Б.Хонгорзул: ""Сэлбэ" сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэх захирал Б.Хонгорзул"

13 өдрийн өмнө

Өнөөдрийн дугаартаа бид хичээлийн шинэ жилд үүдээ нээж буй "Сэлбэ" сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэх захирал Б.Хонгорзулыг урилаа. Олон улсын харилцааны чиглэлээр бакалавраа дүүргэж, АНУ-д Фулбрайтын тэтгэлгээр дипломат ажиллагаа, эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан түүний карьерийн түүх тун баялаг. Сайн боловсрол эзэмших хүсэлтэй залуусыг дэмжих зорилгоор “Гадаадад магистрт суралцах арга зам” ном бичиж, блогоороо дамжуулан гадаадад суралцах болон хувь хүний хөгжлийн тухай зөвлөгөө өгдөг тэрээр Японы хүний нөөцийн компаниас өгсүүлээд Дэлхийн банк, НҮБ, Мянганы сорилтын сан зэрэг олон улсын байгууллагын томоохон төслүүдэд ажилласан туршлагатай. Өдгөө хос хэлний сургалттай "Сэлбэ" сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах боловсролын төслийг амжилттай удирдаж, цэцэрлэг, бүрэн дунд сургуульдаа анхны элсэлтээ авахаар ажиллаж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Сэлбэ" сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone XS Max
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудас: Khongoro.comKhongorzul Bat-Ireedui (LinkedIn), Khongorzul Bat-Ireedui (Facebook)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

 

Намайг бага байхад манай аав Лондонгийн Их сургуульд багшлахаар болж, гэр бүлээрээ хэсэг хугацаанд тэнд амьдарсан юм. Тэр үед элчин дээр амьдарч, “дипломат” хүний амьдрал ямар байдгийг нүдээр харж, яваандаа олон улсын харилцаа сонирхон, Монголд энэ мэргэжлээр бакалавраа дүүргэсэн. Дунд нь оюутан солилцооны хөтөлбөрөөр Японы Акитагийн олон улсын их сургуульд сурч, төгсөөд гэр бүлийн хамт Японд очсоны дараа Interac Co хэмээх хүний нөөцийн компаниас ажлын гараагаа эхэлж байлаа. 2011 онд Японд гэнэт цунами болж, байгалийн гамшиг тохиосон үетэй зэрэгцэн миний визны хугацаа дуусах дөхсөн тул Монголд буцаж ирсэн.

Цааш ажиллах боломжтой байсан ч Монголдоо ирсний дараа буцмааргүй санагдсан. Гэхдээ удалгүй Дэлхийн банк группийн Сингапур дахь салбарын Multilateral Investment Guarantee Agency байгууллагад ажиллах боломж гарсан юм. Тухайн үед дөнгөж Монголдоо ирээд удаагүй байсан тул ажилд орох, тэтгэлэгт материал өгөх гээд олон боломжийг эрэлхийлж байсан үе байлаа. Ингээд давхар Fulbright тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хариу авсан тул Сингапурт нэг жил ажиллаад АНУ руу явсан юм. Бостон хотын Тафтс их сургуульд олон улсын харилцаа, эрх зүйн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан.

Сургуулиа төгсөөд Монголд ирснийхээ дараа олон нийтийн харилцаа, маркетингийн чиглэлээр компанид орж, цаашлаад НҮБ, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын төслүүдэд ажилласан. Мөн би зөвхөн нэг чиглэлд дагнан ажиллахаас илүүтэй салбар дамнасан мэдлэгтэй байхыг зорьдог учраас Бодь даатгал, Гоёо зэрэг Монголын томоохон корпорац компаниудад богино хугацаагаар ажилласан нь их үнэ цэнтэй туршлага болсон.

Тэр бүхнийг эргээд харахад одоогийн хариуцан ажиллаж буй боловсролын төслийг хэрэгжүүлэхэд өнөөг хүртэл хуримтлуулсан ур чадвар, туршлагууд нэг цэгт хүрч, үр дүнгээ өгч буй мэт санагдана. Анх MCS группээс боловсролын томоохон ажил удирдах санал тавьсан нь миний хүсэл зорилгод бүрэн нийцсэн учраас чадна хэмээн итгэж хариуцан ажиллаж байна.

