Ц.Алтансор: ""Q Education Group”-ийн үүсгэн байгуулагч Ц.Алтансор"

21 өдрийн өмнө

Өнөөдрийн дугаартаа бид "Q Education Group"-ийн үүсгэн байгуулагч Ц.Алтансорыг урилаа. 16 настайгаасаа англи хэлний багшаар ажилласан тэрээр боловсролын байгууллагад туслах багшаас гүйцэтгэх захирал хүртэл 15 жил ажилласан билээ. Энэ хугацаанд МУИС-д олон улсын сэтгүүл зүй, СЭЗИС-д бизнес удирдлагын чиглэлээр суралцсанаас гадна боловсролын удирдлагын чиглэлээр АНУ-ын Калифорни мужийн их сургуульд магистр хамгаалжээ. Өдгөө тэрээр EQ, STEM зэрэг олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрүүдийг хүүхдийн онцлогт тохирсон сургалтын арга барил, хөтөлбөрийн дагуу нэвтрүүлж, “Q Education Group”-ийг амжилттай удирдаж буй. Хүүхдийн цогц хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд 6-12 насны хүүхдэд зориулсан хүүхэд хөгжлийн Q Institute, сургуулийн өмнөх боловсролыг олгох Q Kids цэцэрлэгээс гадна хүүхдэд зориулсан шинжлэх ухааны “Nutty Scientists Mongolia” лабораторийг байгуулсан юм.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: “Q Education Group"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 11
Хэрэглэдэг компьютер: ASUS Vivo AiO 24
Сошиал хуудас: Altansor Soroo (Facebook), Altansor Tsogtkhuu (LinkedIn), Altansoroo (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

 

Миний хувьд багаасаа англи хэл сонирхож, шимтэн суралцдаг байсан учраас 16 настайгаасаа англи хэл зааж, энэ чиглэлээр 15 жил тууштай ажилласан юм. Энэ хугацаанд МУИС-ийн олон улсын сэтгүүл зүйн анги төгсөж, туслах багшаас өгсүүлээд англи хэлний багш, сургалтын менежер зэрэг олон чиг үүрэгтэй ажиллаж, 24 настайдаа анх гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Ажлаа хийхийн хажуугаар СЭЗДС-д бизнес удирдлагын магистр хамгаалсны дараа хөгжингүй орнуудын боловсролын салбарын туршлагыг судлах ёстойг ойлгож, гэр бүлээрээ АНУ-д очиж Калифорнийн их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр суралцсан. Ингэснээр боловсролын салбарыг илүү өргөн хүрээнд харж, энэ чиглэлийн боловсролын төслүүдийг бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон арга, хэлбэрээр эхлэх нь зүйтэй юм байна гэж бодох болсон.

АНУ-д очоод охиноо бага сургуульд оруулсан юм. Удахгүй манай хүүхэд хичээлдээ сайн байгаа гэж өөрөө хэлж байсан боловч багштай нь уулзахад хоцрогдлыг нь арилгахын тулд тусгай хөтөлбөрийн дагуу хичээл зааж буйг дуулгасан. Сурах хүслийг нь унтраахгүйгээр хүүхэд бүрийн онцлогт тохирсон арга барилаар ажилласан хэрэг л дээ. Хүүхдийн тархи ямар ч үйлдлийг хүлээж авахад бэлэн, аливаа төлөвшилд нээлттэй байдаг учраас академик хичээлүүдээр дарахаас илүүтэй хүн гэдэг талаас нь сэтгэлзүйн хувьд эрүүл, өөрийгөө мэддэг байхын чухлыг энэ мэтчилэн хөгжингүй орнуудын туршлагаас ойлгосон. Тиймээс Монголдоо ирээд 2015 онд Q Kids цэцэрлэг болон 6-12 насны хүүхдэд зориулсан хүүхэд хөгжлийн "Q Institute"-ийг дээрх үнэт зүйлд тулгуурлан нээж байлаа. Үүний дагуу бид сургалтын системээ боловсруулахдаа хүүхэд багаасаа өөрийгөө ойлгох, таньж мэдэхэд нь зориулсан EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварын хичээлүүд болон шинжлэх ухааныг маш сонирхолтой, энгийнээр таниулах зорилготой STEM хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Тэдгээрийг илүү өргөн хүрээнд хүргэхийн тулд хүүхэд хөгжлийн лаборатори болох Nutty Scientists төвийг Монголд албан ёсны эрхтэй байгуулсан юм. Энэ мэтчилэн хийж буй ажлаараа дамжуулан Монголын боловсролын системд дутагдаж буй хөтөлбөр, арга зүйг нэвтрүүлэхийг хичээж байна.

