Шинэ мэдээ
"Эко жигүүр" компанийн захирал Ц.ТҮМЭНБАЯР: Манайх хэдэн зуун айлыг янгангаас нь салгахыг зорьж байна
2019-03-21 11:56:31   share

“Эко жигүүр” ХХК-ийн захирал Ц.Түмэнбаярыг “Захирлуудын 100 ярилцлага” буландаа урьж ярилцлаа.


-Сайн байна уу?

-Сайн. Сайн байна уу?

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Ц.Түмэнбаяр гэдэг. Би Техникийн их сургуулийг цахилгаанчнаар төгссөн. “Эко жигүүр” ХХК –ийг үүсгэн байгуулаад зургаан жил болж байна. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Нэг хүү маань Орост цагдаагийн сургуульд сурдаг. Нөгөө нь Монголд цагдаагийн сургуульд сурдаг. Харин эхнэр маань нягтлан хийдэг. Эхнэр маань үргэлж намайг дэмжиж хамт байдаг. Мэдээж амжилттай эр хүний ард хайр халамжаар дүүрэн халуун дулаан гэр бүл байдаг. Гэр бүл бол хамгийн үнэт зүйл мөн юм.

-Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ ?

-Манай байгууллага агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр БНСУ–ын “SEGGI CENTURY” Co.LTD компани болон БНХАУ–ын GB/T 19001:ISO9001:2008 стандартын шаардлага хангасан “ЖМ” брендийн байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ашиг тустай, эрчим хүчинд хэмнэлттэй, халаалтын төхөөрөмж, бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулж ирж үйл ажиллагаа явуулж байна.

-Яагаад энэ төрлийн бизнес эрхлэх болсон бэ?

-Одоогоос зургаан жилийн өмнө утаа яг одооных шиг эсвэл үүнээс арай бага байсан. Төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа хомс бас үр дүн муутай байсан болохоор ойр дотныхон гэр бүл, цаашлаад нийгмээ энэ хар утаанаас хамгаалъя гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн анх эхэлсэн юм.

-Өнгөрсөн хугацаанд хичнээн айл өрхийг яндангаас нь салгасан бэ ?

-Манай байгууллага эхний 5 жилд араваад мянган айлд халаагуураа суурьлуулсан байдаг. Манай бүтээгдэхүүнийг аваад сурчихсан хүмүүс ч олон бий.  Жилд тогтмол дунджаар хоёр мянга орчим халаагуур суурьлуулдаг. Харамсалтай нь манай иргэд санхүүгийн боломж бололцоо тун тааруу байна. Манай халаагуурыг авлаа ч хэрэглэх үйл явцдаа цахилгааны төлбөрөө төлөх чадамж сул байна. Мөн өөрсдөө халаагуураа цахилгаан тентэй андуурч буруу ашигладаг. Иймэрхүү асуудлуудыг шийдчихвэл борлуулалт илүү сайжрах болно.

-Та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ манай уншигчдад танилцуулна уу?

-Шалны халаалт, цахилгаан халаагуур, халдаг зураг, хөргөлт гэсэн эрчим хүчний хэмнэлттэй, эко, агаар дахь тоосонцор болон нянгийн эсрэг үйлчилгээтэй, эрүүл мэндийн халаагуурууд байдаг. Мөн бусад бүх төрлийн халаалтын усан бойлуур, хулдаасан шалны халаалтуудаас хоёр дахин бага цахилгаан зарцуулдаг. Хамгийн сүүлийн үеийн ус, чийгний хоёр давхар хамгаалалттай, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан үйлдвэрлэсэн, эмчилгээний зориулалттай, орон зай эзлэхгүй, эдийн засагт хэмнэлттэй, 10-15 жилийн үйлдвэрийн баталгаатай. Хэрэв хэн нэгэн зах дээрээс цахилгаан тень худалдан авбал баталгааны хуудас өгдөггүй. Мөн хэрэглэх үйл явцад агаар хуурайшиж, үүний эсрэг ус тавих арга хэмжээ авдаг бол манай цахилгаан халаагуур эсэргээрээ эмчилгээний зориулалттай байгаа.

