Монгол Улсын Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган: : "Надад ганц байгаа юм нь Олимпийн аварга гэдэг нэр. Энэ нэр төрийг надаас хэн ч булааж авахгүй"

20 өдрийн өмнө

“Юм гэдэг үргэлж өгсч, уруудаж явдгийн жишгээр одоо л нэг шинэ үеийнхэн гарч ирж байх шиг байна. Э.Бадар-Ууган Чикагод үнэхээр гайхалтай тоглосон. Бараг л дэлхийн аварга болсон доо. Гоё тоглодог боксчин байна лээ. Үүеэгээс хойш би тийм боксчин лав хараагүй. Илүү дутуу юмгүй, хэрэгтэй үед техникээ гаргаж чаддаг, мэдрэмжтэй юм билээ. Дээрээс нь их ухаантай нь ажиглагдсан. Бокст толгойгоо ажиллуулж чаддаг хүн л амжилтад хүрдэг юм”

1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Н.Энхбат

“Бээжин-2008” зуны олимпийн алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган: Надад ганц байгаа юм нь Олимпийн аварга гэдэг нэр. Энэ нэр төрийг надаас хэн ч булааж авахгүй

  • “Дэлхийн монгол” булангийн маань зочны урилгыг хүлээж авсанд баярлалаа. Бид таныг олимпийн аварга болсноос хойш 10 жилийн дараа уулзаж байна. Цаг хугацаа ямар хурдан өнгөрөө вэ хэмээн бодож суулаа. Одоо Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга гэх хариуцлагатай албыг хашиж байгаа юм байна. Ажил алба өндөр үү, сүүлийн үед юу хийж, амжуулж байна даа?

Юун түрүүнд танай сэтгүүлийн урилгыг хүлээж аваад, орж байгаадаа баяртай байна. “Дэлхийн монгол” гэж сайхан нэр байна. Дэлхий даяар таран бутарсан маш олон монголчууд байдаг. Тэмцээн, уралдаанд явж байхад тамирчдаа дэмжихээр монголчууд маань бөөн бөөнөөрөө ирдэг. Тэр утгаараа “Дэлхийн монгол” гэдэг нэр надад их сонин, сонирхолтой санагдсан. Миний хувьд одоогоос 10 жилийн өмнө олимпийн алтан медалийг авч байжээ. Цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. Эргээд харахад энэ 10 жилийн хугацаанд чамлахааргүй олон зүйлийг хийж бүтээсэн байна. Олимпийн хороондоо ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгээд, спорт, олимпизмийг Монгол Улс даяар түгээх, дэлгэрүүлэх, илүү олон тамирчдыг алтан медаль, аварга болгох тал дээр ажиллаж байгаа юм болов уу гэж бодож байна. Тийм ч учраас энэ ажилдаа их дуртай.

  • Олимпийн хорооны нарийн бичгийн даргын ажлыг хүлээж аваад хэр удаж байгаа вэ. Ажлаа хүлээж авснаас хойш ямархуу ажлуудыг санаачилж хийж байна. Та түрүүн хэллээ, олимпийн медальтнуудыг нэмэгдүүлэх, илүү олон болгох гээд, энэ тал дээр олимпийн хорооноос ямар ажил хийж байгаа бол. 2020 оны олимп бараг л хаяанд ирсэн байна?

Олимпийн хороонд ажиллаад яг нэг жил нэг сар өнгөрч байна. Манайх олимпийн хороо жил болгон бүх гишүүдийн хурал хийдэг. Тэгээд гишүүдийнхээ хурлыг өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Ажлаа хүлээж авснаас хойших нэг жилийн хугацаанд олимпийн хороондоо шинэлэг, сайхан зүйлүүдийг төлөвлөгөөнийхөө дагуу хийж иржээ. Хамгийн түрүүнд хороогоо өөрийн гэсэн сайт буюу цахим хуудастай болголоо. Улирал болгон гардаг, спортын цахим сэтгүүлтэй болсон. Тэрхүү хуудсандаа тухайн сард спортод болсон үйл явдлаа онцолж гаргадаг. Дээрээс нь сарын шилдэг тамирчин гээд сар болгон шилдэг тамирчин шалгаруулж байгаа. Нэг сарын хугацаанд манай тамирчид ямар, ямар тэмцээн уралдаанд оролцоод, яаж амжилт гаргасан нь хүмүүст мэдэгддэггүй шүү дээ. Хоёрдугаарт, нөгөө тамирчин маань тэмцээнд ороод алтан медаль аваад, хүмүүс баяр хүргээд л өнгөрчихдөг. Тиймээс тамирчнаа алдаршуулж, хооронд нь өрсөлдүүлж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард усан сэлэлтийн Энххүслэн гээд тамирчин сарын шилдэг тамирчин болсон. Тэрний дараа манай таеквондогийн Тэмүүжин маань шилдэг тамирчин болсон гэх жишээтэй. Гуравдугаар сарын шилдэг тамирчнаар манай чөлөөтийн Орхон болж байгаа, гэх мэтчилэн тамирчдынхаа хоорондоо өрсөлдөөн бий болгож байна л даа. Манай хороонд олимпийн, олимпийн бус гэсэн 72 спортын холбоо харьяалагдаж байна. Холбоодын бүх нарийн бичгийн дарга нарынхаа дунд долоо хоног бүр сургалт, семинар явуулдаг. Бүх холбоодоо цуглуулж допинг болон бусад тулгамдаж байгаа асуудлаараа дандаа мэргэжлийн хүн авчирч, мэдээллээр маш их хангадаг. Гэх мэт өмнө нь хийгдэж байгаагүй шинэлэг зүйлсийг санаачилж хийж байна. Манай спортын зүтгэлтнүүд маань ч их дуртай, олимпийн хорооноос зохион байгуулж байгаа ажилд их идэвхтэй оролцож байгаа. “Олон улсын эв санаа, нэгдэл” гээд маш том хөтөлбөр байдаг. Дэлхий даяараа, олон улсын олимпийн хороо хэрэгжүүлдэг энэ том хөтөлбөрийг дөрвөн холбоогоо хамруулж оролцуулж байна. Олимп ч дөхчихлөө, тэр утгаараа холбоод руугаа их анхаарч байгаа л даа. Бид болж байна, болохгүй байна гээд дотроо үзэхээс илүү боловсон хүчин, багш нараа, экспертүүдээ гадагшаа бэлдэх бодлого барьдаг. Энэ бодлогоо ажил дээрээ хэрэгжүүлээд явж байгаадаа сэтгэл хангалуун байна.

