Оросын удирдагчдын нууц буюу ПЛЭЙБОЙ МАСТЕРУУД

2017-05-10 19:03:05

Ельцинээс бол шиншилэх ч шаардлагагүй, хамар цоргитол хааны үнэр үнэртдэг байсан. Нэг яриа байдаг: Борис Немцов мужийн амбан захирагч бөгөөд ерөнхийлөгчийн баруун гар байхдаа Борис Ельциныг Ижил мөрнөөр зугаалуулж явж. Ельцин агуу мөрний өргөн урсгалыг бодлогоширонгуй ширтэж байснаа:

-Арлуудыг яадаг шүү юм билээ, мэдэхгүй байна...

-Зогсоод, дээр нь хэвтээд биеээ шардаг л байх даа.

-Энэ арлууд бишээ, Курилын арлууд...

Би Борис Николаевичтай юу юу ярьж байснаа санадаггүй юм. Путинтай ярьж байснаа бол сайн санана. Ельцины дэргэд болохоор ухаан санаа самуураад, бие маань хөшчихдөг байсан. Аварга могойнд зайлшгүй залгиулах болчихсон амьтан шиг. Одоо залгилаа гэж мэдсээр байж өөрийн эрхгүй ам руу нь яваад байгаа юм шиг. Харин Немцов бол Ельцинтэй их өвөрмөц байдлаар харьцдаг байсан: харцаа Ельциных шиг болгоод /нүдээ бага зэрэг дүрлийлгээд, харцаа гөлийлгөөд/, тэгээд жижиг могой Немцов аварга могой Ельцин руу нүд салгалгүй ширтэн удаанаар, жинтэй өгүүлбэрүүдээр түүний толгойд хэлэх гэснээ хийнэ. Би болохоор Ельцинтэй ер яриа өрнүүлж чадахгүй: “Итали улсад ихэнх үйлдвэрүүд нь жижиг шүү дээ! Тэгсэн мөртөө улс нь болохоор баян!” – “ Мэд-нээ... Бо-д-ъё” Ингээд л дуусаа, бид хоёрын яриа.

Борис Николаевич бол ерөөсөө тэр чигээрээ гайхамшигт үзэгдэл. Хомо-сапиенсын сонгодог салбар зүйл - “улс төрийн амьтан” гэж нэрлэмээр юм уу даа. Улстөрч гэж их юм мэддэг хүнийг хэлдэггүй юм. Улстөрч гэдэг бол эх орныхоо түүхийг өөрийн амь шигээ, биеэ хамгаалах төрөлх зөнгийн түвшинд мэдэрдэг хүн юм гэдгийг Борис Николаевич өөрийн байж байгаа бүхий л байдлаараа яруу тодоор харуулан нотолдог байсан. Ельцинд энэ мэдрэмж цаанаасаа заягдсан. Тэрээр түүхийн гол утсыг маш сайн мэдэрдэг байсан боловч энэ гарамгай мэдрэмж нь мөн тийм дайны мэдлэгээр дэмжигдэж байгаагүйн улмаас ийм их буруу үйлдэл хийсэн дээ.

Ельцин хэдийгээр жинхэнэ хаан байсан боловч, хэзээ ч харгис дарлагч - тиран байгаагүй. Тиран хүнд дүрслэн бодох чадвар байдаггүй. Ельцинд бол байсан, тиймдээ ч тэрээр гэнэт яриандаа өөр юм хавчуулж хүмүүсийг үе үе “ангайлгаж” чаддаг байсан. Би жижиг бизнесийн Хорооны дарга байхдаа бөөн идэвхи зүтгэл болсон амьтан, лиценз, сертификат олголт гэх мэтийн учир утгагүй олон дүрэм журам, шаардлагыг цөөлөх санаа өвөртлөн ханцуй шумлан ажилдаа орлоо. Бүх юманд, оймсны уртын хэмжээнд хүртэл сертификат шаарддаг байсан гээд бод. Энэ бол хүнд суртлын рэкет байсан нь хэнд ч ойлгомжтой. Харин би энэ элдэв шаардлагыг цуцлах гэж хөөцөлдсөнөөр яамдуудын мөнгө олдог том сувгийг хаах гээд байхгүй юу... Ингээд намайг зайлуулах хэрэгтэй гэсэн шийдэл дээр бүгд нэгдчихээд байсан хэрэг. Тэр үед, Ельцин сард нэг удаа радиогоор чухал сэдвээр ярьдаг байлаа, тэгээд ээлжид ярианыхаа үеээр “жижиг бизнесийг хөгжүүлэх хэрэгтэй, Хакамада их хэрэгтэй ажил хийж байна, маш сайн”,- гээд хавчуулчихав. Цагаан Ордон дахь ширчигнэл тэр дороо таг болов. Дараа нь ерөнхийлөгч надтай тааралдаад, ихэд сэтгэл хангалуун инээж:

-За яасан, миний “хавчуурга” таалагдав уу?

-Их сайхан “хавчуурга” болсон шүү...

Оросод, нэг талаас бүх зүйл их төвөгтэй боловч нөгөө талаас -  их амар: хаантан зандарлаа л бол - барлагууд тов томоотой болчихдог.

1999 оны 4-р сарын 13нд, миний төрсөн өдрөөр Борис Николаевич надад эцсийн туслалцаагаа үзүүлэх гэж оролдсон юм. Өглөөний 10 цагт утас маань дуугарав.

-Ирина Муцуовна юу? Тантай Борис Николаевич Ельцин ярих гэж байна.

