Шинэ мэдээ
''La sante” эмнэлгийн захирал З.Болормаа: Эрүүл мэндийн салбар иргэдээ туршилтанд оруулж болохгүй
2019-04-30 18:37:22   share

 “Захирлуудын 100 ярилцлага” булангийнхаа энэ удаагийн дугаарт “La sante” эмнэлгийн ерөнхий захирал З.Болормааг урьж ярилцлаа.


-Танай эмнэлгийн нэр ямар утгатай вэ?

-“La Sante” гэдэг үг нь Францаар эрүүл мэнд гэсэн утгатай. Франц төдийгүй Европын улс орнуудад, хүмүүний хамгийн их аз жаргалтай сайн сайхан бүхний нэгдүгээрт эрүүл мэнд оршиж байдаг хэмээн он солигдох мөчдөө хүртэл эрүүл мэндийн төлөө гэж хэлэн хундагаа тулгадаг уламжлалтай.

-”La Sante” эмнэлэг ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ. Бусад эмнэлгээс юугаараа давуу талтай вэ?

-Эмэгтэйчүүдийн бага аарцаг ёроолын булчин нөхөн сэргээх эмчилгээг хийдэг. Нэг ёсондоо бага аарцаг ёроолын булчин гэдэг нь давсаг умай, үтрээ, шулуун гэдсийг холбосон хэвлийн хөндийд байдаг суурин булчингийн эмчилгээг хийдэг гэсэн үг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг боловч дан ганц тусламж үйлчилгээ үзүүлээд зогсохгүй өвчин гэж юунаас үүсдэг, ямар буруу хэвшлээс үүдсэн, өвчний эх үүсвэр болон хэрхэн урьдчилан сэргийлэх,  цаашид төгс төгөлдөр 100 хувь дэлхийд номер нэг эрүүл аргаар манай эмнэлэг дээр өвчнөө анагаахаас гадна тухайн өвчнөөр дахиж өвдөхгүй байх зөвлөмж зөвлөгөөг өгдөг, нөхөн үржихүйн эрхтний эрүүл мэндийн боловсрол, бэлгийн боловсролийг гэр бүлийн гишүүн бүрт зөвлөмжөөр олгодог, эмч нараа бид сэтгэлзүйчийн хэмжээнд бэлтгэдэг нь бусад эмнэлгээс өвөрмөц давуу талтай.

-Эмэгтэйчүүд маань өндгөвчний үрэвсэл болон шээс задгайралтаар өв­дөх тохиолдол элбэг байна. Энэхүү өвч­лөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар манай уншигчдад та зөвлөгөө өгнө үү?

-Эмэгтэйчүүдийн бага аарцаг ёроолын булчин суларсанаас үүссэн маш олон өвчлөлүүд байна. Монгол улсын хэмжээнд жилд дунджаар зөвхөн албан ёсоор гэрлэлтээ батлуулсан 3000-4000 гэр бүл салж байна, гэр бүлээс гадуурх харилцаа ихсэж байгаа нь бүгд нийгмийн өвчлөл. Гурван хүн тутмын хоёр нь шээс задгайралттай, таван хүн тутмын дөрөв нь цагаан мах эргэдэг буюу шамбарам өвчинд өртдөг. Цэвэршилтийн дундаж нас 55 байсан бол одоо 35 настай эмэгтэйд цэвэршилтийн шинж тэмдэг илэрч байна. Бэлгийн замын өвчнүүдийн тоон статистик судалгаа нь маш их нэмэгдэх үзүүлэлттэй, 10 эмэгтэй тутмын нэг нь тэмбүүтэй ээж төрж байна гэх жишээний статистик судалгаа жилээс жилд залуужин өсөн нэмэгдэж байгаа нь иргэд бэлгийн боловсролгүйтэй холбоотой. Нөхөн үржихүйн эрхтнээ мэдэхгүй, аарцаг, умай, үтрээ гэж юу байдгаа ч мэдэхгүй, юунаас болж суларч гэмтдэгээ ч мэдэхгүй, төрөлтөөс үүдэж шээс задгайрч булчин сулардаг гэх мэтийн буруу ойлголттой явдаг. Харин ч эмэгтэй хүний анатоми бүтэц төрөх тусмаа боловсрон дэлгэрч, үтрээ төрөх тусмаа уян хатан гоё болдог. Төрөлт хүндрэлтэй явагдаж хайчлуулаад гэмтээсэн бол тухайн үтрээг сэргээхгүй бол болохгүй. Бэлгийн боловсрол огт байхгүйтэй холбоотойгоор эргээд гэр бүлийн ариун нандин оршин тогтнох үнэ цэнэ  алдагддаг. Шөнө олон удаа босч бие засдаг, 30-аас дээш насны эмэгтэйчүүд бол давсгаа дүүргэчихээд хүчтэй ханиалгахад хааяа нэг ганц удаа алдсан гэдэг тохиолдол байдаг. Энэ нь шээс задгайрал хөнгөн хэлбэрээр үүссэн гэсэн үг.  Булчингийн алдагдал буюу булчингийн уян хатан чанар, агшилт суналтын хэмжээг аппаратаар шалгахад маш их алдагдалтай байдаг. Үүнийг дагаад бүх өвчний суурь гэмтэл үүсдэг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань энэхүү эмчилгээ үйлчилгээнд 100 хувь хамрагдах шаардлагатай шүү.

-Эмэгтэйчүүдийн үтрээний эрүүл мэндийн боловсрол тааруухан байгаа нь юунаас болж байна вэ?

-Европт 1985 онд аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээ нь эрүүл мэндийн даатгалд хамрагдан эмчилгээ хийдэг байсан. Гэтэл Монголд 2016 онд манай эмнэлэг энэхүү эмчилгээг явуулж эхлэхэд үйлчлүүлэгчид маань сайн мэддэггүй байсан. Мэдүүлэн таниулахын тулд үтрээний булчин чангалах, нөхөн сэргээх эмчилгээ гэхээр ойлгож эхэлдэг. Ямар нэгэн байдлаар үтрээ буюу нөхөн үржихүйн зөвлөгөө өгөхөөр хүмүүс садар самуун гэж ойлгох хандлагатай байдаг. Үтрээ гэдэг чинь бидний элэг бөөр, зүрхтэй л адилхан булчинлаг эрхтэн шүү дээ. Хүн зүрхээрээ амьдардаг бол аз жаргалтай, халуун дотно, бат бөх амьдралын суурь нь эмэгтэй хүний үтрээнд оршиж байдаг учир тархи мэдрэл гэж ярихаасаа өмнө үтрээ гэж ярих нь зүйтэй. 11 настай хүүхдийн биений юм ирдэг болчиж, хувь хүний бие махбод анатоми бүтэц шинэчлэгдэхийн хэрээр дагаад эрүүл мэнд  цаг үетэйгээ зэрэгцэн хувьсан өөрчлөгдөж байдаг учраас шат шатанд нь зургаан наснаас нь эхлэн гар нүүрээ угаах, хэрхэн шүдээ зөв угаах хичээл заадаг бол, долоон настай хүүхдэд нүдээ хамгаалах дасгал хийх, 10 наснаас нь нөхөн үржихүйн боловсрол буюу үтрээ гэж юу байдаг, түрүү булчирхай гэж юу байдаг, бэлэг эрхтэн гэж юу вэ, үүнийг хайрлан хамгаалах, яаж урьдчилан сэргийлэх гэх мэт ухагдахууныг нэн яаралтай эрүүл мэндийн хичээлээр олгож байх ёстой. Энэ мэдээ мэдээллүүдийг хангалттай олгоогүйн улмаас охидууд маш их гэмтэж байна. Хүн төрөлхтний мөхөл нэг ёсондоо хувь хүн аз жаргалгүй амьдраад мөхөж байна, гэр бүлийн харилцаагаа ха­луун дулаан авч явж чадахгүй, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадахгүй байна. Бид өнөөдөр бэлгийн боловсролгүй байж эргээд яаж үр хүүхдүүддээ нөхөн үржихүйн боловсрол ариун нандин харьцаа гэж ярих юм бэ.

-Эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээ хийдэг. Энэхүү үйлчилгээний давуу тал нь чухам юунд ор­ших вэ. Үнэ хөлсийн хувьд ямархуу байдаг вэ?

-Эмч нараа олон улсын сургалтуудад шат дараалалтай хамруулж, Францаас сургагч багш нарыг урьж дэлхийн стан­дартыг нэвтрүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн батлагдаж оношлогдсон, туршигдсан, туршилтнаасаа гараад хэдэн зуун мянган хүнд үр дүнгээ хэдийнээ өгсөн, даатгалд хамрагдсан эмчилг­ээг стандартын дагуу эмчилгээ үйлчилгээндээ оруулсан. Ямар нэгэн сөрөг гаж нөлөө огт байхгүй, өшөө цаашлаад халдвар хам­гаал­лыг маш өндөр баримталдаг, бүх л багаж хэрэгслээ нэг удаагийн хэрэгслээр шийдэж өгдгөөрөө давуу талтай. Эхлээд нарийн мэргэжлийн эмчдээ үзүүлээд бүх шинжилгээ оношлогоонд хамруулна. Дараа нь дахин аппаратаар оношлогоо хийгээд курс эмчилгээ болдог. Үнийн хувьд 550.000-1.375.000 хооронд байдаг.

-Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлч­лүүүлэгчдийн сэтгэл ханамж ямар байдаг бол?

-Үйлчлүүлэгчид маань 100 хувийн сэтгэл ханамжтай буцдаг. Манай эмнэлэгт 88 настай живхний түвшинд хүрсэн давсагны унжилттай хүн бүрэн эмчлэгдсэн. Таван жил биений юм нь ирээгүй хүний биений юм нь ирсэн, огт жирэмсэлдэггүй эмэгтэй хүртэл жирэмсэлж байна. Тархи толгойд нь ойлготол зөвлөгөө, мэдээллийг өгөн, амьдралын буруу хэвшлийг нь 25-хан хоногт өөрчилнө гэдэг бол бидний хувьд агуу том амжилт.

-Үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь ямар өвчлөлөөр ханддаг вэ?

-Үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь шээс задгайралттай хүмүүс байна. 2012 оны дэлхийн эрүүл мэндийн нийгэмлэгт шээс зайдгайрлыг энэхүү аппаратаар 100 хувь зогсоож болно хэмээн бүртгэгдсэн эмчилгээг манай эмнэлэгт хийдэг. Ер нь л асуудалтай хүмүүс зорин ирдэг, урьдчилан сэргийлэх гэдэг ойлголт манайханд огт байдаггүй. Эмэгтэйчүүдийн эмнэлгээр өнөөдөр бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт ч гэдэг юмуу дандаа асуудалтай хүмүүс зорьдог гэсэн буруу ойлголттой байдаг. Олны танил хүмүүс ч мөн адил нууц хэлбэрээр хандан эмчүүлэхийг хүсдэг,  эмнэлгийн хаалгаар орж ирэхдээ хүртэл ичиж санаа зовдог. Сардаа нэг удаа гоо сайханд орон арьсаа арьчилж үнэтэй тос хэрэглэдэг шигээ бид үтрээний булчингаа маш их анхаарч хайрлах ёстой.     

-Эрүүл мэндийн чиглэлээр шат дараалалтай үйл ажиллагаа явуулдаг гэлээ. Үүнд ямар төрлийн үйл ажиллагаанууд багтдаг вэ?

