Шинэ мэдээ
Б.ЖАРГАЛСАЙХАН: Би залуудаа аварга, арслангуудтай барилдаж, гар зөрүүлж явлаа
2019-04-30 15:12:48   share

Д.Үржинбадам

“...Наад утсаараа яах гэж байгаа юм бэ... Зүгээр л далд хийчих, наадах чинь хоёр хүний хоорондын итгэлийг алдуулдаг эд байхгүй юу...” хэмээн намайг алмайруулж угтсан “Хасар Жагаа”... “Бүсгүйн зурвас” жүжгийн Архай сайдын сэтгүүлч бүсгүйд хэлж буй үг энэ.

Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУГЖ Бэх-Очирын Жаргалсайхантай ярилцлаа.

- Та сүүлийн үеийн уран бүтээлийнхээ сонин, содон мэдээллээс хуваалцаач. Олз дүүрэн байгаа байх?

- Улсын Драмын Эрдмийн Театрын 2019 оны шинэ уран бүтээл гуравдугаар сарын 01-нд нээлтээ хийлээ. Энэ бол Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиол. Үүнийг найруулагч Н.Наранбаатар театрын тайзнаа “Бүсгүйн зурвас” нэрээр тавилаа. Нийгэм рүүгээ чиглэсэн, уянгын драмын жүжиг. Би энэ жүжгийн гол дүр Архай гэх нөхрийн дүрд тоглолоо. Үзэгчид сэтгэл өндөр хүлээж авч байгаа. Манай театрынхан ч сэтгэл өндөр байна.

Одоо дөрөвдүгээр сарын 23-аас манай драмын театр Дорнод, Хэнтий аймаг руу аялан тоглолтоор явна. Энэ удаагийн тоглолт нэлээн ач холбогдолтой. Халх голын ялалтын 80 жилийн ойтой холбогдуулаад өргөн бүрэлдэхүүнтэй явна.  “Тэнгэрийн хүү”, “Бүсгүйн зурвас”, мөн Э.Оюун гуайн “Би эндээс явахгүй”, “Бардам туулай” зэрэг жүжгүүд тоглоно.

- Өвөрмонголчуудтай хийж байгаа “Чингис хаан” киноны ажил аль шатандаа явж байгаа вэ?

- Өвөрмонголчуудтай 66 ангит кино хийж байгаа. Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бээжинд ажлын айлчлал хийх үеэрээ энэ киног хамтарч хийх гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол их хөрөнгө орсон, том хэмжээний кино учраас бэлтгэл ажил хамгийн чухал. Киноны 70-80 хувь нь бэлтгэл ажил байдаг. Тэр утгаараа бэлтгэл ажил явагдаж байна. Аялан тоглолтоороо явж ирчихээд Өвөр Монгол руу энэ ажлаар явна.

- Кино зохиол бэлэн болсон уу. Та хэний дүрд тоглох вэ?

- Дүр сонголтыг хийгээгүй байгаа. Зохиолыг хоёр талаасаа бичиж байна.

- Энэ кино өмнөх “Чингис”-үүдээс ялгарах онцлог нь юу вэ?

- Өнөөгийн нөхцөлд зөвхөн монголчууд гэхгүй дэлхий нийтэд ямар мессеж өгөх вэ гэдэг дээр нухацтай ярилцаж  байгаа. Одоо хүн гэдэг амьтан чинь амархан мөнгө олчих юмсан, зовохгүй байж байгаад сайхан амьдарчихъя гэж боддог болсон цаг үе байна. Гэтэл хүн ямар их саад, зовлон бэрхшээлийг туулж байж амжилтад хүрдэг вэ. Шууд л мөнгөний хүчээр өөрийгөө хүнээр хүрээлүүлэх гэдэг. Тэгдэггүй юм аа. Хүн өөрөө хөдөлмөрлөж, тэр хэмжээгээр хүмүүс үнэлж, хүндэлж, тэр хүн эргэн тойрны хүрээллээ бий болгодог гэх мэт сургамжтай талаас нь энэ кино ач холбогдолтой гэж бодож байгаа. Мэдээж түүхэн үйл явдал нь бүгд байна. Нүсэр кино болно.

- “Хасар” гэдэг нэр бараг таны овог шиг дагалддаг болжээ. Хасарын дүрийг бүтээсэн нь танд хувь тавилан мэт санагддаг уу?

- Би энэ дүрд тоглосондоо өөрийгөө их азтай жүжигчин гэж боддог. Хувь тавилан гэх нь хаашаа юм, эргээд бодохоор их сонин зүйлүүд давхацдаг. Хавт Хасар 1164 онд төрсөн гэдэг. Харин би 1964 онд төрсөн гэхээр 800 жилийн давтамжтайгаар, их сонин. Ингээд бодохоор бэлэгдэлтэй ч юм шиг, хувь тавилан тэгж таарч байгаа ч юм шиг. Хасарт тоглосноороо үнэхээр бахархдаг, гоё санагддаг шүү. Одоо ард түмний маань өгсөн бараг л цол боллоо шүү дээ.

