Шинэ мэдээ
Алдарт жүжигчин Стивен Сигал түүний гэргий Б.Эрдэнэтуяа нарын жинхэнэ хайрын гайхалтай түүх
2017-09-18 18:40:14   share

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Батсүхийн Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд нилээдгүй жилийг ардаа үдэж байна. Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигч­дээр Брюс Ли, Арнольд Швар­ценеггер, Силь­вестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг. Сигал кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын ша­шин­тан, Ренбүүчи хүн. 

Тэрээр 2001 онд Монголд анх хөл тавьж "Чингэс хааны тухай кино хийнэ, миний судсаар монгол цус гүйж байгаа" хэмээн ярьж бид­ний анхаарлыг татаж чадсан. Хийх гэж байгаа тэр киноныхоо хатдын дүрийг сонгох гэж Монголд ирсэн түүнд Монголын аль л хацар гоо охид, загвар өмсөгчид нүдэнд нь өртөх гэж хэрэндээ л мэрийцгээсэн гэдэг. Гэтэл Холли­вудын одын нүдэнд Монголын бүжигчин бүсгүй Б.Эрдэнэтуяа тусчээ. Б.Эрдэнэтуяа Сигалийг Монголд байх хугацаанд хамаг ажлыг нь чадварлаг зохион бай­гуулж, олон хүний хийх ажлыг ганцаараа шаламгай амжуулж, эргэн тойрныхоо хүмүүсийг алмай­руулж байсан гэдэг. Энэ чанар нь Сигалд таалагдаж Б.Эрдэнэтуяад өөрийнхөө нарийн бичиг, тусла­хаар ажиллахыг санал болгож, улмаар нутаг руугаа дагуулан явсан юм. Тэд эхлээд ажил хэргийн шугамаар харьцаж байсан ч удалгүй бие биедээ дасан хайр сэтгэлтэй болж нэг гэрт орсон гэдэг. Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болжээ. 

Сигал авьяаслаг, эр зоригтой жүжигчин гэдгээрээ Холливудын одод дундаа чансаа өндөртэй. Харамсалтай нь хувийн амьд­ралын хувьд тогтворгүй, олон бүс­гүйтэй нэр холбогддогоороо хүү­хэмсэг эрчүүдийн нэгд тооцогддог. Тэрээр Япон, Латин Америк, Аме­рик, Орос, Болгарын бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан. Түүний анхны эхнэр Мияако Фужитан нь Японы үндэсний бие хамгаалах урлаг кендогийн их мастер, багш. Сигал Мияакотой 1975 онд гэрлэн хамт амьдарч хоёр хүүхдийн эцэг, эх болсон ч 1986 онд хоёр тийш болцгоосон юм. Эхнэрээсээ салан­гуутаа загвар өмсөгч Адриенне ла Руссатай нэр холбогдож, тухайн үедээ сенсааци дэгдээж байв. Энэ харилцаа нь арван сар орчим л үргэлжилжээ. 

1987 онд Сигал Келли Леб­рокстой хурим хийжээ. Энэ үед түүний шүтэн бишрэгчид "Стивен одоо л хүмүүжих нь" хэмээж бай­жээ. Келлитэй есөн жил амьдарч, гурван хүүхдийн эцэг болсны эцэст хамтын амьдралдаа цэг тавьж гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ бол 1996 он. Энэ үеэс Стивен Сигал гоонь эрийн жаргал, эрх чөлөөг эдэлж, долоо хоног бүр өөр өөр бүсгүйтэй нэр холбогдож, папарацциудын өгөөш болдог байв.

Стивен Сигалийн эмэг эх нь монгол цусны хүн байсан талаар ярьдаг. Эмэг эхийг нь бага балчир байхад гэрийнхэн нь Монгол нут­гаас гарч Улаан-Үд рүү нүүдэллэжээ. Тэндээс явсаар Аме­рикт хүрч. Эмэг эх нь Сигалийн аавыг бага байхад өөрийнхөө амьдардаг байсан тухайн үеийн Монгол орон, хүн ард, ахуй амьд­ралын тухай дурсан ярьдаг байсан гэнэ. Сигал өөрийгөө монгол цусны хүн, Чингэсийн монгол хэмээн ярьж байсан удаатай. Тийм болохоор тэрээр Монголд хөл тавьсан юм. "Чингэс хаан" гэдэг нэртэй, Холли­вудын шилдэг оддыг тоглуулсан шуугиан тарих кино хийнэ хэмээн ярьж байсан ч түүний мөрөөдөл талаар өнгөрсөн. Хийнэ гэж амла­сан кино нь сураг алдарчээ. Энэ талаар тэрээр "Би Чингис хааны тухай кино хийхийг маш их хүссэн. Олон жил бодсон. Гэхдээ тэр мө­рөөдлөө хаяагүй. Түр завсарласан гэж хэлж болно. Гэвч би Чингис хааны тухай кино хийгээгүй ч монгол бүсгүйтэй учирсандаа баярладаг" гэжээ. 

Б.Эрдэнэтуяаг америкчууд "Си­галийн шинэ найз охин Эмми" гэж нэрлэдэг. 2003, 2004 оны үед л тэгж нэрлэдэг байв. Одоо ч тэр. Гэтэл Б.Эрдэнэтуяа Сигалийн шинэ найз охин байтугай гэргий нь болж, үрийнх нь зулайг үнэрлүүл­жээ. Тэдний хүү нь 2009 оны дол­дугаар сард мэндэлсэн. Сигал отгон хүүдээ Зунзан (Zunzang) буюу Төгсбаясгалант гэдэг нэр өгчээ. 

Сигал энэ жил 59 настай. Харин Б.Эрдэнэтуяа 40 шүргэж яваа аж. Б.Эрдэнэтуяа Америкт амьдрахдаа буруушаах, сонжих гэсэн ямар нэг таагүй харьцаатай хүмүүстэй тааралддаггүй гэнэ. Харин Монголд ирэхдээ бусдын хэл амны бай болохоос аль болох зайлсхийж сэм ирчихээд буцдаг ажээ.

Image may contain: 1 person, riding a horse, horse and outdoor

Эх сурвалж: www.ALDAR.mn

НОМИНАЦИ