-Эмэгтэйчүүдийн шээс задгайрал цэвэршилт, үргүйдэл, дотно харилцааг сэргээх, цагаан мах эргэх, бэлгийн сулрал гэх мэтчилэн аарцагны булчинтай хоолбоотой асуудлуудыг мэргэжлийн мэргэшсэн баг хамт олон бүрэн шийдэж өгч байгаа. Зөвхөн эрүүл мэндийн тусламж өгөөд зогсохгүй зөв хэвшил дадал, зуршил эрүүл мэндийн нөхөн үржихүйн боловсролыг үйлчлүүлэгчиддээ өгдөг. 

-Ер нь эмэгтэйчүүдэд нас яваад ирэхээр цэвэршилтийн асуудал тулгар­даг. Цэвэршилтийн шинж тэмдэг гэж байдаг уу?

-Цэвэршилт бол өвчин эмгэг огт биш, эмэгтэй хүний биений юм ирдэг шиг буцаад л хаагдаж байгаа, эмэгтэй хүн болгонд тохиолддог өөрчлөлтийн дундаж нас 53-55 нас байдаг. Энэхүү дундаж наслалт яг насандаа болох процесс хэвийн хэмжээнд явагдахад хүнд айхтар гаж нөлөө, уур бухимдал огт илэрдэггүй. Анатоми бүтэц маань өөрөө хуурайшиж гэмтээд, сул­раад, цусан хангамж багадаад ирэхээрээ биед өөрчлөлт өгч ямар нэгэн стресс, зо­виурын шинж тэмдэг илэрдэг. Мэргэжлийн нарийн зүйлүүдийг эмчдээ ирж үзүүлээд, оношлуулаад, зөвлөгөөгөө аваад явахаар үйлчлүүлэгчид маань сайн ойлгоод арга замаа шийдвэрлүүлээд явдаг. Эмэгтэйчүүд маань хүн болгон тодорхой хэм­жээний хэлний мэдлэг хэрэгтэй гэж сургал­туудад суудаг байж яагаад нэг бэлгийн боловсролын тухай ухаж ойлгоод, анатоми бүтцийн тухай судалж чадахгүй байгаа юм бэ. Энэ бүхэн эргээд л нийгмийн өвчлөлүүдийг үүсгэж байдаг  гэдгийг ухаарах хэрэгтэй.

-Таны цаашдын зорилго юу вэ?  

-Монголын эрүүл мэндийн салбар иргэдээ судалгаа, туршилтанд битгий оруулаасай. Манай эмнэлэг туршигдсан судлагдсан чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг. Аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээг даатгалд хамрагдуулаад, нөхөн үржихүйн боловсрол, бэлгийн боловсролыг системтэйгээр олгох гэх зэрэг олон ажлыг төлөвлөсөн байгаа. Эелдэг зөөлөн, хайр халамжтай иргэнийг өнөөгийн нийгэмд бэлдэх нь хангалттай бус. Надаас хамаарахгүй, хүүхдүүдээс минь шалтгаалахгүйгээр нийгмийн энэ бохир заваан бусармаг бүх зүйлүүд дунд хүүхдүүд минь яаж амьдрах вэ, насан туршдаа би хажууд нь дагаж явахгүйгээс хойш гэр бүл салалт, бэлгийн хүчирхийлэл, хар тамхи, гэр бүлээс гадуурх харилцаа, аарцагны булчингийн бэлгийн буруу чиг хандлага, сэтгэлзүйн маш хүнд хэлбэрийн гэмтлүүд 20 жилийн дараа хүү, охины минь нийгэмд жоохон ч гэсэн багассан байгаасай хэмээн бодож ажлаа хийдэг дээ. Зөвхөн миний хүүхэд ч биш бусдын үр хүүхдүүд ч мөн адил. Нийгмээрээ цэвэрлэгдэж эрүүл болж байж цаашид үр хүүхдүүд маань баталгаатай, аюулгүй амьдарна. Бид сайн сайхан зүйлийг үр хүүхэддээ өвлүүлэхийн тулд ажлаа хийдэг шүү дээ.

Эх сурвалж: "ТОЛЬ" СОНИН 

НОМИНАЦИ