Том Хэнкс: "Пицца бол хүн төрөлхтний хамгийн сайн бүтээлүүдийн нэг "

20 өдрийн өмнө

Жүжигчин Том Хэнкс хойд хөршийн “7 дней” сэтгүүлийн сурвалжлагчид хамгийн сүүлд бүтээж буй дүр болон хувийн амьдралынхаа талаар сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр эхнэртэйгээ 25 жил аз жаргалтай амьдарч буй, Холливудад ховорхон тохиох азтай гэр бүлийн тэргүүн юм. 


-Том, та дахиад л бусдыг гай зовлонгоос аврахаар болжээ. “Ноён Бэнксийг авар” таны хэн нэгнийг аварч байгаа хоёр дахь кино шүү дээ?

-“Цэрэг Райныг авар” эхнийх нь гэж хэлж байгааг тань ойлголоо. Нээрэн одоо гурав дахийнх нь талаар бодож эхлэх хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгвэл маш сайн гурамсан бүтээлтэй болж үлдэх нь байна. 

-Хүлээе. Шинэ кино тань алдарт “Мэри Поппинс” Диснейн студид хэрхэн бүтээгдэж байгаа талаар өгүүлдэг. Студийг үндэслэгч охиддоо хайртай кохиолч Памела Трэверсийнх нь номоор кино хийж өгнө гэж амалснаас энэ бүхэн эхэлсэн гэдэг. Та Уолт Диснейн дүрийг бүтээж байгаа. Тэгэхээр, яаж яваад энэ кинонд тоглох болчихов?

-“Disney”-н ерөнхий захирал Боб Айгер утасдаад “Сонсооч Том, бид тун хүнд байдалд орчихоод байна. Бидэнд Уолт Диснейн тухай өгүүлсэн кино зохиол ирлээ. Хэрвээ бид хийхгүй гэвэл зохиогч нь өөр компанид өгөх нь гарцаагүй. Ингэвэл бид их муухай харагдах гээд байна. 

“Disney” компани үндэслэгчийнхээ тухай кино хийхээс татгалзлаа гээд бодоод үз л дээ. Аваад хав дарж орхие гэхэд хэзээ нэгэн цагт ил болох нь гарцаагүй. Тэгвэл бид бас л эвгүй байдалд орно. Тэгэхээр шууд асууя, Уолтын дүрд тогломоор байна уу” гэж хэлсэн.        

-Та шууд л зөвшөөрсөн үү?

-Тийм ээ. Бобд татгалзах хэцүү байсан /инээв/. Үнэндээ зөвшөөрснийхөө дараа ам хатах шиг болсон л доо. Америкийн домог болсон хүний дүрийг бүтээх жирийн хэрэг биш, ямар их бэлтгэл ажил хүлээж байгааг ойлгож байсан учраас тэгсэн хэрэг. 

Гэвч миний баримталдаг дүрэмд бэрхшээлийн өмнө бууж өгнө гэсэн ойлголт байдаггүй. 1979 онд, жүжигчний гараагаа дөнгөж эхэлж, хэрчим талхны төлөө хөдөлмөрлөж явахдаа би номын сангаас Уолт Диснейн намтрыг олж уншсан юм. Тэр үед түүний уйгагүй, хөдөлмөрч зан чанарыг биширч байж билээ.

Тэрбээр маш олон бэрхшээлтэй нүүр тулсан ч хүүхэлдэйн киноны ирээдүйд итгэх итгэлээ хэзээ ч гээгээгүй. Тиймээс энэ хүний дүрийг бүтээх боломж гарсан нь сонирхлыг маань татсан юм. “Мэри Поппинс”-ыг бичсэн Памела Трэверсийн дүрийг Эмма Томпсон бүтээх байсан нь бүр илүү анхаарал татсан. Жинхэнэ мэргэжил гэж юу болохыг тэр л хэлж өгч чадна.    

-Уолт Диснейн гэр бүлийнхэн танд түүний талаар мэдээлэл өгсөн үү?

-Би Уолтын охин Дайен Дисней-Миллертэй олон удаа уулзсан. Тэр надад эцгийнхээ талаар яриад зогсохгүй асар их бичиг баримт, видео бичлэгийн архиваа үзэхийг зөвшөөрсөн. Би Уолтын бараг 1000 видео, аудио бичлэгийг үзсэн байх. Бас Сан Францискод байдаг гэр бүлийн музей рүү нь хэд, хэд очсон. 

Тэнд Уолтын хувийн эд зүйлсээс гадна 120 хүний багтаамжтай кино танхим байсан. Диснейг шүтэн бишрэгчдийн хувьд тун сонирхолтой газар юм билээ. Би бас Уолтыг таньж мэддэг байсан найз нөхөд олон хүнтэй танилцсан. Тэдний дунд “Disney” компанид олон жил ажилласан хөгжмийн зохиолч Ричард Шерман байлаа. Дүү Робертынхоо хамт Уолттой олон жил мөр зэрэгцэн ажилласан энэ хүн даргынхаа талаар маш олон онигоо, болсон явдлыг ярьж тус болсон. 
        
-Энэ бүх эрлээсээ та чухам юу олж мэдэв?

-Зөндөө ихийг... Жишээлбэл, тэр өдөрт гурван хайрцаг тамхи татдаг, тамхичны мэнгэртэй байсан. Чанга ханиах чимээгээр ажилчид нь даргыгаа ирж байгааг мэддэг байж. Гэхдээ энэ кинонд тамхи татаж байгаагаар гарахгүй л дээ. Уолт уушгины хорт хавдраар нас барсан. Ийм учраас “Дисней” компани нэг ч бүтээлдээ тамхи гаргадаггүй юм билээ.

Бас нэг онцлох зүйл нь сахал. Түүний сахал алдаршихад нь бас их тус болсон байдаг. Ямар хэрэгтэйг мэдэхгүй ч маш олон хүн түүний сахалны талаар ухаанаа уралдуулж, бараг л задлан шинжилгээ нэгтгэн дүгнэлт хийдэг байсан гэнэ лээ. Миний гадна төрх Уолттой тийм ч их адилгүй, гэхдээ сахал тавьчихад илүү ойролцоо болж байгаа. 

Эхнэр Ритагаас бусдад нь сахал маань таалагдсан байх. “Хонгор минь зураг авалт чинь хэзээ дуусах вэ” гэж асуугаад л байгаа юм. “Энэ тэнэг сахлаа хэзээ авч хаях вэ” гэж асууж байгаа нь тэр /инээв/. 

-Сахал ч бага хэрэг. Та өмнө нь жүжигчин хүн дүр бүтээхийн тулд эрүүл мэндээрээ тоглодог гэж хэлж байсан?     

-Тийм ээ, эмч намайг чихрийн шижингийн хоёрдугаар зэрэгтэй гэж оношилсон. Жингээ олон удаа өөрчлөх нь энэ өвчний нэг үндсэн шалтгаануудын нэг юм билээ. Би мэргэжлийнхээ ажлыг хийхийн тулд жингээ олон удаа өөрчилж байсан. Жишээ нь 1992 онд ДОХ-той залуугийн дүрийг бүтээхдээ 13 кг хаяж байсан. 

Эзгүй арал дээр ганцаар хаягдсан эрийн тухай өгүүлдэг “Орхигдсон хүн” кинонд тоглохдоо бүр 22 кг хассан. Цусанд сахарын хэмжээ их байна гэдгийг эмч нар 36-тай байх үеэс л анхааруулж байсан ч би нэг их тоогоогүй. Эмч “Дунд сургуульд байх үеийнхээ жинг барьж тэгээд л чихрийн шижин алга болчихно” гэж хэлсэн. 

Ха ха, гэхдээ энэ ямар ч боломжгүй зүйл шүү дээ. Би дунд сургуульд байхдаа 50 гаруйхан кг жинтэй байсан бол одоо 57 настай 85 кг жинтэй болсон байна. Тэгэхээр одоо надад жин хаях шаардлагатай дүрээс татгалзах л ганц арга үлдээд байх шив.

Гэхдээ зөвхөн ингээд зогсохгүй хоол ундандаа бага зэрэг өөрчлөлт оруулж, дэглэм барихыг оролдож байгаа. Эхнэр маань үүнд тусладаг юм. Тэр намайг амттай хоол унданд хэчнээн дуртайг сайн мэднэ. Пицца бол хүн төрөлхтний хамгийн сайн бүтээлүүдийн нэг юм шүү.

-Ингэж их завгүй ажилладаг хүнд гэр бүл, ойр дотныхондоо зарцуулах цаг гарч байна уу?

-Олон жилийн туршлагадаа тулгуурлан гэр бүл ажил хоёрын тэнцвэрийг сайн олж сурсан. Залуу байхад гэр бүлийнхнийгээ зураг авалтын талбай руу дагуулж явдаг байлаа. Жишээ нь “Сиэтлийн нойргүй хүмүүс” кинонд гэр бүлийнхэнтэйгээ очсон. 

Зураг авалтын дундуур тэдэнтэйгээ усны цанаар хэрхэн зугаацаж байсан нь сэтгэлд байна. Сайхан байсан. Ер нь би эхнэртэйгээ хамт байхдаа туйлын сэтгэл хангалуун байдаг хүн. Өнгөрсөн жил бид гэрлэлтийнхээ 25 жилийн ойг хийсэн. Ийм удаан хамт байсан гэхэд итгэмээргүй санагдаж байсан шүү. Хоёр жил болсон шиг л санагдаж байсан /инээв/. 

Рита бид хоёр ганцхан зүйл дээр л маргалддаг. Хэн нь хэндээ илүү хайртай вэ гэдэг сэдвээр л... Яагаад ийм байдгийн нууцыг надаас битгий асуугаарай. Тийм нууц байхгүй. Бидний хоорондын мэдрэмж маш хүчтэй, надад заримдаа Ритаг эхнэр гэж нэрлэхэд ч хэцүү санагддаг юм. Тэр бол миний хувьд найз, ээж, хайртай бүсгүй. 

Түүнгүйгээр би амьдралаа төсөөлж ч чаддаггүй. Заримдаа “Түүнтэй байхад яагаад ийм энгийн, амархан байдаг юм бол” гэж өөрөөсөө асуудаг юм.        

Танилцуулга

Нэр: Том Хэнкс
Төрсөн өдөр: 1957.07.09
Төрсөн газар: Конкорд, Калифорни, АНУ

Эшлэл

Рита бид хоёр ганцхан зүйл дээр л маргалддаг. Хэн нь хэндээ илүү хайртай вэ гэдэг сэдвээр л...
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ ЯрилцлагуудMollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН