Шинэ мэдээ
"Майн тех" МСҮТ-ийн захирал Т.АМАРЗАЯА: Манай төгсөгч охин саяхан Монгол улсын Ерөнхийлөгчөөс шагнал хүр
2019-03-21 10:50:22   share

“MАЙН ТЕХ” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Т.Амарзаяатай ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Тогоосүрэнгийн Амарзаяа гэдэг. Үндсэн  мэргэжил багш. 2001 оноос эхлээд мэргэжлийн боловсролын салбарт тасралтгүй 18 жил ажиллаж байна. Анх 2001 онд “Барилгын коллеж”-д ажил амьдралынхаа гарааг багш, сургалтын менежерээр эхэлж байлаа. 2012 оноос хойш одоог хүртэл “Майн Тех” МСҮТөвд ажиллаж байна.

-Анх хэзээ үүсгэн байгуулагдсан бэ. Салбар сургууль байдаг уу?

-Анх 2005 онд ROBEX нэртэй байгуулагдаж, экскаваторын оператор бэлтгэж байсан. 2012 онд "Майн Тех" МСҮТ болж өргөжсөн. УБ хотод л сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 -Ямар мэргэжлээр, хэр хугацаанд суралцаж төгсөх боломжтой вэ?

-Үндсэн анги бол нэг жил. Үндсэн  ангидаа хүнд машин механизмын оператор, засварчин, автомашины засварчин, гагнуурчин бэлтгэнэ. Богино хугацааны гэвэл уул  уурхай, барилга, зам гэх мэт дэд бүтцийн салбарт ашиглагдаж байгаа бүх машин механизмын засварчдыг бэлтгэж байна даа.

-Суралцагчдын хувьд насны хязгаар байдаг уу?

-Ер нь нас бол харьцангуй ойлголт. 16-50 гаран насныхан суралцаж байна. 16 насныхан суралцаад дараа нь ажлын байранд гарахаар хөдөлмөрийн насанд хүрээгүй гэдэг утгаараа хүндрэлтэй байдаг. Уул уурхайн салбар хөгжиж байгаатай холбоотойгоор Мэргэжлийн боловсрол хэрэгтэй гэдэг утгаараа Их, дээд сургуулиа төгссөн залуучууд маш их сурч байна. Уул уурхайн мэргэжлээр төгссөн хэрнээ ажлын байран дээр гараад техник, хэрэгслээ мэдэхгүйгээс болоод ажлын байранд бэрхшээл тохиолддог. Тийм учраас буцаад анхан шатны мэргэжлийн боловсрол хэрэгтэйг ойлгоод их ирдэг.

-Ямар зэрэг цолтой багш нар багшилж байна вэ?

-Бакалавраас дээш зэрэг цолтой багшийг ажилд авдаг. Гол шалгуур нь үйлдвэрлэл дээр ажиллаж байсан дадлага туршлагатай байх ёстой. Жишээлбэл, уурхай дээр уулын сургагчаас эхлээд оператор хийж байсан, ажлаа мэддэг байх гэсэн асуудал дээр анхаарал хандуулдаг. Энэ ч утгаараа бид ажил олгогч нартай нэлээн хамтардаг. Сүүлийн үед мэргэжлийн боловсролын салбарт үйлдвэрлэлийн дадлагажуулагч гэдэг асуудлыг их ярих болсон. Ер нь 50-аас дээш ажилтантай байгууллага бүр дотроо үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш ажиллуулна гэсэн хуулийн заалт байдаг. Энэ заалтын дагуу ажиллуулж байгаа үйлдвэрлэлийн газрууд бас цөөхөн байна л даа.

-Танайхаас өөр ийм чиглэлийн сургууль байдаг уу ?

-Байдаг. ШУТИС гэх мэт хэд хэдэн сургууль байдаг юм байна лээ.

