Шинэ мэдээ
Н.ГАНХУЯГ: Бэлчээрээс болж, 160 гаруй мянган малчин өрх 400 орчим тэрбумын алдагдалд орж байгаа
2019-03-21 12:08:23   share

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ням-Очирын Ганхуягийг “Захирлуудын 100 ярилцлага” буландаа урьж Монгол улсын хамгийн чухал салбар болох Хөдөө аж ахуй, тэр дундаа бэлчээрийн төлөв байдал, ашиглалт, нөөцийн тухай ярилцлаа.


-Та хаана төрж өссөн бэ. Яагаад хөдөө аж ахуйн салбарыг сонгох болов?

-Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрж өссөн. Манай гэр бүлийнхэн эмнэлгийн хүмүүс учраас эмч болохыг хүсдэг байсан л даа. Сургуулиа төгсөөд АШУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй. Мөн надад зурах авъяас байсан ч мэргэжил болгон хөгжүүлээгүй. Харин Хөдөө аж ахуйн их сургуульд элсэж Мал зүйч, Таваар судлаач мэргэжлээр сурч төгссөн. Дараа нь “Монгол бизнес” дээд сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн. Одоо Хөдөө аж ахуйн их сургуульд докторантаар сурч байна. Сурч эхэлснээсээ хойш мэрэгжилдээ маш дуртай болсон. Одоо бол манай салбартай холбоотой хаана ямар асуудал байна, байнга анхаарлаа хандуулж, бодож явдаг болчихсон.

-“Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” хэзээ үүсгэн байгуулагдсан бэ.Ямар бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Бид баруун бүс нутагт малчдын байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр 10 гаруй жил ажилласан. Малчдын байгууллага гэдэг маань нэг нутаг усны малчдыг дундын бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт байдлаар нь хамтын зохион байгуулалтанд оруулаад, түүнийгээ бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг гэж нэрлэх болсон. Тэр үеэс л манай холбоо байгуулагдах сууриа тавьсан гэж хэлж болно. Одоо бид үйл ажиллагаагаа тэлээд хөдөө аж ахуй буюу мал аж ахуй идэвхитэй эрхэлдэг 18 аймаг, 156 суманд 1445 хэсэг бүлгийг дэмжиж, малчдын байгууллагыг хөгжүүлэн ажиллаж байна. Үүнийг дэмжихийн тулд сум бүрт “Сумын бэлчээр ашиглагчдын холбоо” ТББ-ыг хөгжүүлж байгаа. Мөн бид 70 гаруй суманд “Маркетингийн хоршоо”-г байгуулсан. Эдгээр хоршоод нь малчдын гар дээр байгаа түүхий эдийг тордон сайжруулах, нэмүү өртөг шингээх, зах зээлд борлуулах ажлыг авч явдаг. Мөн 20 гаруй “Хадгаламж зээлийн хоршоо”-г байгуулсан. Анх хоршоодууд маань 10-30 сая төгрөгийн л хооронд ажлаа эхлүүлж байсан бол одоо тэрбум гаруй төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй болчихсон үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэндээ манай “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” эдгээр байгууллагуудын дээвэр нь болон ажиллаж байна. 2015 оноос албан ёсоор аймгуудын бэлчээр ашиглагчдын холбоод нийлээд “Монголын бэлчээр ашиглагчдын холбоо” гэсэн үндсэн нэрээрээ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 80 мянга гаруй гишүүдтэй. Ихэнх хувь нь малчид. Харин мянга гаруй нь холбоод, салбарын судлаачид, эрдэмтэд, мэргэжилтнүүд, оюутнууд байдаг.

