Шинэ мэдээ
“Эртний Монгол хийц” урлангийн захирал О.УРАНЦЭЦЭГ: Яагаад Монгол дээлэн доор пүүз өмсөж болохгүй гэж...?
2019-03-21 10:53:27   share

“Эртний Монгол хийц” урлангийн захирал Оролмаагийн Уранцэцэгийг “Захирлуудын 100 ярилцлага” булангийнхаа зочин хойморт урьж амжилт бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Танай урлан хэзээ үүсгэн байгуулагдсан бэ. Ямар зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Манай “Эртний Монгол хийц” урлан маань 2012 онд үүсгэн байгуулагдсан. Үндэснийхээ хувцасны хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, дэлхий нийтэд таниулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.  

-Таны үндсэн мэргэжил юу вэ. Хувцас урлах нь таны мөрөөдөл байсан уу?

-Би хүүхэд байхдаа олон зүйл  мөрөөддөг байсан. Гэхдээ яг үндэсний хувцсыг сонгоно гэж бодож байгаагүй. Үндсэн мэргэжил маань нягтлан. Хэдий хувцас дизайны чиглэлээр мэргэшээгүй ч гэсэн хамгийн хийх дуртай ажил маань байсан учраас урлангаа нээж, бага багаар туршлагажсан. Одоо бол бараг л миний үндсэн мэргэжил гэж хэлж болно. Анх зүгээр л дуртай ажил маань гэж боддог байсан. Харин цаг хугацааны эрхэнд зөвхөн хувийн дур сонирхол бус өвөг дээдсээс уламжилж ирсэн үндэснийхээ өв соёлыг үргэлжлүүлж, ард түмнийхээ хүссэн хийц загвараар хувцас урлаж, чадах бүхнээ дайчлан, илүү хичээж ажиллах ёстойг ойлгосон.

-Таны өссөн орчин, амьдрал ахуй үндэсний өв соёлдоо дурлах, ажил болж үргэжлүүлэхэд их нөлөөлсөн болов уу?

-Маш их нөлөөлсөн. Гэр бүлийнхэн маань Ховд аймгийн Манхан сумын малчин гаралтай хүмүүс л дээ. Тийм учраас үндэсний өв соёл, ёс заншил, нүүдэлчин ахуйтайгаа их ойр өссөн. Манай ээж одоо 80 гарсан сайхан буурай бий. Их уран. Өөрөө дээлээ урладаг, байнга өмсдөг байсан. Одоо бол миний загваруудыг өмсөх их дуртай. Бараг л загвар өмсөгч болчихсон байгаа. /инээв/ Зарим хүмүүс миний загварыг баруун аймгийн бага ястны хувцаснуудтай их төстэй байна гэж хэлдэг. Магадгүй баруун аймагт төрж өссөн учраас тэр талын өнгө, төрх шингэсэн байхыг үгүйсгэхгүй. Дээр нь нөхөр маань зураач, охин маань мэргэжлийн загвар зохион бүтээгч гээд л энэ ажлыг хийх бүх орчин нөхцөл нь цаанаасаа бүрдсэн.

-Бусад төрлийн хувцаснаас үндэсний хувцас урлахад юун дээр нь илүү анхаарах ёстой вэ?

-Монголчууд бид өөрсдийн гэсэн өмсөх хувцастай, үнэт баялагтай байна гэдэг асар том бахархал. Бусад орны хувцастай харьцуулахад үүх түүх, загвар, хийцээрээ маш баялаг. Эрт дээр үеэс өдөр тутамдаа өмсөж, эдэлж хэрэглэж, амьдрал дээр туршигдсан учраас яах аргагүй ялгарч чаддаг. Дэлхийн загвар ч гэсэн Монгол үндэсний хувцсыг нэлээд сонирхож, чиг хандлагаа өөрчилж эхэлж байгаа. Тиймээс үүнийг маш сайн хөгжүүлж авч явах ёстой. Тэр ч утгаараа би хувцаснуудынхаа загвар, материал, оёдол, хийц, өнгө төрх, чанар, эдэлгээ гээд бүх зүйл дээр нь маш ач холбогдол өгч ажилладаг. Нэгийг нь ч орхигдуулдаггүй.