  • Сар болгоны шилдэг тамирчин тодруулснаар ямар эерэг үр дүн гарч байгаа бол?

Ер нь тамирчин хүнд урам л хэрэгтэй. Спортын амжилт ч тэр өрсөлдөөнөөс л бий болж байгаа шүү дээ. Америк ч юм уу, бусад том том орнууд сар болгон шилдэг тамирчнаа тодруулдаг. Манайх болохоор оны эцэст “Бөртэчоно” оны шилдэг тамирчин гэж л тодруулдаг. Түүнээс биш сар болгон ингэж өрсөлдүүлж, тодруулдаггүй байсан. Хэрвээ шилдгийн шилдэг тамирчин тодруулдаг тогтолцоог бий болгочихвол хүүхэд залуучууд спортод дурлаж, сонирхож орох нь ч ихэснэ. Ер нь маш олон талын ач холбогдолтой л доо. Үүнийг өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнээс хойш олон тамирчин маань шилдэг боллоо. Орхон гэхэд хоёр, гурван удаа авчихсан байх жишээтэй.

  • Шилдэг тамирчнаа ямархуу үзүүлэлтээр шалгаруулдаг юм бэ. Олимпийн хорооноос нэрлэчихдэг юм уу, эсвэл санал авдаг уу?

Спортын сэтгүүлч 50 хувь, спорт дэмжигчид маань бас 50 хувиар саналаа цахимаар өгдөг. Түүнээс биш бид ерөөсөө нөлөөлдөггүй л дээ. Сарын шилдэг тамирчин шлгаруулж байгаа нь  мөн спортоо л түгээн дэлгэрүүлж байгаа бас нэг хэлбэр л дээ.

  • Манай улс ганц төрөлт спортдоо арай илүү байдаг. Олимпийн хорооны хувьд бүх спортоо жигд хөгжүүлэх бодлогыг барьдаг байх. Тэгэхээр гол спортуудаасаа гадна өвлийн спорт ч юм уу бусад төрлөө хөгжүүлэх тал дээр юу хийж байгаа бол?

Олон Улсын олимпийн хорооноос хөтөлбөр явуулдаг гэж би дээр хэлсэн. Энэ жил гэхэд өнгөрөгч хоёрдугаар сард Солонгосоос олон улсын олимпийн хорооны гишүүн, маш сайн мэргэжилтэн ирж байт харвааныханд маань долоо хоногийн турш сургалт, семинар явуулсан. Дараа нь гуравдугаар сард гандболлын холбоонд маш том мэргэжилтэн ирж долоо хоногийн турш тамирчидтай маань хамт байж сургалт хийсэн. Сургалтанд суухаар хөдөө орон нутгаас маш олон хүн ирсэн. Багш дасгалжуулагч нартаа олон улсын сургалтанд суусан гэсэн үнэмлэх өгдөг л дөө. Тэгэхээр топ гэлтгүй багийн болон хөгжих боломжтой бусад спортоо дэмжээд явж байна гэсэн үг. Бид чинь Олон улсын олимпийн хорооны бодлогыг хэрэгжүүлж байгаа шүү дээ. Манайх жилийн дөрвөн улиралтай мөртлөө өвлийн спорт ямархуу шатандаа хөгжсөн байдаг билээ. Хүмүүс танайх чинь өвөл болдог байж яахаараа гоё заал, мөсөн танхим байдаггүй юм гэнэ. Ингээд харахаар бид хойно л явж байгаа юм. Тэгэхээр яаж өвлийн спортоо хөгжүүлэх үү, яаж ордонтой болох уу, яаж заалтай болох уу гээд сайдтай ч яриад л, төр засгийн удирлагуудтай ч гэсэн маш их уулзалт хийж байна. Хамгийн зөв шийдвэр бол мөсөн талбайтай болох. Олимпизм гэдэг топ спорт руугаа чиглэхээс гадна нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх юм. Хамгийн том далайц нь тэр. Хүүхэд залуусыг яаж утаснаас нь салгах вэ. Маш их таргалалт бий болж байна, хөдөлгөөний дутагдалд орчихсон. Эндээс үүдээд манай хорооноос “Олимпизм ба бие бялдарын хүмүүжил” гээд болзолт уралдаан зарласан. 21 аймаг, есөн дүүрэг тэгээд манай олимпийн зөвлөлүүд оролцсон уралдааныг орон даяар зохион байгууллаа. Ирэх сарын 14-нд ялагч нь тодорно.