-Танай байгууллагын цаашдын зорилго юу вэ?

-Манайх дахиад хэдэн зуун айлыг янгангаас нь салгаж гэр хорооллыг утаагүй болгохыг зорьж байна. Үүнийхээ тулд дахиад хэд хэдэн салбар нэгжээ байгуулна. Борлуулалтаа өсгөнө. Мөн халаагуурынхаа чанар стандартыг дээшлүүлэх үйл ажиллагаануудыг энэ онд хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь утааг бууруулахад дан ганц төр үйл ажиллагаа явуулаад нэмэргүй.  

-Хичнээн байгууллагуудтай хамтарч ажилладаг вэ?

-Олон газрууд байдаг. Хаан банк, Эм си эс, Магнай трейд, барилгын компаниуд гэх мэт олон байгууллага манай халаалтыг хэдийнээ хэрэглээд сурчихсан. Тэр ч бүү хэл хөдөө орон нутгийнхан ч шалны халаалт суурьлуулж эхлээд байна.

-Танай цахилгаан халаагуур хөдөө орон нутгийн хичнээн сумдаар  суурилагдсан бэ?  

-Бүх аймаг сумдаар суурьлагдсан байгаа. Сүүлийн үед хөдөө орон нутгийн иргэд ихэвчлэн авах хандлагатай болоод байна. Улаанбаатар хот гэлтгүй Баянхонгор аймаг ч багагүй утаатай байдаг учир тэндхийн нэлээн хэдэн айл өрхөд суурьлуулсан байгаа.

-Танайхаас өөр эмчилгээний зориулалттай халаагуур оруулж ирдэг, өөрсдөө захиалгаар суурьлуулж өгдөг байгууллага хэр их байна вэ?  

-Байдаггүй. Манайх өөрсдөө очиж, суурилуулж, болж өгвөл маш сайн тайлбарыг нь хэлж, зааж өгдөг. Яагаад гэвэл айл өрхүүд буруу хэрэглэснээс үүдэн баталгаат хугацаанаас өмнө ямар нэг эвдрэл, гэмтэл гарах тохиолдол байдаг. Тэр үед нь ч дахиад л маш сайн зааж, тайлбарлаж өгдөг. Зарим тохиолдолд би өөрөө ч суурилуулаад явах үе бий.

-Энэ бизнесийг эрхлэх явцад гарч байсан хүндрэл, бэрхшээлүүд хэр байсан бэ. Тэдгээрийг хэрхэн даван туулж байв?

-Мэдээж байсан. Гэхдээ харьцангуй бага. Манай ард иргэд ч гэсэн юмыг сайн ойлгодог болжээ. Хятад л юм байвал муу, хэврэг гэх ойлголтоосоо хөндийрсөн байна.

-Танай цахилгаан халаагуурын үнэ, өртөг ямархуу байдаг вэ ?

-Манайх хэмжээнээсээ хамаарч нэг м2 нь 30 мянга болдог. Тэгэхээр ерөнхийдөө 300-500 мянган төгрөг болдог. Сар бүр цахилгааны 100 мянган төгрөгний төлбөр гардаг байгаа.

-Та залуу үеийнхэндээ зориулж юу гэж хэлмээр байна вэ?

-Манай залуучууд үргэлж зөв энергитэй, халуун дулаан байгаасай. Зөв хүний ажил үйлс саадгүй бүтдэг шүү дээ. Хэрвээ хүн тууштай, үнэнч, зөв явбал хэдэн жилийн дараа эргээд харахад гишигсэн мөрөндөө сэтгэл нь өег байдаг.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд  ч бас ажлын амжилт хүсье.

НОМИНАЦИ