-Үндэсний хувцас урладаг маш олон байгууллага болон хувь хүн бий. Танайх юугаараа ялгардаг вэ?

-Ихэнх хүмүүс үндэсний хувцас урлалыг бизнес талаас нь л хардаг. Харин би зөвхөн өнөөдрөө биш ирээдүйгээ харж аливаа зүйлийг хийхийг боддог. Үндэсний хувцас бол бидний өв соёлын салшгүй нэг хэсэг. Бидний түүхийг бичиж байгаа зүйл юм л даа. Тиймээс үүнийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж, дэлхийд таниулж, хойч үеийнхэндээ өвлүүлж үлдээх ёстой, маш том соёл юм. Тиймээс илүү өргөн цар хүрээнд харж байгаагаараа онцлог.

-Дэлхий нийтэд үндэснийхээ хувцсыг таниулахад хийх ёстой хамгийн чухал ажил нь юу вэ. Энэ тал дээр танай урлан хэрхэн ажиллаж байна вэ?

-Дэлхийн нийт хоорондоо хэл усаараа ойголцохгүй байж болно. Гэвч өмссөн хувцсыг нь хараад ойлгож болно. Энэ бол хамгийн эхний алхам. Жишээлбэл, Япон улсын Осако хотод Олон улсын Үндэсний түүхийн музей гэж байдаг. Бүх орны үндэсний хувцсыг үзвэр болгож тавьсан маш том музей бий. “Эртний Монгол хийц” урлангийн хийсэн хос дээл, малгай, гутал гээд иж бүрэн үндэсний хувцас маань Монгол улсаа төлөөлөөд байж байгаа. Япон орон бол хөгжлөөрөө тэргүүлж яваа улсуудын нэг учраас мянга мянган жуулчид очиж үзэж байна. Тиймээс Монгол үндэсний хувцсыг дэлхийд таниулахад хийсэн бидний хамгийн том хөрөнгө оруулалт гэж боддог. Мөн ОХУ-ын Москва хотноо зохиогддог “Олон улсын Үндэсний хувцсын наадам”-д 2015 болон 2016 онуудад  оролцож Гранпри шагналыг хүртсэн. Солонгос улсад зохион байгуулагдсан “Загвар зохиогчдын наадам”-аас хүрэл медаль авсан. Энэ мэт гадаадад зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаануудад аль болох оролцохыг хичээдэг. Түүний хэрээр үндэсний хувцсаа дэлхийд таниулж байгаа.

-Загваруудаа та өөрөө гаргадаг уу. Танай урлангийн баг бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж байна вэ?

-Аливаа оюуны бүтээл захирал, загвар зохион бүтээгч, эсгүүрчин, оёдолчин гээд олон хүний гар дамжихаар тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Тиймээс би өөрөө загвараа гаргаад, материалаа сонгоод, эсгүүрээ хийдэг. Хийсэн эсгүүрийг оёдолчид маань маш зөв технологийн дагуу, чанартайгаар оёж гүйцэтгэдэг. Тэгэхээр анх бодсон загвар маань төгс гарч ирдэг давуу талтай. Манайд туршлагатай, мэргэжлийн арваад хүмүүс, олон жилийн турш хамт олон болон ажиллаж байна. Хоёр, гуравхан хүн ажилладаг юм шиг л бүх сэтгэл зүрх, зорилгоо нэгтгэн ажиллаж чаддаг.

-Ямар зарчмыг чухалчилдаг вэ?

-Би сургуулиа төгссөнөөсөө хойш хувиараа бизнес эрхэлж, олон хүн удирдаж явсан. Одоо ч байгууллагынхаа удирдлага болон ажиллаж байна. Тиймээс би цаг баримтлахыг маш чухалчилдаг. Цаг хугацааг зөв төлөвлөж, үр ашигтайгаар өнгөрүүлж байж үр дүн гарна. Мөн шударга байх чухал. Ажилчдаа ч цагаа барьж, шударга байхыг шаарддаг. Бид хурал, зөвлөгөөн хийхдээ хэзээ ч ашиг орлогын талаар ярьдаггүй. Дандаа нэгнийгээ хайрлах тухай ярилцдаг. Хүн хайраар л хамгийн их дутагддаг. Тиймээс бусдыг хайрлаж, дандаа өөрөөсөө эерэг энергийг түгээж байвал эргээд хайр л өөрт нь ирнэ. Буруу сэтгэл, буруу бодол буруу замд л хөтөлнө. Манайд ер нь ажилчид солигдох, итгэл алдрах асуудал огт гардаггүй.

-Чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?

-Мэдээж айл гэрийн эзэгтэй учраас гэр бүл, үр хүүхэддээ цаг зарцуулахыг хичээнэ. Гэхдээ ер нь миний ажил миний чөлөөт цаг шиг л байдаг. Ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг учраас өөр тийшээ явах юмсан, өөр юм хийх юмсан гэж огт бодогддоггүй.

-Та хувийнхаа бизнесийг эхлүүлснээсээ хойш шантарч байсан уу. Хамгийн их дэмжлэг үзүүлсэн зүйл юу байсан бэ?

-Би дуртай ажлаа хийж байгаа учраас хэзээ ч шантарч байгаагүй. Бараг амралтын өдөр ч амарч үзээгүй. Үйлчүүлэгчид маань маш их урам зориг өгдөг учраас надад эргэж буцах зам байхгүй. Хүнд одон, тэмдэг, шагналаас илүү урмын үг хамгийн их дэмжлэг болдог. Тийм учраас үйлчлүүлэгчдийнхээ талархлын үгээр урамшиж, ямар ч зүйлийг бэрхшээл гэж хардаггүй. Харахыг ч хүсдэггүй. Материалын хувьд гэхэд л Итали, Солонгос, Хятад, Энэтхэг гээд хаана сайн материал байна түүнийг олж хувцсаа урлахыг хичээдэг. Монголд ч гэсэн сайн материалтай нэлээд хэдэн газар бий. Түүнээс хүссэн материал олдохгүй байна гэдэг ч юм уу ямар нэг шалтаг хэлээд л байвал хэзээ ч амжилтад хүрэхгүй. Ер нь боломжтой бүх зүйлийг бэрхшээл гэж харвал бэршээл л болж хувирна шүү дээ.

 -Ямар хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг вэ?

-Хүмүүс манайхаар ихэвчлэн урлаг соёлын зүтгэлтнүүд үйлчлүүлдэг гэж ойлгодог. Олны танил хүмүүс илүү бусдын анхаарлыг татдаг болохоор тэр байх л даа. Гэвч энэ ташаа ойлголт. Манайхаар бүхий л салбарын, бүх насны хүмүүс үйлчлүүлж байна. Ер нь бол сурталчилгаа гэхээсээ илүү нэгнээсээ ам дамжин сонсоод их ирдэг. 

-Хувцас өмсөх, эдлэх соёл гэж байдаг шүү дээ. Сүүлийн үеийн залуус дээлийн энгэрийг задгай тавьж, доор нь пүүз их өмсдөг болжээ. Энэ зөв үү. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би их чөлөөт сэтгэлгээтэй хүн л дээ. Нэг зүйлд хэт баригдах дургүй. Яагаад Монгол дээлэн доор пүүз өмсөж болохгүй гэж? Өнгө, загварыг нь л зохицуулчихвал болно шүү дээ. “Монгол дээлэн дээр заавал Монгол гутал өмс” гэсэн дүрэм гаргачихвал хүмүүст их төвөгтэй. Бараг дарамт үүсээд үндэснийхээ хувцаснаас зайлсхийж эхэлнэ. Манай урланд гэхэд л чөлөөт загварын дээлнүүд олон бий. Дээлэнд нь зохицсон гутал, малгайг нь  ч хийж өгдөг. Гэхдээ хамт хийлгэх боломжгүй хүмүүс байвал, заавал дээлэндээ зохицсон гутал, цүнх хайж өөрийгөө баригдмал байдалд битгий оруулаарай гэж үйлчлүүлэгчиддээ захидаг. Өөрийнхөө байгаа хувцсан дээрээ л өмсчих хэрэгтэй. Ер нь ингэж байж л хүмүүс үндэсний хувцсандаа дуртай, хайртай болно. Харин дөрвөлжин энгэртэй дээлийг задгай тавьж өмсөх ч юм уу, хэт гаж болгочихвол олны дүргүйцлийг хүргэнэ. Тиймээс задгай тавих боломжтой энгэр нь шулуунаар зөрдөг ч юм уу, загварыг сонговол зүйтэй. 

-Нийгмийн тодорхой хэсэг нь үндэсний бүтээгдэхүүнээ дэмжиж байна. Гэтэл үндэсний бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй хэмээн шүүмжлэх нь цөөнгүй шүү дээ. Эдгээр хүмүүст хандан юу гэж хэлэх вэ?

-Тийм шүү. Өөрийнхөө зүйлийг үнэгүйдүүлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Өөрт байгаа зүйл нь нэг л хямдхан, үнэ цэнэгүй, царай муутай ч юм шиг санагдаад байдаг хүмүүс олон. Би үүнийг ядуу сэтгэлгээтэй хүн гэж хэлнэ. Яагаад гэвэл гадаадад үйлдвэрлэсэн ямар ч бүтээгдэхүүнийг  хэдэн саяар авч чаддаг. Тэгсэн хэрнээ яг л адилхан хүний ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн, ялангуяа үндэснийхээ онцлогийг гаргасан бүтээлийг 500 мянга гэхэд уулга алддаг. Манай үндэсний дээл, хувцас бол маш их үнэ цэнэтэй, эдэлгээ удаан, чанартай, биед эвтэйхэн. Үүнийг дэлхий нийтэд таниулж, ойлгуулвал гадаадын брендүүдээс ч илүү өндрөөр үнэлэгдэнэ. “Үнэтэй ч хамаагүй Монгол бүтээгдэхүүнээ л авна” гэсэн сэтгэлтэй хүмүүс манайд их үйлчлүүлдэг. “Өмнө нь гадаадын үнэтэй бүтээгдэхүүнийг их хэрэглэдэг байсан. Одоо үндэснийхээ дээл хувцсыг л өмсөнө” гэсэн хүмүүс сүүлийн үед их ирдэг болсон. Ер нь монголчууд эхлээд өөрсдийнхөө зүйлийг үнэлэж байж дараа нь дэлхий нийт үнэлнэ шүү дээ. Тиймээс эх орныхоо үнэт зүйлийг үнэгүйдүүлж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн үзэл бодол удахгүй өөрчлөгдөх байх гэж итгэдэг.

-Өнгөрсөн жилүүдэд хийсэн чухал ажлуудаасаа дурьдаач. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Манайх жил бүр “Гоёл” наадамд ордог. Энэ наадам бол Монголын дизайнеруудын хийсэн хувцас, урласан бүтээлээ гаргадаг цорын ганц, том загварын наадам юм. Бид дөрвөн жил дарааллаж ороод хамгийн тэргүүний гэсэн шагналуудыг авсан. Мөн ОХУ, БНСУ, АНУ-д зохиогддог ОУ-ын том загварын наадмуудад амжилттай орсон. 2019 оны хувьд бид урлангаа томруулахаар зорьсон. Шинэ урландаа нүүж ороод удаагүй байгаа. Урлангаа зөвхөн Монгол үндэсний хувцаснаас гадна ахуй амьдрал, ёс заншил, түүх соёлоо давхар харуулах зорилгоор өнгө төрхийг нь бүрдүүлж байгаа. 2020 онд бид өөрсдийн гэсэн загварын шоуг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашлаад гадны орнуудад зохион байгуулна гэж бодож байгаа. Монгол хувцсаа дэлхийд таниулах олон ажлыг хийхээр төлөвлөж, мөрөөдөж байна. Ер нь бидний хийх ажилд төгсгөл гэж байхгүй.

-Та нийт монголчууддаа хандан үг хэлээч?

-Монгол үндэсний хувцас бол дэлхийг тамгалсан дээдсийн өмсгөл, дэлхийг чимсэн Монголын гоёл юм шүү. Монгол хүн болж төрснийг чинь гэрчлэх бүх зүйлийг дэмжээрэй  гэж хэлье.

-Бидний урилгыг хүлээн авч, нэгийг бодогдуулсан сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Дэлхий нийт Монгол үндэсний хувцсаар гоёх цаг удахгүй ирэх байх аа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

 

НОМИНАЦИ