Шинэ мэдээ
ШИНЭ ЦАГИЙН ФЕОДАЛ: Б.Чойжилсүрэнг дийлэх төр байтугай чөтгөр ч алга
2019-04-30 12:24:38   share

Монголын баялаг хэдхэн олигархи улстөрчийн идэш болоод дуусах тавилантай юм гэж үү. Ард түмэн түүнийг нь харсаар, мэдсээр байж юу ч хийж чадахгүй, бурангуй хийгээд бусармаг бүхэнтэй эвлэрсээр л байх уу. Энэ асуулт тун олон эргэлзээ, эмзэглэл, эмгэнэл дагуулна. Нэг талд “Монголд хөрөнгөтнүүд олноор бий болж, байгалийн баялгаа ашиглан, хөгжиж дэвжих ёстой” гэсэн үзэл бодол түрэмгийлнэ. Харин нөгөө талд “Газрын доорхи баялгийг цөөн хэдэн хүн цөлмөж, хагартлаа баяжиж байхад үлдсэн гурван сая иргэн өлөн зэлмүүн хоцорч, ухсан уул толгод, ширгэсэн гол горхи л үлдэж хоцрох нь буруу” гэсэн итгэл үнэмшил давамгайлна.

Монголчуудыг нэгэн цагт алтан дээр суусан гуйлгачин гэж хэлдэг байлаа. Одоо олонхи нь шороон дээр сандайлан хоцорч, цөөхөн хүн алтыг нь хуурайлж буй дүр зураг харагдах боллоо.

Тэрхүү цөөхөн хүн нь голдуу улстөрчид, эсвээс улстөрчдийг удирддаг олигархиуд байгаа нь санамсаргүй тохиолдол огт биш болов уу. “Бороо гоулд”-ын алтыг канадуудтай нийлж дуусгасан Сү.Батболд, “Цагаан суварга”-ын ордыг хууль батлах замаар булаасан Н.Номтойбаяр, Монголын төмрийн хүдрийг түүхийгээр нь зөөж хөлжсөн Б.Дэлгэрсайхан, Ноён уулаа ухах замыг нээсэн Ж.Эрдэнэбат, Эрдэнэтийн 49 хувийг өөрийн бүлэглэлдээ авч өгсөн Ц.Элбэгдорж гээд уул уурхайн баялаг руу эрх мэдлээ ашиглан дайрч буй улстөрчдийн жишээ олон.

“Долоо хоногийн толь” сонины зүгээс нийтлэлийн хурц бодлого, олон нийтийн эрх ашгийн талд зогсох сэтгүүлчийн итгэл үнэмшлийн хүрээнд энэ мэт төр, түмний баялгийг хувийн халаас руу гулсуулж буй улстөрчид, эрх мэдэлтнүүдтэй эвлэрэхгүй, үнэнийг уудлан илчлэх болно. Энэ удаа бид Бороогийн орд, Цагаан суваргын орд, Ноён уулын эмгэнэлт хувь заяаг давтах нь тодорхой болоод байгаа Тост, Тосон бумбын нурууны гаслант тавиланг дэлгэж байна.

Уг нь ховор ан амьтдын өлгий болсон энэ нурууны ойр орчимд нийтдээ 16 компани уул уурхайн лиценз эзэмшиж буй гэх мэдээлэл олон жилийн өмнөөс л сонстох болсон. Үүнд нутгийн иргэд ихээр ундууцан эсэргүүцэж, говь нутгийн эко системээ хамгаалах тэмцлийг эхлүүлж байсныг санаж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд сүүлийн есөн жил алт, нүүрсний лиценз эзэмшигч компаниудтай тасралтгүй тэмцсээр ирсэн. Үүний хүчинд 2016 онд УИХ-ын 36 дугаар тогтоол баталж, Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газарт бүртгэн тусгай хамгаалалтад авчээ. Гэвч тусгай хамгаалалтад авсан 743 мянган га талбайн хилийг тогтоохдоо “Саус Гоби Коал Транс” компанийн лицензтэй талбайг зориуд үлдээгээд шугам татчихжээ. Үүнд улс төрийн томоохон лобби явагдсан нь илт болов.

Гэвч иргэдэд энэхүү компанийн ард УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байдаг гэх хардлагаас өөр баттай баримт байсангүй. Нутгийн иргэд эсэргүүцээд, байгалийн нөөц газраар бүртгэл, тусгай хамгаалалтад аваад ч Тост, Тосон бумбын нурууг ухуулах аюулаас аварч чадсангүй. Төр засгийн шийдвэрт нөлөөлж, хуулийн нэр барьсан шуналтнуудын өмнө тэд хүчин мөхөсджээ.