-Танай байгууллагын гаргасан амжилт болон ирэх онд хийхээр төлөвлөсөн зүйлсийг сонсмоор байна?

-Багшийн эрдэм шавьд гэдэг шиг бидний гол амжилт бол суралцагчдын л амжилт юм. Манай төгсөгчдийн 70-76% нь төгссөн даруйдаа шууд ажлын байртай болдог. Энэ бол манай сургуулийн амжилт мөн бахархал болдог. Ямарваа нэг уралдаан тэмцээн болоход манай сургууль нэлээн амжилттай оролцож дандаа тэргүүн байр эзэлдэг.

-Оюутнуудтайгаа хамтраад хичээллэх явцад хамгийн сайхан нь юу вэ?

-Ер нь багшийн мэргэжил сайхан л даа. Хэт баяжсан багш гэж байдаггүй. Ядуу ч байдаггүй. Багш гэдэг бол алтан дундаж орлоготой сайхан мэргэжил юм. Их олон хүүхдүүд залуучуудад эрдэм мэдлэг түгээнэ гэдэг маш том буян гэж би боддог. Тийм ч учраас мэргэжлээрээ би бахархдаг.  Ямар ч хар муу энерги байдаггүй.

-Таны хувьд мэдлэг чухал уу. Эсвэл хувийн зан чанар чухал уу?

-Ер нь бол хувь хүний хүмүүжил, хандах хандлага их чухал. Бид суралцагчиддаа ч энэ талаар сургалт семинар зохион байгуулдаг. Мэдлэгийг хүн өөрөө бүтээдэг. Ажил хийгээд ирэхээр хувь хүний хандлага л их шаардагддаг.

-Сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл учирдаг уу?    

-Уг мэргэжил нь өөрөө тийм ч амар хялбар биш. Нэлээн хүнд нөхцөлийн мэргэжил юм. Цалин хөлсний хувьд төрийн сургуулиудыг бодвол харилцан ялгаатай байдаг.  Багш нар маань өндөр цалин хөөх хандлагатай байдаг. Хэрэв цалин хөлсний хувьд хэвийн байвал багш нар тууштай ажиллаж болно.

-Суралцагчдын зүгээс асуудал хүндрэл хэр гардаг вэ?

-Мэргэжлээ бүрэн сонгож чадаагүй, зорилго нь тодорхой бус хүүхдүүд байдаг л даа. Ихэвчлэн ойр дотны хүмүүсийнхээ шахалт шаардлагаар мэргэжлээ сонгочихсон. Энэ байдал нь гол төлөв 15-20 хүртэлх насныхан байдаг. Тэд ингэснээрээ цаг хугацаа алддаг, шантардаг.

-Хүмүүс ихэвчлэн тааруу сурлагатай хүүхдүүд МСҮТ–д суралцдаг гэж ойлгодог. Энийг та юу гэж боддог вэ?

-Өмнө нь бол тэгж ярьдаг л байсан. Харин одоо ийм ойлголт харьцангуй буурсан байх гэж бодож байна. Суралцахаар ирж буй хүүхдүүдийн маань хандлага ч өөр болсон. Манай мэргэжлийн салбараас МСҮТ-ийн төгсөгч охин хүртэл саяхан Монгол улсын Ерөнхийлөгчөөс шагнал хүртсэн байдаг.

-Та залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна?

-Бид үргэлж л хүүхэд, залуучуудтай хамтарч ажилладаг. Тэд маань цаашдын ирээдүйн зорилгоо тодорхойлж амжаагүй байдаг. Хэрэв эртхэн мэргэжил зорилгоо тодорхойлоод эхэлчихвэл илүү сайн байдаг. Мөн уг зорилго хүсэл тэмүүлэлдээ үнэнч байгаасай. Сургуулиа төгссөн залуучууд ажилдаа үнэнч байгаарай. Тууштай ажиллаарай. Цалингаа бүү голоорой гэж хэлмээр байна.

 

НОМИНАЦИ