Шинэ мэдээ
"ТЭГШТ ПЛАНТ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ЗОЛБАЯР ЗҮГЭЭР СУУСАН ХҮНД АЗ ИРДЭГГҮЙ
2019-03-19 15:13:56   share

“Тэгшт плант” компанийн гүйцэтгэх захирал М.Золбаярыг “Захирлуудын 100 ярилцлага” буландаа урьж ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Мягмаржавын Золбаяр гэдэг. Нийслэлийн гадаад хэлний сургалттай 18-р дунд сургуулийг төгссөн. Япон улсын Гифү мужид байрлах “Чүкёо Гакүин” гэдэг сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр хамгаалсан. Одоо “Их засаг” их сургуулийн хууль эрх зүйн ангийн хоёрдугаар курст суралцаж байгаа. “Тэгшт плант” компанийн гүйцэтгэх захирал, “Молор орд” ББСБ-ийн захирлаар тус тус ажиллаж байна. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Таны бага насны мөрөөдөл биелсэн үү. Одоо юу мөрөөдөж байна вэ?

-Багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Багш нар том болоод ямар мэргэжилтэй, ямар ажил хийх хүн болох талаар бичүүлдэг ш дээ. Тэрэн дээр би дөрөвдүгээр ангидаа “Банкны захирал болно” гэж бичсэн байдаг. Бас би багадаа холын хараа их муутай, нүдний шил зүүдэг хүүхэд байсан л даа. Аравдугаар анги хүртлээ шил зүүсэн. Шил зүүх маш дургүй байсан учраас ээж, аавынхаа гадаадаас амьжиргааны зардалд зориулж явуулдаг мөнгөнөөс өдөр идэр хоол, автобусны мөнгөө үрэлгүй цуглуулж байгаад нүдээ эмчүүлэе гэж шийдсэн. Аравдугаар ангиа төгсөхөд миний цуглуулсан мөнгө 1000 гаруй доллар болсон байсан. Тэгээд Бээжин руу 18 насандаа ганцаараа явж хагалгаанд ороод мөрөөдлөө биелүүлсэн. Энэ мэт мөрөөдлүүд маш олон байсан. Харин одоо бол би өөрийнхөө амьдралд маш сэтгэл хангалуун байдаг. Гэр бүл, хамт олон, дуртай ажил, найз нөхөд гээд бүх зүйл надад байна. Гэхдээ одоо ч гэсэн олон мөрөөдөл бий.

-“Тэгшт плант” компанийн үйл ажиллагааг танилцуулаач. Хэзээ үүсгэн байгуулагдсан бэ?

-Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн 54 км автозамыг барьж ашиглалтанд оруулах мэргэжлийн дадлага туршлагатай төслийн багаас анх үүсэлтэй. 2005 оноос 2009 он хүртэл энэ төсөл дээр хамтарч ажиллаж байсан хамт олон нэг компани болсон юм. Албан ёсны бүртгэлээрээ 2009 онд үүсгэн байгуулагдсан гэж явдаг. Цэвэр дотоодын буюу үндэсний хөрөнгө оруулалттай компани байгаа. Үйл ажиллагааны чиглэл маань автозам, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлтэй. Одоогоор 100 гаруй ажилтантай. Энэ жил манай компаний үүсгэн байгуулагдсны 10 жилийн ой тохиож байгаа.

-Компанийн нэрний утга учир юу вэ?

-Манай компаний үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Хэнтий аймгийн хүн л дээ. Хэнтий аймагт байдаг Тэгшт хайрханы нэрээр нэрлэсэн. Бид жил бүр энэ хайрханаа очиж тахидаг. Энэхүү хайрханы маань буян заяа үргэлж биднийгээ түшдэг хэмээн бэлэгшээж явдагдаа.

-Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлуудаасаа дурьдвал?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадны болон дотоодын хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн нийлүүлэлт болон автозамын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс  онцлох ажлууд гэвэл Хөшигтийн хөндийн онгоцны буудлын төсөлд гурван жил дараалан өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүн дайрга, асфальтыг нийлүүлсэн. Дамбадаржаагаас шадивлангийн чиглэлд бидний ярьж заншснаар хойд зуслангийн замын ажил, Авто худалдааны цогцолборын гаднах зам талбай, гэрэлтүүлэг, 2018 онд ашиглалтанд оруулсан Яармагийн гүүр зэрэг ажлуудыг нэрлэж болох юм.Одоогийн байдлаар Нийслэл болон Азийн хөгжлийн банкны санхүүжилттай гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд хийгдэж буй Сэлбэ дэд төвийн автозамын ажлыг хийж байна.

