Шинэ мэдээ
Л.ОТГОНБАЯР: Зөв биш хүмүүс бизнест хождогт эмзэглэдэг
2019-03-21 12:20:43   share

Энэ удаа Монголын дотоод аудиторуудын институтийн тэргүүн, “Бизкон Аудит” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Л.Отгонбаяртай ярилцлаа.

-Монгол улсын өнөөдрийн улс төр, эдийн засгийн байдалд залуу хүний хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Монгол босох нь ээ гэж харж байна. Төр цэвэршиж байна. Зул бөхөхийн өмнө бадамлан асдаг шиг үйл явдал өрнөж байгааг бид харж байна. Бид Улс орноо зөв удирдаж чаддаггүй улс төрчдөөс, уут уутаар нь хүйдийлж авдаг авлигачдаас, улсын төсвийн алдагдлаа зээл авч нөхдөг ухамсарын доройтолтнуудаас, улс Монголыг минь өрөнд оруулж, өртүүлж зарж байгаа урвагчдаас, улс орноо гэх сэтгэлтэй тэмцэгчдийг уулгалан дардаг хүчнийхнээс салах цаг айсуй байна гэж харж байна.

-Танд одоогийн нөхцөлүүдээс юу нь хамгийн их боломж болж харагдаж байгаа вэ?

-Олон боломж байна. Хувь хүний хувьд, бизнесийн хувьд, салбарын хувьд, улс орны хувьд. Төр засаг одоо төсвөө бодит хөрсөнд буулгаад яамд, агентлаг, төрийн өмчит компаниудынхаа тоог багасгаад удирдлага, захиргааны зардлаа багасгаад авах хэрэгтэй, үнэтэй жийп машинуудаа зараад бензин, сэлбэгийн зардлаа хэмнээд авах хэрэгтэй, үл хөдлөх хөрөнгөө зарах нэгийг зараад, зарахгүй нэгийг нь сургууль, цэцэрлэг болгоод авах хэрэгтэй байна. Эдийн засаг дахь төрийн хэт оролцоог зохистой түвшинд аваачиж, хяналт, хариуцлага, сахилга батыг өндөржүүлэх боломж их байна. Засаглалын хувьсгал хийх цаг нь болсон.  

-Тэгвэл эсрэгээрээ юу нь үнэхээр давж болшгүй, гэтлэх аргагүй бэрхшээл вэ?

-Хийе гэвэл арга нь олдоно, хийхгүй гэвэл саад мундахгүй гэдэг байх аа. Бэрхшээлийг хэн бий болгох уу, хүн л бий болгоно. Мэдлэггүй, сэтгэлгүй, чадваргүй хүн ажил хийж байгаа үед бэрхшээл бий болдог. Улс орныг удирдаад явчих хэмжээний сэтгэлтэй, боловсролтой, шунал багатай, барьцаалагдаагүй, авлига авч, өгч сураагүй, нэр цэвэр, цус цэвэр хүмүүс олноороо сонгогдож болон томилогдож чадахгүй байгаа нь л том бэрхшээл юм уу даа. Энэ бэрхшээлийг боломж болгохын тулд эх ундаргаа цэвэрлэх хэрэгтэй. Манайхан сонгууль дөхөөд ирэхлээр “өө дахиад л идэж уудаг нөхөд гарна” гээд идэж, уудаг нөхөд гарахаар захиалгаа өгчихдөг. Энэ бол буруу захиалга. Зөв захиалга нь “Төрийг минь зөв удирдах, түмэн олны минь заяаг дэлгэрүүлэх, эрдэм ухаан, билэг билгүүн төгс төгөлдөр, зөв сайхан төрийн түшээд гарнаа” гээд сонгогч нэг бүр эхлээд бодолдоо, дараа нь яриандаа, үйл хөдлөлдөө оруулаад хэвшчихвэл Монголын бэрхшээлийг шийдэх зөв хүмүүс сонгогдоод ороод ирнэ.  

-Залуучуудын нэг том давуу тал нь бүх зүйлд өөдрөгөөр ханддаг. Гэвч алдаад ирэхээр илүү буурь сууж, ултай бодож, удаан хөдөлж эхэлдэг бололтой юм. Хашир байхад насны ялгамж үнэхээр байдаг гэж боддог уу?

-Харьцангуй ойлголт. Хүүхэд байхын хашир дамшиг байхад хөгшин болчихоод хаширдаггүй нэгэн байх. Аливааг өөдрөгөөр харах чадвар бол хөгжлийн хөшүүрэг. Гутранги үзэлтнээс гамшиг л төрнө. Өөдрөг байсны муу гэж байхгүй. Олон өөдрөг санаанууд биелэлээ олоод амжилтад хүрээд ирэхээр дараагийн өөдрөг бодол бага орж ирэх буюу хаагаад байдаг юм шиг санагддаг. Тиймээс нас яваад ирэхээр буурь сууж, ултай боддог гэсэн үг гарсан байх.

-Ингэж асууж байгаагийн учир нь таны эрхэлдэг ажил мэргэжил, бизнестэй холбоотой юм л даа. Таны бизнес их л хашир хүмүүсийн хийж чадах ажил шиг санагддаг?

-Аудитыг хашир, бас настай хүмүүсийн хийдэг ажил гэж танд санагдсанд гялайлаа. Аудит хийх, аудитор байх гэдэг нь хариуцлагатай, нэр төртэй ажил. Хүмүүсийн алдаа дутагдалыг олж, хэлж засуулах гэдэг нь аудитор хүний мэргэжлийн онцлог. Би гадаад, дотоод аудит хийгээд зогсохгүй сургалт, сурталчилгааны ажилд цаг заваа их зарцуулах дуртай. Би ажилдаа дуртай, миний ажил бол миний хобби юм даа. 

-Та бизнесээ эхэлж байсан болон амжилтад хүрсэн түүхээ хуваалцахгүй юу?

-Бид оюуны, боловсролын, мэдлэгийн бизнес эрхэлдэг. Гадаад аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 2002 онд “Бизкон Аудит” ХХК-г дэлхийд эхний нэгд жагсдаг байсан Артур Андерсен Монгол Аудит ХХК-д ажиллаж байсан найз нартайгаа хамт байгуулсан. Эхний гурван жил амаргүй байсан. Олон Улсын аудитын байгууллагад ажиллаж байсан, Гадаадад сургууль төгссөн мундаг найз нартаагаа хамт ажиллаж байсандаа баярлаж, бахархаж, хүндэлж явдаг. Хувь заяаны эрхээр тэд маань одоо тус тусынхаа мөрөөдлөөр амжилттай ажиллаж байгаа. Компани байгуулах дүрмийн сангийн мөнгөө хүнээс зээлж авсан. Сайхан санаа, том мөрөөдөл, мэдсэн сурсан мэдлэг, чадна гэсэн сэтгэл л байсан. Монголд боловсролын бизнес амаргүй, үнэлэмж багатай. Бизкон Аудит ХХК нь санхүүгийн тайлангийн аудит, татварын зөвлөгөө, тайлан гаргалт, шинжээчийн дүгнэлт гаргах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

-Та амьдралдаа хамгийн их нөлөө үзүүлсэн зөвхөн ганц шийдвэрээ нэрлэ гэвэл тэр нь ямар алхам байсан бэ?

-Арваа төгсөөд дээд сургууль сонгосон шийдвэр. 1993 он, улс орон болон ард иргэдийн амьжаргааны түвшин амаргүй байсан. Талханд оочирлодог байсан үе гээд хэлэхэд ойлгох байх. Тэр үед Өвөрхангай аймагт элсэлтийн шалгалт өгч байхдаа арван жилээ онц төгссөн, хотод ах дүү, хамаатан садан байхгүй гэсэн бодол тээгээд улсын зардалтай цэргийн сургуульд сурахуу яахуу гэж шийдэж ядан байгаад улсын зардалтай хувийн Мандах дээд сургуулийг сонгон суралцаж, онц дүнтэй суралцаж, багшаар үлдэж, ажил амьдралын гараагаа эхэлсэн маань миний хамгийн сайн сонголт байлаа. Түүнээс хойш бүх зүйл эхэлсэн.