  • Уралдаанд орон нутаг болон дүүргүүдээс хэр идэвхтэй оролцож байгаа вэ. Шагнал нь юу байгаа бол?

Маш том шагналтай. Ирэх наймдугаар сард болох Азийн наадамд оролцох болзол байгаа юм. Энэхүү уралдааны гол агуулга нь нийтийн биеийн тамирыг л хөгжүүлэх. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хувиарт үүнийг оруулж өгөх нь математик, хэл үзээд сууж байхаас илүү өөртөө оруулж байгаа эрүүл мэндийн хөрөнгө оруулалт байхгүй юу. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг биз дээ. Биеийн тамирын хичээлээс холдоод л байх юм бол нөгөө хүүхэд чинь суух нь ихсээд, хөдөлж чадахаа болиод, таргалалт явагдаж байна. Таргалалт явагдахаар цусан хангамж багасахаас эхлээд маш их хохиролтой. Бидний санаачилсан ажилд хөдөө орон нутгийнхан, аймгууд маань маш идэвхтэй байна. Хоорондоо өрсөлдөж байна. Дүүргүүд маань идэвхтэй байна. Аймгууд ирж хийж байгаа ажлаа сонирхуулж, тайлангаа тавьж байна. Сумдуудаа оролцуулж байна. Тэд маань санаа авах зүйл маш их хийж байна. Би саяхан Өмнөговь аймагт оччихоод ирсэн. Тэнд Олимпийг хэн сайн мэдэх вэ? гэсэн “Дэвжээ” тэмцээн зохион байгуулсан. Хүүхдүүд үнэхээр бахархмаар. Зөвхөн монгол биш дэлхийн олимпийн тухай асууж байгаа ш дээ. Тэгэхэд тэдэн онд тэгсэн, ингэсэн гээд биднээс илүү сайн мэдэж байна. Асуултанд нь мундаг хариулж байна. Сургууль болгон маань олимпийн булантай болсон байна. Монгол Улс олимпоос хэдэн медал авсан юм бэ гэдгийг хараад өглөө болгон хичээл рүү гээ орж байна. Олон Улсын олимпийн хорооноос зохион байгуулдаг бас нэг хөтөлбөр байдаг. “Fun round” буюу хөгжилтэй гүйлт нэртэй. Энэ маань нэг төрлийн төсөл хөтөлбөр байгаа. Тэрийг бид ирэх тавдугаар сарын 14-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр зохион байгуулна. Түүнийхээ хүрээнд олон хүүхдүүд цуглуулаад, хөгжилтэй гүйлт хийнэ. Мөн “Олимпизм ба бие бялдар”-ынхаа шагналыг гардуулж өгнө дөө.

  • Хүүхдүүдийн олимпийн тухай, спортын тухай мэдлэг мэдээлэл их болсон байна гэлээ. Олимпийн тамирчдаараа бахархах, үлгэрлэн дуурайх үзэл сүүлийн арваад жилд илүү их дэлгэрсэн байх. Энэ нь таныг ажлаа явуулж байхад түлхүү ажиглагддаг байх л даа?

Тэгэлгүй яахав. Олимпийн дараа ирчихээд биднийг заал руу ороод бэлтгэл хийхээр жаахан хүүхдүүд дагаад, хараад л явна. Янз бүрийн үйлдлийг маань дуурайж хийнэ. Заал битүү. Бид хэдийг харах гээд тэр шүү дээ. Их гоё л доо. Спорт өөрөө маш их өрсөлдөөнтэй. Хүүхдүүд ч маш их хичээллэж байна. Үүнээс үүдээд заалны хүрэлцээ бага байгаа нь ажиглагддаг. Жишээлбэл, Спортын ордонд шигшээ баг нь 16 цагаас хичээллэнэ, бусад цагт өглөө 9 цагаас, орой 10 хүртэл ямар ч цаг байхгүй шүү дээ.

  • Заалны хүрэлцээ бага байгаа ч манай улсад олон улсын чанартай тэмцээнүүд нэлээд зохиогдох болсон. Шинэ заал баригдаад эхэлвэл манайд илүү олон том тэмцээнүүд зохиогдох боломжтой болох байх. Энэ тал дээр төр засгаас ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлэх тухай ярьж байх юм уу?