Гэхдээ мэдээж энэ дүрд намайг сонгож авсан агуу Б.Балжинням найруулагч, хамтарч тоглосон сайхан уран бүтээлч нөхдүүддээ үнэхээр баярлаж явдаг. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шиг. Тухайн үед 1987 онд би сургуулиа төгсөж ирээд хоёрхон жил болж байлаа. Жинхэнэ ногооноороо, юу ч мэдэхгүй амьтан, урьд нь нэг, хоёр кинонд тоглосон байсан. Тийм том хэмжээний түүхэн сэдэвтэй кинонд бараг далай руу үсрээд л орж байгаа юм шиг орсон доо. Эргээд бодоход үнэхээр сайхан байжээ.

Миний тоглосон тайз болон дэлгэцийн дүрүүд Жаргалсайханыг амьдралд төлөвшихөд, зан характерын хувьд ч нөлөөлсөн гэж боддог.

Анхны кино уран бүтээл 1987 онд хийсэн Сорогдогийн Жаргалсайханы зохиол “Хүний хүн” байсан. Тайзан дээр тоглосон анхны жүжиг “Халуун газар” гэдэг жүжиг. Аль аль нь шударга бус, буруу зүйл хийж байгаа дарга, удирдлагуудад шүүмжлэлтэй хандсан дүр. Тоглосон дүрүүдээ нэгээс нөгөө рүү шилжүүлээд бодоход дандаа үнэн зөвийн төлөө явдаг. Энэ утгаараа хувийн амьдралд нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Одоо өөрийн маань байдал ч гэсэн аливаа худал хуурмаг зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэлэх гэснээ хэлчихдэг, зарчимч байр суурьтай ханддаг. Мэдээж эсрэг дүрүүдэд олон тоглосон. Хамгийн сүүлд “Бүсгүйн зурвас” дээр Архай сайдын дүр байна. Гэхдээ эсрэг дүр байлаа ч 100 хувь өөрийн дүрээ өмөөрч тоглодог.

- Та киноноос гадна “Тамгагүй төр”, “Тэнгэрийн хүү”, “Хар санаа ба хайр сэтгэл”, “Гамлет”, “Кихот ноён” зэрэг Монголын болоод дэлхийн сонгодог олон жүжигт тоглосон. Эдгээрээс хамгийн их ажиллагаа шаардсан, санаанаас гардаггүй дүр аль нь байв?

- Тоглосон жүжгүүдийн маань дүр бүгд хоорондоо эрс өөр. Ер нь найруулагч нарын онцлог их байдаг. Надад Баатар МУГЖ Б.Баатар найруулагчтай “Кихот ноён” жүжиг дээр ажиллахад их сонирхолтой, нэлээн сэтгэгдэл төрүүлж байсан. Баатар найруулагч бол жүжигчин хүнийг сайн өдөөж, шүүсийг нь шахаж ажилладаг.

Баатар найруулагч нэг ярилцлагадаа хэлж байсан нь тод санагддаг юм. Хүмүүс ч санаж байгаа байх. “Хэрвээ Жаргалсайхан байхгүй байсан бол Кихот ноёныг хийхгүй байсан” гэж хэлснийг нь сонсохоор дотроо баярлаж байгаа хэрнээ бас эмээж, тэр хүний итгэлийг яаж алдахгүй байх вэ гэж бодсон. Гэхдээ би чадах учраас л энэ хүн намайг сонгосон. “Хэрвээ Жаргалсайхан байхгүй байсан бол Кихот ноёныг хийхгүй байсан” гэдэг бол аюултай үг байгаа биз. Аюултай хэрнээ маш том итгэл.

Ер нь найруулагч бүртэй ажиллахад сонирхолтой байдаг. Манай Н.Наранбаатар, Ч.Найдандорж, Ч.Түвшин найруулагч гээд бүгд өөрийн арга барилтай. Тэдэнтэй ажиллахад бүгдээрээ сонирхолтой. Би 30 гаруй жил бүх найруулагчтай ажиллахдаа бүгдийг нь яаж ажилладаг арга барилыг нь мэддэг боллоо.

Найруулагч дүрийг жүжигчинд өгөхдөө тухайн жүжигчнээс гарч болох нэг зүйлийг олж харсан байдаг гэж би боддог. Жишээ нь Н.Наранбаатар найруулагч Жаргалсайханаас тэс хөндлөн Архай сайдын дүрийг өгөхдөө надаас тухайн дүрд байж болох ямар нэгэн элементийг харсан учраас чадна гэж итгэжээ гэж бодно. Үүнийхээ дараа энэ дүрийг би юугаараа чадах болчихов оо гэж анализ, дүгнэлт хийнэ. Тэгээд л судалгаагаа хийж, сургалтандаа ордог доо.

- Одоо танд энэ л дүрийг бүтээчих юмсан гэсэн “мөрөөдлийн дүр” байгаа юу?

- Хүний шунал хязгааргүй гэдэг шүү дээ. Зарим уран бүтээлч тоглохыг хүссэн дүр, хүсэл мөрөөдлөө нууж явах хэрэгтэй л гэдэг. Би бол шууд хэлчихнэ.

Миний багш ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов гэж гайхамшигтай, агуу жүжигчин байлаа. Та нар бүгд мэдэж байгаа, хүүхэлдэйн киногоор ярьвал “Ну погоди”-гийн чонын дууг оруулж, “Эрдэнэ нуусан гар” киноны гол дүрийг бүтээсэн. Хамгийн сүүлд “1953 оны хүйтэн зун”-д тоглосон юм.

Манай багш инээдмийн талын жүжигчин. Багш маань “Миний амьдралын хүсэл мөрөөдөл “Лир ван”-д тоглохсон л гэж боддог. Зохиолын бүх үгийг цээжилчихсэн, тоглоход бэлэн. Гэтэл энэ муусайн найруулагч нар ерөөсөө намайг Лир ванаар харахгүй юм” гээд л инээдэг байлаа.

(Сэт: Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспир 41 настайдаа “Лир ван” зохиолоо бичжээ.)

1987 онд багш маань “1953 оны хүйтэн зун” кинонд тоглосныхоо дараа гэртээ өнгөрчихсөн. Тэгээд би багшийнхаа хэлж байсныг санаж, хийж чадаагүй дүрийг нь тайзан дээр амилуулж, ачийг нь хариулах юмсан гэж боддог болсон.

Энэ жүжгийг Баатар найруулагч надтай  хийхээр ярьж, “Жагаа, чамтай би Лир ванг хийнэ ээ, тэгээд л гүйцээ” гэж байсан л даа.

Энэ хүсэл мөрөөдөл маань одоо ч хэвээрээ. Мөн Монголын сонгодог гэж хэлж болох Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжигт нэг тоглочих юмсан гэж боддог. Үүнд манай агуу, мундаг жүжигчид тоглосон байдаг.

- Та Москвагаас сургуулиа төгсөж ирээд л теарт орчихсон уу. Яг хэдэн жил ажиллаж байна вэ?

- Тийм ээ, 32 жил ажиллаж байна.

- Таны хувьд дундуур нь хошин урлаг руу холбирсонгүй. Нэг хэсэг жүжигчид ахиу орлогоос нь болж энэ салбар руу орсон байдаг?

- Жүжигчин хүнд байх ёстой нэг чадвар бол аль ч төрлөөр тоглох чадвартай байх ёстой. Гэхдээ тухайн жүжигчний өөрсдийнх нь сонголт шүү дээ. Миний сонголт энэ драмын театр. Мэргэжлийн, мэргэшсэн жүжигчин энэ театрт байх ёстой. Их урлагтаа би байж байх ёстой гэж л боддог.

Манай драмын театр бол арилжааных биш, төрийн театр. Улс, эх орон, ард түмэндээ соёлыг түгээж, драмын урлаг ямар байх ёстойг таниулж байх үүрэгтэй. Мэдээж бидэнтэй төстэй үйл ажиллагаа явуулдаг продакшнууд байна. Үүнийг арилжааны байгууллага гэж хэлж болно. Бидний тус тусын л сонголт. Би төсвийн цалингаа голдоггүй. Надтай адил төсвийн цалинтай хүмүүс их байна. Одоо яахав дээ, байгаа мөнгө нь тэр юм чинь. Тэглээ гээд хүн гуниж гутарч болохгүй. Хажуугаар нь боломжит өөр ажлууд хийх хэрэгтэй.

- Театрт орсон зарим залуу жүжигчин удахгүй гарчих юм. Магадгүй цалин мөнгө бага байдгаас болдог байж болох?

- Театрын дэг жаяг, театрын хууль, дүрэм журамд нийцэж ажиллаж байх хэрэгтэй. Би бол театрынхаа дэг журамд зохицож ажиллана. Түүнийхээ хажуугаар хувийн кино, жүжиг, хувийн бизнес гээд бүх зүйлээ амжуулаад явж байна. Хамгийн нэгдүгээрт театрынхаа хууль дүрэмд зохицож ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт хувийн ажлаа зохицуулах хэрэгтэй. Тийм шалтгаануудаас болж хүмүүс орж, гарах асуудал байдаг.

- Та урлагийн гал тогоонд 30 гаруй жил ажиллачихжээ. Энэ бол бага хугацаа биш. Тиймээс Монголын тайз, дэлгэцийн урлагийн хөгжлийн талаар үнэлэлт, дүгнэлт өгөх хүний нэг. Хөгжил ямар хэмжээнд явж байна вэ?

- Ер нь 1990 оноос өмнө манай драмын театр олон сайхан жүжиг тавьж байлаа. Тухайн үед улсаас тав, таван жилээр төлөвлөгөө гаргаж явдаг байсан. Үүнтэй холбоотойгоор 50, 60-аад онд их бүтээн байгуулалт, атрын аяны тухай жүжиг голчилж байж. 70, 80-аад онд сонгодог жүжгийг тавьж эхэлсэн. Энэ мэтээр шатлалтай байсан бол 1990 оноос хойш зах зээлд шилжсэн үед улс даяараа бүх салбар хямарлаа. Тэгэхэд теарт маань тэдний нэгэн адил байсан боловч ямар ч байсан галаа унтраачихгүй, мань мэт чинь бууриа сахиж үлдсэн дээ.

Энд бол театрын бодлого явдгаараа явж байсан. Харин ч оновчтой, сайн уран сайхны бодлогуудыг явуулж байсан гэж би боддог. Тухайн үед сонгодог урлаг гэдгийг “Шекспир”-ээр төсөөлдөг байсан бол бусад улс орны сонгодог зохиолуудыг оруулж ирж байх жишээтэй. Эргээд түүхэн жүжгүүдээ оруулж ирсэн. Жишээ нь “Хаан түүх” гээд жүжиг. Энэ бол Монголын театрын түүхэнд гурван бүлэг, том жүжиг орж ирж байлаа. Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр”, дахиад “Ромео, Жульетта”-г яг сонгодог хэлбэрээр нь оруулж ирсэн. Тэгээд 96, 97 он хүртэл үзэгчдэд юу хэрэгтэй байгааг сайн мэдэрч, үзэгчдээ барьж, тогтоох их зөв бодлого барьж явжээ. Зах зээлд шилжсэн хүмүүс чинь ганзагын наймаанд тал тал тийшээ явж байсан бол 96 оны үеэс тэд маань хийх ёстой ажлаа хийгээд, цуглуулах ёстойгоо цуглуулаад эргээд суурьшмал байдалд орон, жүжиг үзэж эхэлж байгаа юм.

2000 оноос хойш үзэгчдийн драмын жүжиг үзэх хандлага улам ихэссэн. Ер нь театраас 90-97 оны хооронд явуулсан үйл ажиллагаа, бодлого нь сайн байсан учраас өнөөдрийн энэ түвшинд хүрэх суурь нь болсон гэж би хэлдэг. Тэгэхгүйгээр буруу бодлогоор яваад навс унасан бол хүүхдийн театр шиг эвгүй байдалд ороод, хувьчлагдаж, ийш тийш болчих байсныг үгүйсгэх аргагүй. Бүх юмыг хувьчлан, үрэн таран хийж байсан тэр үед театраа авч үлдэж өдийг хүрсэн байхад, 2000 он гарсны дараа ч театр хувьчлах тухай асуудал манайд дотроосоо яригдаж байсан шүү.

Театрыг гурав, дөрөвхөн жүжигчинтэй үлдээж, бусадтай нь гэрээгээр ажиллан, өрөө, тасал­гаануудаа чөлөөлж, түрээс­лүүлэх замаар ажиллах яриа явагдаж байлаа. Үүнд бидний хэсэг уран бүтээлч эсэргүүцэлтэй хандаж, тухайн үеийн боловсролын сайд, урлаг соёлын бодлогын дарга нарт нь өргөдөл бичиж өгч, бөөн л юм болж байсан. Түүнээсээ болж элдвээр хэлэгдэн, ад үзэгдэж л байлаа. Одоо бол теарт маань аятайхан явж байна л даа.

- Зах зээлд шилжсэний дараах хямралын үед театрын удирдлага нь хэн байсан бэ?

- 1994 он хүртэл манай нэрт найруулагч Г.Доржсамбуу театрын дарга, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. Доржсамбуу найрулагчийг өөд болсноос хойш Урлагийн ухааны доктор Зориг багш 2000 оныг хүртэл театрыг авч явсан. Та нар мэднэ дээ, “Алтан өргөө” киноны Сүмбээгийн дүрд тоглодог.

Тэр хоёр маань бодлогыг маш зөв явуулж байсан гэж би бардам хэлдэг юм шүү.

Одоо манай драмын урлаг ямар явж байна вэ гэхээр, уран бүтээлчдийн хувьд ер нь дажгүй. Өөр улс орнуудад жүжиг үзэж, киноы уран бүтээлчидтэй хамтраад явж байхад манай уран бүтээлчдийн тоглох ур чадвар нь сайн байна. Ганц асуудал нь хэлний бэрхшээл. Мань мэт нь ганц орос хэлнээс цаашгүй байна шүү дээ. Яаж азаар Орост сургууль төгссөн юм бэ.

Түүнчлэн Монгол дотроо харьцуулалт хийхэд хэцүү. Учир нь драмын чиглэлийн ганцхан театртай. Гэхдээ Өвөр , Хальмаг, Буриад, Москва зэрэг гадны театртай харьцуулаад үзэхэд жүжигчдийн ур чадварын хувьд маш сайна байна.

Харин манайх байшин барилга, тоног төхөөрөмж дээрээ анхаарал тавихгүй бол навс доор унасан. Харин саяхан Засгийн газраас улсдаа нэг томоохон хэмжээний үндэсний урлагийн театр, байгалийн түүхийн музейтэй болгох шийдвэр гаргалаа. Энэ бол их л сайхан мэдээ байна.

- Театрын урлагийн уран бүтээлийн талаар салбар яам, соёл урлагийн газраас бодлого баримталдаг уу. Та нар өөрсдөө дотооддоо санаа бодлоо уралдуулж байна уу?

- Би бол гүйцэтгэх ажилтан, жүжигчин хүн шүү дээ. Гэхдээ миний ойлгож байгаагаар бид нийгмийнхээ уур амьсгалыг мэдэрч ямар жүжиг тоглох вэ гэдгээ шийдээд байх шиг байна. Яамнаас яг ийм юм хий гэж тулгасан тодорхой чиглэл, даалгавар байхгүй л дээ. Гэхдээ мэдээж манай театрын дэргэд жүжгийг хянадаг, уран сайхны зөвлөл гээд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг байдаг. Хэтэрхий алаан хядаантай, садар самуун сурталчилсан, хэт нэг талыг барьсан зүйл байж болохгүй. Хамгийн гол нь үзэгчдийнхээ таашаалд нийцсэн, оюун санаанд нь өгөөжтэй байх хэрэгтэй. Тэгэхээр манайх театрынхаа урын сангийн бодлогоо өөрсдөө тодорхойлж явж байна гэсэн үг. Харин дээрээс цалинг нь өгч байгаа учраас юу хийж байна вэ гэдгийг хянана. Бид харшлахгүй юм хийж байгаа учраас театрын бодлого гайгүй явж байна гэж хэлмээр байна.

 - Залуу жүжигчдээс танд хэн нь тоогдож байна вэ. Мэдээж чадварлаг жүжигчин олон байгаа байх?

- Манай театрын уран бүтээлчдийн бараг 70 хувь нь залуучууд байна. Мань мэт бол ахмадынхаа тоонд орчихсон шүү дээ.

Жүжигчин мэргэжлийг эзэмшээд сургуулиа төгсөөд диплом, тэмдэг авна гэдэг нэг хэрэг. Яг театрт ороод дунд нь ажиллана гэдэг бас өөр. Тэгэхээр яг одоо “тэр нь тийм болохоор байна” гэж хүүхдүүд дээр хэлэхэд арай эрт байна. Ер нь хөдөлгөөнтэй, аятайхан залуучууд байгаа. Гарч ирэх байх.

Залуучууд маань тодорхой зохиолын дүр дээр, ганц хоёр кинонд тоглоод өөрийгөө илэрхийлэх гээд явж байна. Улам үүнийгээ баталгаажуулж, өөрийгөө нээж явах хэрэгтэй.

Ер нь жүжигчин хүний авьяас, мөн чанарыг шалгадаг ганц газар бол театр шүү дээ. Би кино гэж хэлэхгүй байна л даа. Гэхдээ кинонд гайхамшигтай дүр бүтээж байгаа олон сайхан хүн байна. Монголын сор болсон ахмад жүжигчдийг харахад бүгд театраас тэр хүний ур чадвар гарсан байдаг.

Би залуучууддаа хэлдэг юм. Хэрвээ энэ театрын жүжигчин болох гээд орж ирсэн бол зорилгоо бүү март, битгий элдвийн зүйлд сатаар, өөрөө өөртөө үнэнч бай гэдэг. Сайхан залуучууд байна, удахгүй гарч ирнэ ээ.

- Таныг спортод дуртай, тэр дундаа бөхөд илүү “хорхойтой” гэдэг?

- Би ер нь аль ч спортыг сонирхдог. Бага байхдаа бүх л спортыг “оромцоглодог” байлаа. Одоо бага үеийн баярын бичиг, сайшаалын үнэмлэхүүдээ харахаар уртын харайлт, өндрийн харайлт ч гэх шиг, теннис ч гэх шиг, дандаа байр эзэлчихсэн байгаа юм. Тэгэхээр олон юмыг сонирхож байж. Үүнээс үндэсний бөх, чөлөөт бөхийг илүү сонирхож, тодорхой хэмжээнд хичээллэж байлаа. Эргээд бодохоор бөхөөр хичээллэж байсан үе маш гоё. Луу жилтнүүд гээд алдартай, сайхан бөхчүүд байна. Тэдэнтэй хамт барилдаж, гар зөрүүлж явсандаа баярладаг. Одоо ч тэр бөхчүүдтэйгээ найз нөхөд болж, мэндийн зөрүүтэй явдаг.

Бөхийн спортоор хичээллэснээр миний амьдралд нөлөөлсөн нэг чухал зүйл бол хөлсөө гаргаж, оюун ухаанаа дайчилж байж ялалт, амжилтад хүрдэг юм байна гэдгийг ойлгуулж өгсөн. Тийм учраас бөхөөр хичээллэж байсан гурав, дөрвөн жилийн хугацаа миний амьдралд асар их орон зайг эзэлдэг гэж болно.

СЭТГҮҮЛЧ: Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр 1964 онд төрсөн нэгэн үеийн Луу жилтнүүд онцгой байр суурь эзэлнэ. Өнөөгийн байдлаар 1964 онд төрсөн Луутнуудаас Монгол бөхийн бүхий л цолтон төрсөн нь онцгой ховор тохиолдол юм. Луу жилтнүүдэд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, гавьяат тамирчин, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат агсан, гавьяат тамирчин, улсын заан Ц.Баярсайхан, улсын заан Д.Хишигдорж, улсын заан Ч.Бямбадорж, улсын харцага Б.Жавхлантөгс, улсын харцага Ч.Даваадорж, улсын харцага М.Дармаабазар, гавьяат тамирчин, улсын начин Ло.Эрхбаяр, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ч.Батбаяр, улсын начин Д.Сүхбат, улсын начин Х.Амараа, улсын начин Д.Ганболд, улсын начин Ц.Энхжаргал, улсын начин Ю.Алтансүх, улсын начин Д.Амаржаргал, улсын начин И.Ганбаатар нарын хүчит бөхчүүдээс гадна гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан багтана.

- Тэгвэл яаж урлаг руу оров оо?

- Би сайндаа театрын сургуульд тэнцчихсэн юм биш шүү дээ. Их сонин. Би хөдөөний хүүхэд, тавдугаар ангиасаа хотод шилжин ирж сурсан. Алтан Москвад очиж үзэх нь миний хүсэл мөрөөдөл болчихсон байлаа.

1982 онд Москвагийн театр урлагийн сулгуульд жүжигчин авах гээд сургуулиудаар явсан юм байна. Яг тэр үед нь би чөлөөт бөхийн тэмцээнд орох гээд байгаагүй. Одоогийн “Залуучууд” зочид буудалд, нэг л том бөх гэдсээ илээд хэвтэж байлаа. Тэгсэн манай ангийн Сүхээ гээд хүүхэд Москва руу жүжигчин элсүүлэх гээд том жүжигчид ирчихсэн байна. Чи шалгуул гээд ирж хэллээ.  Би ч тэмцээнтэй, юун жүжигчин болох гэсэн юм хэлээд тоохгүй байсан. Тэгсэн, хүүе чи чинь яасан тэнэг хог вэ, Алтан Москваг л үзэх юмсан, тэгвэл амьдын жаргал, хүсэл мөрөөдөл биелэлээ гэдэг биз дээ. Энэ сургуульд тэнцчихвэл тэрийгээ үзэх гээд байна мангар аа гэдэг. Тэгэхэд л нээрээ болохгүй нь юу байхав, гэж толгойд орж ирж байгаа юм.

Театр дээр ирлээ. Энэ театрын 17-р өнөөнд шалгалт авч байна. Толгойд алтан Москва л бодогдоод байгаа юм.  Тэгээд хэлсэн болгоныг нь хийж, гүйцэтгээд л байлаа. 20 хүүхэд тэнцүүлснээс эхний тавд нь шалгарлаа. Ингээд алтан Москваг үзлээ, Улаан талбай дээр ч очлоо... Тэгээд л сургуульдаа сурсан даа.

Мундаг агуу багш нар урлаг, тэр дундаа жүжигчин хүний мэргэжил ямар гайхамшигтай вэ гэдгийг зааж ойлгуулсан. Хэзээ ч хагацаж салахааргүйгээр мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулсан учраас өнөөдрийг хүртэл хаашаа ч холбирч, хазайж явсангүй, энэ театрынхаа улаан байшинд амьдралынхаа талаас илүү хугацааг өнгөрөөчихөөд байж байна.

- Таныг театрын сургуульд тэнцчихээд байхад бөхийн багш нь явуулахгүй гэж аав, ээжтэй тань уулзаж байсан гэдэг?

- Театрын сургуульд тэнцчихлээ. Манай бөхийн багш Гавьяат дасгал­жуулагч Очирын Цэрэндагва гэж мундаг хүн байсан. Ж.Мөнхбат аварга, Х.Баянмөнх аваргын багш.

Багш маань Увс аймгийн харьяат, Улсын начин Д.Баатаржавтай ирлээ. Манайх одоогийн 100 айлын Jobi төвийн яг тэнд байсан. Багш маань намайг бөхөөр явуулахгүй гэж тас загнаад, аав, ээжтэй уулзахаар ирж байгаа нь тэр. Зун байсан, би гэрийнхээ гадаа, зүүнхойд хаяанд нөхдүүдийн яриаг сонсоод л байж байлаа. Багш нэг шил юм задалчихсан “Жагаа ерөөсөө л бөхийн хүн, буруу мэргэжил сонгочихоод байна” гээд... Би ч аав юу гэж хэлнэ тэрийг л дагана даа, баларсан юм боллоо доо гээд байж байтал бөхийн яриа ч дуусч байх шиг байна. Тэгсэн аав маань хүү минь шалгалт өгөөд тэнцчихэж, өөрийнхөөрөө л болог доо гэж байна. Алтан Москва нүдэнд харагдаад, чих шуугиад явчих шиг болж байгаа юм. Дараа нь сургууль төгссөн хойноо багштайгаа уулзаж, мэнд усыг нь мэддэг байсан. Чиний сонголт зөв байж гэсэн юм.

- Танд залуудаа “оддын өвчин” тусч байсан үе бий юу? “Од” гэж ийм байдаг болов уу гэсэн бодол төрж байв уу?

- Хэн ч надаас ингэж асууж байгаагүй юм байна. Надад ёстой тийм зүйл байгаагүй. Жишээ нь “Хасар” дээрээ ярья л даа. “Хасар Жагаа” гэхээр л бараг хоёр, гурван жил ичиж явдаг байлаа. Сүүлдээ “Хасар Жагаа” гэхээр “Юу” гээд эргэж хардаг болж, Жагаа гэхээр харахгүй шүү. Тэр нь л “од” болж байгаа юм байлгүй дээ. Инээв Гэхдээ надад тэгж бодогдож байгаагүй. Тэр үед одоогийнх шиг дууны клип, реклам сурталчилгаа ч их гардаггүй байлаа. Ёстой л жүжиг, кинонд тоглоход үзсэн хүн нь мэднэ. Од болно гэсэн юм ёстой байгаагүй.

Одоо намайг Монголын ард түмэн маань мэддэг болсон байна. Тэр нь л сайхан. Жүжигчин гэсэн мэргэжил маань хэн ч мэдэхгүй өнгөрсөнгүй, бас хойч үе, үр хүүхдүүддээ, монголын үзэгчдэдээ Бэх-Очирын Жаргалсайхан гэж жүжигчин байсан юм байна шүү, ийм ийм кино, жүжигт тоглож байсан гэж өөрийгөө үлдээж байна гэдэг том бахархал юм даа.

- Таныг анх театрт орж ирэхэд маш мундаг том жүжигчд хүлээж авсан байх. Тэднээс танд үлдсэн хамгийн том олз юу вэ?

- Намайг театрт орж ирэхэд Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, “муухай” Пүрэвээ гээд маш олон мундаг жүжигчин байсан. Миний үеийн төгсөлт “Алтан үе”-ийнхний дараагийн үеийн сүүлнээс мушгиж аваад үлдсэн. Яг юуг авч үлдсэн бэ гэхээр урлагтаа туйлбартай үнэнч байх, тайзаа хүндлэх соёл, ёс суртахууныг авч үлджээ. Мэдээж сургамжтай олон зүйл байлгүй яахав.

Би өмнө нь энэ яриаг хэнд ч өгч байгаагүй юм байна....

Н.Ганхуяг найруулагч “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгийг тавихад надаас тэс хөндлөн Гофмаршал гэдэг дүрийг өглөө. “Жагаад нэг юм байна гэж харжээ” гэж бодсон мөртлөө юу билээ, яах билээ гэж бодсон. Тэгээд сургуулилтын явцад ерөнхийдөө дүр маань гайгүй болох тийшээ хандаж эхэллээ.

Нэг өдөр нүүр будагруугаа орж, толинд хараад янз бүрээр будаад сууж байтал Ц.Гантөмөр гуай орж ирээд “Миний хүү, чиний дүр дээр урьд нь Д.Дамдинсүрэн гуай тоглож байсан шүү. Ингэж тоглодог, ийм учиртай” гээд хэллээ. Тэгэхэд Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайтай нэг өрөөнд байдаг байсан.

“Би дүрийнхээ чиг шугамыг гайгүй олоод байна аа. Харин нүүр будаг дээр анхаарах хэрэгтэй байна” гээд санаагаа хэлсэн. Нүүр рүү нэг харснаа, миний хөмсгийг дараад, үүн дээрээ хөмсөг хийчих гэж хэлсэн. Тэгээд хэлснээр нь хөмсгөө дарж будаад дээр нь “пан” гээд зураас хийчихлээ. Харсан нэг л сонин. Тэгэхээр нь нүднийхээ дээд, доод зовхин дээр жаахан зураас хийлээ. Тэгээд маргааш нь Гантөмөр ахыг ирэхээр будаад харуулсан “Өө мөн байна. Чи хүний үгийг авдаг сайн хүүхэд” гэж байсан. Тэгэж надад дотор талаасаа ажлаад гайгүй болж байгаа ч гадна талаасаа яаж харагдах вэ зэргээр ахмадууд маань маш нарийн мэдрэмжтэй сургамж өгч, зөвлөсөн зүйл их байна.

- Таны гэр бүл бусдад үлгэр жишээ болохуйц шүү дээ. Таныхаар гэр бүлийн үнэ цэнэ, бат бөх байдал юун дээр тогтдог вэ?

-Бид хоёр аравдугаар ангиа төгсөөд, жаахнаасаа л суучихлаа шүү дээ. Гэр бүл болоод 37 жил болчихжээ.

Би философилог юм ярьмааргүй байна. Бид хоёрын баримталдаг зарчим бол хоёр биенээсээ нуух зүйлгүй, илэн далангүй ярилцах. Нууц гэдэг нь түрүүний хэлдгээр “хоёр хүний хоорондын итгэлийг алдуулдаг эд” гэдэг шиг зүйл. Итгэл байх хэрэгтэй.

Бие биеэсээ нэг өгүүлбэр, хоёр өгүүлбэр нуугаад байвал даамжирч, хуримтлагдсаар нэг л өдөр нэгнийхээ итгэлийг алдсан хамгийн гол “цөмийн зэвсэг” болно. Одоо залуучуудтай яриад, ажиглаж байхад найзууд, эхнэр нөхөр бие биеэсээ нуух нууцтай байх ёстой гээд байгаа юм. Тэрийг би ерөөсөө ойлгодоггүй. Хамгийн гол нь амьдрал дээр нэг гэр бүл болоод явж байгаа бол нууц гэж байх ёсгүй юм шиг санагддаг. Магадгүй илэн далангүй байдлаасаа болоод үл ойлголцох асуудал гарч болно. Түүнийг залруулж болно шүү дээ. Амьдралд юу эс тохиолдохыг тэр гэх вэ, гэхдээ л эргээд бие биеэсээ уучлалт гуйдаг, уучилдаг байх хэрэгтэй. Бие биеийнхээ сэтгэлийг уудалсан сайхан зүйл ярьж, ойлголцох хэрэгтэй.

- Анх танилцаж байх үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

- Хөгжим бүжгийн зүүн талд, одоогийн “Ардчиллын ордон” тухайн үед манай Соёлын яам байлаа. Тэнд Д.Цэгмид сайд театрын сургуульд тэнцсэн хүүхдүүдтэй уулзаж “За хүүхдүүд минь Орост очоод Монгол орныхоо нэр төрийг бодоорой. Янз бүрийн асуудалд орвол та нарыг ярихгүй, Монгол гэж ярина шүү” гэж захиасаа хэллээ. Энэ үед Уугийтайгаа анх үг сольж танилцаж байсан. Шаргал өмдтэй, шанхай кэйт гэдгийг өмчихсөн. Нээх хөөрхөн нүдтэй охин байсан. Одоо ч тэр төрх нь хэвээрээ. Тэгээд Эрхүүгийн бэлтгэлд нэг жил хамт сураад, удалгүй амьдралаа холбосон доо.

Бид хоёр 1983 оны өвөл хоёрдугаар сарын 14-нд гэрлэлтээ батлуулж байлаа. Тэр нь валентины өдөр байсан юм билээ. Бид хоёр ерөөсөө анзаардаггүй байсан.

- Ярилцсанд баярлалаа.

НОМИНАЦИ