Шинэ мэдээ
Удган Х.Батгэрэл: Жинхэнэ чадалтай бөө хүнээс юуч асуулгүйгээр бүх мэдээллийг нь хэлэх чадвартай байдаг
2019-01-22 13:21:31   share

Бөө мөргөлийн талаар удган Х.Батгэрэлтэй ярилцлаа. 

-Сайн байна ууТанд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн, сайн байна уу? Танд болон танай хамт олонд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.

- Сүүлийн үед онгод тэнгэр айл болгонд байх боллоо гэж ярих болж. Үнэний хувь байгаад байх шиг... Онгод тэнгэр ийм олон байдаг юм уу?

-Айл болгонд онгод тэнгэр байгаагүй ээ. Удам угсаанд тодорхой үүрэгтэй хүмүүс бол амьдарч байсан.  Туг тайлагч, галын харуул, гэх мэт хүмүүс бол байсан. Хүн болгон онгодтой байна гэж байхгүй. Харин мөнгөний төлөө хүмүүсийг онгод тэнгэртэй гэж мэхлэн альбин тийрэн нааж өгөх явдал гарч байна.

-Хуурамч бөөгөөс жинхэнэ бөөг яаж ялгах вэ?

-Бөө хүн бол хүний овог нэр, жил ус асуухгүйгээр тухайн хүний бүх мэдээллийг хэлэх чадвартай байдаг. Мөн онгод тэнгэрийн дуу хоолой өөр хоорондоо адилгүй байдаг. Хийсэн үйл нь хэзээ ч харьдаггүй юм шүү.

-Бөө нарыг хараал хийдэг, бас тусалсныхаа төлөө их хэмжээний мөнгө авдаг гэсэн яриа бий?

-Бүхний мөнгө зоосны нүхээр хардаг болчихсон этгээдүүд л хараал л хийгээд байгаа юм. Хийлгүүлж байгаа хүмүүс нь дараа нь өөр дээр нь, удам судар дээр нь айхтар муу зүйл болж буухыг мэдэхгүй байдаг. Хараал хийсэн бөөд ч сүүдэр нь тусдаг, одоо эс гэхэд үр удам нь зовдог. Бүх зүйлс төлөөстэй, үйлийн үртэй учир ийм зүйл хийхгүй байх учиртай гэж би боддог. Бөө нар бусдад туслахдаа үнэ ханш тогтоосон гэсэн яриа байдаг л юм. Хүмүүст туслахдаа үнэ хэлж болдоггүй юм.

-Сүүлийн үед бөөгийн тоо олширчээ. Та бөөгийн удамтай гэдгээ анх хэзээ мэдсэн бэ. Ер нь яаж мэдрэгддэг юм бол?

-Багаасаа бөөгийн талаар сонсож өссөн. Өөрт тодорхой шинж тэмдэгүүд мэдрэгдэж байсан болохоор арай том болоод тусгайлан судалж эхэлсэн юм. Миний ээжийн эмээ Мэндхүү гэж Хөвсгөл аймгийн уугуул Лус барьдаг бариач хүн байсан юм аа. Тухайн үед амьдарч байсан үе нь шашин шүтлэгийн хувьд нийцдэггүй байсан учир онгод тэнгэрээ нууж, удган гэдгээ нь мэдэгддэггүй байсан. Би бол анх таван настай байхдаа тамга дагуул минь гарч, 12 настайдаа тэнгэртэйдээ холбогдсон ч учрыг нь мэдэлгүй явсан. Тэр үеэс хойш унаж татдаг, бие өвддөг болж, 15 насандаа уг гарлаа мэдсэн.

Бөөгийн өвчин гэж байдаг. Энгийн хүний нүдэнд харагддаггүй ад зэтгэр, тийрэнг хардаг болж, түүнээсээ айж зугтан шөнө ч унтаж чадахгүй болж байсан. Тэр бүхнийг ээж, аавдаа хэлэхэд ойлгохгүй “Шар хад”-ны эмнэлэгт хэвтүүлнэ” гэж хүртэл хэлж байсан. Тухайн үед би янз бүрийн далд ертөнцийн олон зүйлийг олж хардаг байсан. Хамгийн сүүлд ээжийн минь хүзүүнд яс ургаж хамаатан садангийн хүмүүс өвдөж, амьдрал ахуйн хэцүүдсэн учир бөөгийн тамга тэмдгээ авахаар болж байв.

