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлдэг, эрүүл зөв амьдралын хэвшилтэй байхыг л хэлээд байгаа юм даа.үмүүс эцэг эхчүүд та нар юм шүү. Гэр бүлийн эрүүл мэндийн боловсролыг аав ээж нар олгох ёстой. Ер нь бол хүн бүр  “Миний  эрүүл мэнд- миний баялаг”- гэсэн сэтгэл зүйгээр хандаж эрүүл мэндийн боловсролтой байх ёстой юм л даа.

- Өнөөдөр таны харж байгаагаар төрийн тогтолцоо ямар шатанд явж байна гэж боддог вэ. Сүүлийн жилүүдэд  нийгэм тэр аяараа бухимдалтай байна л даа?

-Шулуун хэлэхэд төрийн тогтолцоо уялдаа холбоотой бодлого юу ч алга.Боловсрол эрүүл мэндийн яам бол стратегийн хувьд хамгийн чухал обьект.Гэтэл манай төр энэ хоёр салбараа мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулж, сайдаар томилож байх жишээний. Ямар ч бодлого байхгүй. Бид энэ шийдвэрт нөлөөлж чадахгүй учраас аль болох гарсан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч хүчээр сайн талыг нь харахыг хичээж байна.Сэтгүүлч сайд маань эрүүл мэндийн салбараа сэтгүүл зүйтэйгээ холбоод олон нийтэд салбараа зөвөөр ойлгуулж таниулах ажил хийвэл салбарын болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэр хүнд өсөж,ард түмэн эмч болон эмнэлэгтээ итгэдэг болно. Энэ хэмжээгээрээ эмчилгээнд гадагшаа урсах мөнгөний урсгалыг бууруулах дам утгаараа эдийн засагт эерэгээр нөлөөлөх боломжтой. Болохгүй талаас бодвол бүх юм болохгүй. Гэхдээ л бид сэтгүүлч сайдтай байснаар яаж зөвөөр, салбараа яаж хөгжүүлж ашиглаж болох вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Төрд төрийн зохицуулалт гэдэг юм ер нь бол алдагдсан. Төрийн хамгийн их хүнд суртал дунд шатны менежрүүдэд байна.

-Сүүлийн үед залуучууд маань сургуулиа төгсөөд л захирал даргын суудалд суучих юм шиг л боддог болж. Таны зүгээс залуучуудадаа хандаж хэлэх зөвлөгөө юу байна. Хүн ер нь зөв байх, эрч хүч зорилго тэмүүлэлтэй байхын тулд яах ёстой вэ?

-Залуучууд маань хөнгөн хялбар аргаар хурдан дарга, захирал болоод ажлын ачаалал багатай биенд амар ажил хийж их цалин авахыг хүсдэг болжээ. Мэдээж бүх залуучууд ийм биш л дээ.Ажлын гараагаа эхлэхдээ ямар байгууллагад ямар удирдагчийн доор яаж ажиллах нь чиний цаашид хэн болж төлөвшихтэй шууд хамааралтай. Аль болох ачааллын ихээс шантралгүй,бэрхшээлээсээ зугатаахгүй, алдаанаасаа суралцаж, онооноосоо урамшиж тасралтгүй өөрийгөө хөгжүүлж байгаарай. Амжилтанд хүрэхийн үндэсийн үндэс нь хувийн сахилга бат юм. Өөрөө өөртөө өндөр шаардлага тавьж,өөрөө өөртөө хатуу бай. Том мөрөөд, мөрөөдлөө төлөвлөөд, төлөвлөсөнөө бич, бичсэнээ гүйцэтгэх, гүйцэтгэсэнээ хянаж дүгнэлт хий алдаж болно алдсан алдаагаа битгий давт зорилгоо тодорхойлж чадаагүй бол чи хаашаа ч явж чадахгүй. Зорилгоо тодорхойл зорилт тавь түүнийхээ дагуу нарийвчлан төлөвлөх хэрэгтэй гэж зөвөлмөөр байна даа

За бидэнтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.Танай хамт олны эрүүл энхийн төлөөх сайн үйлс улам дэлгэрч, Монголын ард түмнээсээ талархалын үг байнга сонсож байх болтугай гэж хүсье.

 

 

Эх сурвалж: "ТОЛЬ" СОНИН

НОМИНАЦИ