ОХУ-д болдог хүүхдийн Азийн их наадам гэж байдаг. Үүнийг 2020 онд улсдаа зохион байгуулахаар болсон. Тэгэхээр заал барих шаардлага гарч ирнэ. Уг нь иймэрхүү тэмцээн уралдааныг Монголд аль болох их авах ёстой. Үүн дээр төр засаг анхаарах ёстой. Тэгснээр заал танхимууд их баригддаг. Дараа нь Монгол Улсад л үлддэг байхгүй юу. Олон Улсын тэмцээнд маш олон орноос тамирчид, дасгалжуулагчид ирж оролцоно, тэгэхээр эдийн засагт маань эерэгээр нөлөөлнө. Буудал, хоол унд, дэлгүүр гээд гаднаас ирсэн нэг хүн хэдэн зуун доллараар худалдан авалт хийдэг. Энэ системийг маш хурдан хөгжүүлэх ёстой. Төр засгаас сайн дэмжих ёстой. Тэгэхгүйгээр манайх бүтэхгүй гээд хойш суугаад байвал, өнөө маргаашаа хараад байгаад л байна. Зоригтой шийдвэр гаргаад, шийдэмгий ажлаа хийх хэрэгтэй. Жишээлбэл, жүдогийн “Чингис хаан” гээд маш том тэмцээн болдог. Үүнийг гадныхан мэддэг болчихсон. Хүрч ирээд буудалдаа орчихно. Боксын олон улсын тэмцээн сүүлийн үед хийгээд эхэллээ. Өмнө нь ирж байсан хүмүүс Монгол Улс танигдахгүй болсон байна гэдэг. Бид л дотроо хэрэлдээд, муудалцаад болохгүй байгаа юм шиг л байгаад байдаг. Уг нь улс маань хөгжөөд л байна. Сайны хажуугаар саар зүйл ч их сонсогдох юм.

  • Хүүхэд залуусын хүмүүжил, боловсролд нэлээд санаа зовниж явдаг юм аа даа. Магадгүй манай өнөөдрийн нийгэмд шүүмжлэлтэй хандах зүйлс олон болсноос тэр байх?

Сүүлийн үед хүүхэд залуус маань буруу зүйл рүү ташуурчих гээд байдаг болжээ. Янз янзын зүйлс их л сонсогдох юм. Хар тамхи, баар сав гээд зүйлс нь олширчихоод байх шиг. Үүнийг хүн болгон мэдсээр байж, бодитой, таслан зогсоох зүйл хийдэггүй. Бид ч бас дуу хоолойгоо өргөмөөр байна. Хар тамхитай яаж тэмцэх юм. Хэдийгээр бид спортоо хөгжүүлэх гээд олон зүйл хийж байгаа боловч цаанаа төр засаг нь тодорхой шийдвэртэй, хууль нь чанга хатуу байвал Монгол Улс маань сайхан хөгжинө л гэж бодож байгаа. Урлаг спортынхон бид эх орныхоо нүүр царай болж улсынхаа нэрийг өндөрт өргөдөг. Гэхдээ тэглээ гээд янз бүрээр хэлүүлэх тохиолдол их байна. Ямар ч урам байхгүй болчихсон. Гранпри, Дэлхийн аваргаас медаль аваад ирлээ гэхэд аан ингэж л байдаг юм гэсэн маягтай. Хүнд баярлаж чадахаа байсан юм шиг. Уг нь бид цөөхүүлээ юм чинь нэгийгээ сайхан дэмжээд явбал урагшлаад л байна. Гэтэл наадах чинь медаль авах боломжтой байсан, чадаагүй гээд л нэгийгээ муулж байдаг. Сайн яваа нэгийгээ дэмжээд явах байтал дандаа харлуулна. Жишээ нь, фэйсбүүк харж байхад муу зүйл дээр яасан их хошуурдаг юм. Нэгийгээ барьж алах гэж байгаа юм шиг л байх юм. Сайн зүйлээ хүн муулдаг шигээ хөгжүүлж чадвал бид урагшилна шүү дээ. Бидний үед автобусанд явж байгаад өөрөөсөө жаахан ах хүн ороод ирвэл год гээд л үсрээд босдог байсан. Та ийшээ суу гээд л. Том хүний хажууд хамаагүй юм ярьж болохгүй гээд л. Яг аав, ээжийн сургаж ирсэн, амьдралд хэрэгтэй зүйлс бүгд мартагдчихсан. Хөгшин настай хүн үг хэлэхээр таны үе өнгөрсөөн, юм хөгжчихөөд байна гээд сонсохгүй. Энэ бол өнөөдрийг бий болгосон үүсэл гарлаа үгүйсгэж байгаагаас огт ялгаагүй зүйл. Саяхан л хоолгүй, картын бараатай байсан улс шүү дээ. Ингээд харахад бид мөхөж буй улсын жишгээр л явж байгаа юм. Газар доорх баялагаа хэрүүл хийж, хууль зөрчиж, улайрч аваад л. Газар доорх баялгийг ёстой эцсийн бүлэгт л ярих ёстой гэдэг биз дээ. Гэтэл цаана чинь хүүхэд залуусын хүмүүжил, боловсрол, ах захаа хүндлэх, мэндлэх ёс гээд анхаарах зүйл олон байна. Хотын зарын самбар дээрээ “эрт босвол нэгийг үзнэ” гээд яагаад биччихэж болохгүй гэж. Тэрийг хүүхдүүд харж уншаад, уншсан зүйлээ хэвшил болгоно. Тэгэхэд одоо тавьсан рекламыг нь харахаар дандаа пиво, бургер энэ  тэр гээд л идэж уух зүйлс л байх юм. Үүнийг бодлогоор болих хэрэгтэй. Амжилт гаргаж байгаа тамирчдынхаа агшин ч юм уу бахархах зүйлсээ гаргах хэрэгтэй. Үндэсний бахархалтай болох хэрэгтэй байгаа юм. 2008 оныг эргээд харахад Монголчууд ямар гоё нэгдэж байсан юм бэ. Тухайн үед тэгчихээд маргааш нь энэ тэдэн төгрөг авсан, тэгсэн ингэсэн гээд л эхэлж байгаа юм. Миний Олимпийн хороонд байгаа шалтгаан ч энэ бүхэнтэй холбоотой. Хүүхэд залуусын үзэж харж байгаа зүйлээс бүх зүйл хамаарч байна. Хүүхэд хаанаас төрдөг вэ гэхэд бид том болтлоо мэддэггүй л байсан. Одоо тэгэхэд дуртай зүйлээ хаанаас ч хамаагүй ороод л үзэж байна. Үүнийг өөр өөрийн хүүхдүүддээ зааж өгөөд, хязгаарлачихвал боломж байгаа. Хэдийгээр үүнийг дэлхий даяар хэрэглэж байгаа ч зөв ашиглах хэрэгтэй. Нийслэлийнхэн, за одоо юу хийх үү гээд л нийлээд ярилцдаг гэж байгаа юм. Гэтэл хамгийн эхний хийх энгийн зүйл бол хүн өглөө босоод ажил руу гаа явахад тавтай тухтай байх шүү дээ.

  • Таны хэлсэнтэй санал нэг байна. 2008 оны олимпийн дараагаас таныг рингэн дээр төдийлөн хараагүй. Түүнээс болоод танд маш их шүүмжлэл ирсэн байх. Хүмүүсийн янз бүрийн хандлага, харилцаанаас болоод таны сэтгэл зүй болон амьдралд тань хэр өөрчлөлт гарсан бэ?

Би 2008 оноос өмнө бэртэлтэй байсан л даа. Хагалгаанд орох заалттай байсан юм. 2006 оны Дохагийн Азийн наадам дээр тохой, гараа хугалуулаад, түүний бэртлээс үүдээд хагалгааны заалттай олимпод оролцсон. Наана нь хагалгаанд орчихвол олимпод орж чадахгүй гэсэн. Тэгээд Олимпийн дараа хагалгаанд орсон л доо. Өндөр форумтай тамирчин хүн бүтэн наркозтой хагалгаанд ороод гараад ирэхэд тэр хүний бие организм өөрчлөгдөөд шууд өөр хүн шиг болчихдог юм билээ. Тэр олон жилийн бэлтгэл сургуулилт бүр 0 болчихсон. Түүнийг нь би ч мэдэхгүй, манай багш нар ч мэдэхгүй дахиад өмнөх шигээ бэлтгэл хийгээд өөрийгөө хэцүү байдалд оруулчихсан юм билээ. Яг хуучин шигээ бэлтгэл хийгээд эхлэнгүүт бие маань дийлэхээ байчихсан. Тав, зургаан цаг бүтэн наркозонд орохоор хүний биеийн бүх дархлаа, эд эс үхчихдэг юм байна. Тэрийгээ мэдэхгүй олимпийн бэлтгэл хийж байсан шигээ хичээллээд эхлэхээр хүний бие үнэхээр дийлдэггүй юм билээ. Түүнээс үүдэж нууруу өвддөг, дунд чихний үрэвсэл гэдэг онош гарсан. Мэдэхгүй явсаар хамгийн сүүлд оношоо олоход, эмч чи дахиад ачаалал авч чадахгүй гэсэн. Яагаад гэхээр, чи зүгээр байгаа биеийг балбаад, нүдээд хаячихсан юм байна. Бүх зүйлээ багаас нь эхэлж, ерөнхий бэлтгэл хийж байж дээрдэх байсан. Гэтэл 0 байсан биеийг шууд 100 хувь ачаална гэдэг яаж ч бодсон өөрийгөө алж байгаа хэрэг гэсэн. Эргээд бодоход яг л тийм байгаа юм. Тэгээд рингэн дээр гарахгүй байж байгаад би 2012 онд тэмцээнд орсон. Казахстаны том тэмцээнд орж түрүүлсэн. Хүний сурсан зүйл гэж үнэхээр байдаг л юм билээ. Гэхдээ дараа нь Германд очиж 15 орны тамирчдын бэлтгэл хийж байхад бэртэл маань хүндрээд, хөдөлж чадахаа болиод наашаа ирсэн. Тэр үед л одоо үнэхээр болиё, эрүүл мэндээ бодъё, алийн болгон ингэж явах вэ гэж бодсон. Миний зорилго бол боксын түүхэнд олимп, дэлхийн аваргын хос медалтай хүн болох байсан. Юм гэдэг их сонин. Надад 2005 оны 12 дугаар сарын 21-нд “Таван цагариг” сонинд өгч байсан ярилцлага байдаг юм. Тэрэн дээр “Монголд олимп, дэлхийн аваргаас хоёулангаас нь медал авч байсан тамирчин байхгүй. Харин би бусдын гаргаж байгаагүй амжилтыг үзүүлж, хос медал зүүх туйлын хүсэлтэй” гэсэн байгаа юм. Энэ чинь их сонин зүйл байхгүй юу.

