Шинэ мэдээ
Р.ЭМҮЖИН: ТҮҮНТЭЙ ЗАГАС НААДУУЛАХСАН, ТҮҮНИЙ ЭНГЭРТ АМЬ ТАВИХСАН
2019-01-15 14:06:04   share

Яруу найрагч Рэнцэндоржийн Эмүжин:

1. “Дэлхий ертөнц дээр эрэгтэй, эмэгтэй хоёр л хүйс байдаг. Энэ тохиолдолд байгаа хоёрхон юмаа уралдуулаад, өрсөлдүүлээд байх ямар шаардлагатай юм. Би эмэгтэй хүн гэж ялархахын оронд, би эр хүн гэж ихэрхэхийн оронд бие биенээ түшиж энэ амьдралыг босгох ёстой. Бие биенээ нөмөрлөж энэ орчлон ертөнцийг тэнцвэржүүлж байх учиртай.


2. “Дурласан эр хүн ямар ч байдлаар сэтгэлээ илчилж болно. Цэцэг навч бариад гүйж болно. Цэрвэж сандраад зугтаж ч магадгүй. Эсвэл өөрийгөө илэрхийлж чадахгүй шаналаад эмэгтэйдээ ширүүн загнаж болно."

3. “Эмэгтэй хүн сэтгэлийн бол уянга нь, сэрэл мэдрэмжийн нэг эст амьтан нь, амьдралын бол ухаарал, тэвчээр нь. Ханьдаа бол хайр энхрийллийн дээд нь, үрдээ ээж нь. Бүсгүй хүн дотроосоо гэрэлтдэг гэж ярьдаг. Ямар нэгэн дэнлүү байлаа гэж бодъё. Дэнлүү бүдэг байхдаа тэрүүхэн орчноо л гийгүүлнэ. Дэргэд нь ном унших ч хэцүү. Тэгвэл дотоод эрчим хүчээ асааж, сайхан сэтгэл, ухаарал, хайр энэрэл, уянга, аялгууг сэтгэлдээ бүтээж чадсан эмэгтэй хүний дотоод гэрэл цаг хугацаа өнгөрөх тусам тодорч, зөвхөн эргэн тойрон, гэр бүлээ төдийгүй нийгмээ хүртэл гэрэлтүүлж чадна. Хэдийгээр бид эрчүүдийг зоригтой, хатуужилтай гэх мэт олон гайхалтай чанарын тод жишээ, супер баатар болгодог ч тэр супер баатрыг эмэгтэй хүн л бүтээдэг юм ш дээ. Эмэгтэй хүний дэргэд, ээж хүний дэргэд хөвгүүд нь өсч өндийн, эр хүн бий болдог. Ирээдүйн өрхийн тэргүүн, үрийн эцэг, төр улсын түшиг болох хөвгүүдээ гал тогооны өрөөнөөс гаргалгүй өсгөчихгүй юмсан л гэж хичээх юм байна шүү дээ."   

4.“Хүний мөн чанар нь өөрөө хайр юм шүү дээ. Хэн нэгнийг хайрлаж байж л бид сэтгэл дүүрэн, хэн нэгнээр хайрлуулж байж бид жигүүртэй юм шиг амьдарч чадна. Гагцхүү ямарваа нэг зүйлд баригдахгүйгээр, айлгүйгээр түүнийг олж нээх, мэдрэх, түүнд цэцэглэж, жигүүрлэж, өсч өндийх боломж олгоход учир нь байдаг.”

5. “Бид хатуу үгийг харамгүй хэлдэг. Хашгирдаг. Тэгсэн атлаа сайхан үгийг амнаасаа болж өгвөл унагадаггүй. Сайн үг, сайхан магтаалыг харамлаж хэлнэ. Хэллээ гэхэд бараг шүд зуулттай байх нь энүүхэнд. Саяхан л монголчууд уучлаарай гэж хэлж сурч байна шүү дээ. Тэгж хэлэхдээ хүртэл загнаад, зандраад байгаа юм шиг хэлдэг байлаа. Монголд сэтгэлзүйн салбар хөгжөөгүй байна.”

 
6. “Би эмэгтэй хүн гэдгээ ухаарч, ойлгож, мэдрэх тусам би үнэхээр бүсгүй хүн л юм даа гэж бахархах тусам тэр хүний сэтгэл нь дотроосоо дотогшоо тэмүүлж, тэр дотогш тэмүүлж, дотор боловсорсон сэтгэхүй нь буцаж гарахаараа бүсгүйлэг шүлэг болж гардаг.

7. “Би уян зөөлөн хэрнээ омог бардам, ухаантай хэрнээ ялихгүй юман дээр бүдэрч тэнэглэдэг, оюунлаг хэрнээ заримдаа огтхон ч толгой, тархиа  ажиллуулахыг хүсдэггүй. Уйлхай хэрнээ эрс хатуу. Дурламтгай хэрнээ хаяад л явчихдаг. Хайрлахдаа халуун хэрнээ хаяхдаа тулбал харь хөндий. Хайрласан шиг хайрладаг хэрнээ яг түүн шигээ хаясан шиг хаячихаж бас чаддаг. Өөрөөр хэлбэл би өөрийгөө сэтгэлзүйн эрс тэс, туйлын зангуудыг тээж явдаг юм болов уу гэж боддог. Тэгээд туйлын, туйлршамтгай зангаа хэзээ ч барьж, хорьдоггүй. Хорьж, хязгаарлая гээд ч чаддаггүй. Зоргоороо амьдарч, зоргоороо сэтгэж, зоргоороо тэмүүлж, зоргоороо унаж босч, зоргоороо бүдэрч, бүдэрснийхээ дараа зоргоороо нулимсаа арчаад инээгээд цааш алхдаг. Зоргоор салхи гэж байдаг бол тийм л хүн юм болов уу.

8. “Уран бүтээлч хүний сэтгэхүй их сонин шүү дээ. Хэн нэгэнд дурлаж байж бичсэн үе бий. Төсөөлөл, сэтгэлийн халил, дурсамжаас төрсөн шүлгүүд байна. Зүгээр л сэтгэл хөдлөлөөс төрсөн сэрэл мэдрэмжүүд байж болно. Чи хэлж байна л даа, хорь ч хүрээгүй Эмүжин тийм задгай, зоргоороо бичиж байсан гэж. Одоо ч гэсэн би тэгж бичиж байна. Зарим шүлгүүдээ уншихаар би бичээгүй юм шиг ичмээр санагддаг
Түүнтэй энгэр зөрүүлэхсэн
Түүний энгэрт амь тавихсан...

Тэгсэн хэрнээ нөгөө талд нь,
Зүрх бүхэнд Монгол минь бий, цохилохыг нь сонордогтун 
Зүг бүхэнд Монгол минь бий, сэрэхийг нь мэдрэгтүн гээд эх орны тухай бичиж л сууна. Бас алдсан, оносон ухаарлын тухай байна.

9. “Ерөөс шүлэг, яруу найраг гэдэг бол хил хязгааргүй ертөнц юм. Түүний нэгээхэн судал, хэдхэн жимээр би алхаж байна. Бичээд сууж байхдаа,би яаж энэ хязгааргүй, огт оргүй, уудам ертөнцөд үзэг барьж төрсөн юм бол гэж заримдаа боддог. 
Магадгүй яг над шиг зоргоороо шүлэглэхийг олон хүн дотоод сэтгэлдээ хүсдэг байх. Гэхдээ яг бичихийн цагтаа өнөөх хүний нийгмийн олон олон хууль тогтоомж, хэдэн зуун ёс суртахуунд өөрийгөө боомилдог байх. Гэхдээ шүлэг бол миний сэтгэлээс чиний сэтгэл рүү, миний мэдрэмжээс чиний мэдрэмж рүү, миний хайраас чиний хайрыг зүглэн нисдэг шувуу болохоор түүнийг хориод ч яах юм. Далавчийг нь хяргаад ч яах юм. Зүгээр л нисгэе. Өөрөө зоргоороо амьдарч болж байгаа хэрнээ хэдэн муу шүлгээ зоргоор нь нисгэж яагаад болохгүй гэж. 

Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайл
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юм гэж бичмээр санагдаад л бичсэн.” 

10. “Амьдралд үнэхээр сайн хань тааралдахгүй бол заавал ханьтай байх гээд яах юм. Тэртэй тэргүй асч дүрэлзсэн, гал мэт шатсан залуу халуун насыг ганцаараа барчихаад өтөлсөн хойноо цайны ханьтай болноо гээд майжигнаад гүйх ямар шаардлага байна. Тэгэхдээ надад нэг бодол байдаг юм. Эр хүнтэй амьдарлаа гэхэд үр хүүхдийг нь төрүүлэлгүй ханилна гэж төсөөлж ч чаддаггүй. Бие биедээ хайртай болсон юм чинь яагаад хайртай хүний маань хөмсөг, нүдийг ч юм уу дуурайсан, эсвэл надаас ямар нэг өвөрмөц содон шинж чанарыг маань авсан хайрын хөөрхөн бүтээл, содон ертөнцийг бий болгож болохгүй гэж.”

НОМИНАЦИ