-Танай холбоо анх байгуулагдаж байх үед Монголын бэлчээрийн ерөнхий төлөв байдал ямар түвшинд байсан бэ. Одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Бид анх ажлаа эхлүүлж байхад энэ салбар орхигдчихсон байсан. Хүмүүс бэлчээрт биш гол анхаарлаа дээлийн өнгө, дүнсэн тамхи хэрхэн олоход л хандуулдаг байсан. Нутаг дэвсгэрийг нийтэд нь хамран судалгаа хийдэг байгууллага байхгүй болчихсон байсан. Энэ судалгааг хийх чадамжийг бүрдүүлэхийн тулд бид орон нутгийн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ, сургана, техник хэрэгслээр хангана гэх мэт маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан. Ингээд 2014 онд анх Үндэсний хэмжээний тайлан бэлтгэж, 2015 онд Хөдөө аж ахуйн яаманд хүлээлгэж өгсөн. Энэ тайланд Монгол орны нийт бэлчээрийн 65 хувь нь тодорхой өөрчлөлтөд орж, доройтсон байгаа нь тусгагдсан. Түүний 7,5 хувь нь эргэн сэргэхгүйгээр цөлжилт, доройтол, хөрсний элэгдэл, эмтрэлд орчихсон байсан. Сайн мэдээ гэвэл доройтсон бэлчээрийн 90 орчим хувь нь одоогийн ашиглалтийн арга ажиллагаагаа сайжруулсан нөхцөлд эргээд сэргэх боломжтой гэсэн дүн гарсан байсан. Дараа нь 2016 онд хийгдсэн судалгааны тайлангаа бид өнгөрсөн онд яаманд таилцуулан, хүлээлгэж өгсөн. Энэ судалгаагаар 65 хувь нь доройтсон байсан бэлчээр 57 хувь болж буурсан. Бэлчээрийн доройтол буурсан хэсгүүд нь бидний 10 жилийн өмнөөс гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа баруун бүсийн нутаг дэвсгэр юм. Энэ нь менежментээ сайн хийвэл цөөхөн хэдэн жилийн дотор бэлчээрийн доройтол хэрхэн буурч байгааг харуулж байгаа юм. Нөгөө талдаа эргэн сэргэхгүй бэлчээрийн доройтол 7,5-12,8 хувь болж нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Үндсэндээ бид Монгол орны нийт бэлчээр нутгаас 12 хувийг нь алдчихлаа гэсэн үг. Бэлчээрийн доройтлоос болоод нэг малчин өрх жилдээ 2,6 сая төгрөгөөр, улсын хэмжээнд нийт 160 гаруй малчин өрхийн тоонд үржүүлээд үзэхээр 400 орчим тэрбумын алдагдалд орж байгаа нь тогтоогдсон байна. Энэ байдал нь малын бие давжаарах, малаас авч буй ашиг шим буурах, түүхий эдийн гарц багасаж байгаагаар илэрч байна.

-Бэлчээрийг хамгийн их доройтуулдаг зүйл нь юу вэ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?

-Бэлчээр болон байгаль орчны доройтолд нөлөөлдөг хоёр том хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, дэлхийн дулаарал. Сүүлийн 60 жил гэхэд Монгол орны цаг уур 2 хэмээр дулаарчихлаа. Хавар, зуны эхэн сард ордог бороо зуны сүүлчээр болон намар ордог болсон. Хур тунадасны хэмжээ өөрчлөгдөөгүй ч хувиарлалтад өөрчлөлт мөн орсон байгаа. Намираа бороо ордог байсан бол маш хүчтэй аадар бороо орох жишээтэй. Энэ мэт байгалийн яах аргагүй нөхцөл байдал үүсч байна. Хоёрдугаарт, хүний зохисгүй үйл ажиллагаа. Үйлдвэржилт, техник технологийн хөгжил, уул уурхай, хотжилт зэрэг орно. Ялангуяа голын сав газраар уул уурхайн олборлолт ихээр хийгдэж байна. Даацнаас нь хэтэрсэн машин техникээр олон салаа зам гаргаснаар суларсан хөрс салхи усаар зөөгдсөөр гуу, жалга, ангал үүсгэж, халцарсан газар ихээр бий болж байна. Мөн үүнээс гадна мал аж ахуй эрхлэх уламжлал маань алдагдаж байна. Өмнө нь дөрвөн улирал нүүдэллэж бэлчээрээ сэлгэдэг байсан бол төвийн бүсийн нутгуудаар хүйтний, дулааны гэсэн хоёрхон нүүдэлтэй болчихлоо. Бэлчээрийн даацад таарсан малыг бэлчээх ёстой. Гэтэл манай улс 70 орчим сая толгой малтай болчихсон. Нийт нутгийн  бэлчээрийн даац 2-4 дахин хэтэрсэн байгаа. Мал өсөх нь чухал ач холбогдолтой ч эргээд зах зээлд борлуулж чадахгүй байгаа нь асуудал үүсгэж байна. Тогтвортой амьжиргааны эх үүсвэр бол ирээдүй хойч үеийнхээ хэрглээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх явдал юм. Гэтэл хүн төрөлхтөн ирээдүйдээ хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Тийм учраас энэ тал дээр цаг алдалгүй бэлчээрийн тухай хуулийг боловсруулж, батлах шаардлагатай. Бид малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээр ашиглалтыг зохицуулах, түүний судалгаа шинжилгээний ажлыг цааш үргэлжлүүлэх тухай олон асуудлыг хуулинд тусгаж, шат, шатны төрийн болон төрийн бус байгууллагуудад дуу хоолойгоо хүргэхээр зорьж байна. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчин бэлчээр нутагтаа ээлтэй үйлдвэрлэлийг явуулах үзэл санааг улс орон даяар ойлгуулах, залуу үеэ бэлтгэх үүргийг хүлээж байгаа учраас бүх хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Харин бидний үйл ажиллагааг НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Европын холбоо” зэрэг олон улсын байгууллага, “Бороо Гоулд”, “Баян айраг”, “Оюу толгой” гэх мэт олон аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмждэг учраас их баяртай байдаг.

-Улсаас зарлагдсан тендрийн ажлуудад хэрхэн оролцдог вэ. Төрөөс дэмжлэг үзүүлдэг үү?

-Улсаас зарлагдсан салбарын чухал ажлуудыг Иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудад хариуцуулан өгнө гэж ярьдаг. Гэвч одоогийн байдлаар “Монголын бэлчээр ашиглагчдын холбоо” үндэсний хэмжээний бүтэц зохион байгуулалттай учраас ийм ажлуудыг хүлээлгэн өгч, хийлгэнэ гэсэн тодорхой юм зааж өгөөгүй л байна. Зарлагдсан тендрүүдэд өрсөлдөх байдлаар оролцож явдаг. Үүнийг төрийн дэмжлэг гэж ойлгож болох юм. Малчид өөрсдөө хөрөнгө мөнгөө эргэлдүүлээд, зөв зохистой ашиглаад явах боломжтой, 3,4 тэрбумын хөрөнгөтэй “Малчдын дундын сан”-г бид байгуулсан. Мөн орон нутагт малчдыг сургах, санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэх гэх мэтээр улсын ачаанаас үүрэлцэж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бидний үйл ажиллагааг төрөөс хориглохгүй байгаа нь тодорхой хэмжээний дэмжлэг гэж ойлгодог.

-Улс төртэй холбоотой үүссэн асуудлууд та бүхний ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Их нөлөөлдөг. Ялангуяа бодлого барьж байгаа хүмүүс солигдох нь их төвөгтэй. Бид бэлчээрийн эрх зүйн зохицуулалтын тухай тулгамдсан асуудлыг судлаад, гарц гаргалгааг олоод хуулийн төсөлд суулган боловсруулаад өгдөг. Гэтэл сонгуультай холбоотой эсвэл гэнэтийн ямар нэг асуудлаар Засгийн газрын гишүүд, салбар яамдын сайд солигддог. Ингээд нөгөө хийсэн ажлаа дахиад эхлүүлэх шаардлага гардаг. Шинэ томилогдсон хүмүүст ойлгуулах, танилцуулах, дахин судалгаа хийх гэх мэтээр хугацаа алддаг. Гэхдээ энэ бол салбар бүрт л тохиолддог асуудал л даа. Тиймээс шантрахгүй даван туулах нь чухал.

-Ажилд тань тулгарсан хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ?

-Анх салбарын судлаачид хоорондоо үзэл санааны их зөрчилдөөнтэй байсан. Нэгнийхээ хийсэн судалгааг үгүйсгэж, өөрийн судалгааг зөвтгөх гэх мэт. Үүнээс болоод бодлого боловсруулагчид тодорхой шийдвэрт хүрэхэд их төвөгтэй байсан. Тиймээс бид дахиад л ажлаа шинээр эхлүүлдэг нь хэцүү байсан. Одоо бол бүх зүйл их нээлттэй болсон. Малчид болон орон нутгийн Засаг дарга нарыг хариуцлагажуулах, гэрээгээр бэлчээрийг малчдын хэсэг бүлэгт ашиглуулах, гэрээг талууд дүгнэх, хэрэгжүүлээгүй нөхцөлд хариуцлага тооцох гэх мэт асуудлууд дээр судлаачид маань санал нэгдсэн. Салбарынхан маань хоорондоо ойлголцож эхэлсэн учраас бодлого боловсруулагчид бэлчээрийн тулгамдсан чухал асуудлуудыг нэг үзэл бодлийн хүрээнд хөндөн ярьдаг болж байна. Ярина гэдэг нь цаашдаа ажил болгох үндэс нь тавигдаж байна гэж бид үзэж байгаа.

-Улсын хэмжээний томоохон холбоог хариуцаж байгаа хүний хувьд олон хүнтэй харьцана. Тэгэхээр таны хувьд хүмүүст ямар шаардлага тавьдаг вэ. Баримталдаг гол зарчим тань юу вэ?

-Тийм шүү. Их олон хүнтэй харьцах шаардлага гардаг. Заримдаа бэлчээрийн судалгаа хийгээд хөдөө явдаг. Тэр үед хэнтэй ч харьцах шаардлагагүй, хээрээр өвс ургамалтай харьцаж яваад сайхан байдаг. Харин сургалт зохион байгуулахад их олон хүнтэй харьцана. Бид өнгөрсөн жил л гэхэд нийт 20 гаруй мянган хүнд сургалт өгсөн байна. Түүнээс гадна бүх ажилчид, гишүүд, зөвлөхүүд, гадна дотны түншүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байна. Сүүлийн үед хүмүүс харьцангуй олон ургалч сэтгэлгээтэй болчихсон учраас тэр бүрт ярилцаж, нэгнийхээ үзэл бодлыг сонсож ойлгож ажиллахыг хичээдэг. Албан тушаалын ялгаа гаргахгүй, нээлттэй, шударга байхыг эрмэлздэг. Хүнийг маш их хайрлаж, бүх хүнтэй адил тэгш харьцах нь миний амьдралын гол зарчим.

-Та ажлаасаа гадна юу хийх сонирхолтой вэ?

-Би гэртээ хүнсний ногоо тарьж үзсэн. Яваандаа ямар нэг зүйл тарьж, ургуулах юмсан гэж боддог. Ялангуяа нарийн ногоо тарихыг бодож байгаа. Гэвч цаг зав багатай учраас амжихгүй л яваад байна. Киноны ажил бас миний нэг хобби болоод байгаа. Өнгөрсөн жил манай байгууллага “Тэсийн голын монголчууд” нэртэй баримтат кино хийсэн. Тэсийн голын сав газраар буюу баруун бүсийн нутгуудаар цаг уурын нөхцөл байдал гэх мэт зүйлээс хамааран малчид эрт дээр үеийн уламжлалаа илүү хадгалж үлдсэн байдаг. Сүүлийн үед уул уурхай баруун бүсийн нутгууд руу анхаарлаа хандуулах болсон. Тиймээс малчдын амьдрал ахуй, ёс заншилыг баримтжуулах, түүнийг хойч үедээ үлдээхийн тулд энэхүү киног бүтээсэн байгаа. Кинонд маань Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-уул, Завхан аймгийн Тэс, Баянтэс, Увс аймгийн Баруунтуруун, Тэс сумын малчид оролцсон. Өдөр тутамд үргэлжилж байгаа амьдралаас юуг, хэрхэн харуулах нь их өндөр мэдрэмж шаардсан асуудал юм билээ. Тиймээс бид “Тэгт тойрог” кино компанитай хамтарсан. Энэ онд орон даяар цацна. Хүмүүсийн дунд их хүлээлттэй байгаа сурагтай байсан.

-Гэр бүлийнхээ талаар яриач. Тантай ижил сонирхолтой хүүхэд бий юу?

-Эхнэр маань санхүүгийн чиглэлийн хүн. Манайх гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ хөдөө аж ахуйн салбарт татан оруулах сонирхол надад байдаг л даа. Гэвч хөдөөгүүр их яваад завгүй байдаг учраас манай хүүхдүүд “Танай салбар руу орохгүй” гэдэг. Спорт, урлаг гэх мэт өөрсдийн сонирхлоороо явж байгаа.

-Нийгмийн ямар асуудалд шүүмжлэлтэй байдаг вэ?

-Манай улсын хувьд хийж бүтээвэл маш их боломжтой, сайхан орон. Хүмүүс хийж бүтээхээсээ илүү яриад л яваад байна. Ялангуяа стратегийн чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхгүй байна л даа. Малчдын унасан машин, гар утсыг эс тооцвол нүүдлийн мал аж ахуй ямар ч хөгжилгүй байна. Энэ тал дээр санхүүгийн биш бодлогын дэмжлэг хэрэгтэй. Малчдын аж ахуй, Монгол бүтээгдэхүүнийг дэлхийд сурталчилах ажил  дутмаг санагддаг.

-Энэ онд ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

-Бид байгууллагаа улам бэхжүүлэх ажил дээр илүү анхаарлаа хандуулж байгаа. Өнгөрсөн онд “ILC” хэмээх Олон улсын газрын эвсэлд бид нэгдэж орсон. Сургалт, судалгааны ажлуудаа олон улсын түвшинд хүртэл нь чанаржуулж, сайжруулах, өмнөх жилүүдээс илүү олон хүнийг хамруулахыг зорьж байгаа. Мөн аялал жуулчлалын салбарт малчдыг холбож өгөхийг мөрөөдлөө болгон ажиллаж байна.

-Та нийт залууст хандан юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Залуу хүн маш шударга, хөдөлмөрч байх ёстой. Ахмад үеэсээ суралцдаг байх ёстой. Хамгийн гол нь ямар ч хүнийг ялгаварлахгүй харьцдаг зан чанарыг л эрхэмлээсэй гэж хүсч байна.

-Баярлалаа. Та бүхний ажилд илүү амжилтыг хүсье.

НОМИНАЦИ