-Хүн үргэлж сонголттой тулгардаг. Харин түүний зөв буруу эсэхийг хариу нь ирээдүйд байдаг. Тиймд та алдаатай сонголт хийж харамсаж байсан үе бий юу?

-Алдаатай сонголт хийхгүйн тулд маш сайн боддог, хэмждэг, дотор хүнтэйгээ ярьдаг, дотны хүмүүсээсээ асуудаг, мэдээлэл цуглуулдаг. Одоогоор том алдсан зүйл санагдахгүй байна. Аль болох алдаа гаргахгүй хичээдэг.

-Таны мөнхийн зарчим юу вэ? Бизнес хийж байгаа хүн цаг үе, нөхцөл байдлаасаа шалтгаалж, зарчмаа өөрчлөх, хазайлгах үе байдаг болов уу?

-Мөнхийн гэхээс илүү гол зарчим гэж байна. Аливаа зүйл гадаад болон дотоод хүчин зүйлээс хамааран хувьсан өөрчлөгдөх нь гарцаагүй. Хувь хүний зарчим, жанжин шугам, түүнийгээ бизнест хэрэглэх арга хандлага, дадал зуршил гээд нарийн сайн сүлжилдэх олон асуудал байгаа. Миний хувьд цаг үе, нөхцөл байдлаас хамаарч гол зарчим өөрчлөгдөхгүй, дэд зарчмыг байнга өөрчилж болно.

-Орчин үеийн бизнес болон улс төрд хүн чанарын тухай ойлголт хойно тавигдах болжээ. Үүнд та эмзэглэдэг үү?

-Бизнес болон улс төрийн хүн чанарын асуудал бол том ойлголт. Угаасаа МӨНГӨ буюу БИЗНЕС, ЭРХ МЭДЭЛ буюу УЛС ТӨР чинь хүний хэн байсан, хэн болов, хэн болохоор байна гэдгийг шалгадаг шалгуур шүү дээ. Энэ дэнсийг тэнцвэртэй түвшинд байлгахад уг хүнээс “Хүн чанартай байх, хүнлэг байх, хүнээрээ байх, шогтохгүй байх, хэлсэндээ байх, цаашилбал зөв байх, хүний мөс чанартай байх” гэдэг олон шалгуурыг шаарддаг нь үнэн. Өнөөдрийн түвшинд зөв биш хүмүүс нь зөв хүмүүсээсээ илүүгээр бизнест хождог, улс төрд ялдаг тогтолцоо байгаад эмзэглэлгүй яахав.  

-Тодруулж асуухад бид хэтэрхий цахимжиж, хэт технологижиж ирж буй нь хүний суурь харилцаануудыг устгаж байна гэх болсон. Үнэхээр ч тийм шинж анзаарагдах боллоо?

-Бүх зүйл сайн болон муу шинж чанартай. Хэт донтохгүйгээр цахим ертөнцийн сайныг нь өөртөө шингээгээд боломж болгочиход болоо юм биш үү.

-Залуу хүний гол имиж юу байх ёстой вэ?

-Хүсэл мөрөөдөл, том зорилго шүү дээ. Хүсэл мөрөөдөл багатай, зорилгоо мэдэхгүй болохоор сулдаа ганхана ш дээ. Сул ганхаад ирэхээр завтай болоод ирнэ, завтай болохоор уйдна, уйдахаар архи ууна, архи уусан хүн гэмт хэрэгт холбогдоно. Ядуу байна, мөнгөгүй байнаа гэдэг чинь залхуу байсны чинь үр дүн ш дээ. Тиймээс залуучууд бид хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн дүүлэн нисч, Би хэн бэ? Би юу хийхийг хүсч байна? Миний давуу тал юу вэ? гэж өөрөөсөө асуугаад түүндээ хүрэхийн төлөө тэмц. Тэмцсэн тэмцэл бүр ялалтаар дуусна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэмцэх чанар бол залуу хүний гол имиж юм.  