  • Эндээс харахад та 2005 онд ярьж байсан тэр зорилгодоо яг хүрсэн байна шүү дээ?

Тийм. 2007 онд дэлхийн аваргаас медаль аваад, 2008 онд олимпийн аварга болсон. Хүний зорилго том байж л том амжилт үзүүлнэ. Миний зорилго том байсан. Зорилгодоо хүрэхийн тулд маш их форум, маш их зүйлийг золиосонд гаргаж байж энэ хүрсэн. Тоглож чадаагүй нь миний л амьдралын жам. Дараа нь хүүхдүүддээ ярихад аавд нь боломж байсан гээд ярих тийм л юм байгаа. Түүнээс биш эргээд хүмүүс намайг муулах, дахиж орох боломж байсан гэх мэт шүүмжлэл бол байдаг л зүйл. Хүнд алдаа оноо байдаг. Надад ганц байгаа юм нь Олимпийн аварга гэдэг нэр. Энэ нэр төрийг надаас хэн ч булааж авахгүй. Надад энэ л байгаа. Түүнээс надад харамсаад байх зүйл байдаггүй. Спортоор хичээллээд явахаар маш их сэтгэлийн хаттай, хүнээс ширүүн хатуу үг сонсож чаддаг болдог юм. Хариуд нь өөрийгөө дайчилж чадна. Маш олон сайхан чанартай болдог. Энэ компьютер, ширээний ард би хөдлөхгүй хэдэн цаг сууж чадна. Энэ бол миний спортоос олж авсан тэвчээр хатуужил. Амьдрал дээр хэрэгжүүлэх маш олон сайхан чанар бий болно. Амьдрал баян юм чинь хүн ганцхан зүйлтэйгээ орооцолдоод байж болохгүй л дээ. Өглөө бүр л амьдрал сайхан байна. Сурах зүйл их байна. Би 2013 онд МУИС-ийн хуулийн анги төгссөн. Манай аав хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүн байдаг. Тиймээс тэр талын зүйлсийг их сонирхдог л доо. Хуулийг ер нь хүн бүхэн өөрийн амьдралд хэрэг болохуйцаар бага ч атугаа мэддэг байх ёстой. Одоо бас ширээгээрээ дүүрэн словарь өрөөд л сууж байна. Англи хэл энэ тэр сурах гээд хичээгээд л байж байна даа.

  • Таны түрүүчийн яриан дээрээс ч тэр олон нийтийн дунд яригддаг нэг зүйл байдаг л даа. Энэ бол манай улсад спортын эмч, сэтгэл зүйч их дутагдалтай гэдэг. Олимпод тамирчдаа бэлтгэдэг, их амжилт үзүүлдэг орнууд энэ тал дээрээ маш их анхаардаг юм билээ. Магадгүй таныг бэртэл авсны дараа, хагалгаанд орсны дараа манайд энэ зүйл хөгжсөн байсан бол гэж өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрж байна?

Тэгэлгүй яахав. Гэхдээ бидний өмнөх, өмнөх үеүд бүр л хэцүү байсан байж таараа. Эм, тариа гэж байхгүй. Жинхэнэ мөнчгөрөөрөө, махаа идэж байгаад л явсан. Тэгж бидэнд жим гаргаж өгсөн. Одоо бол арай гайгүй л дээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хийдэг юм байна, тэгдэг юм байна энэ тэр гээд ойлгоод арай гайгүй болчихоод байгаа шүү дээ. Түүнээс биш өмнөх үеийхэн маань үлгэр домог шиг л зүйл ярьдаг юм. Монгол хүний унаган зүйл байна л даа. Түүнээс хэцүү шүү дээ.

  • Олон Улсад олимпийн төрлийн спортууд маш их хөгжчихсөн. Тамирчдын хангамж, улсын халамж ч сайн. Гэхдээ манай улсын тамирчдыг амжилт үзүүлэхээр гадны улс орнууд их гайхдаг гэж үнэн үү? 