Үхсний чинь, чөтгөр ав, Ельцин бэ? Би чинь аль хэдийн засгийн газраас халагдчихсан, хаана ч байхгүй амьтан болчихсон байхад? Хэзээ байтлаа огцорсон сайд руу хар өглөөгүүр хэн нэг нь утасдаж төрсөн өдрийн баяр хүргэдэг байлаа даа? Тэр тусмаа улсын Ерөнхийлөгч шүү! Нэг дурак нь л надаар тоглоом хийж байна гэж бодоод утсаа шидээд унтах гэсэн чинь харилцуурт Ельцины санаа алдах дуу сонсогдлоо:

- Төрсөн... өдрийн... баяр хүргэе...

- Ой, баярлалаа, Борис Николаевич!

- Би...төрсөн... өдөр... мөдөрт... дургуй...

- Би ч бас дургуй ээ, Борис Николаевич!

- Тэгээд яахав?

- Юу яахав гэж, Борис Николаевич аа?

- Сонин... сайхан... юу...байна даа?

- Сайхан юм алга даа, Борис Николаевич. Та мэдэж байгаа. Аврах л хэрэгтэй байна.

- Хэнийг...аврах... гэж?

- Улс орноо, Борис Николаевич. Орос Улсаа!

- Тийм л дээ, би мэдэж байгаа... Бодож л байна... Өөр юмгүй юу?

- Өөр юмгүй ээ, Борис Николаевич.

Ельциныг утсаа тавьсны дараа л би нэг юм сөхөө оров. Тэгсэн чинь, унтлагын хувцастайгаа, хөл нүцгэн, харилцуураа ёсолж байгаа цэрэг шиг бариад, хамаг биеээ цэхлээд номхон зогсчихсон...хүүхэд маань асрагчтайгаа хамт над руу бүүр гайхчихсан... Дараа нь ухаантай хүмүүс надад тайлбарлаж өглөө: “Ира, чи ч ёстой “тоормос” юм аа. Пастернакаас илүү пастернакдчихаж. Чамд шууд л чиг өгсөн байна шүү дээ, чамд баяр хүргэх гэж утасдаагүй гэж: “би төрсөн өдөрт дургуй” - гээд. Хаантан чамайг тусламж гуйх болов уу гэж хүлээж байхад... “Борис Николаевич, намайг аваач... Хайр ивээлийнхээ гадуур бүү орхиоч, Борис Николаевич... ганцхан танд л найдаж байна, Борис Николаевич”, - гэх ёстой байхад, чи: “Улс Орон, улс Орон”...

Анатолий Чубайсын мастер-класс.

Чубайсд дундаж насны бүх эмэгтэйчүүд болон тэдэнтэй нэгдсэн Елена Трегубова дурлаастай байдаг. Уул нь, улс төрч хүний хувьд, би ч гэсэн, хүн амын дийлэнх хэсэг болох эдгээр дундаж насны эмэгтэйчүүд болон Елена Трегубовагийн хайранд умбахыг хүсч байна л даа. Гэвч, харамсалтай нь, Анатолий Борисовичийн энэ, түүнээс шалтгаалахгүйгээр, магадгүй хүсээгүй ч байхад нь ийм үр дүнд хүргэдэг шинж чанарууд эмэгтэй хүнд мянга байгаад нэмэргүй. Тийм шинж чанаруудыг эзэмшигч эмэгтэйг их л бодож хамтран зүтгэгчид нь л хүндлэнэ. Бүгдээрээ ч биш, зарим нэг нь л. Би Чубайсын үг, ажил хоорондын төмөр шиг хатуу хэлхээсийг яриад байна. Хэллээ - хийлээ. Амлалаа - биелүүллээ. Хэрэв тэр олны өмнө гараад, ардчилсан гүрнийг байгуулахад би бэлэн байна, - гээд хэлэх л юм бол, маргааш өглөөний 6 цагаас авахуулаад түүнээ байгуулаад эхлэнэ. Мэдэгдэл хийлээ - тэр дороо Гүрж руу, Украин руу нисээд л өнөөх “эрчим хүчний нэгдсэн систем”-ныхээ тухай хэлэлцээр хийгээд явна. Нэг ч илүү авиа дуугарахгүй, хэлсэн үг бүхэн нь цаанаа материаллаг биелэлттэй. Григорий Явлинскийн эсрэг дүр л гэсэн үг. Явлинский бол дураа хүрвэл л амласнаа биелүүлнэ, хүрэхгүй бол юу ч хийхгүй. Харин хүний сэтгэлийг булаахдаа бол гаргуун. Ямар нэгэн юм хэрэгтэй болбол түүндээ хүрэхийн тулд хамаг ур чадвараа гаргана. Ресторанд уриад, манан тавиад таныг бүүр дуниартуулчихна. Та тэгээд, Явлинский шиг ийм ухаантай, боловсролтой, тааламжтай хүн улс төрд лав байхгүй, цорын ганц хувь нь энэ юм байна, тэгэхээр энэ ганцхан хувь хүнд үйлчлэхгүй байж яаж болох вэ? - гээд л бодно. Гэхдээ сэтгэл таталтанд бас хэмжээ хязгаар байдаг. Цаашаа, харилцан буулт хийх шаардлагатай. Буулт хийх тал дээр бол харин нэлээд асуудалтай хүн дээ, Григорий Алексеевич.

Анатолий Чубайсын бас нэг тулгуур чанар бол- хөдөлмөрч зан. Өөрөө, үүр цайхаас- үүр цайх хүртэл ажиллана, өрөөлөөс ч бас ингэхийг шаардана, харин тэгэж гүрийж чаддаггүй хүнийг профессионал биш гэж үзнэ. Төгс төгөлдөр ажилтан бол, хэзээд холбогдох боломжтой, хэзээд бэлэн байх ёстой. Нойроо, амралтаа, бэлгийн ажлаа таслаад, дуудсан даруйд босоод гүйх ёстой. Үүнд бол би харин ч нэг атаархахгүй шүү! Намдуу баргил хоолойтой эр хүн байсан ч би Чубайсын энэ чанарыг дагахгүй дэг. Би ингэтлээ хөдөлмөрч байхыг хүсэхгүй байна! Тийм хүмүүс, нойр үргэлж дутуугаас -  нүднийх нь доод зовхи цүлхийсэн, зөв хооллодоггүйгээс -  илүү жин тээсэн байдаг. Бас тэд инээд ханиад, тоглоом шоглоомондоо муу. Гэхдээ, хошигнож чаддаггүй дээ биш, зүгээр л инээд хүнийг тайвшруулдаг болохоор ажилд нь садаа болно гээд тэр. Уул нь Чубайсын нүдэнд байнга л “чөтгөрүүд бүжиглэж” байгаа харагддаг боловч би түүний хошигнож байгааг тоотой хэдэн удаа л харсан. Нэг удаа бид Чубайсын өрөөнд асуудал хэлэлцээд сууж байлаа. Их чухал асуудлыг ярилцаж байв. Би юм их бодохоороо тамхийг зогсоо зайгүй татдаг зуршилтай, харин Чубайс тамхины утааг үзэж чаддаггүй. Би тамхи татахгүй бол юу ч бодож чадахаа байчихдаг. Чубайсын өрөөнд бол үнсний сав ч байдаггүй. Би тэсч тэсч, тэвчээр барагдаад:

- Анатолий Борисович, Та намайг тархиа ажиллуул гэж байгаа л юм бол надад тамхи татахыг зөвшөөр.

Чубайс дотуур холбооныхоо товчийг дараад:

- Үнсний сав.

Нарийн бичиг нь томоос том, хогын сав юм уу гэмээр үнсний сав оруулаад ирлээ. Ширээ дүүрэн эрчүүд сууж байсан болохоор чухам хэнд нь өгөхөө мэдэхгүй:

- Үнсний савыг хэнд өгөх вэ, Анатолий Борисович?

Чубайс тодрууллаа:

- Хакамадад-үнсний сав, Немцовд - цэцэг.

Бүгд “татаад уначихав”...

Улс төрийн өндөрлөгт гараад ганц хоёр жилийн дараа аймшгийн мангас болчихгуйн тулд бие сэтгэлээ хайрлан  гамнаж байх хэрэгтэй. Ингэж байж л бусдыг хайрлах чадвараа хадгалж үлдэх болно. Бага зэрэг хэнэггүй, “шүгэл амьтан”  байвал  зүгээр. Тэгэхгүй бол нервтсээр байгаад бодисын солилцоо тань алдагдаж, таргалах, хөшингө болох, бэлгийн  сулралтай болох зэрэг аюул нүүрлэнэ. Тачаангуй бус улс төрч бол хор хөнөөлтэй улс төрч гэсэн үг. Тачаангуй бус байх нь  түүний өөрийн хэрэг биш, энэ бол улс орны хэмжээний асуудал. Тэр яагаад ийм юм? Яагаад гэвэл өдөр шөнөгүй  манаанд зогсдог. Яагаад өдөр шөнөгүй манаанд зогсдог юм? Яагаад гэвэл хяналтаа нэг хором ч сулруулахаас  айдгаас тэр. 

Орос улсыг залхуу, ажилдаа махардаггүй төрийн түшээ л аварна гэж би дандаа хэлдэг. Хүүхэмсэг, жиг жуг явдалтай тийм улс төрч: хүүхэн эргүүлж явахад цаг зав хэрэгтэй. Тэгэхээр өнөөх түшээ маань хүүхэн эргүүлж явах хооронд нь тэрэнтэй тэрэнгүй ажиллаж байх чадвартай тийм систем байх хэрэгтэй гэсэн үг. Харин ийм сайхан системыг бий болгохын тулд бизнесыг дэмжиж татварыг бууруулах, хүүхэд, хөгшид, тахир дутуу иргэдийг дэмжиж туслах, багш, эмч, эрдэмтэддээ мөнгө олох бололцоо олгох, цэрэг армиа цатгалан явуулах шаардлагатай. Ингэх аваас улс орон маань биеэ даагаад амьдраад ирнэ. Гэтэл манай улс төрчид болохоор, ард түмэндээ ямар нэг юм өгчихөөр эрх мэдлээ алдах гээд байна гэж ойлгодог. Тиймээс, хүмүүсийг баян хангалуун болгож болохгүй гэж үздэг. Та, бүх хүмүүс хангалуун сайхан амьдралтай болчихлоо гээд бодоод үз дээ? Тэгвэл хүнд сурталтан маань яаж амьдрах билээ? Ганц цалингаараа амьдрах болж байна уу? Хэн ч тэдэнд бөхөлзөхгүй болчихоор чинь? Тэгэхээр, яаж өөрсдийгөө тоолгох вэ гэхээр ганц л арга байгаа юм: нэг хэсгийг нь авилгын дарамтанд, нөгөө хэсгийг нь ядуугийн зовлонд байлгах.

За нэлээд хадуурчихлаа. Бид чинь Чубайсын тухай ярьж байгаа шүү дээ. Анатолий Борисовичийн өрөөнд байгаа бүх юмнууд дэндүү зөв болохоор нэг л хүйтэн. Эргэн тойрон энд тэндгүй цахилгаан станцуудын моделиуд байх бөгөөд тэдгээр нь бүгд янз бүрээр дугараад, анивчаад байж байдаг юм. Ширээн дээр нь - үзэг, хуудас цаас. Өөр юу ч байхгүй, хов хоосон. Албаар, бодолтойгоор ингэдэг ч байж магадгүй юм. Миний албан өрөө ч гэсэн бас их “формал” л даа. Дэндүү олон хүн орж ирдэг болохоор, хаа хамаагүй хүнд өөрийнхөө тухай нэмэлт мэдээлэл өгөхөөс болгоомжилдог юм. Харин хүний офисоос бол нэлээд мэдээлэл олж авч байсан шүү. Ер нь манай дарга нарын эмзэг газар нь - тэдний албан өрөө. Олонхи кабинетад ороход эзэн нь шууд “уншигддаг”. Хэрэгтэй хүнтэйгээ уулзахдаа би албан өрөөнд нь ороод авахыг л эрмэлздэг. Яриагаа эхлэхийн өмнө өрөөнд нь байгаа юмнуудыг “сканердаад” авдаг. Хэрэв энд тэнд бичиг цаас өрөөстэй, кофены шавхруутай аяга, үнсний саванд нь унтраагаагүй тамхи, цонх нь нээлттэй байх юм бол энэ өрөөны эзэнтэй нээх их дэг жаяг барилгүй энгийнээр харьцаж болно гэсэн үг. Харин, Чубайсынх шиг үзэг цаас хоёроос өөр юмгүй цэв цэвэрхэн ширээ байвал, эсрэгээр, энэ хүнтэй хамаа намаагүй найзын дунд байж болохгүй юм байна гэж ойлгоно. Түүн рүү сэм сэмээр ойртох хэрэгтэй. Ширүүн хөдлөхгүй, илүү инээмсэглэхгүй гэсэн үг. Яг технологийн дагуу, албан байдлаар.

Манай орчин үеийн дарга нар өрөөгөө тохилог, таатай болгох дуртай болчихоод байгаа. ЗХУ –ын үед ингэх хориотой байсан: бүх юм нь сангийн, нэг л янзын, дээр нь бүртгэлийн дугаартай. Сталин, Брежневын үед яав ч албан өрөөндөө яст мэлхий тэжээх тохиолдол байгаагүй байх. Харин гадаад хэргийн сайд байсан Игорь Ивановын өрөөнд бол янз бүрийн өнгө, хэмжээ, хэлбэр бүхий үй олон яст мэлхий байдаг байсан. Би амьдралдаа ч ийм олон янзын яст мэлхий дахиж хараагүй дэг. Хаана л бол хаана яст мэлхий - битүү, пиг дүүрэн - яст мэлхий. Би энэ яст мэлхийний колонийг нь хараад, энэ Ивановтой харьцахад дажгүй хүн байна гэж шууд ойлгосон. Яг миний бодсоноор л болсон. Дашрамд хэлэхэд, яст мэлхий бол гадаад хэргийн ажлын билиг тэмдэг: гадаад бодлогоо яст мэлхий шиг аажуу уужуу мөртөө тасралтгүй явуулж байх ёстой юм.

Борис Немцовын өрөөнд “Куклы” шоуны, өөрийг нь даапаалж дүрсэлсэн томоо гэгчийн хүүхэлдэй байдаг байсан. Ороход - юу вэ - урдаас бүлтийсэн, маанаг царайтай Немцов угтана. Их эвгүй. Орох тоолондоо цочиж байгаа юм чинь. Ийм, өөрийгөө шоглосон хүүхэлдэйг өрөөндөө ил тавьчихаад сууж байгаа хүн- мэдээж өөрийгөө шоглож чаддаг дажгүй хүн гэхэд эргэлзэх хэрэггүй юм. Явлинскийн өрөө нь алимны зоорийг санагдуулдаг: энд тэндгүй янз бүрийн алимнууд... Би түүний өрөөнд орох их дуртай. Тэрээр дандаа гоё чихрээр дайлна: шоколаданд өнхрүүлсэн чангаанз болон хар чавга мэтийн. Бас заавал цай, кофе, виски, тамхины утаа санал болгоно. Их дотны өрөө дөө. Любовь Слискагийн өрөөнд бол дүүрэн бэлэг дурсгалын зүйлс, ваарнууд, гүцнүүд, хатгамалууд, хүүхдүүдийнх гэрэл зурагнууд гээд л есөн шидийн юм өрөөстэй. Нээх сайхан зочломтгой айлд ороод ирж байгаа юм шиг. Даршилсан жимс ногоо, пирог, хавч… Путины өрөөг сайн санахгүй байна. Цэмбэн тавилга болон ногоолин чулуугаар хийсэн эзэнт гүрний титэмтэй цагийг л санаж байна. Цагийг нь хэрэг болгож харсан юм, яагаад гэвэл нэг хүн надад ийм цаг бэлэглэхдээ “яг Путиных шиг” гэж хэлж байсан болохоор би, Путины албан өрөөнд оронгуутаа өнөөх цагаа байна уу үгүй юу гэж харахгүй юу? Тэгсэн нээрээ байна лээ, үнэн хэлсэн байна лээ, тэр хүн.

Орос Улс, Үндэстэн, “Плэйбой”: зүүнтнүүдийн мастер-класс

Геннадий Андреевич Зюганов, өөрөө хүссэн хүсээгүй, PR -ын америк сурах бичиг болж байдаг. Коммунист Намыг залгамжлагч, америкийг улайран эсэргүүцэгч тэрээр, хэрэг дээрээ бол америкийн ардчилалын бүтээгдхүүнтэй адилхан. Америкийн ардчилал надад зөвлөлтийн үеийн хэмжээгүй дарлалыг санагдуулдаг. Бараа таваартай л болохоос биш, бусдаар бол яг адил даа. Хаана ч тамхи татаж болохгүй, гудамжинд ганц лааз шар айраг уучихаж болохгүй. Арван нэгэн цаг хүртэл америкчууд бааранд ингэж шараа тайлдаг юм билээ: халааснаасаа архи гаргаж стаканд хийгээд, жаахан жүүсээр будаад гэмгүй царайлаад ууна. Америкчүүд надад хэвлэлийнхэнтэй хэрхэн харьцахыг зааж байх үеээр би Геннадий Андреевичийг нэг бус удаа санадаг байсан. Нэг ийм тренинг байсан юм: надаас асууж байна: Калининград удахгүй улс доторхи улс /анклав/ болно, тэгэхээр таны бодлоор, ямар асуудлууд үүсэх вэ, тэдгээрийг яаж шийдэх вэ? Би “нэгдсэн эрчим хүчний систем энэ тэр” гээд сурсан дуугаа дуулаад эхлэв. Хэрэв Калининградыг хаах юм бол хүчин чадлыг европын стандартад шилжүүлэх хэрэгтэй, хүн амыг амьжиргааных нь гол хэрэгсэл болох хил орчмын наймаанаас нь салгахгүйн тулд визгүй зорчуулах хэрэгтэй гээд л үргэлжлүүлсэн чинь “үгүй ээ, буруу байна, тэгэж ярьж болохгүй. Калининградын асуудлыг олон юм ярилгүй, шууд л ажлын байр, цалин хоёр руу чиглүүлэх хэрэгтэй,”-гэж заав. Дараагийн асуулт: Алс Дорнодод баруун талдаа жолооны хүрдтэй машинд ногдуулж байгаа гаалийн өндөр татварын тухай та юу гэж бодож байна? Яахав дээ, хүмүүс өндөр татварыг хүчрэхгүй явгарах л байх даа гэсэн чинь бас буруутав. Яагаад гэсэн чинь, энгийн юм ярих хэрэгтэй, ажлын байр ба цалин нэмэх тухай гэж байна. Үгүй тэгвэл, баруун талдаа хүрдтэй машин үүнд чинь ямар хамаатай юм бэ? – гэсэн чинь: ямар ч хамаагүй ээ. Ард түмэн гэдэг чинь их энгийн хүмүүс. Нэг удаад нэг л энгийн санааг тусгаж авч чадна гэдэг юм байна. Америкчууд Зюгановт иймэрхүү юмыг заагаад ч хэрэггүй. Тэдэнтэй тэдэнгүй, Зюгановаас юу ч асуусан - терроризмын тухай ч бай, тэтгэврийн тухай ч бай -  бүх асуудлыг Зюганов “энэ муухай, оросын ард түмнийг сүйрүүлсэн, агуу гүрнийг байхгүй болгосон, ард түмний эсрэг тогтолцоо...” гээд л ярьдаг. Тэрээр хаана ч -  Европын Зөвлөл дээр ч, Нато-д ч, парламент дээр ч, сэтгүүлчдийн өмнө ч бай - харц нь гөлийж ирснээ “Энэ ард түмний эсрэг тогтолцоо...” гээд л авч өгнө. Тэгээд нээрээ л, энгийн сонгогчдын саналыг авчихаад байж чаддаг. Би болохоор чадахгүй л байгаа байхгүй юу? Тэгэхээр би бүр ичээд байдаг юм.

Харин нэг удаа би Геннадий Андреевичийг шал өөр дүрд хувилахыг нь харсан шүү. 1996онд Ельцины рейтинг 2% болтол уначихаад байсан үед, Зюгановыг жишим ч үгүй байхад нь Давосын форумд урив аа. Давосын форум гэж юу билээ? Энэ бол олон улсын бизнес клуб. Бүх дэлхийн үндэстэн дамнасан том том корпорацууд цугладаг, ирээдүйн улс төрийн элитүүд “өнгөлөгддөг” чуулган. Ийшээ зөвхөн либерал болон демократ намын томчуудыг л урьдаг. Тэгэхээр, эсрэг үзэл санаатнаа урина гэдэг нь Зюгановыг ерөнхийлөгч болох магадлалтай этгээд гэж харснаас тэр. Геннадий Андреевич энд үг хэлэхдээ – юу вэ? - өмчийн олон хэлбэр байх хэрэгтэй, өрсөлдөөн сайн зүйл гэх мэтээр авч өгдөг байгаа! Ажилчин анги, ард түмний эсрэг тогтолцоо энэ тэрийнхээ тухай нэг ч үг цухуйлгасангүй! Ингээд бөөн шуугианы эзэн болчихов. Дэлхий нийт бүүр, ”Оросод коммунистууд засгийн эрхэнд гарахад сүртэй муу юм болохгүй юм биш үү?”, - гээд эргэлзээд ирж байгаа юм чинь! “Дажгүй хөөрхөн юм байна шүү дээ, зүүний социал-демократууд гэсэн үг л юм байна шүү дээ!” гээд...

Геннадий Андреевич ерөнхийдөө бол дажгүй хөөрхөн нь ч хөөрхөн л дөө. Хувийн харьцаан дээр бол Ленин шиг энгийн. Хэвлэлийнхний нүдэн дээр бол заавал гар барина, тэгээд асууна:

- Хүү чинь сайн уу?

- Би чинь охинтой шүү дээ.

- Охин чинь сайн уу?

Тэрээр, бусад радикалуудыг бодвол, өшөө – хорсол - занал тээгээд байдаггүй юм, хөөрхий.

- Ира, чи чинь яагаад буцлаад унав аа? Бид нар буруугаа хүлээчихээд байхад? - гээд телевизийн халз маргааны дараа хэлж байх жишээтэй.

Би тэр маргаан дээр коммунистуудын хийсэн хамаг булайг - аллага, хэлмэгдүүлэлт гэх мэтийг нь - уудлаад байсан юм. Зюгановаас өөр хүн байсан бол намайг шууд л хөлөөрөө дэвсээд, шүлсэндээ живүүлээд, хагандаа булах байхгүй юу? Ер нь, орчин үеийн зүүнтнүүд нэ-э-эх сонин болоод байх юм? Большевикууд хэзээ, хэний плюрализмын нүглийг уучилж байлаа даа? Томчууд нь ч бай, жижгүүд нь ч бай, хэзээ ч хэнийг ч уучилж байгаагүй: бидэнтэй биш юм бол-бидний эсрэг гэсэн үг, өнөөдөр чи джаз сонсож байгаа юм чинь - маргааш эх орноосоо урвана гэсэн үг гээд л давхидаг байсан биз дээ? Гэтэл одоо яаж байна? Коммунист нам Ходорковскийг шоронд хийснийг дэмжиж байхад, намынх нь гишүүн Доренко эрс буруушааж байна. Тэглээ гээд Доренког харааж зүхсэнгүй, намаас нь хөөсөнгүй. Яагаад гэвэл Доренко - агуу сэтгэл зүйч хүн. Тэрээр үгээр хүнийг алж ч чаддаг, аварч ч чаддаг, армийг ч араасаа дагуулж чадна. Коммунистууд хэрэгтэй хүмүүсээ хамаагүй цацаад байхаа больчихож, ер нь л их уян хатан болчихсон, шинэ, бүтээлч залуучуудыг эгнээндээ аваад л. Демократууд болохоор эсрэгээр, бүр таг хатуу, чулуу шиг болчихож. Салаа замын уулзвар дээр хад чулуу болж хэвтчихээд, “зүүн тийш явбал морио алдана” гэж айлгаад, тэгээд, орос хүнд ингээд хэлчихэд л хангалттай, зөв зүг рүү явахгүй хаачдаг юм гэж бодох юм. Тийм юм байхгүй шүү дээ. Хаашаа ч явж болно. Нэгдүгээрт, орос хүнд ардчилсан реформоос олж авсан гашуун туршлага байгаа: алдаж болох хамаг юмаа алдаад, оронд нь телевизийн цуврал кинонуудаас өөр юу ч олж аваагүй. Хоёрдугаарт, жинхэнэ ардчилал бол хиймэл систем. Байнгын арчилгаа тордолгоо шаарддаг хүлэмжний ургамал. Авторитар тогтолцоо бол өөрөө л босоод ирдэг, яагаад гэвэл амьтны ертөнц шатлан захирах ёс гэдэг хуулиар явдаг. Хүн бол амьтны ертөнцийн нэг хэсэг нь. Орос улс бусдаас тэнэгтээ нэг бол ийшээ, нөгөө бол тийшээ өнхрөөд байдаг юм биш. Аль ч улс - Америк ч бай, Франц ч - бай өнхөрч болно. Тавьчих л юм бол өнхөрнө. Тэд үүнийг мэдэж байгаа болохоор ардчиллыг хадгалж барьж байх зорилготой өчнөөн айхтар институци бий болгосон байдаг. Европ чинь өөрийнхөө энэ “хомо сапиенс либерале” гэдэг үүлдрийн хүнээ өчнөөн удаан гүрийж байж гаргаж авсан шүү дээ. Тэгээд томоотой, хүмүүжилтэй, арвич хямгач хүмүүстэй болсон. Европт, баян цатгалан айлууд ч, бямба гариг бүрт бүхий л сонин сэтгүүлээс хөнгөлөлтийн купонуудыг нь хайчилж цуглуулдаг, би зөндөө харсан. Тэгээд тэрийгээ дэлгүүр орохдоо өгч 10евро хэмнэнэ. Сардаа 30000 евроны орлоготой айл ингэж 10 евроны хэмнэлт хийх гэж бөөн ажил болж байна шүү дээ. Тэгэхэд манайхан бол энэхэний төлөө хайч хутга барьж ядаргаа болох ч үгүй. Зайл цаашаа тэр хөнгөлөлттэйгээ, хаашдаа мөнгө байхгүй, энэ муу жаахан хөнгөлөлтийг авлаа гээд юу нэмэгдэх юм гэнэ. Анталийн хямдхан амралтын газруудад амарч байгаа герман хүн далай руу очих ч үгүй, бассейны дэргэд л байгаад байна. Төлөвлөснөөсөө илүү нэг цент ч үрэхгүй. Харин манайхан бол, салхи шуургатай байсан ч далайд бултаганаад, суудаг юм болгон дээр нь суугаад, пижигнэдэг юм болгоныг нь пижигнүүлж үзээд, мөнгөө баруун солгойгүй цацна. Үнэтэй биш үү? Яадаг юм! Ганц удаа л амьдрах юм чинь! Ганц нэг хүний биш, үндэсний зан чанар маань ийм, иррационал бөгөөд биений мэдрэмжийг эрхэмлэдэг онцлогтой юм даа.