-Амбиц гэж нэг ойлголт байгаад байна. Зарим нь үүнийг зорилго гэж зөвтгөж орчуулж байхад нөгөө зарим нь хоосон нэр алдар хөөцөлдөх хэлбэр гэж үзэж муучлах хандлагатай. Уг нь бол амбиц зөв үзэгдэл биз дээ?

-Амбиц гэснээс лифтний хүн гэж нэг зүйл байна аа. Өөрөө зайлуул ажил, амьдралын нэг давхарт явж байхад нь сайн ах, эгч нар нь бололтой улс төрчид шууд давхар алгасуулаад татаад явчихаад байна ш дээ. Нөгөөдөх нь зайлуул алгассан давхарынхаа ажил, амьдралыг мэдэхгүй, очсон давхардаа балчирдаад, ажил унагаад, өөрөө ч эвгүй байдалд ороод, эцэсдээ том асуудалд ч орж байгаа харагдах юм. Ээ дээ, амбиц байлгүй яахав. Чанартай амбиц байвал зүгээр сэн гэдгийг бүх залуу хүн ойлгоосой.

-Та хэр олон найзтай вэ? Таны ямар зан чанар нөхдүүдэд тань таалагддаг гэж та боддог вэ?

-Мэдээж үе үеийн найз нар байлгүй яахав. Арван жилийн, дээд сургуулийн, гадаадад суралцсаны, магистрийн, мэргэшсэнгийн, докторын гээд төгссөн, сурч байсан сургуультай минь холбогдох олон сайхан найзууд бий. Сүүлийн үед аль ч найзуудтайгаа уулзсан яаж амьдарч байгааг нь асуугаад, ингэ тэг гэж их зааварчилгаа өгдөг болсон нь найзуудад минь хатуухан ч гэсэн таалагддаг юм шиг байна лээ. Баярласан шүү найзаа гэдэг болсон. Найзуудтайгаа уулзаад ууж идэх нэг хэрэг, харин жаахан алдаж байгаа бол алдааг нь засаад, дэм өгөөд, босгоод авбал хаа хаанаа хэрэгтэй дээ гэж боддог.

-Та хамгийн сүүлд өөртэйгээ холбоотой ямар шүүмжлэл сонссон бэ. Илэн далангүй хэлбэл болох уу?

-Зөв, хөгжүүлэх, босгох, урагшлуулах гэсэн чин сэтгэлтэй шүүмжлэл бол босох шалгуур гэж боддог. Харин зохион байгуулалттай, хараар будах гэсэн шүүмжлэлд бол “Жингийн цуваа явж л байна, Жингэр ноход хуцаж л байна” гэж хэлнэ. Би хараар, гарцгүй шүүмжлэх дургүй, гүтгэлэгийн нэг хам шинж гэж ойлгодог. Би салбарынхаа асуудалд их шүүмжлэлтэй ханддаг. Сайд дарга нараас айж эмээлгүй хэлэх гэснээ хэлээд ингэж засмаар байна гэж хэлээд сурчихсан. Тэд ч намайг улс төржилгүй, ажил сайжруулах саналаа хурц тод хэлж байгааг минь олон жил хамт ажилласан болохоор мэддэг юм шиг байна лээ. Зарим хүмүүс шиг хэлэх үгээ тас хазаад, бусдын араас хов баздаг зан надад байхгүй. Энэ нь ч надад амар байдаг. Элдэв муу бодол дотроо тээж өөрийгөө сэвтээх шаардлага байхгүй. Одоогоор айхтар шүүмжлэл сонссон зүйл алга. Шүүмжлэл бол аливаа сайн ойлголцоогүй зүйлээс эхтэй гэж боддог. Ойлголцохын төлөө хичээж ажилдаг.  

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

НОМИНАЦИ