 

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөөд ихэвчлэн гадуур хийх уулзалтуудаа товлоно. Имэйл шалгах, бичих зэрэг ажлуудыг гэртээ, машин дотроо гээд хаана ч явсан амжуулаад цэгцэлчихдэг. Харин үдээс хойш дотоод ажлууд дээрээ төвлөрч, салбарууд дээр очих, менежерүүдтэйгээ уулзах, хурлуудаа хийх зэргээр өнгөрөөдөг. Удирдах түвшинд ажиллаж буй ямар ч хүнд өөрийгөө ойлгуулах, бусдыг сонсох нь чухал учраас өдрийн ихэнх цагийг хүмүүстэй уулзах, ярилцахад зориулдаг даа. Харин ганцаар төвлөрч, бодож санаснаа эргэцүүлж суух үе бол ихэнхдээ оройн цагаар байдаг учраас заримдаа шөнө юм бичиж, гараасаа юм гаргадаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

 

Би аливаад их сониуч, үргэлж янз бүрийн шинэ санаагаар ундарч явдаг гэж хэлж болно. Хаана ч явсан том, жижиг гэлтгүй зүйлсийг анзаарч, тэндээсээ шинэ санаа, сэдлийг ургуулдаг. Нэгэнт олсон санаагаа хөгжүүлэхийн тулд маш их судалгаа хийж, ажил хэрэг болгохыг зорьдог. Тухайлбал, дунд охин маань шинжлэх ухаанд дуртайг анзаарч, сонирхлыг нь хөгжүүлэхийн тулд интернэтээр нэлээд судалгаа хийж явсаар “Nutty Scientists”-ийг байгуулах бизнес санаагаа анх олж байлаа.

Толгойд олон шинэ санаа эргэлддэг учраас нэг дор хэд хэдэн ажил зэрэг эхлүүлчихдэг. Ингэхдээ хариуцах баг, удирдах хүнээ томилоод хажуугаас нь зөвлөх, явцыг нь хянах зэргээр хамтдаа ажилладаг. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд боловсролын чиглэлээр гурван том төсөл хэрэгжүүлж, жил бүр хөтөлбөрийн шинэчлэл хийж байна. Энэ жилийн хувьд Kidpreneur буюу хүүхдэд багаас нь энтрепренер болох сэдлийг өгөх зорилготой бизнесийн анхан шатны ойлголт өгөх хичээлүүдийг хөтөлбөртөө оруулж байгаа.

 

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Боловсролын байгууллагын хувьд Microsoft 365 програмыг цогцоор нь хэрэглэдэг. Үүгээр дамжуулан COVID-19 халдварын үеийн онлайн сургалтуудын маш амжилттай хэрэгжүүлсэн. Өдөр тутамдаа Teams, One Drive, To Do зэрэг апп-ийг түгээмэл ашигладаг. Ер нь төлөвлөлтийн апп их хэрэглэнэ. Урьд нь RingCentralWunderlist аппуудыг хэрэглэдэг байсан юм. Ажлаас гадна Headspace бясалгалын аппликэйшнийг оюун санаагаа амраах зорилгоор өглөө эрт болон орой унтахын өмнө сонсдог.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Multitasking буюу олон ажил зэрэг хийх нь цаг хэмнэх сайн арга гэж боддог. Зөвхөн ажил гэлтгүй хувийн амьдрал, өдөр тутмын жижиг зүйлсийг ч зэрэг амжуулж дадсан. Ингэхийн тулд юун түрүүнд сайн төлөвлөгөө гаргах нь ажлаа цагт нь хийж, бүтээмжтэй ажиллах гол түлхүүр юм. Сүүлийн есөн жилд удирдах түвшинд ажиллаж буйн хувьд бүх зүйлд өөрөө оролцохоос илүүтэй зохих хүнд нь хуваарилж, даатгах нь зүйтэй санагддаг. Даалгасан ажлыг заавал сайн хийдэг байх албагүй. Дараа нь, засаж сайжруулаад явж болно. Харин бүх зүйлийг өөрөө төгс хийх гэж оролдсоор байвал цаг хугацаа маш их алдана шүү дээ.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Хийх ажлын төлөвлөгөөг Microsoft-ийн To Do апп дээр ихэвчлэн гаргадаг. Гаргахдаа долоо хоногийн төгсгөлд ирэх өдрүүдэд хийх ажлуудаа цэгцтэй төлөвлөөд, амралтын өдрүүдэд сэтгэл амар, тайван амрахыг хүсдэг юм. Дараа нь хийсэн ажлуудаа дарж, гүйцэтгэлээ харах таатай байдаг шүү. Ажлын хувьд Microsoft 365 програмыг тогтмол ашиглаж ажлуудаа цэгцэлдэг. Тэмдэглэлийн дэвтэр дээр ч бичиж тэмдэглэх дуртай. Гэхдээ сүүлийн үед апп дээр төлөвлөлт хийх нь илүү амар, хурдан санагдах болсон.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Нас насны онцлогоос шалтгаалан өөрчлөгддөг юм шиг санагддаг. Багшилдаг байхдаа өдөрт 12 цаг ажилладаг хэр нь эрч хүчээр дүүрэн байдаг байлаа. Одоо бол хүүхдэд зориулан хийж буй бүхнээсээ таашаал авахын хажуугаар гэр бүл, өөрийн хүүхдүүдээсээ энэ мэдрэмжийг авдаг. Ажлаа тараад гэр бүл дээрээ хурдан очиж, амралтын өдрүүдээр агаар, салхинд гарах дуртай. Ийм үед байгальтай ойр байх нь тайван, амар амгалан, аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг учраас жил бүрийн зун Монголын үзэсгэлэнт газруудаар аялахыг зорьдог. Энэ зун гэхэд 3500 км аялаад ирсэн болохоор эрч хүчээр дүүрэн байна даа (инээв).

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

 

Хоббигоо ажил болгосон хүний хувьд хийж буй бүхэн минь хоорондоо уялдаа холбоотой гэж хэлж болно. Боловсролын чиглэлийг судлах болсноос хойш хүүхдийн хүмүүжил, сэтгэлзүй, зан төлөв цаашлаад хүний тархины үйл ажиллагаа, EQ чадварын тухай зэрэг олон сэдвийг нарийвчлан сонирхох болсон. Ингээд зогсолгүй ажил хэрэг болгож, контент бэлтгэх, ном орчуулах, төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талаас нь хөгжүүлж байна.

Энэ бүхнийг хүмүүстэй олон талаас нь ярилцаж, толгойдоо бодож эргэцүүлэх болгондоо ажиглаж, мэдсэн зүйлсээ цаасан дээр буулгаж бичих дуртай. Бичнэ гэдэг нэг талын хобби болсон доо. Багаасаа шүлэг, зохиол бичих дуртай байснаас гадна сэтгүүл зүйгээр суралцсаны хувьд цаашид бичих чадвараа хөгжүүлэхээр блог хөтөлж эхлээд байгаа. Мөн цаг зав гарвал Инстаграм хаягаараа дамжуулан эцэг эхчүүдэд хүүхдийн хүмүүжил төлөвшил, сэтгэлзүйн боловсролын талаар зөвлөгөө, мэдээллээ хуваалцаж IGTV видео хийж оруулдаг.

 

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

 

Өөрийн хүсэл сонирхол, зорилгынхоо дагуу энэ бүхнийг эхлүүлсэн учраас хийж буй зүйлдээ үргэлж аз жаргалтай байдаг. Тиймдээ ч хэцүү, бэрхшээлтэй гэж бодох сөхөө гардаггүй. Сургалт, цэцэрлэг рүүгээ орох бүрд хүүхдийн дуу цангинасан маш гэгээлэг, өнгөлөг, эрч хүчээр дүүрэн орчин угтдаг. Боловсролын салбарт ажиллаж буйн хувьд өдөр бүр суралцаж, өөрийгөө хөгжүүлж явсаар түүнийхээ амтанд нь ордог гэж хэлж болно.