-Танайхтай ижил бизнес эрхэлж буй байгууллагуудаас юугаараа онцлог вэ?

-Аливаа барилга байгууламжийг барихад түүхий эд хамгийн чухал байдаг. Автозам болон барилга барихад үндсэн түүхий эдүүдийн нэг бол дайрга юм. Бид өөрсдийн олборлон үйлдвэрлэсэн дайргаар автозамын хамгийн чухал материал болох асфальт бетон зуурмагийг өөрсдийн үйлдвэрээр үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн асфальтаараа автозамыг бид барьдаг. Энэхүү үйлдвэрлэлийн явц болон ажил гүйцэтгэлийн явцыг итгэмжлэгдсэн лабораториор шат шатанд нь хатуу хяналтыг тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл бидний хувьд үндсэн түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн ашиглах нь өртөг бага, чанартай ажлыг гүйцэтгэх давуу тал болдог. Энэ нь бидний онцлог талуудын нэг юм.

-Хэрхэн сайн зам барих вэ. Замын материалаас илүү хамаарах уу, эсвэл гүйцэтгэж буй байгууллагаас хамаарах уу?

-Сайн зам барина гэдэг олон хүчин зүйлээс хамааралтай л даа. Анхны түүхий эдээс эхлээд эцсийн шат хүртэл бүх зүйл хяналттай, стандартын дагуу явагдах ёстой. Эхлээд автозамын ажил гүйцэтгэхэд шаардлагатай процессын тухай ярия л даа. Улсын болон нийслэлийн автозамын ажил санхүүжилтээ төрөөс авдаг. Захиалагч тал зураг төсөл, хийгдэх ажилбар, төсөв санхүүг нь мэргэжлийн байгууллагаар гаргуулж баталсан байдаг. Тэрхүү хүрээндээ сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгч компанийг сонгодог. Шалгарсан гүйцэтгэгч компани нь зураг төслийн дагуу, тусгай хөндлөнгийн хяналтын байгууллагын доор норм дүрэм стандартын дагуу хийж гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хэдэн м өргөнтэй, хэдэн см зузаантай, ямар зэрэглэлийн автозам барих вэ гэдгийг мэргэжлийн байгууллага гаргаж түүнийг нь гүйцэтгэгч компаниуд хийж гүйцэтгэдэг. Олон нийтийн сэтгэхүйд гүйцэтгэгч компани нь нимгэн нарийн зам тавиад байна гэсэн ойлголт байдаг. Батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхгүй бол захиалагчийн хяналтын байгууллага нь тухайн ажлыг хүлээж авахгүй, дахин хийлгүүлэх ч нөхцөл бүрддэг. Тиймээс шат шатандаа буюу мэргэжлийн байгууллагуудаас нь эхлээд зураг төслийг зөв алдаа мадаггүй гаргадаг байх, түүнд нь тохирсон төсөв мөнгийг зөв тооцож төсөвт суулгадаг байх, гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалтыг нээлттэй шударга явуулдаг байх, захиалагчийн хяналтыг нарийн чанд хийдэг байх, гүйцэтгэгч компани стандарт норм дүрмийг чанд биелүүлэн хийж гүйцэтгэдэг байх. Энэ бүх процесс түргэн шуурхай зөв явж чадвал чанартай зам баригдах нөхцөл бүрдэнэ.

-Монголд тендер шударга явагддаг уу?

-Харьцангуй боловсронгуй болж эхэлж байгаа. Нээлттэй хялбаршуулсан цахим хэлбэртэй болж байна. Цаашдаа  илүү хөгжөөд, шударга болно гэж итгэдэг. Худалдан авах ажиллагааны хууль эрх зүй боловсронгуй болсоор байна.

-Энэ салбарт бизнес эрхлэхэд учирдаг хүндрэл бэрхшээл нь юу байна вэ?

-Замын салбарыг аваад үзвэл Улсын төсөв, Нийслэлийн төсөвтэй их холбогддог учраас ажлаа гүйцэтгэчихээд мөнгөө авах нь их удаан байдаг. Улсын болон Нийслэл хотын төсөв одооныхоос эрт батлагдаж өвлийн хугацаанд сонгон шалгаруулалт тендер нь зарлагдаж, хавар эрт ажил эхэлдэг болоосой гэж боддог. Хавар тендер нь зарлагдахаар сонгон шалгаруулалтын хуулийн хугацаа, гэрээ байгуулах хугацаа зэрэг процесс ихтэй цаг их орох ажлууд байдаг учраас зуны сүүлээр ажил хийгдэх болчихоод байдаг. Мөн барилгын салбарт бүх зүйл бартер хэлбэрээр зохицуулагдаад байгаа учраас үйл ажиллагааны зардал мөнгөө гаргаж авахад удаашралтай, төвөгтэй байдаг.

-Төрөөс хамааралтай, шууд нөлөөлөх зүйл гардаг уу?

-Бид 100 гаруй техник тоног төхөөрөмжтэй. Бүх техник түлшээр ажиллаж байна. Доллар болон түлшний үнэ өсөхөөр дагаад бидний өртөг өсдөг. Тэгэхээр хэрэглэгчдэд маань хүндрэл учирдаг. Тиймээс долларын ханш болон түлшний үнэ дээр төрийн зүгээс бодлогоор зохицуулах  хэрэгтэй. Цаашдаа үйлдвэрлэгч орон болж импортлогч орон бус үйлдвэрлэгч орон болох байх гэдэгт итгэдэг.

-Энэ салбарт боловсон хүчний эрэлт хэрэгцээ хэр их байна вэ?

-Эрэлт хэрэгцээ маш их байдаг. Өнгөрсөн онд хүний нөөцийн асуудал манай компани гэлтгүй салбарынхны хувьд хүнд асуудал байсан. Учир нь эдийн засаг сэргээд хөдөө орон нутагт уул уурхайн салбарын ажил эрчимжээд ирэхээр ажиллах хүчний хомсдолд орж байгаа юм. Сургуулиуд бол энэ салбараар хангалттай сургаад төгсгөж байна л даа. Гэтэл цалин сайтай гэх үндэслэлээр манай залуус Солонгос руу олноороо гарч байна. Сүүлийн үед Эрээн хот руу хүртэл зуны хугацаанд 1 сая төгрөгийн цалин авч барилгын ажил хийдэг залуус олширсон байна. Энэ асуудалд би их эмзэглэдэг. Залууст ажиллах орчин нөхцөлийг нь сайн бүрдүүлж өгвөл аль ч салбарт мэргэжлийн, цаашид хөгжин дэвших боломжтой чадварлаг, зөв хандлагатай залуус бий. Манай компанийн хувьд цалингаа цагт нь тавих зарчмыг баримталдаг. Их бага гэхээсээ илүү цалингаа тогтсон цаг хугацаандаа авна гэдэг тухайн хүний амьдралд үр өгөөжөө өгдөг. Тиймээс цалин гэх мэт урамшуулах зүйлээрээ ажилчдынхаа хүсэл тэмүүлэл, зорилгыг мохоож болохгүй. Нөгөө талаас залуучууд амархан аргаар хурдан амжилтанд хүрэх дуртай байна. Эхлээд ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэл төгс хийж сурах, туршлагажих хэрэгтэй.  

 -Ажилд орохоор ирж буй залуусын хандлага хэр байдаг вэ. Сайн, муу тал нь юу байна вэ?

-Би ажилд авахдаа эцсийн ярилцлагыг өөрөө хийж, тухайн хүний хандлагыг хардаг. Тогтмол хэдэн асуулт биш олон зүйлийн талаар ярилцаж хандлагыг нь олж харахыг хичээдэг. Манай компанийн хувьд харьцангуй залуужиж байгаа. Залуучууд идэвхи санаачлага сайн, хурдтай. Дутагдалтай тал нь харилцаан дээр бага зэргийн асуудал гаргадаг. Мөн хэтэрхий хурдан хийх гээд гүйцэтгэл дутуу байдаг нь сул тал болдог. Гэхдээ энэ бол засаж залруулаад хөгжүүлээд явах боломжтой асуудал.

-Сүүлийн үед залуусын дунд гэр бүлийн салалт их байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Би бол энэ тал дээр их азтай хүн л дээ. Хүний амжилтанд ар гэр маш ихээр нөлөөлдөг. Өнөөдөр би ар гэртээ санаа зовсон, сэтгэлийн шаналалтай бол үр бүтээл хэзээ ч гарахгүй. Бидний эргэн тойронд өрх толгойлсон эмэгтэйчүүд маш олон байна. Хүмүүсийн салалтын шалтгаан янз бүр л байдаг байх. Гэхдээ би эрэгтэй хүмүүст илүү шүүмжлэлтэй ханддаг. Эрэгтэй хүн гэдэг айл гэрийн эзэн гэдэг утгаараа ч тэр, ер нь л бүх талаараа эмэгтэй хүнээс илүү хариуцлагатай байх ёстой. Гэтэл хариуцлагаа ухамсарлаагүй байдлаас нь болоод илүү их асуудал үүсдэг юм болов уу гэж боддог.

-Та ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?

- Намайг 12 настай байх үед аав ээж маань эгчтэй хамт Америк руу, ах маань Япон руу явчихсан учраас ганцаараа олон жил амьдарсан. Өөрийнхөө амьдралд өөрөө эзэн нь байх, аливаа асуудалд өөрөө хариуцлага хүлээж, шийдвэр гаргадаг байх гэх мэт олон зүйлийг сурсан. Дараа нь Японд очиод сурч байхдаа хариуцлагатай байх гэдэг зүйлийг маш сайн ойлгосон. Тэгэхээр гэр бүл, нийгэм, ажил, найз нөхдийнхөө хувьд хүлээх хариуцлагыг чухалчилдаг. Мөн шударга байх байдлыг эрхмэлдэг.  Мөн багаасаа каратегийн спортоор хичээллэсэн болохоор олон сайн зан чанарыг суулгаж өгсөн байх. Өөрийн зорьсон зүйлдээ бууж өгөхийг хүсдэггүй. Бизнесийн түншүүд болон хамтрагч нар, мөн ажлын хамт олондоо хэлсэндээ хүрэх, эрх тэгш байх гэсэн зарчмыг барьж ажиллахыг хичээдэг.

-Каратегийн спортоор хэр удаан хичээллэсэн бэ?

-Карате нь маш олон төрөл байдаг л даа. Би 2007 оноос хойш Шотокан каратегаар хичээллэсэн. Улсын шигшээ багт байсан учраас улсаа төлөөлж олон улсыын тэмцээнд явдаг байсан. Дараа нь Японд очиод бас 4 жил үргэлжлүүлэн хичээллэсэн. Шотокан карате нь саяхан Олимпын төрөлд багтсан. Би одоо Олимпын каратегийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 2020 оны Олимпд тамирчдаа бэлдэж байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Хобби бий юу?

-Аль болох гэр бүлтэйгээ байж агаар салхинд гарахыг боддог. Заримдаа ганцаараа байж гаднаас өөрийгөө харахыг хичээдэг. Өөрөө өөртэйгөө ярилцаж, хийсэн, хэлсэн зүйлсээ дүгнэх дуртай. Мөн ном унших, цугуулах дуртай.

-Залуучуудаа уриалаад сайхан үг хэлээч?

-“Би бол азтай хүн. Аз гэдэг зүйл зүгээр суусан хүнд ирдэггүй” гэж хэлэх дуртай. Боломж гэдэг хүн бүрт харилцан адилгүй байдаг. Харин цаг хугацааны боломж л бидэнд эрх тэгш байдаг. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөө тодорхойлж, боломж бололцоогоо тодорхойлж, түүнийхээ төлөө аливаа үйлдлийг хийж хөдөлмөрлөх хэрэгтэй. Алдаж оносон ч хамаагүй оролдоод үзэх хэрэгтэй. Гол нь амархан, буруу аргаар биш туулж, давж болох бүх давааг давж хүн байх эрхэм чанараа л марталгүй амжилтанд хүрэхийн төлөө тэмүүлээсэй.

НОМИНАЦИ