Шинэ мэдээ
Д.Эрхэмбаатар: Ханбогд сумандаа аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн тэмцээн зохион байгуулна
2017-03-27 10:53:11   share

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон Аймгийн Засаг даргын нэрэмжит, Ханбогд бөхийн дэвжээний 10 жилийн ойд зориулсан өсвөр үеийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээн болсон. Энэ талаар “Ханбогд бөхийн дэвжээ”-ний дасгалжуулагч, аймгийн начин, Биеийн тамир спортын Тэргүүний ажилтан Д.Эрхэмбаяртай ярилцлаа.

- Тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Багаараа тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе?

- Баярлалаа. Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон Аймгийн Засаг даргын нэрэмжит, Ханбогд бөхийн дэвжээний 10 жилийн ойд зориулсан өсвөр үеийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээнд нийт 22 байгууллагын 480 тамирчин оролцож ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Ханбогд бөхийн дэвжээний тамирчид багаараа тэргүүн байр эзэллээ. Тэмцээнийг улсын болон олон улсын зэрэглэлтэй 13 шүүгч шүүн явуулсан бөгөөд охидын -8 жин, хөвгүүдийн -12 жин тус бүрээр өрсөлдөж амжилт гаргасан тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Чөлөөт бөхийн олон хотын тэмцээнийг орон нутагтаа анх удаа зохион байгуулж байгаагийн гол зорилго нь Өмнөговьд бөхийн спортыг хөгжүүлэхэд оршиж байгаа.

- Хэр олон аймаг ирж оролцсон бэ?

- Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Багануур, Багахангай дүүрэг гэх зэрэг 20 гаруй байгууллага ирж оролцон тэмцээн их сайхан өргөн хүрээтэй боллоо. Ирж оролцсон багш, дасгалжуулагч, тамирчид сэтгэл өндөр буцлаа.

- Манай аймгаас хэр олон тамирчин оролцов?

- Чөлөөтбөхийнолонхотынтэмцээнд Өмнөговь аймгаас төв хөдөөгийн нийт 90 тамирчин оролцож багаараа тэргүүн байр эзэллээ. Сайн барилдсан хүүхдүүддээ баярлалаа.Манай аймаг спортын төрөлжсөн биеийн тамир спортын сургуультай болсон. Үүнийгээ түшиглээд бөхийн болон бусад спортыг хөгжүүлэх боломж бүрдсэн. Баянхонгор аймгийн багш “Өмнөговь аймаг чөлөөт бөхийн спортоор сүүлийн жилүүдэд илүү их амжилт гаргаж байгаа. Улсын тэмцээнд эхний гуравт яригддаг аймгийн нэг болоод байгаа” гэж хэлэхэд нь баярлаж л суулаа.

- Танай дэвжээнээс оролцсон тамирчид ямар амжилт үзүүлэв?

- Манай “Ханбогд дэвжээ”-нээс 13 хүүхэд ирж оролцоод 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авсан амжилт үзүүллээ. Энэ дашрамд ажилттай оролцсон шавь нартаа баяр хүргэе. Өвөрхангай аймаг тус тэмцээнээс таван медальтай буцаж байхад зөвхөн Ханбогд сумаас ирсэн тамирчид зургаан медаль авсан гээд харьцуулвал том амжилт.

- Аймгийн Засаг даргын нэрэмжит барилдааныг цаашид уламжлал болгож явуулах уу?

Энэ их сайхан тэмцээн болсныг олон газрын багш, дасгалжуулагч, тамирчид хэлсэн. Тиймээс энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаасай гэсэн хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжлах бодолтой байгаа. Аймгийн Засаг даргын нэрэмжит чөлөөт бөхийн барилдааныг жил бүр зохион байгуулснаар орон нутгийн ирээдүй болсон хүүхдүүдийн хувьд өсөж хөгжих боломж бүрдэнэ гэж харж байгаа. Түүнээс гадна тус тэмцээнийг зохион байгуулахад аймгийн төр захиргаанаас ихээхэн анхаарч ажилласан нь “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт боловсрол, эрүүл мэнд нийгэм рүү чиглэсэн 17 дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. Тус тэмцээнийг эцэг эхчүүд маш олноор ирж үзсэн. Спорт танхим дээгүүр доогуургүй үзэгчдээр дүүрэн байлаа. Хүүхдээ юу сурсныг харж баясахын зэрэгцээ багш, дасгалжуулагч нь шавь нарынхаа төлөө ямар их зүтгэл хөдөлмөр гаргаж ажилладгийг ойлгосон байх.

- Таныг энэ том тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулсан гэж өндөр шагналаар шагналаа. Дахин баяр хүргэе?

- Чөлөөт  бөхийн олон хотын тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан хэмээн Монгол улсын чөлөөт бөхийн холбооны дээд шагналаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Биеийн тамир спортын газрын дарга С.Түвшинбаяр, дасгалжуулагч багш Ганзориг бид дөрвийг шагнаж урамшуулсан. Санаачлан хийж бүтээж байгаа ажлыг маань дэмжиж урамшуулж байгаад баяртай байна. Энэхүүтэмцээнд МУ-ын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга н.Батбаяр, олон улсын болон улсын зэрэглэлтэй 13 шүүгч ач холбогдол өгч ирж ажилласан. 

- Шагналын тухайд?

- Амжилт гаргасан хүүхдүүдэд алтан медаль 40.000, мөнгөн медаль 30.000, хүрэл медаль 20.000 төгрөг, өргөмжлөлийн хамт шагнасан. Манай тэмцээний медаль нь Өмнөговь аймгийн газрын зураг хэлбэртэй хийгдсэн, их гоё болсон. Тэмцээнд оролцсон багш дасгалжуулагч, тамирчид “Их гоё медаль байна, хаана хийлгэсэн бэ” гэх зэргээр ихэд сонирхож байсан. Мөн түрүүлсэн багт 800.000, хоёрдугаар байрт 600.000, гуравдугаар байрт 400.000 төгрөг, цомоор шагнаж урамшуулсан.

- Тэмцээнийг зохион байгуулахад хэдий хэмжээний зардал гарав?

- Тэмцээний шагналын сан, хоол, зочид буудал гээд нийтдээ 12 орчим сая төгрөгийн зардал гарсан. Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн аймгийн ИТХ, ЗДТГ, “Уужим-Од” ХХК, “Максам” ХХК, “Таван толгой” ХК-ийн удирдлагуудад байнга дэмжиж туслаж байдагт талархал илэрхийлье.

- Ханбогд дэвжээнийхээ ойг хэзээ, хаана хэрхэн тэмдэглэх гэж байна?

- Манай Ханбогд дэвжээний ой энэ жил тохиож байгаа. Аймгийн Засаг даргын нэрэмжит, Ханбогд дэвжээний 10 жилийн ойд зориулсан олон хотын чөлөөт бөхийн тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Ирэх дөрөвдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Ханбогд сумандаа аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн дунд тойргийн барилдааныг зохион байгуулна. Шагналын сан өндөр гэдгийг хэлье.

 

Ж.Сайнжаргал

НОМИНАЦИ