Нөгөө талаас, хүүхдэд зөвхөн боловсрол олгох гэлтгүй амь нас, эрүүл мэндийг нь давхар хариуцаж явдаг учраас алхам тутамдаа өндөр хариуцлага үүрч, том сорилтын дунд ажилладаг. Заримдаа өөрийнхөө хүүхдэд ч анхаарал хандуулах сөхөөгүй явах үе бий. Гэхдээ үүнийг бэрхшээл гэж харахаас илүү аль болох зохицуулахыг хичээж, өсөн дэвших сорилт гэж хардаг.

 

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

 

Цар тахал нүүрлэж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор сургууль, цэцэрлэг хэсэг хугацаанд хаагдсан тул боловсролын контент бүтээхэд нэлээд анхаарч ажиллалаа. Энэ хугацаанд бид Австралийн “Educated to Empower” паблишингийн сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн хөгжилтэй холбоотой номуудыг орчуулаад байна. Одоогоор бид тус компанийн хүүхдийн биеийн аюулгүй байдлын боловсролын контентыг түгээхээр ажиллаж байгаа. Хүүхэд бүр бие, сэтгэлзүйн хувьд аюулгүй, тайван орчинд амьдрах учиртай. Гэвч хүүхдийн биед халдагсад найз нөхөд эсвэл хамаатан садан, ойрын төрөл байх магадлал өндөр байдаг учраас эцэг, эхдээ хэлэхээс эмээж, дотроо шаналсаар сэтгэлзүйн шархтай үлдэх тохиолдол бий. Энэ явдал хүүхдийг өөртөө итгэлгүй, аймхай, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болгодог учраас гаднын орнуудад хүүхдийг цэцэрлэгт байхаас нь биед нь хэн хүрч болох, өөрсдийг нь хамгаалах аюулгүй орчин, харилцаа холбооны сүлжээ гэж юу болохыг тодорхой заадаг.

Тиймээс бид хүний бие халдашгүй дархан гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах зорилгоор сургуулийн өмнөх боловсролын системд үүнтэй холбогдох хөтөлбөрийг оруулах алсын зорилготойгоор олон улсын туршлагыг судалж, хөтөлбөрийн албан ёсны эрх авсан юм. Үүний хүрээнд цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байгаа. Бидний нийгмийн хариуцлагын уг төсөлд хамтарч ажиллах хүсэлтэй бусад байгууллагад бүрэн нээлттэй. Цаашид энэ сэдвийн ач холбогдлыг олон нийтэд таниулахын тулд өргөн цар хүрээтэй кампанит ажил өрнүүлэхээр зорьж байгаа. Ингэхдээ өөрсдийн нөөц бололцоог харахаас гадна илүү үр дүнд хүрэхийн тулд бага насны хүүхдийн боловсролыг хөгжүүлж, албан байгууллагуудад EQ assessment буюу сэтгэлзүйн тест хийх, үнэлэх, сургалтад хамруулах зэрэг сэтгэлзүйд суурилсан олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Ц.Алтансорын санаачлан бүтээсэн хүүхдийн сэтгэл зүйг хөгжүүлэх багц номууд

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

 

Байнга суралцахыг хичээдэг. Хүүхдийн боловсролтой холбоотой мэргэжлийн номуудаас гадна сэтгэлзүй, EQ чадвар, тархи судлалтай холбоотой ном уншиж судална. Мөн онлайнаар янз бүрийн сургалтад хамрагдаж, жилдээ заавал нэг удаа олон улсын хурал, цуглаанд оролцон, гаднын чадварлаг мэргэжилтнүүдээс туршлага хуримтлуулахыг хичээдэг. Тухайлбал 2017 онд Харвардын их сургуулийн байгууллагын стратеги, инновацын сургалтад хамрагдаж байсан юм. Дэлхийн топ компаниудын удирдах түвшний хүмүүстэй мөр зэрэгцэн суралцаж, багаар ажилласан нь их урам зориг өгсөн шүү. Сүүлд Кэмбрижийн олон улсын удирдлагуудад зориулсан хуралд очиж, боловсролын салбарын сайн туршлагуудыг судлаад ирсэн.

Энэ оны хувьд STAR олон улсын байгууллагаас лидер эмэгтэйчүүдийг тодруулах арга хэмжээнд нэр дэвшигчээр сонгогдсон ч хөл хорионы улмаас хойшилсон. Ирэх онд уг арга хэмжээ Швейцарт болно, очихоор төлөвлөсөн байгаа. Гэхдээ зөвхөн ганцаараа биш багаасаа сайн мэргэжилтнүүдээ урамшуулах хэлбэрээр авч явдаг.