Оросын ард түмэнд арьс арзайлгаж, нуруу ирвэгнүүлэх, адреналиныг нь цооногоос гарч байгаа нефть шиг оргилуулах - ийм санаа л хэрэгтэй. Яагаад гэвэл, адреналин бол - орос хүний сэтгэлийн нефть. Олзворлосон хүн нь л энэ нефть, сэтгэл хоёрын эзэн болно. Харин демократууд бидэнд бол арзайлгах, ирвэгнүүлэх юм юу ч байхгүй. Бид санал болгож байгаа нийгэмтэйгээ л адилхан - рационал. Жишээ нь, би халз маргаан дээр хэлдэг: амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд хувь хүн засагтай эн тэнцүү, засгийн субъект болох ёстой гэж. Зөв үү? Зөв. Сэтгэл эзэмдэх үү, энэ үг? Эзэмдэхгүй. Харин “Эх оронч” хүн энгэрээ зад татаад, нүдэндээ гал, амандаа дөл бадруулан:

- Замаас зайл! Оросод оросууд л байх ёстой! Дээрэмчдийг дээрэмд! Зөв үү? Буруу. Солиорол уу? Солиорол. Сэтгэл эзэмдэх үү? Эзэмдэнэ. Хамгийн гол нь, ямар ч “дүлэлтгүйгээр”, цаанаасаа л гараад ирж байгаа болохоор тэр шүү дээ! Харин демократ бид нар ингэж чаддаггүй, бидний багш нар ингүүлэх дургуй, сэтгэлийн оргилолоос зугтдаг. Гудамжны, доод зэрэглэлийн жанр гээд.

Ижил мөрний дагуу бид улс төрийн аялал хийгээд явж байх үеэр Проханов бид хоёр нэг удаа хөлөг онгоцны тавцан дээр дөнгөж тухлаад хэвтээдэхтэл нүх сүв бүрээс сэтгүүлчид гарч ирээд бид хоёрын зургийг дарчихдаг юм байна.

- “Завтра” сонинд ийм зураг гаргах зүрх чамд бий юу?,-гэж Прохановаас асуулаа, би.

- Яаж байхав? Уншигчдийг айлгачихна шүү дээ, болохгүй. Улс орноо аврах хэрэгтэй байхад. Ард түмнээ, үндэстнээ, Орос Улсаа. Харин “Плейбойд” гаргах зүрх бол байна. Хоёулаа тохирвол яасан юм?

Яг ингэж хэлж байгаа байхгүй юу, ямар ч паузгүйгээр: Орос Улс, Үндэстэн, “Плейбой”. Индэр дээрээс биш, хувиараа ярилцаж байхад шүү дээ. Бодох юм байж байгаа биз?

Ирина Хакамада "Улс төр дэх секс" номноос

Орчуулсан Ё. Одончимэг 

 

Санамсаргүй мэдээ
Олны танил эрхмүүдийн хүүхдүүд "Өнөөдөр 9-р сарын 1-ээн"
5110
Хоёр дахь амьдралдаа алдахыг хүсээгүй Катя Зол сайн ээжийн үүрэг гүйцэтгээд тунчиг завгүй яваа
2553
Их аварга Асашёорюүд хайраа илчилж буй Япон бүсгүйн бичлэг 
2473
Тоглоомчдод зориулсан ЭРОТИК хуанли
3514
ХҮНД ЖИНГИЙН “КОММУНИСТ”
2605
Нийслэлийн Засаг дарга Су.Батболд: Гомо гэсэн хуурамч мэдээлэл түгээж буй этгээдүүдийг олж тогтоолгоно
372
Хүний сэтгэл зүйд цалин хэрхэн нөлөөлдөг вэ?
325
СУУЛТУУР РУУ ХЭЗЭЭ Ч ХИЙЖ БОЛОЛХГҮЙ 10 ЗҮЙЛ
186
Коуртни Кардашианы бүрэн нүцгэлсэн халуухан зургаас
3733
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй дүр зургууд №4
5422
Монголын халуухан бүсгүйчүүдийн сексийн талаарх хувийн бодол
5193
Абрамович тэрбумыг хэрхэн босгож байв...
1525
Адольф Гитлер ба түүний эхнэр Ева Браун нарын шарилын нууцыг ОРОС УЛС хамгаалдаг байжээ
14756
Анхны хуримаа 400 саяын өртөгтэй хийж байсан МАК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүний талаар таны мэдэхгүй 10 баримт
9248
Швейцарь дахь баячуудын хүүхдүүдийн ГАЛЗУУРАЛ
6159
Улс төрчдийг "сүйрүүлсэн" ТОП 5 видео
1209
"Ичиж амьдар" Багануур дүүргийн АН-ын хуралдаан дээр төрийн түшмэд рүү гутлаа авч чулуудсан бичлэг
10022
Хятад залуугийн бүтээсэн СУПЕРМАШИН алдартай брэндүүдийг ардаа орхиж байна
1690
3 саяыг халаасалсан Т.Бархүүг өмнөх дугаарын оролцогч П.Баярцэнгэлтэй харьцуулбал
8088
Дэлхийн түүхэнд баатар болон бичигдсэн БИЕЭ ҮНЭЛЭГЧ бүсгүй
5623
АМРАХ АГШИН: Эхнэр нөхрийн ТАТААДАГ паянгууд
3011
Түүхэнд мөнхөрсөн алдартануудын ид үеийн ховор зургаас
3164
"TOP SECRET" Холливудын оддын хэнд ч хэлдэггүй АЙМШИГТ нууцууд
2324
ШИВШГИЙН ХӨНДИЙН ХААН ЗАРЦ, ШИВЭГЧДЭЭ ДАГУУЛААД ЗУГАТАХАД БЭЛТГЭЖ БАЙНА
2820
Аймшигт бөмбөгдөлтын дараа амьд үлдсэн СИРИЙН ДОМОГТ ХҮҮ одоо ийм болжээ
12266
ЭМД-ААРАА ФИТНЕССТ ЯВААРАЙ
277
АНГАЙТАЛ ХОШГОРУУЛДАГ АРД ТҮМЭНТЭЙ ХҮН - Улс төрийн элэглэл
5872
Орон гэргүй хүмүүст байшин барьж өгдөг 9 настай охин
1840
Дэлхийн хамгийн баян хар арьст эмэгтэй 3.3 тэрбумд үнэлэгдэх хөрөнгөтэй
734
С.Эрдэнэ: ӨР НЭМЭХЭЭС АЙХ ХЭРЭГГҮЙ. МӨНГӨГҮЙ УЛС ЕР НЬ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ЮМ
2190
Амиа хорлосон цагдаа Г. Маралмаагаар зөвхөн толгойгоо бариулсан хэмээжээ
7122
Шведийн 25 настай АВAРГА өгзөгтөн бүсгүй
2529
Хоёр эхнэрийг хуулиараа зөвшөөрсөн улсууд 
5599
Бүтэн жил биеийнхээ болон хөлнийхөө үсийг хусуулаагүй охин
2807
ЭМЧ НАРЫН ЦАЛИН 122,000-170,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ
26
"Яг түүн шиг"-ийн дараагийн дугаарт тэд хэрхэн хувирах бол ХӨГЖИЛТЭЙ фото
4898
Жүжигчин Энн Хэтэуэй бүрэн "нүцгэн" зургаа хакеруудад алджээ
1473
Казахстаны их өлсгөлөнгийн тухай сэтгэл шимшрэм бодит түүх
5968
АРД ТҮМНИЙ БОЛОМЖИЙГ 30 ЖИЛ ХУЛГАЙЛСАН АДГИЙН МУУ "ЖДҮ-ЧИД"
5818
"Бархүүг барах уу" шоу "Бархүүг барахым байна" болж өөрчлөгдөв
2078
Монгол киноны жүжигчид киноны "секс" хэсэгт дуртай байдаг
10114
ASPAC: 40 орны 3000 гаруй манлайлагч залуус манай улсад чуулна
797
УКРАЙН УЛС БАЙЛДААНЫ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИНЭ
154
Трансжендер Солонго нэгэн өвгөн рүү "нүдийг нь сохолно" гэж дайрчээ
5257
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Өөрийнхөө МӨНГӨӨР өөрийгөө магтуулчихаад Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэх "тэнэг" биш үү
3940
49 ГРАДУС ХҮРЧ ХҮЙТРЭНЭ
361
12 мянган доллараар зураг авдаг АЯЛАГЧ хосууд
2152
СҮМОЧИД ХАМТРАН МОНГОЛДОО ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАРИНА
4480
G-Time сүлжээний хөрөнгө оруулагч Ж.Марат: Бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн бол Монголын 12 мянган иргэд хохирохгүй байсан
6894
"Эхнэрийн Урхи" киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ
11057

ХАР 100 ЖАГСААЛТ

  Бүгд
Дэлгэрэнгүй мэдээлэл
1
1
Дэлгэрэнгүй мэдээлэл
2
2
Дэлгэрэнгүй мэдээлэл
3
3
Дэлгэрэнгүй мэдээлэл
4
4
Дэлгэрэнгүй мэдээлэл
5
5
Дэлгэрэнгүй мэдээлэл
6
6
Дэлгэрэнгүй мэдээлэл
7
7
Дэлгэрэнгүй мэдээлэл
8
8
Дэлгэрэнгүй мэдээлэл
9
9
Дэлгэрэнгүй мэдээлэл
10
10
Дэлгэрэнгүй мэдээлэл
11
11
Дэлгэрэнгүй мэдээлэл
12
12
Дэлгэрэнгүй мэдээлэл
13
13
Дэлгэрэнгүй мэдээлэл
14
14
Дэлгэрэнгүй мэдээлэл
15
15
Дэлгэрэнгүй мэдээлэл
16
16
Дэлгэрэнгүй мэдээлэл
17
17
Дэлгэрэнгүй мэдээлэл
18
18
Дэлгэрэнгүй мэдээлэл
19
19
Дэлгэрэнгүй мэдээлэл
20
20
Дэлгэрэнгүй мэдээлэл
21
21
Дэлгэрэнгүй мэдээлэл
22
22
Дэлгэрэнгүй мэдээлэл
23
23
Дэлгэрэнгүй мэдээлэл
24
24
Дэлгэрэнгүй мэдээлэл
25
25
Дэлгэрэнгүй мэдээлэл
26
26
Дэлгэрэнгүй мэдээлэл
27
27
Дэлгэрэнгүй мэдээлэл
28
28
Дэлгэрэнгүй мэдээлэл
29
29