Шинэ мэдээ
Д.Ганга: ТЭР ЗУРАГ МАШ ИХ ХЭЛ АМ ДАГУУЛСАН, БИД ТҮҮНИЙГ Л ХҮССЭН
2019-05-01 11:17:02   share

Тайзны яриа буюу Stand up comedy гэх хошин урлагийн төрөл зүйл Монголд хүчтэй хөгжиж байна. Хэдхэн жилийн өмнө цөөн залуус нэгдэж, “Ub comedy” клуб байгуулж байсан бол өдгөө энэхүү клуб задарч, “Comedy lab” гэх шинэ хамтлаг тэдний дундаас төржээ. Бид энэ урлагийг хөгжүүлэгч залуусын ярилцлагыг цуврал болгон хүргэж буй. Энэ удаа Д.Гангатай ярилцлаа.


 

-Та хошин урлагаас өөр мэргэжилтэй байх. Яаж яваад “comedy” руу орчихсон юм бэ?

-Дижитал маркетингийн мэргэжилтэй. Гэхдээ би өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй, сандарч тэвддэг байлаа. Тиймд цаашид бие хүнээ хөгжүүлэхийн тулд олны өмнө гарах том сорилт өөртөө тавьсан. Stand up урлаг надад ийм боломжийг өгсөн гэхэд болно. Би зүгээр ч нэг ярих биш, бусдыг инээлгэхийн тулд ярьж эхэлсэн л дээ. Нэг ёсондоо бид комеди хийж эхлэхдээ өөрийгөө хөгжүүлэх зорилт тавьж байлаа.

-Гэхдээ ”Stand up comedy” эхэндээ эрсдэл байсан шүү дээ. Ялангуяа нийгмийн ёс зүй, этик ярьдаг хэсгээс маш их шүүмжлэл ирж байсан. Ийм үед өөрийнхөө карьерийг хамт татаад уначих вий гэж айгаагүй юу?

-Анх эхэлж байхад ямар нэгэн айдас огт байгаагүй ээ. Одоо харин айдаг болчихож. Бид хүн болгонд таалагдах албатай биш, сонирхох нэг нь ойлгоод явах л байх гэж боддог. Монголд ”Stand up comedy” хөгжлийн хувьд дөнгөж эхлэл шатандаа явж байгаа. Цаашид хувьсал өөрчлөлт, олон төрөл чиглэлүүд бий болно байх аа.

-Та ер нь комедигоос хэр их орлого олдог вэ. Комедигоос олж буй орлого, бизнесийн орлого хоёрын тань аль нь илүү байгаа бол?

-Мэдээж хувийн бизнес маань илүү орлогтой байдаг. “Comedy” бол миний хобби. Дуртай зүйлээ хийж буй учир ашиг гэхээсээ илүүтэйгээр үнэ цэнэ, аз жаргалыг мэдэрдэг. 

-Та хоббигоо ажил хэрэг болгож яваа залуу. Гэхдээ зөвхөн хобби гээд орхихгүй, үүнийгээ мэргэжил болтол нь хөгжүүлэх сонирхол, хичээл зүтгэл байдаг байх, тийм үү?

-”Comedy” бол шууд гараад ярьдаг амархан зүйл биш. Энгийн хүнийг бодвол үргэлжид шинэ соргог санааг тунгааж, толгойгоо маш ихээр ажиллуулах шаардлага үүсдэг. Нэг ёсны оюун ухааны хөдөлмөр юм. Ямар ч ажил хийж байсан давхар санаагаа бодож явдаг. Санаа буюу сэдвээ олсны дараа түүнийгээ хэрхэн илэрхийлэх, аль хэсэгт нь ямар өргөлт хийж өгөх вэ гээд боловсруулах шаардлагатай. Ер нь комеди хийхийн тулд ярих чадвараас гадна сэтгэмж, мэдрэмж хоёр их шаардана л даа, хүнээс.

-Та “UB comedy” клуб байсан хүмүүсийн нэг. Та нар мөнгөнөөс болж хоёр хуваагдсан гэж үнэн үү?

-Бүх зүйлийг мөнгөөр хэмжих утгагүй. Зарим нэг нь мөнгө гэж харж байгаа боловч үнэ цэнийн асуудал л даа. Батаа маань өөр бодолтой, бид нэг өөр бодолтой байсан учир үзэл санааны хувьд зөрчилдсөн. Ирээдүйгээ харах юм бол Батаадаа баярлах л хэрэгтэй. Магадгүй хуваагдаагүй байсан бол жилийн дараа “Ub comedy” клуб орон зай, зах зээлийн хувьд хумигдах байсан ч байж мэднэ. Зах зээл бол өрсөлдөөн байж хөгждөг. Тиймээс хэдий нэгдэж, нийлж байсан залуус задарч, хагарч бутарсан ч өрсөлдөөн бий болсноороо энэ урлаг хөгжиж дэвшиж байна гэж боддог.        

-Та хэд шинэ клуб байгуулсныхаа дараа нүцгэн зургаа авхуулж, олон нийтээс маш их шүүмжлэл хүлээх шиг боллоо. Энэ хэний санаа байсан юм бэ?

-Хэн нэгний маань санаа байгаагүй ээ. Хэдэн костюм өмссөн залуучууд гараад ирвэл анзаарах хүн ховор л байх. Сөрөг зүйлүүдийг нийтэлж байгаа нь эргээд биднийг алдаршуулж буйгаа тэр хүмүүс ойлгоогүй. Тэр зураг маш их хэл ам дагуулсан шүү. Гэхдээ бид түүнийг л хүссэн. Тэр бол маркетинг, PR байсан. Түүнээс биш, садар самуун сурталчилах санаа огт байгаагүй.

-Тэгэхээр та бүгдэд олны танил болох, бусдын анхаарлыг татах гэсэн зорилго байгаад байна уу даа?

-Тэр зургийн хувьд бол тийм. Хүн эхээс нүцгэн төрдөг. Бид бүхнийг тэгээс эхэлдэг. Тэр үүднээс хошигнол болгосон. Цаанаасаа өгүүлэмж, зохиомжоо энэ л зорилгын үүднээс тооцож хийсэн болохоор тодорхой үр дүнгээ өгсөн гэж бодож байна. 

-“Comedy” Ганга, бодит амьдрал дээрх Ганга хоорондоо ялгаатай юу?

-Бодит байдал дээр би тайзан дээр байдгаасаа тэс ондоо. Өглөө гараад орой л гэртээ орж ирдэг. Энэ хооронд үргэлж хөгжилтэй, алиа хошин Ганга байна гэж байхгүй. Ганцаараа амьдардаг болохоор ер нь зожиг талдаа.

-Танай “Comedy Lab” клубын залуучуудын дунд хамгийн, хамгийн гэж байгаа байх. Та бусдыгаа тодорхойлохгүй юу?

-Хамгийн хөгшин нь Амартүвшин, хамгийн үглээ нь Хану, хамгийн зэвүүн нь Тулгаа, хамгийн хошин нь Төөгөө, хамгийн боловсролтой нь Амаржин, хамгийн авяастай нь Мөнхжин.

-Тэгвэл та өөрөө хамгийн...?

-Хамгийн олон хэлтэй нь.

-Та хэдэн орны хэл мэддэг гэсэн үг вэ?

-Япон, Орос, Англи, Монгол.

 

Ярилцсан: Б.Болортуяа

Эх сурвалж: "ТОЛЬ" СОНИН

 

 

НОМИНАЦИ