 

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө босоод хоёр хүүхдээ эмээ, өвөөд нь хүргэж өгөхөөс эхэлдэг. Одоогоор сургуулийн бэлтгэл ажил ид өрнөж буй учраас өдөртөө олон “малгай” өмсөж, ачаалал өндөртэй ажиллаж байна. Сургуулийн засвар, тохижилтын үйл явцыг өдөр тутам хянахаас гадна сурагчдын элсэлт, багш нарыг сонгон шалгаруулах, бэлдэх, сургуулийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зэрэг том, жижиг олон ажилд оролцоно. Өглөө бүр 8 цагт ирээд орой 9-10 цагийн үед харих үе цөөнгүй бий. Ажил амжихгүй бол гэртээ очоод ч хийдэг дээ. Энэ үед үргэлж арыг минь сайн дааж явдаг өөрийн болон хадам аав, ээж нартаа баярлахгүй байхын аргагүй.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

 

Аав маань “Залуудаа махаа сайн идвэл хөгшрөөд шөлөө сайн ууна” гэдэг юм. Энэ нь залуу байхдаа сайн хөдөлмөрлөвөл хөгшрөөд үр шимийг нь хүртэнэ гэсэн далд утгатай хэлц үг л дээ. Зарим хүмүүс зөвхөн ажлын 8 цагт л ажиллах ёстой гэж боддог. Гэвч бид 40-45 нас хүртэл хангалттай эрч хүчтэй байгаа дээрээ тултал нь ажиллахгүй бол түүнээс хойш хэчнээн хүссэн ч бие физиологийн хувьд ачаалал дааж чадахгүй болно. Ялангуяа, эмэгтэй хүн 40 наснаас хойш ажлаа солино гэдэг бэрхшээлтэй учраас залуу байгаа дээрээ салбартаа гаршиж, туршлага хуримтлуулах нь зүйтэй гэж боддог.

Мөн multidisciplinary буюу салбар дамнан хөрвөх чадвартай гэж хэлж болно. Үүний хажуугаар soft skill буюу бусадтай харилцах, хүний эв аяыг олохдоо муугүй гэж боддог юм. Аливаад хамтын ажиллагаа, харилцааны ур чадвар маш чухал. Тиймээс ямар ч ажилд бусдадаа урам зориг өгдөг, бие биенээ дэмждэг өгөөжтэй харилцааг эрхэмлэдэг. Мөн арга хэмжээ зохион байгуулахдаа ч сайн, энэ тал дээр арвин туршлага бий.

Миллениал, Z үеийнхний нэг онцлог нь бүх талын мэдлэгтэй байхыг эрмэлзэх байх. Миний хувьд ихэнх төсөлд нэг жил орчим ажиллаж, гэрээний дагуу дуусгах эсвэл хувийн шалтгаанаар гарсаар ирсэн. Ер нь нэг байгууллагад хагас жил ажиллахад л тухайн газрын бүх үйл явц, ажиллах арга барилыг мэдэж болох санагддаг. Олон чиглэлд ажилласнаар танилын хүрээ тэлэхээс гадна төрөл бүрийн салбарын зах зухаас нь ойлгож мэддэг. Одоо бол сургуулийн бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамдан орж, цаашид сургуулиа хөгжүүлэхэд тууштай зүтгэсээр байх болно.

 

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Google-ийн апп, програмуудыг хооронд нь холбож хэрэглэхэд амар учраас тогтмол ашигладаг. Мөн төслийн менежментийн MindView апп их таалагддаг. Хийх ажлуудаа цэгцтэй эрэмбэлэх, том зургаар харахад тун амар. Ажлаас гадуур явахдаа Audible сонсоно. Сар бүр хураамж төлдөг учраас өөртөө заавал хэдэн ном сонсож дуусгах зорилт тавьдаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

 

Хамгийн сайн арга бол хэрэггүй зүйлд “үгүй” гэж хэлэх. Дэмий зүйлд уруу татах, зөвхөн нэг талд ашигтай ажил санал болгох, цагийг дэмий өнгөрөөх зэрэгт зоригтойгоор үгүй гэж хэлж сурвал маш их цаг алдахаас сэргийлж чадна. Би өмнө нь дандаа "за" гэдэг алдаанаасаа суралцсан.

Хүн цаг хугацааны үнэ цэнийг амьдралын туршлагаас илүү ойлгож ухаардаг юм шиг. Залуу байхдаа юм сурахын тулд цалин голохгүйгээр ажилладаг байлаа. Харин нэгэнт туршлага хуримтлуулж, тухайн байгууллагад үнэ цэн, бүтээмж өгч байгаа өндөр боловсрол эзэмшсэн хүний ажлыг хийсэн цагаар нь бус өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэг, туршлагаар нь үнэлэх зарчмыг баримталж ажилладаг болсон.

 

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Чухлаар нь эрэмбэлж, яаралтай хийх ажлуудаа тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлдөг. Дэвтэр дээр зөвхөн хийх ажлуудаас гадна унших номын жагсаалт, санхүүгийн орлого, зарлага зэрэг олон зүйл тэмдэглэнэ. Мөн мэйл бичих, утсаар ярих зэрэг тухайн үед шийдэж болох ажлуудыг тэр дор нь хийхийг эрмэлздэг. Ганцаараа байх боломж гарвал аливааг толгойдоо тунгаан бодож, хийх ажлаа цэгцлэх үед шинээр янз бүрийн санаа төрдөг шүү.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

 

Гэр бүл, үр хүүхдүүд маань энергийн төв л гэсэн үг. Гэртээ ядарч ороод хүүхдүүдээ үнсээд, нөхөртэйгөө ярилцахад хамаг ядаргаа арилчихдаг. Мөн мундаг хүмүүстэй уулзаж ярилцана гэдэг тархи толгойгоо сэргээж, эрч хүчээ сэлбэх сайн аргуудын нэг.

Миний хувьд багаасаа л газрын теннис, сагс, хөл бөмбөг гээд төрөл бүрийн спортоор хичээллэдэг эршүүд охин байсан учраас идэвхтэй хэв маягт дуртай. Одоогоор зав чөлөөтэй үедээ бокс, фитнесээр хичээллэж байгаа. Боксын бэлтгэл хоёр минутын турш хөлсөө гартал эрчимтэй дасгал хийгээд нэг минут амрах байдлаар үргэлжилдэг. Үүнийг амьдрал дээр ч хэрэгжүүлэхэд тохиромжтой санагддаг юм. Хийж буй зүйлдээ хэсэг хугацаанд бүрэн төвлөрч ажилласны дараа 10 минут амраад үргэлжлүүлэх нь илүү бүтээмжтэй. Ер нь, идэвхтэй байх тусам бие, сэтгэл тэр хэрээр эрч хүчтэй байна. Налайгаад унтаад л байвал улам нойр хүрнэ шүү дээ.

 

Б.Хонгорзулын өөрийн бичсэн болон хянан тохиолдуулсан орчуулгын номууд

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

 

Зав чөлөө гарвал нийгмийн сайн дурын ажил хийхийг хичээдэг. Өнгөрсөн онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хагалгааны өмнөх хүлээлгийн өрөөг тохижуулсан юм. Анх өөрийнхөө зардлаар эхлүүлж, яваандаа хүмүүс хандив өргөж тусалсан. Мөн эмэгтэйчүүдийн санхүүгийн чадавхыг дээшлүүлэх Dress For Success олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь салбарыг хамтран үүсгэн байгуулж, түүгээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хандив, аян цөөнгүй зохион байгуулсныг онцлох нь зүйтэй.

Би багаасаа боловсролын салбарт ойр өссөн гэж хэлж болно. Манай аав МУИС-ийн монгол хэл, соёлын багш судлаач, ээж хятад хэлний орчуулагч багш, тэд энэ салбарт насаараа зүтгэж, нэлээд ном, сурах бичиг, бүтээл гаргасан хүмүүс юм. Би боловсролыг хүний амьдралыг өөрчилж, гэрэл гэгээ авчрах гол түлхүүр гэдэгт бат итгэдэг. Би өөрөө ч үүний бодит жишээ. Тэр дагуу анх боловсролын тухай блог хөтөлж эхлэхэд олон хүнд хүрч, урам зориг өгөхийн хэрээр сайн боловсрол эзэмших олон сайхан боломжууд эзнээ олохгүй байгааг анзаарч Гадаадад магистрт суралцах арга зам номыг гаргасан юм.

Анхны хэвлэлтээс олсон орлогыг Сүрьеэгүй Улаанбаатар төсөл болон цусны хавдартай хүүхдийн эмчилгээний хандивт өгсөн. Мөн III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарын өрөөг засаж, АНУН төвтэй хамтран тохижуулж нийгмийн сайн сайхны төлөөх ажилд зарцуулсан. Эхний номын борлуулалт, хүмүүсийн хүсэлт, сэтгэгдлийг харгалзан “Гадаадад бакалаврт суралцах арга зам” номыг 2018 онд эхлүүлээд явж байгаа. Үүний хажуугаар зав зай гарвал гадаадад суралцах хүсэлтэй залуустай уулзаж, зөвлөгөө өгч туршлагаасаа хуваалцаж байна.

 

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

 

Боловсролын салбар бол Монгол Улсыг хөгжүүлэх ирээдүйн иргэнийг хүмүүжил, мэдлэг, ур чадвар гээд бүх талаас нь бэлтгэж буй хэрэг учраас гэрэл гэгээтэй ажил хийж буйдаа аз жаргалтай, гэгэлзэж явна. Бид боловсролоор дамжуулан эх орныхоо ирээдүйг бүтээж, дэлхийд өрсөлдөх хэмжээний чадварлаг залуусыг бэлтгэх орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр бид боловсролын салбарт дутагдаж буй бодлого, тулгамдаж буй асуудлыг шийдэж, шинийг санаачлахад өөрсдийн хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байгаа.

Бэрхшээлийн хувьд цар тахалтай холбоотой зохицуулалтуудаас гадна шинэ сургууль байгуулж буй учраас амжилт, ололтын түүхээ бичиж эхлээгүй цагаан цаас мэт байна. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал болов уу.

 

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

 

"Сэлбэ" сургууль, цэцэрлэгийн цогцолборт зориулан хуучин "Орчлон" сургуулийн байгууламжийг шинэчлэн тохижуулж байгаа. Самбар, ширээнээс эхлэн нэг бүрчлэн засвар хийж, орчин үеийн анги танхимууд байгуулж байгаа юм. Бид сургуулийн боловсролын өмнөх цөм хөтөлбөрийг Кэмбрижийн олон улсын үнэлгээний хөтөлбөрийн хамт хэрэгжүүлэн, монгол, англи хэл дээр хос хэлний сургалттай үйл ажиллагаа явуулахаар зорьж байна. Мөн байгалийн ухааны хичээлүүдийг STEAM хөтөлбөрийн дагуу орж, хүүхдэд багаас нь инженерчлэлийн мэдлэгийг олгох зорилго тавьсан. Манай улсад 300 гаруй мэргэжил байдгаас 40 орчим нь инженерийн чиглэлийнх байдаг. Гэвч яг инженерээр ажиллаж, суралцаж буй хүмүүс 16-23 хувьтай байгаа учраас энэ чиглэлийн сургалтын орчинг нэмж, хүүхдийн сонирхлыг татах хэрэгтэй байна.

Хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон хичээлийг заахын тулд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран нас насны хүүхдэд жилд хоёр удаа оношилгоо хийж, тохирох сурах арга барилыг нь эзэмшүүлэхэд эцэг эхчүүдтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Үүний дагуу багш нарын хүүхэд бүрийн онцлогт тохируулан ажиллах ур чадварыг хөгжүүлэхийн тулд сэтгэлзүйн сургалтад хамруулах юм.

Түүнээс гадна их, дээд сургуульд орохоор бэлтгэж буй сурагчдад зориулсан IELTS, TOEFL болон GRE, GMAT, HSK зэрэг олон улсын шалгалтад бэлтгэх, гадаад их дээд сургуульд сурахад зөвлөгөө өгөх сургалтын төв байгуулахаар ажиллаж байна.

 

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

 

Хүнд хамгийн сайн мэдээлэл өгч чадах зүйл бол хүмүүс юм. Тиймээс Монгол гэлтгүй өөр орны найз нөхөд, ажлын хамтрагчидтайгаа холбогдож, мэдээлэл авдаг. Мөн уран зохиолын бус баримтат ном уншиж, хорвоо ертөнцөд болж буй бүхнээс хоцрохгүй, мэдээлэлтэй ойр байхыг хичээдэг. Би ер нь номд хорхойтой, номоос л чухал мэдээллийг олж авдаг даа. Түүнчлэн Netflix-ээс шинжлэх ухаан, технологитой холбоотой баримтат кино үзэх дуртай.

Дэлхий ертөнцтэй хамгийн бодитоор танилцаж, шинэ мэдээлэл авах арга бол аялах гэж боддог. Жилдээ наанадаж хоёр удаа өөр оронд очиж, нүд тайлахыг хичээдэг.

 

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

 

Цэгцтэй сэтгэж, зөв шийдвэр гаргах тухай надад хамгийн сайнаар нөлөөлсөн ном гэвэл Рольф Добеллигийн Art of the Good lifeАrt of Thinking clearly хэмээх бүтээл юм. Энгийн хэрнээ амьдралд хэрэгтэй маш сайн зөвлөгөө, бодит жишээг багтаасан учраас уншихыг санал болгоё. Мөн Дэвид Голдсмитийн Paid to think: A Leader's Toolkit for Redefining Your Future гэх бизнес, стратегийн ном одоо хийж буй ажилд минь их тус болж байна. Чарлес Духигийн Power of Habit номыг уншаад эртхэн уншиж байх минь яав даа гэж бодсон. Хүний амьдрал тэр чигтээ дадал, зуршлаас бүтдэг учраас хүүхдүүддээ багаас нь зөв дадалтай болгох тал дээр хичээнгүйлэн анхаардаг болсон.

Киноны хувьд романтик комеди төрлийн сонгодог бүтээлүүдийг хүүхэд насны дурсамжаа сэргээн дахин дахин үзэх дуртай.

 

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

 

Хүүхэд байхдаа амьдрал ахуйн зөвлөгөөг ээжээсээ, сургууль, ажил карьерийн зөвлөгөөг ааваасаа авдаг байлаа. Аав надад “Сэтгэл сэвгүй бол сүүдэр муруйгүй” гэж хэлдэг байсан нь хүнд муу санахгүй, муу зүйл хийхгүй явбал ажил, амьдрал аяндаа бүтнэ гэсэн санаа. Гэр бүлтэй болсноос хойш нөхөр маань хамгийн ойрын ментор болж, олон зөвлөгөө өгдөг болсон.

Мөн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр залуу удирдагч нарын яриаг сонсож байхад “Асуухгүй л бол хариулт үргэлж байхгүй байх болно” гэсэн юм. Тэр цагаас хойш юмыг яаж мэдэх вэ гээд зориг гаргаж, юу ч байсан асууж, гуйж үздэг болсон.

 

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

 

Боловсрол бол хүн бүрийн амьдралд хязгааргүй олон боломж нээж чадах хүчирхэг зэвсэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд хэзээ ч битгий мөнгө харамлаарай. Тэр бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм шүү. Боловсролын суурийг сайн тавьбал хүүхэд өөрөө аяндаа цэцэглэж, ирээдүйгээ бүтээж чадна. Нөгөөтээгүүр, бүх зүйлс гэрлийн хурдаар өөрчлөгдөж буй энэ цаг үед залуус өөрсдийгөө тогтмол хөгжүүлэхэд анхаарч, ирээдүйд бий болох нөхцөлд бэлтгэл, судалгаатай байх хэрэгтэй. Тэгээд болж өгвөл ажил, хичээлийнхээ хажуугаар сайн дурын ажилд оролцож, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг хичээгээрэй.

Хүний тархи гэдэг компьютертой адил. Таван жил тутамд “update” буюу шинэчлэл хийж байх учиртай. Миний хувьд ч энэ жил төслийн менежментийн чиглэлээр магистрт суралцахаар University College London-д тэнцсэн боловч цар тахал гарахаас гадна шинэ ажил эхлүүлсэн тул ойрын хугацаанд явах боломжгүй болоод байна.

 

 

 

Танилцуулга

Нэр: Б.Хонгорзул
Төрсөн өдөр: 1970.11.06
Төрсөн газар: Хэнтий

Эшлэл

Боловсрол бол хүн бүрийн амьдралд хязгааргүй олон боломж нээж чадах хүчирхэг зэвсэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд хэзээ ч битгий мөнгө харамлаарай.
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ МэдээPodcastKpopТүүх Дэлхий MollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН