Г.Арсланхуяг: "SCAT Airlines-ийн Япон дахь Ерөнхий төлөөлөгч С.Пүрэвсүрэн"

21 өдрийн өмнө

Өнөөдрийн дугаартаа бид Бүгд Найрамдах Казахстан улсын тэргүүний авиа компаниудын нэг болох SCAT Airlines-ийн Япон дахь Ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж буй С.Пүрэвсүрэнг урилаа. 2019 оны 7 сарын 6-ны өдөр SCAT Airlines Нарита ОУНБ-аас Нурсултан хотын чиглэлд шууд нислэгээ нээсэн нь Казахстан улсаас Япон улс руу үйлдсэн анхны шууд нислэг болж, хоёр улсын харилцааны хувьд түүхэн үйл явдал болсон билээ. Холыг ойртуулж, хоёр улсыг хооронд холбосон энэхүү нүсэр, бас нарийн ажлыг монгол хүн - С.Пүрэвсүрэн хариуцаж, удирдан зохион байгуулсан нь бахдам. Нисэхийн салбарт хүчээ сорьж, арлын Япон улсад 20 шахам жил ажиллаж, амьдарч буй түүний ажлын арга барилтай танилцацгаая.

Байршил: Токио хот, Япон улс
Эрхэлдэг ажил: SCAT Airlines, Япон дахь Ерөнхий төлөөлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone XR
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудас: ФэйсбүүкИнстаграм

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

 

Бага нас маань Улаанбаатар хотод 19-р хороолол, 120 мянгатад өнгөрсөн. 96-р болон 52-р сургуулиудад сурч байгаад 2001 онд 8-р ангиа төгсөөд Япон улсын Шизүока мужид байдаг Kokusai Kaiyo International ахлах сургуульд суралцахаар явсан юм. Анх 26-уулаа Монголоос ирж байлаа. Утас, интернэт хэрэглэх хориотой, хагас цэрэгжилтийн шахуу байдалтай гэж болно. Өглөөнөөс орой болтол хичээлээр бөмбөгдүүлнэ. Орой нь залгуулаад спорт, төрөл бүрийн секц дугуйлангуудад хамрагдаж байгаад дотуур байрандаа очиж унтана. Хагас, бүтэн сайнд л гадуур гарахыг зөвшөөрдөг байлаа. Эндээсээ Оита мужийн Nippon Bunri их сургуульд сургалтын зардлын 50 хувийн тэтгэлэгтэйгээр менежментийн чиглэлээр суралцсан. Тэтгэлэг маань асар их нэмэр болсон доо. Үлдсэнийг нь өөрөө цагийн ажил хийгээд төлж дуусгаж байлаа.

Их сургуулиа төгсөөд Монголтой гадаад худалдаа эрхэлсэн компанид 2 жил шахам ажилласан. Тухайн үед Монголын Аялал Жуулчлалын Холбооны Япон дахь төлөөлөх газар гэж байсан юм. Тийшээ менежерээр орж Монгол улсыг Японд сурталчлах, Японоос Монгол руу аялах жуулчдын тоог ихэсгэх тал дээр ажилласан. Ерөнхийдөө япончууд их аялдаг үндэстэн. Жилдээ 20 гаруй сая жуулчин гадаад орнууд руу аялж байна. Монгол руу тухайн үед 8000 орчим жуучин л явдаг байлаа. Үүнийг яаж ихэсгэх вэ гэдэг дээр их анхаарч, гол зорилгоо болгон ажилласан. 2000 оны эхээр Япон улсын иргэд Монгол руу явахад виз заавал авдаг байсан юм. Тухайн үед Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Гадаад Хэргийн Яам, Японы засгийн газартай хамтран япон улсаас аялах жуулчдыг визгүй болгох тал дээр амжилттай ажиллаж, визгүй болгож байв. Одоо бол япончууд 30 хоног дотор Монголд визгүй зорчих боломжтой. Энэ ч нөлөөлсөн болов уу, одоо жилдээ Монгол руу 25,000 орчим жуулчин явдаг гэсэн тоо гарсан байсан.

Үүний дараа МИАТ-ын Токио дахь төлөөлөгчийн газарт Ерөнхий менежерээр 4 жил ажилласан. Нарита ОУНБ-аас гадна Токио хот дотроо Ханэда гээд олон улсын нисэх онгоцны буудал байдаг юм. Буугаад машинаар ердөө 15 минутын дотор л Токио хотын төв рүү орчихдог. 2014 оны зун МИАТ-аас анх удаа уг нисэх буудалд тогтмол хуваарьт чартер нислэг үйлдэх ажлыг гүйцэтгэж байлаа. Ханэда нь орон нутгийн нислэгүүд хүлээн авдаг байж байгаад 2010 оноос олон улсынх болсон нисэх буудал юм. Одоо ч гэсэн авиа компаниуд ийшээ нисэхийг эрмэлздэг, цагийн хуваарь их хязгаартай, ер нь "алалцдаг" гэж болно. Тухайн үед, тун ч ховорхон олддог өдрийн цагаар нисэх зөвшөөрлийг МИАТ-даа авч, нислэг үйлдүүлж чадсандаа баяртай байдаг. Миний энэ ажилд тус дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархаж явдаг шүү.

 

 

Тэр үед долоо хоногт 5 удаагийн давтамжтай нисэх эрхтэй байсан юм. Үүнийг нэмэгдүүлэх дээр анхаарч, Япон, Монголын засгийн газрын агаарын хэлэлцээрийн зохион байгуулалтанд оролцон, 162 суудалтай БОИНГ 737 агаарын хѳлѳг онгоц л нисдэг байсныг 240 суудалтай БОИНГ 767 агаарын хөлөг онгоц 7 хоногт 7 удаа нисэх эрхтэй болгож нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Одоо зундаа өдөр бүр, өвөлдөө долоо хоногт 5 удаа нисэж байгаа.

Ингээд түрүү жилээс SCAT Airlines компанийн Япон улс дахь Ерөнхий төлөөлөгчийн ажил хийж байна. Өмнө нь Казахстан улсаас Япон улс руу шууд нислэг огт үйлдэж байгаагүй юм. Казахстан улсын анхны ерөнхийлөгч Назарбаев Япон улстай шууд нислэгээр холбогдох асуудлыг чухалчлан үзэж, хоёр орны засгийн газар болон хувийн хэвшлүүд гэрээ хэлцэл хийн, 2016 оноос хойш ажиллаж ирсэн боловч нислэг эхлүүлж чадаагүй байсан юм билээ. Энэ ажлыг гардаад, хоёр улсын түүхэнд анхны шууд нислэгийг гүйцэтгэсэн. 2019 оны 10 сараас нисэж эхэлнэ гэсэн чигтэй бэлтгэлээ хангаад ажиллаж байтал компанийн удирдлагаас холбогдоод Японы чиглэлийг онцгойлон авч үзэж байгаа, онцгой өдөр анхны нислэгээ үйлдмээр байна гэсэн хүсэлт тавьсан юм. Тэгээд Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаевийн төрсөн өдрөөр буюу 7 сарын 6-нд анхны нислэгээ хийе гэсэн шийдвэр 2019 оны 4-р сард гарч, Япон улсын нисэхийн зах зээл дээр огт байгаагүй авиа компанийг гурван сарын дотор Японд оруулж ирээд нисгэх шаардлагатай болсон.

Тэгээд хоосон цагаан хуудаснаас эхлээд Японы Иргэний нисэхийн ерөнхий газрын нислэгийн зөвшөөрөл, Нарита ОУНБ-аас хөөрөх, буух цагийн хуваарь авах зэрэг нислэгийн зохицуулалт, буусны дараа нисэх онгоц болон зорчигчдыг хүлээж авдаг газрын үйлчилгээний компани, нислэгийн хоолны катеринг компани, билет борлуулалт, дээр нь япончуудад Казахстаны талаарх мэдээлэл харьцангуй бага байдаг учраас сурталчилгаа идэвхжүүлэлт, эвент зохион байгуулалт гээд гурван сарын дотор пижигнээд л ард нь гарсан даа. Анхны нислэг маань амжилттай болсон. Одоо хоёр орныг холбосон нислэг маань явж эхлээд нэг жил болж байна. Долоо хоногтоо хоёр удаа нисэж байгаа. Энэ ажлыг гардаж хийсэндээ их баяртай байдаг. Олон ч хүн тусалж дэмжсэн. Ерөнхийдөө аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт ажиллаад 12 жил өнгөрчээ.

 

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

 

Нислэгтэй өдөр бол Нарита ОУНБ дээр л өнгөрдөг. Нислэгийн бүртгэл эхлэхээс өмнө очиж бүртгэлийнхэнтэйгээ нислэгийн бэлтгэл ажлыг хийнэ. Тэгээд зорчигчдоо бүртгэх зуур буцаж нисэх онгоцоо газардангуут очиж, ирж буй зорчигчдыг хүлээж авна. Энэ бүх процессийг хянана, асуудал гарвал зохицуулна. Түүнчлэн онгоцны, зорчигчдын нислэгийн аюулгүй байдлыг хангах нь бидний үүрэг байдаг учраас шатахууны бүрэн сумлагаа, онгоцны бүрэн бүтэн байдал зэргийг инженерүүдтэйгээ шалгана. Зорчигчдоо онгоцонд нь суулгаад цагт нь хөөргөнө гэдэг бол тэр өдрийн гол зорилго л доо. Цаг агаарын байдал юм уу нисэх онгоцны гэмтлээс хамааралтай саатал гарахгүй л бол яаж ийгээд цагт нь гаргадаг. Дараа нь тэр өдрийн нислэгийн бүх мэдээллээ төв компани руугаа, хүлээн авах нисэх буудалд явуулна. Ингэсээр байтал бүтэн өдөр дуусчихдаг.

Нийт 8 цагийн нислэг учраас дундаа зогсохгүй нисэхийн тулд том онгоц нисгэхээс өөр аргагүй байдаг юм. Одоо 290 суудал бүхий БОИНГ 767-300 нисэж буй. Казахстаны засгийн газрын онцгой дэмжлэгтэй нислэг учраас манай компани аливаа алдагдлаас айхгүй, зоригтой нисгэж байгаа. Засгийн газар нь чухал чиглэл хэмээн онцгойлон үзэж, ингэж бодлогоор дэмждэг юм билээ.

Нислэггүй өдөр харин арай өөр. Казахстан бол Японы аялал жуулчлалын хувьд шинэ зах зээл, SCAT Airlines ч гэсэн шинээр орж байгаа компани учраас гол зорилго, өдөр тутмын ажил маань зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх, жуулчдыг ихэсгэхэд чиглэсэн байдаг юм. Сурталчилгаа идэвхжүүлэлт дээр ажиллах, аялал жуулчлалын компаниуд, Японы Аялал Жуулчлалын Холбоо, Япон улсын Гадаад яамны Тѳв Ази Кавказын хэлтэс, бусад холбогдох яам, тамгын газруудтай харилцах, парламентын гишүүдтэй уулзах гээд гадуур гүйсээр байгаад л таардаг даа.

 

Япон-Казахстаны парламентийн гишүүдийн бүлгийн дарга Кавамурагийн хамт

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

 

Алсын том зорилгоо тавьж байгаад өдөр тутам, бага багаар тууштай явахыг зөв гэж боддог. Чадахгүй зүйлээ чадна гэж хэлэх дургүй. Харин чадах зүйлээ амжилттай болгохын тѳлѳѳ зүтгэнэ. Ямар ч тохиолдолд багийн ажиллагааг чухалчилдаг. Дан ѳѳрийн бодлыг тулгаж шийдэх биш, бусад хүмүүсийн зѳвлѳгѳѳг авч алдаагаа засаж, зѳв зүйлүүдийг нь шингээж хэрэгжүүлэхийг хичээдэг. Мөн хийсэн ажлаа дууссан гээд орхилгүй байнга эргэн харж, засч залруулж явахыг эрмэлздэг. Эргээд харахад заавал засч залруулах зүйл олдоод байдаг юм.

Дээр нь цоо шинэ компанийг Японы зах зээлд оруулж ирсэн нь маш том сорилт байсан л даа. Их ч юм сурсан. Одоо цаашид ямар ч орны, ямар ч авиа компанийг Японы зах зээлд оруулж ирэх нөү-хауд суралцсан гэж болно.

Одоо Японд 20 шахуу жил болчихлоо. Япончуудын нэг авууштай хандлага байна л даа. Юманд тууштай ханддаг, гүйцэтгэл асар сайтай, чин сэтгэлээсээ ажилладаг. Бас монгол хүний давуу талууд бий. Илүү сийрэг сэтгэлгээтэй, хөдөлгөөнтэй. Энэ нь болохгүй бол тэр нь яах билээ гэх мэтчилэн. Хоёр орны сайн чанаруудыг хослуулж л ажиллахыг хичээдэг. Казах нөхөддөө "Төрж өссөн нүүдэлчин монгол соёл дээр японд боловсрол эзэмшиж, мөр зэрэгцэн удтал ажилласных япончуудын философийг бас гадарлана. Тэгээд л нийлүүлээд үзэж тарна даа" гэж инээлгэдэг юм.

 

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Албандаа Flightradar, Aeroweather зэргийг байнга ашиглана. Fаcebook, Instagram-ийг бол хувийн хэрэгцээнд түлхүү хэрэглэдэг. Компанийн сошиал хуудсуудыг бас хөтөлнө. Хуучин ЗХУ-ын орнуудад WhatsApp түлхүү хэрэглэдэг юм билээ. Тиймээс төв компанитайгаа голдуу WhatsApp-аар холбогддог. Япондоо бол Line, монголчуудтайгаа Viber-аар голдуу харилцана. Ер нь тэгээд гар утас байхад бүх зүйл болчих гээд байна шүү дээ.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Зөв төлөвлөлт гэж бодож байна. Ажил ч бай, хувийн амьдрал ч бай цагаа зөв төлөвлөөд, тэрийгээ мөрдөөд хэрэгжүүлээд сурчихвал аяндаа амьдралаа удирдаад, амралт, цаг заваа тэнцвэржүүлээд явчихдаг болов уу. Ер нь бол цаг барих = хамгийн сайн цаг хэмнэх арга.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажил төлөвлөхдөө хүрэх зорилго маань юу вэ, чухам юунд чиглэж хийж байна вэ гэдгээ тодорхойлж, түүндээ үндэслэн ажлын төлөвлөгөө гаргадаг. Төлөвлөгөөгөө шуурхай тэмдэглэхдээ гар утасны Notes аппыг их ашиглана. Календарь дээр нь уулзалтуудаа тэмдэглээд явна. Тэмдэглэлийн дэвтэр мөн их хэрэглэдэг. Давхар заавал бичиж явахыг эрмэлздэг. Учир нь хэчнээн утсан дээр бичээд, толгойндоо бодож төлөвлөөд яг сайн цэгцэрч өгөлгүй мартагдчих гээд байдаг. Цаасан дээр буулгавал бодол санаанууд илүү цэгцэрч, толгойнд үлддэг юм л даа.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би агаарын тээврийн салбартаа маш их дуртай. Тийм ч учраас ажлаасаа их таашаал, эрч хүч авдаг. Ажлын ачаалал, стресс харьцангуй бага санагддаг. Мэдээж гэр бүлтэйгээ хамт байхад гоё сайхан энерги авч, хүч сэлбэдэг. Манай гэр далайтай ойрхон байдаг юм. Далайн эргээр далайг, алсыг харан алхахад их сайхан амралт болдог. Өмнө нь найзуудтайгаа заал аваад сагс, хөлбөмбөг тоглодог байсан ч энэ жил цаг, боломж муутай, дээр нь цар тахлаас болоод бүр хамаг юм зогсчихлоо.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

 

Яг үнэнийг хэлэхэд үндсэн ажил дээрээ л илүү төвлөрч байгаа. Нислэг нээгээд дөнгөж нэг жил болж байгаа учраас хийх зүйл их байна.

Бага байхад аав маань орос хэл зааж өгч байсан юм. Нэмээд арван жилдээ орос хэл үзэж байсан минь амьдралд ингэж хэрэг болно гэж төсөөлж байгаагүй шүү. Казахстан чинь орос, казахаар ярьдаг. Тиймээс орос хэлээ сэргээгээд, сайжруулаад байгаа. Казах хэлийг бас бие даан сурч байна. Казахстаны компанийн төлөөлөгч байна, орос хэлгүй хүн ирлээ гэхэд казахаар хэлээд, ойлгуулаад туслаад өгдөг байх нь миний нэг үүрэг гэж боддог. Тэгэхээр ажлын хажуугаар хэл сурахад л анхаарч байна даа.

 

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

 

Онцлог гэвэл зорчигчдын, нислэгийн аюулгүй байдлыг хангах, нэг цэгээс нөгөө цэг хүртэл яаж тав тухтай, сэтгэл амгалан зорчуулах вэ гэдэг маш чухал. Дээр нь тухайн орны авиа компани нисэж байна гэдэг бол чухамдаа Японд Казахстан улсыг төлөөлж байгаа гэсэн үг. Тиймээс бараг элчин сайдын яамны дараа орохоор чухал үүрэгтэй, хоёр орныг холбосон ажил гэж ойлгодог доо. Үүрэг, хариуцлага өндөртэй.

Эерэг тал гэвэл тухайн орныг төлөөлж байгаа гэдэг утгаараа нэр хүндтэй. Холыг ойртуулж, хоёр орныг холбож, хүмүүсийн аяллын, ажлын олон зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулж, тус дэм болж байгаа нь буянтай ажил. Ер нь миний хувьд нислэгээ цагт нь хөөргөх л хамгийн гоё мэдрэмж дээ.

Хэцүүгүй юм гэж юу байхав. Нисэхийн салбарт цаг агаарын үзэгдлүүд их бэрхшээлтэй. Японд цунами, далайн хар шуурга, хүчтэй салхи, газар хөдлөлт гээд байгалийн гамшиг их тохиолдоно. Эдгээрээс болж нислэг хойшлох, нисэх онгоцонд эвдрэл гарах тохиолдлууд гарна. Ийм үед асуудлыг зохицуулах, зорчигчдын тав тухыг хангахад анхаарч, дуусан дуустал нь хамт байн ажиллах хэрэгтэй байдаг. Миний хувийн туршлагаас гэвэл далайн хар салхинаас шалтгаалан бүтэн нэг өдөр нислэг хойшилж байсан. Ирсэн нисэх онгоц маань буцаад гарч чадахгүй үе байна. Заримдаа бүр цаанаасаа ч гарч чадахгүй тохиолдлууд гарна. Манай талаас шалтгаалсан асуудал байх юм бол бүрэн хариуцлагаа хүлээгээд өөр авиа компаниар дамжуулаад нисгэх гэх мэтчилэн зохих арга хэмжээнүүд авдаг. Ер нь Японд цаг агаараасаа л саатал их болдог доо. Бусдаар (human factor) гайгүй.

 

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

 

Компанийнхаа Японы зах зээл дээрх нэвтрэлт, танигдалт, зорчигч урсгалаа нэмэгдүүлэх дээр гол анхаарлаа хандуулаад ажиллаж байна. SCAT Airlines-ийг өдөр болгон нислэгтэй болгох зорилго бий. Ер нь бол Назарбаев ерөнхийлөгч хөгжилтэй орнууд руу шууд нислэгтэй болох мөрөөдөлтэй байсан юм билээ. Цаашдаа ч Казахстан АНУ гэх мэт орнууд руу шууд нислэг нээх байх.

Гэхдээ коронавирус гээч юм гарч ирээд дэлхий даяар нийгмийн хандлага, агаарын салбарыг тэр чигт нь өөрчилж байгаа болохоор нислэгийн процесс, дүрэм журам цаашид ч гэсэн өөрчлөгдөх төлөвтэй байна. Тэдгээртэй уялдуулаад, зохицуулаад ажиллах төлөвлөгөөтэй.

Хоёр орны жуулчдыг харилцан нэмэгдүүлье гэж бодож байлаа. Цар тахал байгаагүй бол 2020 он Токиогийн Олимпийн жил байлаа шүү дээ.

 

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

 

Мэргэжлийн тал дээр гэвэл байнга мэдлэг, мэдээллээ шинэчилж явахгүй бол болохгүй. Нислэгийн болон нисэх буудлын аюулгүй ажиллагааг урьд өмнөхөөс ч илүү чухалчилж үздэг болсон учраас дүрэм, журам нь байнга шинэчлэгддэг. Агаарын тээвэр өөрөө том ч салбар. Энэ бүгдээс хоцрохгүй суралцаад, уншаад, шингээгээд явах ёстой. Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) сургалтанд хамрагдаж байсан, Япон улсын Иргэний нисэхийн газраас зохион явуулдаг сургалтанд байнга хамрагддаг.

Хувь хүн талаасаа хийж үзэж байгаагүй юмаа зоригтой хийж туршиж, өөрийгөө сорьж байхыг эрмэлздэг. Тэгж байж л үр дүн, чиг баримжаа гарна. Алдана, алдаанаасаа суралцана. Тэгээд эдгээр дээр суурилаад өөрийгөө сайжруулж, анхаараад явдаг. Ер нь харж сурах, сонсож сурах, хийж сурах арга барилуудаас минийх хийж үзэж байж сурдаг төрлийнх нь юм шиг байгаа юм.

 

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

 

Ойрд ThunderZ гээд Монгол рэппэр залууг сонсож байгаа. Байдаг л нэг хайр, мөнгө, амьдрал дуулах бус эерэг, гоё мессежтэй, урам зориг өгөх утга агуулгатай нь их таалагдсан шүү.

Кино гэвэл Дензел Вашингтоны тоглосон Flight, Леонардо ДиКаприогийн Aviator-д дуртай. Кристофер Ноланы фэн гэж болно. Удахгүй гарах TENET гээд киног нь хүлээж байгаа.

Ном гэвэл оюутан байхдаа уншиж байсан “Between Calm and Passion” гээд хоёр дэвтэртэй, романс ном их сонирхолтой санагдаж таалагдаж байсан. Аль аль нь нэг л үйл явдлыг өгүүлдэг ч эрэгтэй талаас нь харуулсан “Цэнхэр” гэх дэвтрийг Цүжи Хитонари хэмээх зохиолч, харин эмэгтэй өнцгөөс “Улаан” гэх дэвтрийг Экүни Каори хэмээх зохиолч бичсэн.

Өөр санал болгох ном гэвэл "Сэтгэл хөдлөм менежмент” гэх Japan Railway Kyushu хэмээх Японы Төмөр Замын компаний ерөнхийлөгч Карайке Кожигийн 30 тэрбум иений өртэй байсан компанийг хэрхэн 4 жилийн дотор 50 тэрбум иений ашигтай болгон хөгжүүлж чадсан амжилтын түүхийг хэлнэ.

 

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

 

Кристофер Ноланы "Batman Begins” гээд кинон дээр “Why do we fall? We can learn to pick ourselves up” гэж хэлдэг нэг хэсэг байдаг юм. Товчхондоо бол хүний амьдралд уналт байдаг шалтгаан нь энэ алдаанаасаа суралцаж, эргэн босож, улам өсөн дэвждэг учраас гэсэн санаа. Хүний амьдрал дардан байхгүй, эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ. Тийм болохоор энэ үг гоё санагддаг, дотроо бодож явдаг.

Мэдээж ээжийн болон гэр бүлийн хүний маань зөвлөгөөнүүд хамгийн үнэтэй. Эргэн тойрныхоо дотнын хүмүүсийн зөвлөгөөг сонсож, өөртөө шингээхийг хичээдэг.

 

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Өөрийгөө бусдын нүдээр харж чаддаг болохыг санал болгомоор байна. Амар биш, гэхдээ цөхрөлтгүй оролдоосой гэж хүсч байна. Ер нь одоогийн залуус хүний үг сонсохгүй, шингээж авахгүй, даахгүй, ер нь тийм хандлагатай байх сонирхолгүй болчихсон юм шиг санагддаг. Өөрөөсөө ахмад, туршлагатай, мундаг хүмүүсийн үгийг сонсож, сайныг нь аваад, саарыг нь хаяад өөртөө шингээгээд явж чаддаг бол амьдралд хэрэгтэй гэж боддог доо. Хатуу үг хэлсэнд нь гомдолгүй, зѳв утгаар нь хүлээн авч, алдаагаа засан залруулж яваасай гэж залуусдаа захимаар байна. Мөн бусдад талархах сэтгэлээ орхихгүй байхыг хүсэмжилье.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛҮҮД

1
7 Хоногийн Тойм

Алтан тархи + Гэнэтийн ялагч + Мөхлийн цаг

1 гол сэдэвАмерикийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Эммигийн шагнал гардуулах ёслол ц...
2
Мэдүүштэй

Дарсны тухай таны мэдээгүй 7 зүйл + Эрчүүдийн сонголтыг онцлох нь

Дарс бол бидний амьдралын хамгийн дотно, магадгүй дулаан, бас эрхэм хэрэглээний нэг билээ. Түүх, ...
3
Techworm

Бизнес дэх мэдээллийн үнэ цэнийг ойлгох нь

Шинэ мянган солигдох үед дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн жагсаалтыг нефть, банк санхүү...
 
Танилцуулга

Нэр: Г.Арсланхуяг
Төрсөн өдөр: 1970.11.06
Төрсөн газар: Хэнтий

Эшлэл

Мэдээж ээжийн болон гэр бүлийн хүний маань зөвлөгөөнүүд хамгийн үнэтэй. Эргэн тойрныхоо дотнын хүмүүсийн зөвлөгөөг сонсож, өөртөө шингээхийг хичээдэг.
@ 2020 АЛДАР ~ ALDAR.MN
ХААХ НҮҮР ХУУДАС АНГИЛАЛ МэдээPodcastKpopТүүх Дэлхий MollywoodHollywoodУлс төрБизнесСпортУран ЗохиолУрлаг Social Media УЛС ТӨРЧ ХӨГЖИМЧИН