2012 оны Лондонгийн олимпийн өмнө Английн BBC телевиз намайг онцолсон байдаг юм. Яагаад онцолсон гэхээр, энэ хүн бол Олимпод алт авах нь тодорхой гэж үзэж л дээ. Надаас гадна Ямайкийн хөнгөний тамирчин Усайн Болт болон Америк, Герман, Хятадын тамирчдыг цуг онцолсон байсан. Лондонд олимп болох гээд байхад манай улсын залуучууд ямар ч идэвхгүй болчихлоо гэж тэд үзсэн байгаа юм. Бүх хангалт нь байхад унтамхай байдалд орчихлоо, боксын тамирчдыг нь хар ямар ч амжилт үзүүлэхээ больчихлоо гээд бүр Засгийн газрынх нь шийдвэр гараад телевиз нь компанит ажил болгоод намайг зорьж ирж байсан. Ирээд Шархадны манай зааланд ирээд, энэ заалнаас Олимпийн аварга төрсөн байна аа гээд харуулж байсан. Лондонгийн олимпийн бэлтгэл хийж байна. Манай заал энэ хоёрын хооронд газар тэнгэр шиг зөрүүтэй. Одоо гэрт нь очъё гээд манай Шархадны гэрт очлоо. 00 энэ тэр хараад бүр гайхаад, та нар ингээд гадаа бие засчихдаг юм уу гээд гайхаад. Гаднаа турник зоочихсон. Тэрэн дээрээ сунайгаад л. Нүд нь орой дээрээ гарах дөхсөн. Тэгээд гэрээсээ шархадны эцсийн буудал руу алхаад автобусанд суугаад 12 буудал явж ирээд зааландаа орж бэлтгэл хийгээд л. Энэ заалыг нь хар гээд, мишок энэ тэр нь цоорчихсон аймаар л юм байгаа шд. Хувцас сольдог өрөөг харснаа, өө ингээд л болоо юм уу, эрэгтэй эмэгтэй нь цугтаа орчихдог юм уу гэж байна. /Инээв/ Тэр нэвтрүүлэг Youtube-д байгаа л даа. Тэгээд манай шархадны 79 дүгээр сургуулийг Английн нэг сургуультай шифийн харилцаатай болгоод, хүүхдүүд сольж суралцсан. Гэхдээ би 2012 оны Олимпод оролцож чадаагүй. Над руу Лондонгоос байнгын захиа ирнэ. Хүүхдүүд захиан дотроо нэг доллар, хоёр доллар энэ тэр хийчихсэн, та хурдан эдгээрэй, таныг эдгэрэхээр би заавал боксын тэмцээн үзнэ гээд л бичээд явуулдаг байсан. Тэр үнэхээр том бодитой компанит ажил болсон юм билээ. Английн үндэсний телевизээр нь өөр улсын тамирчныг энэ хүн түрүүлнэ гээд л цацаад байна шүү дээ. Жишээ нь би, цуйвангийн тухай ярьж өглөө. Цуйван гэж монгол эмэгтэй хүн бүрийн эр нөхөртөө, эрэгтэй хүнд зориулж хийдэг хоол. Энэ хоолонд монгол эр хүн бол нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй тийм их дуртай гээд л, тэгэхээр хөөх энэ чинь зүгээр л дан гурил байна, шпагетти юм биш үү гээд л. Тэгээд идэж ууж байгаа хоол, амьдарч байгаа гэр орон гээд бүх зүйлсийг нь гаргасан сайхан нэвтрүүлэг болсон. Тэд хэдийгээр хэчнээн тасарчихсан, эдийн засаг нь өндөр болчихсон улс ч гэсэн хүмүүс нь унтаа, ажил амьдрал нь хэвийн болчихсон бйасан. Тэгээд өөр орны хүмүүс яаж амжилт үзүүлдгийг хараад, түүгээрээ хөглөгдөж байгаа юм. Энэ компанит ажил маш их үр дүн өгсөн гэж яригддаг юм билээ.

  • Шархадны 79 дүгээр сургууль гэснээс энэ бол боксчдын төдийгүй атамануудын өлгий нутаг гэгддэг. Яагаад мэдэж байна гэхээр, би бас шархадны сургуулийг төгссөн л дөө. Тэд байсан үеэ эргээд дурсвал?

Манай үеийн боксчид, түүнээс дээших бараг бүх үе эндээс гарсан байна. Надтай Дэлхийн аваргаар явдаг Цогзаяабаатар, Мөнхжаргал гээд багш нар маань манай сургуулийн урд талын гудамж. Талийгаачийн маань дүү Буянаа гээд Залуучуудын шигшээ багийн багш байна. Анхныбаяр гээд л нэрлээд байвал бараг бүх үеэрээ байгаа байхгүй юу. Манай ангийн Ариунбаяр гээд хүүхэд хүртэл боксчин. Бидний үед их дүрэмтэй байсан л даа, зодолдоно, нэгийгээ хүндэлнэ. Спортын бас дэг, жаяг гэж юм байна. Бокс тоглож байгаа хүүхдүүдээ багш нар нь их ойлгоно. Чамайг медаль авах юм бол +3 ч юм уу гаргана аа, чамайг дэмжнэ ээ гээд л тэгнэ. Ер нь ингээд хараад байхад манай Шархад их буянтай газар л даа.

  • Таныг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Бүр сургуулийнхаа атаман байсан ч гэдэг. Тэгээд яаж байгаад боксчин болоод бүр Олимпийн аварга болчихов оо?

Би ч ер нь  их хөдөлгөөнтэй хүүхэд байсан л даа. Сургуулийнхаа нэгдүгээр атаман болно, паралелийнхаа атамантай зодолдоно, бүлгийнхээ атаман болно гээд л их зорилго байгаа ш дээ. /инээв/ Яг тэгж явж байгаад л боксд орсон. Сахилгагүй, бокс тоглох ямар ч дур сонирхол байхгүй. Тэгээд нэг хүүхэд хусаад бөөн юм боллоо, аав ээжтэйгээ сургуулийн хурлаар орлоо. Хаана зодоон болно, хаана болохгүй юм болно тэнд л танай Бадар-Ууган байж байдаг. Одоо танай хүүхдийг манайх сургуульдаа авч чадахгүй. Энэ 92 ч юм уу, 53 ч юм уу өөр сургууль руу өг гэж байна. Тэгээд л би, за ингээд л шилждэг юм байхдаа гээд л орой гэртээ харьлаа. Манай аав их зөөлөн хүн байдаг юм. Жаахан загнаад л, ээж бол шууд хусаж байна аа. Хусуулж, хусуулчихаад л жаахан тайвшраад, үе үе эхэр татчихаад л байж байлаа. Нууцаар л эхэр татна шүү дээ. Манай ээжийн эгчийнх нь нөхөр буюу хүргэн ах маань бокс тоглодог хүн байсан юм. Тэгсэн тэр ах маань л аавд хэлсэн шиг байгаа юм. Аав тэгж байна, чи ийм атаман энэ тэр болох гэж байгаа бол цаашаа явахгүй ээ, нээрээ атаман болох гээд яваад байгаа юм уу гэж байна. Үгүй л гэлээ. Тэгээд чи яаж ийм аймаар харгис болчихсон юм, хүүхдийг яагаад тэгж зодож байгаа юм. Аав нь хүн амьтантай зодолдоод байна уу гэж байна, үгүй л гэлээ. Чи ингэж явбал шууд буруу замаар л орно, багаасаа ингэж зодоон нүдээн хийгээд явбал шорон оронд орно. Хэрвээ чи тийм л их зодолдох дуртай юм бол шүүлтүүртэй газар нь зодолд, боксчин бол гэж байна. Болох уу чи гэхээр нь болъё гээд тэгээд л боксд орчихлоо. 1998 онд 13 настай хүүхэд эхнийхээ тэмцээнд хусууллаа. Тэр тэмцээнд орохын өмнө бэлтгэлдээ явлаа гэж хэлээд л сега энэ тэр тоглоод явж явж байгаад яг гэртээ орохын өмнө худаг дээр очоод майкаа жаахан норгочихоод орно. Ээж яг хувцас хатаадаг байхгүй юу. Өө, миний хүү чинь ёстой сайн хөлс гаргасан байна гээд л. Яс юман дээрээ үхтлээ сагс энэ тэр тоглож байгаад оройтчихсон байгаа ш дээ. Тэгээд бэлтгэлээ тасалж, тасалж тэмцээнд орж байгаа юм. Ороод Баян-Өлгийн хүүхэдтэй таараад хусуулж байгаа нь тэр байхгүй юу. Гэрээс хүн ирээгүй байна аа. Тэгэхээр нь бөөн баяр. Ашгүй ашгүй гээд л, нөгөө хүүхэдтэй тоглох бүр цаашаа. Тэрүүгээр гэрийхнээ хайгаад л, хүн битгий ирээсэй гээд л бушуухан гараад л тоглосон. Хамраас цус гараад л, алчуураар арчаад л дээшээ харсан аав маань яг дор сууж байна. Биений хамаг үс босоод л, аав уйлж байна аа. Чи нээрээ арай ч дээ гээд л, тэр үед аавыгаа маш их өрөвдсөн. Хоёрдугаарт, өөрөөсөө маш их ичсэн. Тэр өдрөөс хойш л өөртөө зорилго тавьсан. Надад маш их хүч өгсөн зүйл болсон. Тэгээд дараагийн тэмцээндээ түрүүлсэн. Хүн ер нь өөртөө зорилго тавиад, би тэрийг авна даа гээд тэмүүлээд түүндээ хүрчихээр маш их ташуур авч, хурцлагддаг юм билээ. Манай ангид ер нь тэгж зорилго тавиад явж байсан хүүхэд бараг байхгүй ээ. Чи ямар мэргэжилтэй болох юм гэхээр, мэдэхгүй ээ, мэдэхгүй. Чи яах юм, мэдэхгүй гээд л байж байдаг байлаа.  Одооны хүүхдүүд ч тийм байгаа. Энэ хүүхдүүдийг л багаас нь зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй болгох хэрэгтэй. Тэгвэл эрт амжилт үзүүлнэ. Би уг нь арван жилийн хүүхдүүдтэй маш их уулзалт хийдэг байсан. Одоо ажлаас болоод сайн амжихгүй л байна. Тэгээд уулзалт хийгээд гарахад хүүхдүүдийн нүднээс гал асаад л гардаг. Маш их баярлалаа гээд гар барих хүүхдүүд байна, нэг цагийн хугацаанд маш их зүйл ойлгодог. Одоо манай Отгондалай байна. Тийм зүйлс маш их хийдэг.

Танилцуулга

Нэр: Монгол Улсын Гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган:
Төрсөн өдөр: 1985.06.03
Төрсөн газар: Улаанбаатар хот

Эшлэл

Надад ганц байгаа юм нь Олимпийн аварга гэдэг нэр.
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ ЯрилцлагуудMollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН