Шинэ мэдээ
А.МӨНХБАЗАР: Даатгал бол таны хайртай бүхнийг хамгаалж буй байдаг
2019-03-21 12:54:44   share

“Улаанбаатар хотын даатгал”-ын Даатгал хариуцсан дэд захирал А.Мөнхбазартай ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Адъяагийн Мөнхбазар гэдэг. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. Хужирт суманд дунд сургуулиа төгсөөд 2006 оноос 2010 онд МУБИС-ийн КМТСургуульд суралцаж төгссөн. Дараа нь Португаль улсад 2 жил сурч амьдарч байгаад 2013 оноос эхлэн “Улаанбаатар хотын даатгал”-ын компанид орсон. Даатгалын салбарт 6 дахь жилдээ ажиллаж байна.

-Яагаад даатгалын салбарыг сонгож ажилласан бэ?

-Миний хувьд багаасаа банк санхүүгийн чиглэлээр ажиллахыг хүсдэг байсан учраас даатгалын салбарыг сонгосон. Ер нь олон нийттэй харилцах ажил хийх сонирхолтой. Анх би даатгалын төлөөлөгчөөс ажлын гараагаа  эхлүүлж байлаа. Дараа нь нөхөн төлбөрийн албанд шуурхай албаны мэргэжилтэн, байгууллагын даатгал болон  иргэдийн даатгалыг ч мөн хариуцан ажиллаж байсан. 2017 оноос эхлэн Даатгал Хариуцсан Дэд Захирлаар ажиллаж байна.

-Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу. Хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

-2002 онд Нийслэлийн иргэдэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилгоор “Улаанбаатар хотын банк” болон “Улаанбаатар хотын даатгал” гэсэн хоёр байгууллага анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Өнөөдөр манай компани нийслэлийн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалттай ХХКомпани юм. Бүтээгдэхүүн үйлчилгээний онцлох зүйл нь гэвэл иргэдийн даатгалд төвлөрч ажилладаг. Хүмүүс ихэвчлэн орон сууцны даатгалаар нь манайхыг сайн мэддэг. Жил бүр бүтээгдэхүүнээ шинэчилж, даатгалын гэрээ байгуулах, хүртээмжтэйгээр даатгалыг иргэдэд хүргэх, олон улсын бичил даатгалыг нэвтрүүлэх дээр илүү анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Хүний нөөцийн хувьд хэдэн хүн байна вэ?

-Манайд дандаа залуучууд ажилладаг. Манайх төв байрандаа 20-уулаа ажиллаж байна. Бид аливаа нэг ажлыг баг болон хийдэг.  Хэн нэгэн нь тухайн багаа ахлан үр дүнгээ гаргаж бусаддаа танилцуулдаг босоо удирдлага гэхээс илүү хэвтээ буюу старт-ап маягийн ажлын арга барилтай. Энэхүү хэв маягт ч манайхан их дуртай байдаг. Хүн дуртай байна гэдэг аливаа амжилтын гол нууц болов уу. Би ч “манайхаан” гэсэн хандлагаар ямар нэгэн ажлыг эхлүүлэх дуртай. Салбар нэгжийн хувьд гурван салбар нэгжтэй. Хүний нөөцийн хувьд бидний бас нэгэн чухал хэсэг болох төлөөлөгчиддөө илүү анхаарлаа хандуулдаг. Учир нь даатгалын боловсрол гэдэг зүйлийг айл болгоны хаалгыг тогшиж ойлгуулдаг хүмүүс байдаг. Даатгал гэж юу вэ? Ямар давуу талтай вэ? Ямар хураамж төлөх вэ? Хураамж төлснөөрөө ямар эрсдэлээс хамгаалах, боломжуудтай вэ? гэдгийг ойлгуулж байгаа чухал хүмүүс юм. Би ч өөрөө төлөөлөгчийн ажлыг хийж байсан учраас сайн мэддэг.

-Үйлчлүүлэгчиддээ ямар даатгалуудыг санал болгодог вэ?

-Манайх одоогийн байдлаар бусад компаниудын адил бүх л даатгалын хэлбэрээр иргэд, байгууллагад зориулан даатгалын үйлчилгээг үзүүлж байна. Бусдаас онцлог бүтээгдэхүүн маань “Орон сууцны иж бүрэн даатгал” юм. Даатгуулагчид маань хөрөнгө, хариуцлагаа хамтад нь даатгуулснаар сар бүр хэсэгчлэн даатгалын хураамжаа төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр төлснөөрөө 2 сая 500 мянга хүртэлх төгрөгний гэнэтийн санхүүгийн эрсдэлээс хамгаалалт авдаг бүтээгдэхүүн юм. Сүүлийн хоёр жилд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “GIZ”-ийн зүгээс хэрэгжүүлж буй хүртээмжтэй даатгалыг Азийн хөгжиж буй орнуудад хөгжүүлэх “Mefin” сүлжээнд Монгол улсаа төлөөлөн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран маш идэвхтэйгээр оролцож байна. Даатгалын бүтээгдэхүүнээ харилцагчиддаа хэрхэн хүргэж байгаа, хэр хурдан шуурхай байгаа, харилцагчиддаа даатгалын боловсролыг хэр зэрэг хүргэж байна вэ? зэргийг үндэслэн “Mefin” сүлжээ биднийг “Champion” гэж нэрийддэг. Бид өөрсдийн үйл ажиллагааны онцлогтоо тохируулан даатгалын үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэхээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байгаа. Энэхүү ажлын үр дүнд  даатгалыг нийгмийн бүх давхарга худалдан авч санхүүгийн эрсдэлээ хааж болдог гэсэн ойлголтыг хамгийн зөвөөр түгээх болов уу.

-Танай компаниар даатгуулснаар ямар давуу тал, боломжуудыг эдлэх вэ?

- Манайх бага, дунд орлоготой иргэдэд зориулагдсан хамгийн ойлгомжтой, хүртээмжтэй даатгалыг хамгийн түрүүнд хүргэж чаддаг уян хатан үйлчилгээний давуу талтай.

-Даатгал хийлгэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Даатгуулагчид маань даатгалын үйлчилгээг эрсдэлээс хамгаалан даатгуулж байна гэж биш, ямар нэг төлбөр төлөөс өгч буй мэт л боддог. Жишээлбэл, жолооч зөрчил гаргаад 100 мянган төгрөгөөр торгуулахад даатгалын компаниуд нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийж байна гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ тэр жолоочийг мөн бусдад дахин тэрхүү алдааг дахин бүү давтаасай гэж сануулж буй хариуцлагын нэг тогтолцоо юм. Гэвч ихэнх иргэд даатгал гэсэн нэрээр өөрөөс нь мөнгө зүгээр авдаг хэмээн буруу ташаа бодолтой байдаг. Цаана нь санхүүгийн ямар их эрсдэл таныг хүлээж байгааг бодох хэрэгтэй. Тэрхүү эрсдэлийг Даатгалын компаниудад даатгуулснаар таныг болон таны хэн нэгэн хайртай хүнийг хамгаалж байдаг юм.

-Энэ жил ямар төлөвлөгөө, зорилт тавьж ажиллаж байгаа вэ?

-Бид энэ жил цахимжсан бүтээгдэхүүн үйлчилгээг даатгуулагчиддаа үзүүлэх, хүний нөөцдөө анхаарч, хувь хүний хөгжил, боловсон хүчинээ улам илүү хөгжүүлэх тал дээр зорьж ажиллана. Мөн гадны орнуудын даатгалын онцлогуудаас өөрийн орны хөрсөнд суулгаж болохуйц даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж  байгаа.

-Ойрын хугацаанд компанийхаа үйл ажиллагааг өргөтгөж салбар нээх бодол байгаа юу?

-Бид салбар нэгжээ өргөжүүлэхээр тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Мөн энэ жил нийгмийн хариуцлага тал дээр нэлээн дорвитой ажлуудыг хийх гэж байна. Даатгуулагчдынхаа дунд хуримтлалын сан үүсгээд уг санд цугласан мөнгөөрөө хүүхдүүдэдээ чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, хэрэгжүүлж эхлээд байна. Тун удахгүй энэ талаар та бүхэн мэдэх байх.

-Таны зүгээс өөрийнхөө амжилтын гол шалтгааныг юу гэж тодорхойлж байна вэ?

-Миний амжилт ч гэж юу байхав дээ. /инээв/ Би даатгалын үйлчилгээг хүргэдэг бүх л шатанд ажиллаж үзсэн. Бага багаар ахисан гэх үү дээ. Шат ахих бүртээ ажлаа хэрхэн хөнгөвчилж, амар хялбараар мөн чанартай хийж болох тухай боддог доо. Ингэснээрээ бид 8 цагийн ажлыг магадгүй 6-н цагт хийж үлдсэн цагт нь өөрсдийгөө хөгжүүлэх эсвэл бусад хүлээгдэж буй ажлуудыг эхлүүлэх боломжтой болж байдаг.

-Залуучуудын хувьд ажилдаа хандах хандлага хэр ажиглагддаг вэ?

-Миний бодлоор залуучууд ажил хийх дургүй биш. Ажил хийх гээд бүгд л яваад байгаа. Гэхдээ яг өөрт тохирсон ажлыг л олдоггүй юм болов уу. Мөн ажиллах таатай орчинг бүрдүүлэлт гэдэг дээр манайхан ач холбогдол өгдөггүй байх. Тиймээс ажилдаа дурлаж ажилладаггүй. Тиймээс л ажил мэргэжлээ сольж тогтвортой ажиллаж чаддаггүй байх.

-Та хувь хүнийхээ онцлогийг тодорхойлооч?

-Би нэг байр суурь дээр бат зогсох дургүй. Учир нь хүн хүний аливааг харах өнцөг өөр өөр байдаг. Би тухайн хүний байр суурь, үзэл бодол амьдралын туршлагыг мэдэхгүй. Тиймээс тэр хүнд ямар нэг зүйлийг шууд тулгадаггүй. Харин аливаа тулгарсан асуудал, ямар нэг үйл явдалд нэг хүн шиг сэтгэж, тэр зүйлийг хамтдаа харж, давж чадах вэ гэдэгт илүү анхаардаг. Бүгдээрээ нэг цэгээс, нэг цэг рүү хамтдаа харах гэсэн зарчмыг би баримталдаг.

-Компанийнхаа зүгээс залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Компани гэхээсээ илүүтэйгээр хувь хүн талаасаа хэлмээр байна. Түрүүн хэлсэнчлэн аливаа зүйлийг нэг талаас нь битгий хараарай. Орчин үед хэвлэл мэдээллээр болон сошиалаар гарч буй мэдээ мэдээллийг цааш тараахаасаа өмнө эхлээд зөв ойлголт авах хэрэгтэй. Нэг буруу мэдээ мэдээллийн ард ямар их зүйлийг шийдэж болдог вэ гэдгийг санаж байгаасай. Зөв өнцгөөс нь харж, үнэн бодитоор цааш нь бусдад хүргэх нь хувь хүний бас нэгэн нийгэмдээ оруулж буй соёл юм.

-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ч бас.

НОМИНАЦИ