Шинэ мэдээ
100 айлд буудуулсан хүн томоохон гэмт хэргийн бүлэглэлийн золиос болсон уу?
2019-05-01 12:19:59   share

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу 100 айлын автобусны буудлын дэргэдэх Нарлаг цайны газрын орчим  хүн буудуулж нас барсан билээ. Нас барсан хүн 40 орчим насны эрэгтэй бөгөөд сэжигтэн хэргийн газраас оргон зайлсан агаад эмэгтэй хүн байж магадгүй ба  эрэн сурвалжилж байгаа юм байна. Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар талийгаач өөрийгөө буудсан байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан ч буу нь ойр орчмоос олдоогүй. Талийгаач толгойн тус газраа буудуулсан байжээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "100 айл орчимд толгойдоо шархтай хүн нас барсан. Буудуулсан, амиа хорлосон эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийг харсан гэрч байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдээлэл ирүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна. Цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүрүүлсэн. Задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Задлан шинжилгээ цогцост хийх үзлэгээр үхэлд хүргэсэн шалтгаан нь тодорхой болно” гэв.

Тус хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм байна. Хэргийн талаар шинэ мэдээлэл Цагдаагийн байгууллагаас албан ёсоор өгөөгүй байгаа бөгөөд хэргийн мөрдлөгийн талаар ихэд нууцалж байгаа гэнэ. 

Сүүлийн үед хэргийн үйлдэгдсэн байдал ээдрээтэй, илрэх боломж магадлал багатай бол амиа хорлосон байж магадгүй гэдэг дүгнэлтийг Цагдаагийн байгууллагаас урьдчилж түгээдэг уламжлал бараг тогтоод байна. Үүнд иргэдийн зүгээс үл итгэх байдалтай хандаж, энэхүү хэргийн цаана томоохон гэмт хэргийн бүлэглэл, нууц зохион байгуулалттай бүлэг байх вий гэж хардаж буй юм. 

НОМИНАЦИ