Шинэ мэдээ
Хүнд амьдралыг туулсан ч бууж өгөөгүй кантри дууны ХАТАН ХААН
2017-11-24 10:38:36   share

Ээжийг минь тэнхээ мэдэн зодож байгаа аавыгаа зогсоохын тулд би ар нуруу руу нь гарт таарсан сандлаа шидэхэд, сандал эвдэрч хэдэн хэсэг салж үсэрснийг лав мартдаггүй юм. Хойд эцэг минь тэр үед сэхээ авч, эрүү рүү минь хар тэнхээгээрээ цохиход нь би чадах чинээгээрээ буцааж эсэргүүцэхийг оролдож билээ. Ээж төрсөн эцгээс минь намайг хоёр настай байхад салсан гэдэг. Дараа нь ээж намайг болон дүү нарыг минь аван, Канадын алс хязгаарт байх Тимминс гэх жижиг хотруу нүүсэн юм. Ээж тэндээ удалгүй Жэрритэй танилцаж, нэг гэрт оров. Нэг гэрт ороод удаа ч үгүй тэд мөнгөнөөс болж байнга маргалддаг болсон юм. Бидэнд наад захын шаардлагатай хүнсээ авахад байгаа мөнгө минь хэзээ ч хүрэлцдэггүй байлаа. Заримдаа зүсэм талхаа голоор нь зүсээд голд нь дан гич түрхээд идэж байгаагаа бид нар “ядуусын хачиртай талх” гэж бодит үнэн, хошигнолын завсраар нэрлэдэг байв. Өлсөхийн эрхэнд 8 нас ч хүрэлгүй ойд жижиг амьтныг агнаж, даарахын эрхэнд мод хагалж сурсан байлаа. Өвлийн хүйтэнд зузаан гутал авч чаддаггүй байсан болохоор гуталныхаа гадуур гялгар уут давхарлан ороож сургуульдаа очдог байв. Тимминст өвөл ямар хүйтэн болдог гэж бодно? Гэхдээ л би хөгжимд чин сэтгэлээсээ хайртай байсан болохоор анхныхаа дууг ээждээ зориулан бичиж, “Ээжээ бидэнтэй тоглооч” гэж нэрлэсэн юм. Ээж минь дэндүү их шаналж гунигладаг байсан болохоор ядаж ингэж ч болов чадах зүйлээрээ сэтгэлийг нь засах гэсэн, сэтгэлээсээ өөр баялаггүй жаахан охины хийж чадах ганц зүйл энэ байсан юм. Ээж сэтгэл гутрал нь дээд цэгтээ хүрсэн үедээ хэдэн өдрөөр ч орноосоо босдоггүй байлаа.

Тэр үед дүү нараа харж хандах гол хариуцлага над дээр ирдэг байв. Удаа ч үгүй би мөнгө олохын тулд уушийн газарт дуулж эхэлсэн юм. Наймхан настай охин маргааш нь хичээлтэй шөнө дөлөөр өрөө дүүрэн согтуу эрчүүдийн өмнө дуулж байгааг төсөөл дөө. Заримдаа уушийн газар хаатал дуулчихаад, дараа нь аяга тавгийг нь угааж байж, 20 долларын цалин авах нь дэндүү их мөнгө байсан болохоор их л баярладаг байв. Ядуу тарчиг амьдралдаа шаналж ядахын хажуугаар хойд эцэг Жэрри ээж, бид хоёрыг олон жилийн турш зодож, зовоож байлаа. Нэг удаа уурандаа Жэрри ээжийг ухаан алдтал нь цохичихоод, үснээс нь чирж, суултуур луу толгойг нь дүрсэн юм. Энэ бүх хүчирхийлэл бидний нүдэн дээр ил болж, оюун бодол, зүрх сэтгэлээс минь хэзээ ч арчигдахгүй хар мөрийг татаж байлаа. Эцэст нь Жэрригийн гарт амиа ч алдаж магадгүй байгааг нь ээждээ ойлгуулж, бид Торонто руу нүүж, орон гэргүйчүүдийн хорогдох байранд толгой хорогдох болов. Хөгжмөө хөөхийг хүсэж байсан ч наад захын өдөр тутмын хоол хүнсээ залгуулахын тулд, Макдональдст нилээд хэдэн жил ажиллахаас өөр аргагүй болсон юм.

Намайг 22 нас хүрэхэд ээж Жэрри хоёр дахиад нийлсэн ч харамсалтай нь удалгүй хамтдаа машины ослоор өөд болцгоов. Энэ үед хамаг хувцас, мөрөөдлөө хамтад нь цүнхлээд, дүү нараа өсгөхийн тулд Тимминсрүүгээ буцахаас өөр аргагүй болсон нь эгч хүний хариуцлагаа ухамсарласных минь байлаа. Дүү нараа тэжээхийн тулд жижгэвтэр казинод дуулахын хажуугаар дуугаа зохиохоо зогсолгүй, хуурцган дээр хуулж, продюсерууд руу илгээсээр байв. Эргээд бодоход тэр он жилүүд хүнд бүр дэндүү хэцүү байсан ч шаргуу хөдөлмөрийн минь үр шим ирж, бяцхан аз тохиож Нэшвиллийн продюсер дууг минь олж сонсоод зогсохгүй, тэдэнд дуунууд минь таалагдсан юм. Энэ хүнд амьдралыг туулсан ч бууж өгөөгүй бүсгүй өнөөдөр кантри дууны ертөнц дэх хамгийн их борлуулалттай дуучин болоод зогсохгүй, “Кантри дууны хатан хаан” хэмээн өргөмжлөгдөж, Грэммийн наадмаас 5 удаа шагнал хүртэж, дэлхий даяар цомгуудаа 100 сая хувь борлуулжээ. Энэ эмэгтэй бол өнөөдөр 350 сая долларын хөрөнгөтэй ч хуучин машинаа л унадаг “Кантри дууны хатан хаан” Шанайя Твейн юм.

“Би хэн гэдгээсээ, хаанаас ирснээсээ, юу үзэж туулснаасаа хэзээ ч ичиж байгаагүй. Хэн байсан, хаанаас ирсэн, юу үзэж туулсан минь намайг хэн гэдгийг илэрхийлж чадах зөвхөн миний түүх.”

Шанайя Твейн

НОМИНАЦИ