-Та анх 15 настай байхдаа онгод тэнгэрээ авсан юм уу?

-Эхэндээ бусдын үгэнд итгэн мэхлүүлсэн удаа бий. Тэр бөө онгод сахиусыг минь зөв залж өгч чадаагүй. Яг л өмнөх шиг, бөөгийн өвчнөөр өвдсөөр байсан. Хоёр жилийн дараа одоогийн багштайгаа уулзаж шавь орсноор онгод шүтээнээ зөв буулгаж чадсан.

-Онгод тэнгэрийг яаж буулгаж авдаг юм бэ?

-Миний хувьд, багштайгаа уулзаж золгосноос хойш онгод сахиус минь зүүд нойроор минь дамжуулан өмсгөл хуяг эд хэрэглэлээ зүүд нойроор минь дамжуулан мэлмийдүүлсэн. Тэр дагуу бэлтгэн бөөгийн онгод авах зан үйл үйлдэж онгод шүтээнээ буулгасан.

-Таны онгод сахиус ямар хүн байдаг вэ?

-Миний онгод тэнгэр зүг болгоноос орж ирдэг. Энэ нь янз бүрийн онгод тэнгэр залардаг гэсэн үг. 94 настай, 1200-аад оны үед аж төрж байсан жанжин хүн хүртэл байгаа. Улаач хүн онгод тэнгэрийг залхад маш их энерги зарцуулдаг учраас тухайн улаач тайван байж онгод тэнгэрийг залах нь хамгийн чухал.

-Онгод тэнгэр удам дамждаг уу?

-Онгод тэнгэр мэдээж удам дамжина. Тухайн онгод тэнгэр нь улаачийн эцэг болон эхийн талаас  удам дамжин ирэх нь олонтаа. Би улаач болоод 10 орчим жил болж байна. Улаач хүний зорилго сэтэл нь цагаан байж, бусдын зовлон шаналлыг шингээн авч туслахад оршдог.

-Бөө нар зурхайч хүмүүс шиг хүнийг хараад үзэх боломжтой юу. Эсвэл онгодын тусламжтайгаар үзэж хардаг уу?

-Улаач хүн бүр онгод тэнгэрээсээ суралцаж байдаг учир хүнийг хараад үзэх боломжтой. Бас өөрөө зан үйл үйлдэх чадвар бий.

-Та жишээлбэл, ямар, ямар зан үйл, засал хийдэг вэ? 

-Айл гэрийн гал тахих, сүлд дуудах, айл гэрт шүгэлсэн муу муухай (альбин тийрэн) архины дэв бузар арилгах, хүний амь хаах, ханийн тэнгэр дуудах, удмын хараал арилгах, удмын засал, уул ус тахих, үрийн заяа дуудах гэх мэт олон зан үйлийг хийж байна. Монголчуудын хувьд бол эрт дээр үеэс  уул усаа шүтэн тахиж ирсэн. Нутаг орныхоо хайрхандаа идээ ундааныхаа дээжийг өргөж шүтэж явбал үйлс нь сайхан бүтнэ ээ.

Монгол эмэгтэйчүүдийн хувьд бол савны оёг өвчний улмаас үртэй болж чадахгүй тохиолдол олон байна. Эмэгтэйчүүдийн савны энергийг хүйтэн, бүлээн, халуун гэж  ангилна. Хүйтэн саванд үр хэзээ ч ордоггүй, бүлээн саванд нь үр орсон боловч тогтолгүй зулбадаг, халуун саванд үр хүүхэд бүрэн бойжиход тохирсон байдаг.

Намайг зорьж ирэн засал ном болон энергийн бариа хийлгэн үр хүүхэдтэй болсон эмэгтэйчүүд олон бий. Надаар энергийн бариа болон зан үйл хийлгэн хүүхэдтэй болсон  эмэгтэйчүүдийн маань  хүүхдүүд эхнээсээ сургуулийн сурагчид болсон байна.

Эрэгтэйчүүдийн хувьд бол сүлд хийморь доройтсон, архи дарсанд орсон, ажил төрөл бүтэмжгүй, эхнэр хүүхдээ хуурсан эрчүүд ихээр ирдэг. Эдгээр зүйлсийг засан тохирох зан үйлийг нь хийдэг дээ.


Уншигч Та бүхэн Х.Батгэрэл удгантай  91679907 утсаар холбогдох боломжтой. 

НОМИНАЦИ