Шүүх хурлаас шүүх хурал дамжиж явсаар эцэстээ шийдвэр “Саус Гоби Коал Транс” компанийн талд гарч, тэр даруй тус компани олборлолтоо эхлүүлсэн байх юм. Бүр шүүхийн шийдвэр гарахаас ч өмнө уул уурхайн ажлаа эхлүүлж, 200-300 мянган тонн нүүрс Хятад руу гаргасан гэдгийг нутгийн иргэд хэлж байв.

Зориуд буюу зохион байгуулалттайгаар хамгаалалтын талбайн гадна үлдээгээд, олборлолт хийж эхэлсэн тэр газар нь чухамдаа Тост, тосон бумбын нурууны гол амин судал нь юм билээ. Энэ орчимд 13 булаг, заган шугуй, дэлхийн улаан номонд орсон Тооройн төгөл байдаг. Мөн говь нутгийн амьдралыг тэтгэгч усны гол судал энд байдаг ажээ. Тус ордыг ашиглах эрхийг 2045 он хүртэл “Саус Гоби Коал Транс” компанид олгосон тул энэ хугацаанд ордын бүх алт, нүүрс ачигдаад дуусах бөгөөд говийн усны судал бүрмөсөн нүд аних аюултай. 

Гурвантэс сумаас 23 км-т орших энэ бүлэг ордын олборлолтоос болж, Тост, тосон бумбын нуруунд тоосжилт нүдэнд ил харагдахаар болж эхэлсэн байна. Энэхүү сөрөг нөлөөллөөс үүдэж, энэ нуруунд бүрэлдэж буй урсац Ховд орчмын булаг шанд, баян бүрд, бүр цаашлаад Хуршуутын гол, Нарийнсухайт орчмын олон тооны худаг ус, булаг шанд ширгэхэд хүрнэ.

Ийм илэрхий дүр зураг байсаар байтал байгаль орчны шинжээч болон шийдвэр гаргагчид тус олборлолт нь Тост, тосон бумбын нурууны эко системд сөрөг үр нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргасаар суугаа нь хачирхалтай.

Тост, Тосон бумбын байгалийн үзэсгэлэнг эрсдэлд оруулах ийм шийдвэрийг хэн, ямар ашиг сонирхлоор гаргуулж дөнгөв өө. Цоохор ирвэсийн өлгий болсон тус нурууг хамгаалахын төлөө нууцлаг байдлаар амиа алдсан байгаль хамгаалагчийн үхэл ч ийнхүү үнэ цэнэгүй өнгөрлөө гэж үү. Чухам ямар албан тушаалтан, эрх мэдэлтэн тус компанийн эрх ашгийг төлөөлж, хууль шүүхийг өөрсдийн талд үйлчлүүлж байна вэ. Энэ мэт олон асуулт хариултгүй үлдэж, харин аваагүй хариултынхаа оронд монголчууд ээлжит удаагаа хоосорсон баялаг, хохирсон иргэд, сүйдсэн байгаль хүлээн авахаар болж байх шиг.

Өнгөрсөн хугацаанд тус нурууны ойр орчим дахь дөрвөн компанийн зургаан лицензийг цуцалсан ч хамгийн чухал судал дээр хамгийн их талбайг эзэмшиж буй “Саусгоби Коэл Транс” компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсангүй. Түүгээр ч зогсохгүй, өдгөө олборлолтоо эхлүүлсэн тус компани нутгийн иргэдийг худалдаж авах, амыг нь таглах, Гурвантэс сумын иргэдийг өндөр цалинтай ажилд оруулах, мөнгө өгөх зэргээр эсэргүүцлийг намжаах арга хэрэглэж байгаа гэнэ.

Эндээс өмнө хэлсэн улстөрчдийн өнөөх технологи үнэртэж буй юм. Эрх мэдэлд хүрсэн улстөрчид аливаа томоохон орд баялгийг хувийн компанийн эзэмшилд шилжүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн арга хэрэглэн олборлолт явуулж, санасандаа хүрдэг.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Тост, тосон бумбын нурууны ойролцоо 153 мянган га талбайд лиценз эзэмшдэг гэдгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байсан. Дээр нэр дурьдсан “Саусгоби коэл транс” компани ч Б.Чойжилсүрэнгийнх гэдэг нь эртнээс тодорхой болсон баримт.

Тэгвэл саяхан түүнээс энэ талаар тодруулахад “Саусгоби коэл транс” компанийг 2014 онд бусдад шилжүүлсэн” гэж мэдэгдэв. Гэхдээ энэ нь улстөрчдийн гаргадаг энгийн л нэг заль мэх төдий зүйл гэдэг нь хэн бүхэнд тодорхой юм. “Цагаан суварга”-ын ордыг “Монголын алт компани” эзэмшдэг бөгөөд тус компани Б.Нямтайширын нэр дээр бүртгэлтэй. Гэвч энэ нь тус орд газрын эзэмшилтэй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр огт холбоогүй гэсэн үг биш. Яг л үүнтэй адил өөрийн компанийн бусдад шилжүүлсэн гэдгээр өөрийн хамаарлыг үгүйсгэж чадахгүй юм.

2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хамгийн олон лиценз эзэмшиж байгаагаараа толгой цохиж буй. Бэлэн мөнгө тарааж, УИХ-ын гишүүн болсон гэх хэл аманд өртөж байсан тэрбээр Монголын толгой баячуудын нэг. Улс төрд орсноор түүний хөрөнгө чинээ тун хурдтай өсч, “Хурд” групп нь бүх салбарт үйл ажиллагаагаа тэлэх болсны нэг нь уул уурхай билээ.

Тойрон хүрээлэгчид нь түүнийг 80 гаруй компанитай гэж ярьдаг. “Хурд групп”, “Хурд-Авто”, “Хаус инвест”, “Талын шонхор”, “Сауд гоби блейк гоулд”, “Апартмент Кей Эйч”, “Хурд ложистик”, “Хурд Автомотив”, “Хурд интернэшнл” гээд нэрлээд байвал чамгүй урт жагсаалт хөвөрнө. “Рапид харш”, “Апартмент кей эйч хотхон”, “Хурд таур” гээд томоохон орон сууцны хорооллуудыг эзэмшдэг.

Түүнийг хуулийн дагуу хөрөнгөжиж, баялаг бүтээж байгааг үгүйсгэхгүй. Амжилттай, сийрэг ухаантай, хөдөлмөрч бизнесмэн гэдгийг нь хүлээн зөвшөөрч ч болно. Гэхдээ  “Хуулийн дагуу” гэдэг нь “Зөв замаар” гэсэн үг бас биш. Тэр тусмаа хуулийг өөрсдөө батлаад, түүнийгээ өөрсдөө хэрэгжүүлж буй бол зөв байх магадлал буурч таарна.

Тухайлбал, Б.Чойжилсүрэн гишүүн өөрийн хууль ёсны эрх дархдаа туйлын бардам, хэнэггүй байгааг сэтгүүлчдийн асуултад хариулж буй байдлаас нь харсан. “Тост, тосон бумбын нурууны орчимд олборлолт эхлүүлснээр тэнд 1000 ажлын байр бий болж байна. Улсад татвар төлж байна” гэдгээр тэр өөрийгөө цагаатгахыг хичээж байх юм. “Үүний оронд дэлхийд ганцад тооцогдох ирвэсийн нутаг, говийн ус унд, малын бэлчээр сүйднэ шүү дээ” гэхэд “Бусдыг нь яагаад хэлэхгүй байгаа юм бэ. Намайг л улстөрч болохоор над руу ингэж дайрлаа” гэж хэгжүүрхэв. Эцэст нь тэрбээр “Үйл ажиллагаагаа зогсоохгүй ээ. Яагаад гэвэл, хуулийн дагуу олборлолт хийж байгаа. Хууль зөрчсөн ямар ч зүйл та нар олохгүй” гэж тавлах, мадлах аястай хэлээд зогсож байна. Тийм ээ, түүний үг үнэн. Монголчууд яг л ийм замаар буюу хуулийн дагуу л өмнөх бүх үнэт орд баялгаа дээрэмдүүлсэн.

Хуулийн дагуу бүхэн зөв байдаггүйн ээлжит жишээ бол Тост, тосон бумбын нурууны олборлолт болж байна. Мөн Цагаан суваргын ордыг эзэмшсэн аав, хүү хоёрын түүх ч багтана. Тэгвэл цөөн хэдхэн улстөрчид нь яг ийм аргаар Монголын баялгийг хуурайлж, уутлаад дуусгахыг монголчууд зүгээр л хараад суух, хүлцсээр байх тавилантай юу. Ардчилал бол хуулийн засаглал мөн гэх сайхан үлгэрт итгүүлж орхиод, хуулийг өөрсдөө зохиож, дээрэм тонуул хулгайгаа хуулийн дагуу гэсэн найдвартай бамбайн дор санаан зоргоор хийх ийм нийгмийг монголчууд хүссэн бил үү. Энэ байдлыг шүүмжилж, эсэргүүцсэн бүхнийг үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядах хөдөлгөөн гэж нэр хоч зүүн буланд шахахыг санаархаж байна. Өөрсдөдөө зориулж хууль батлах замаар, эрх мэдлээ ашиглах замаар хөлжиж, хөрөнгөжиж, ард олны баялгийг шулан мөлжиж байгаа бол ийм нийгмийг феодалын нийгэм гэж нэрлэдэг. Тэгвэл тийм нийгмийг төлөөлж буйнх нь хувьд олигархи хэмээгдэгч улстөрчдийг феодал гэчихвэл доромжилсон хэрэг болох уу...

НОМИНАЦИ