 

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

 

Ямар ч нөхцөлд хүн бүр эцсийн дүндээ хүнтэй л ажиллаж, сэтгэлзүйтэй нь харьцдаг учраас сэтгэл судлалтай холбоотой хялбарчилсан ном, товхимол уншиж үзээрэй. Тухайлбал, Даниэл Канэманы "Thinking Fast and Slow", Чарльз Духигийн "Power of Habit", Экхарт Толлегийн "Power of Now" номыг санал болгоё.

Гэхдээ үргэлж англи ном унших нь эх хэлээрээ зөв сайхан бичиж, найруулахад нөлөөлдөг учраас заримдаа юм бичмээр санагдах үедээ уран зохиолын чанартай сайн бүтээлүүдийг авч уншдаг. Зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлүүд гэхэд уран яруу учраас унших тусам бичих чадвар маань сайжирч байгаа нь мэдэгддэг.

Хөгжмийн хувьд сүүлийн үед охидынхоо сонирхлыг олж мэдэхийн тулд тэдний сонсдог хөгжмийг хамтдаа сонсох дуртай болчихсон. Киноны хувьд амьдралын утга учрыг өгүүлсэн, өрнөл, үйл явдал гэхээс илүүтэй дүрүүдийн илэрхийлэл, мэдрэмжийг илүү тусгаж хардаг. Сүүлд гэхэд нийгмийн анги давхарга, тэгш бус байдлыг харуулсан The Platform кино олон зүйл бодогдуулсан. Хүүхдүүдтэйгээ кино үзвэл дууссаных нь дараа төрсөн сэтгэгдлээ хоорондоо ярилцаж, юу ойлгосноо хуваалцдаг.

 

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

 

Очсон газар, уулзсан хүн бүрээсээ ямар нэг зүйл анзаарч, ажигладаг учраас ярилцсан хүн бүрээсээ бодох зүйлтэй үлддэг дээ.

Толгойд орж ирснээс хуваалцахад, анхны ажил дээрээ даргатайгаа үүдэнд таараад хэдэн хором ажлаа яриад өнгөрсөн юм. Дараа нь уулзахдаа хэлсэн санаагаа сануулахад “Тэр үед бид албан ширээний ард сууж энэ талаар ярилцсан билүү?” гэсэн юм. Энэ үг надад олон зүйл бодогдуулж, аливаа асуудлыг утсаар, чатаар эсвэл зөрж өнгөрөх төдийд дутуу хагас ярилцаж шийдэх гэх нь буруу болохыг ойлгосон. Мөн “Хүнийг хайрлаж байж л бусдаар хайрлуулна. Бусдад өгөх сэтгэлтэй байж авдаг юм шүү” гэх ээж, эмээгийнхээ үгийг бодож явдаг.

 

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүн бүр бодолдоо анхаардаг байгаасай. Хүн нэг зүйлийн тухай удаан бодоод байвал бүх зүйл түүнтэй холбоотой юм шиг санагдах нь бий. Юун дээр төвлөрнө, тэр зүйл бидний эргэн тойронд харагддаг. Тиймээс бодол гэдэг хүний мэдрэмжид шууд нөлөөлж, үг, үйлдэл болон гардаг боловч бодсон бүхэн өөрийг тань илэрхийлэхгүй юм шүү гэдгийг ойлгоорой. Бодлоо удирдаж, түүнтэйгээ ажиллаж сураарай. Энэ бүхэн бидний амьдралын чанарт нөлөөлдөг юм шүү. Бодолдоо эзэн байснаар амьдрал илүү амар, хөнгөн болох болно.

Танилцуулга

Нэр: Ц.Алтансор
Төрсөн өдөр: 1970.11.06
Төрсөн газар: Хэнтий

Эшлэл

Хүн бүр бодолдоо анхаардаг байгаасай. Хүн нэг зүйлийн тухай удаан бодоод байвал бүх зүйл түүнтэй холбоотой юм шиг санагдах нь бий. Юун дээр төвлөрнө, тэр зүйл бидний эргэн тойронд харагддаг.
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ МэдээPodcastKpopТүүх Дэлхий MollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН