Шинэ мэдээ
Шинэ үеийн залуус маань мундаг болжээ
2017-06-09 17:41:15   share

“Зиндаа” сэтгүүл  “Шинэ үе” булангаараа дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй монгол залуусын амжилт бүтээл, хүсэл тэмүүлэл, үзэл бодлын тухай нээлттэй ярилцлагыг уншигчдадаа толилуулдаг юм байна. Тус сэтгүүлийн гурав дахь дугаарын энэхүү булангийн зочноор Монголын үргэлжилсэн үг, жүжиг, киноны нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы хүү Билгүүн уригдан оролцжээ.

Тэрээр энтертайнмент, шоу бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы тэргүүлэгч компаниудын нэг болох “Avex” группийн гадаад харилцаа, бодлого төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллахаас гадна тус группийн Сингапур, Тайванийн охин компанийн удирдах зөвлөлд ажиллаж байгаа аж.

2001 онд 15-хан настайдаа Япон орныг зорих үед аав нь түүнд: “Дэлхийн II дайнаас хойшхи 60-хан жилийн дотор ийм том хөгжилд хүрсэн тэр хүмүүсийн ухаан, хичээнгүй байдлыг сураад ирвэл ааваасаа хойш миний хүү алзахгүй ээ. Авах ёстой юм байвал аваад ир. Аавдаа хууртлаа гэж бодоод япон яваад, сураад ир. Тэнцэхгүй, болохгүй бол хамаагүй хүрээд ир. Гэхдээ тэндээс чи өөрийгөө олж чадвал, тэр чинь чиний ирээдүйд л хэрэг болно шүү” хэмээн хэлж байсан гэнэ.

Ж.Билгүүн 2004 оноос Японы Шизоука мужийн “Кокусай кайо” ахлах сургуульд сурч, Токиогийн “Беффү” их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгсчээ. Тэрээр Форбес сэтгүүлээс тодруулсан "40 хүртэлх насны 40 шилдэг залуу" жагсаалтанд багтсан мундаг залуу. Япон компанид япон хүмүүстэй нь өрсөлдөж, япон соёлд дасан зохицно гэдэг түүний хувьд ямархуу том шалгуур байсан, энэ бүгдийг хэрхэн гайхалтай даван туулж өнөөгийн амжилтад хүрсэн тухайгаа маш сонирхолтойгоор өгүүлсэн ярилцлагыг “Зиндаа” сэтгүүлээс унших боломжтой юм.

Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын ертөнцийг үзэх үзэл, зөв хүмүүжил төлөвшилд хувь нэмэр оруулахуйц үнэтэй оюуны хөрөнгө оруулалтыг “Зиндаа” сэтгүүл нийгэмд хийж буй нь үнэхээр цаг үеэ олсон, буянлаг үйлс болж байна.  “Шинэ үе” булангийн зочдын амьдрал, ажил үйлс, амжилт бүтээлийн тухай сонирхолтой, өгөөжтэй түүхийг өгүүлэх эдгээр ярилцлагууд залуусын маань оюуны мэлмийг нээх нь гарцаагүй. 

Д.Мөрөн

НОМИНАЦИ